Дэлхийн 100 гаруй улс орныг шууд болон дам хэлбэрээр татан оролцуулж хэдэн арван сая хүний аминд хүрсэн Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн хүнд ширүүн үе болох Оросын ард түмний Аугаа их Эх орны дайны ялалт, фашист Герман бууж өгсний 75 жилийн ойг энэ жил дэлхийн дахин тун өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Коронавирусийн халдвар манай гаргийн олон оронд тархаж олон хүний аминд хүрч, төр засаг, ард түмний сэтгэлийг түгшээж ихэнх оронд хөл хорио, тусгаарлалтын дэглэм тогтоогоод байгаагаас Москвад, Оросын хотуудад цэргийн уламжлалт парад, олон нийтийн “Мөхөшгүй хороо” жагсаал болсонгүй.
Нэгдсэн үндэстний байгууллага: Тусгай хуралдаан
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Дэлхийн хоёрдугаар дайн Европт дууссаны 75 жилийн ойд зориулан Таллин хотоос Hybridity хэлбэрийн тусгай хуралдаан зохион байгуулж 70 орчим төлөөлөгч оролцсоны 50 нь улс орнуудын Гадаад хэргийн сайд нар байлаа. НҮБ-ын дэргэдэх Украины байнгын төлөөлөгчийн газрын спикер Олег Николенко “Түүхийн энэ эмгэнэлт хуудсыг эргэн сөхөхийн учир нь ийм явдал дахин бүү давтагдаасай гэснийх. Олон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлж түүний эсрэг зогсох, энх тайвныг хамгаалах нь өнөөдөр чухал асуудал болоод байна. Ялангуяа олон улсын эрхийн үндсэн дээр дайны дараа тогтсон дэг журмыг эвдэхийг хүсэх хүч эрчимжиж байгаа өнөө цагт маш чухал” гэж тэмдэглэжээ.
Дайны ялагдагч Германд амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэв
Энэ өдөр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Канцлер Ангела Меркель нар Берлиний Унтер-ден-Линден гудамжин дахь дэлхийн хоёрдугаар дайн, хүчирхийллийн золиос бологсодын дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Тавдугаар сарын 8 хэдийгээр ажлын өдөр байсан ч Берлин хотын захиргаа анх удаа амралтын өдөр болгожээ. Уг нь энэ өдөр хотын төвд “Дайн дууссанаас хойших 75 жилд Берлин хот” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байсан ч коронавирусийн халдварын тархалтын улмаас онлайн хэлбэрт шилжүүлсэн байна. Ард иргэд, төрийн бус байгууллагууд бас энд тэндгүй 1945 оны хаврын эвдэрч сүйдсэн Берлиний зургийн дор “Эхнээс нь л бодох ёстой байсан юм”, “Сонголтын үр дүн нь энэ”, “Чи үнэхээр үүний төлөө саналаа өгнө гэж үү” гэсэн бичээс бүхий зурагт хуудас өлгөж олон нийтийн сүлжээгээр тараажээ. Үүгээрээ тэд ардчилсан сонгуулиар засгийн эрхэнд гарсан үндэсний социалистуудын үйлдсэн энэ гамшиг давтагдахгүй гэх баталгаагүй байна гэдгийг сануулж байна.
Британи: Агаарын тулалдааны үзүүлэх тоглолтоо хийсэнгүй
Англид ч бас Германы бууж өгсний 75 жилийн ойг өргөн тэмдэглэхээр төлөвлөж байсан ч мөн л товчилжээ. Их Британийн хатан хаан Елизавета II ялалтын өдрийг тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлсэн байна. Ханхүү Чарльз шууд нэвтрүүлгээр 75 жилийн өмнө Хаан зургадугаар Георгийн үгнээс эш татан ярьжээ. Хааны гэр бүлийнхэн, Засгийн газрын сайд нар Британийн ахмад дайчдад утсаар мэндчилгээ дэвшүүлэн ялалтын баярын мэнд хүргэжээ. ВВС телевиз ялалтын өдрийг тохиолдуулан 1945 онлдл Ерөнхий сайд Уинстон Черчиллийн хэлсэн үгийг дамжуулжээ. Уг нь энэ өдөр Лондонд цэргийн нисэх онгоцууд агаарын тулалдааны үзүүлбэр үзүүлж, Букингемийн ордон дээгүүр нисэхийн парад өнгөрч, үзэсгэлэн дэлгэж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн өргөн зугаалга зохиохоор төлөвлөж байжээ.
Австри “Талархлын өдөр”-ийг тэмдэглэлээ
Дэлхийн хоёрдугаар дайн Европт дуусч Австри улс нацизмаас чөлөөлөгдсөний өдрийг Венад жил бүр “Талархлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Найм дахь удаагаа тэмдэглэж байгаа энэ баяраар нийслэл Венагийн төв Хельденплатц талбай Хофбургийн ордонд тэмдэглэсэнгүй хураангуйлан тэмдэглэлээ. Энэ жил “Хил хязгааргүй хүн төрөлхтөн” уриан дор тэмдэглэж байгаа энэ баярыг Холбооны ерөнхийлөгч Александер Ван дер Белен нээж үг хэлэхдээ Эрик Коснерийн үйл явдлыг эргэн сануулж, Венагийн симфони оркестр тоглосон байна. Мөн чөлөөлөгч орнуудын Элчин сайдын яамдад видео илгээлт явуулжээ.
Франц үндэсний далбааны өнгөөр гоёжээ
Триумфалийн хаалганы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны хажуу дахь мөнхийн галны дэргэд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцсон байна. Улс орон даяар ард иргэд цонх, тагтаа францын далбааны гурван өнгөөр будаж баярласан байна.
Беларусь яг Брестийн цайз шиг зогсох ёстой
Коронавирусийн халдварын тархалтаас болоод дэлхийн улс орнууд өргөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаад байгаа ч Беларусьт л ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад болсон байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Бүх ариун үйлстний дурсгалд зориулсан хөшөө-сүмийн дэргэд болсон арга хэмжээний үеэр ард түмэндээ хандаж өөрчлөгдсөөр байгаа түүхэн үйл явдлыг эргэн дурсч байх ёстой. Үүнийг беларусьчууд, ялангуяа залуу үеийнхэн үнэлж байх ёстой. “Бид өнөөдөр үнэхээр яг л Брестийн цайз шиг зогсох хэрэгтэй байна” гэжээ. Тэрээр “Энэ өдөр бол манай түүхэнд хамгийн сайхан хуудас болж үлдсэн гэдэгт би үнэхээр итгэлтэй байна” гэж Александр Лукашенко онцлон тэмдэглэжээ. Беларусийн Ерөнхийлөгч Аугаа их Эх орны дайны ахмад дайчид, зэвсэгт хүчнийхэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Украин олон нийтийн арга хэмжээ болоогүй ч ахмад дайчид баярлалаа
Коронавирусийн тархалтын улмаас тавдугаар сарын 8-нд Украинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг бүрэн хориглосон байна. “Муж бүс нутгийн удирдлагууд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүйгээр Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчид хувиараа энэ баярыг тэмдэглэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Хөл хорионооос болоод бусад төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээнд зохиохгүй байх нь зүйтэй” гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэний дагуу энэ өдрийг даруухан тэмдэглэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Дээд Радагийн спикер Дмитрий Разумков нар нийслэл Киевийн “Мөнхийн алдар” цэцэрлэгт хүрээлэн дэх “Мөнхийн гал”-д цэцэг өргөсөн байна. Владимир Зеленский өөрийн “Ард түмний зарц” намын өмнөөс ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ нам тавдугаар сарын 9-нийг “Эмгэнлийн өдөр” хэмээн нэрлэснийг сануулжээ. “Энэ бол ялагчдын өдөр биш, харин бид нацист дэглэмийн эсрэг тэмцсэн өвөг дээдсийнхээ гавьяаг дурсан санаж, хүндэтгэх өдөр” гэж В.Зеленский “Ард түмний зарц” телевизээр ярихдаа мэдэгдсэн байна. Украины нийгэмлэг харин Берлин дэх Элчин сайдын яамныхаа дэргэд энэ баярыг тэмдэглэхэд Берлиний парламентын ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн байна.
Кубад Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэж тэмдэглэлээ
Эрх чөлөөний арал хэмээдэг Кубад Эх орны дайны ялалтын 75 жилийн ойгоор нийслэл Гавана дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Зөвлөлтийн интернациональч дайчдын дурсгалд зориулсан цогцолборт “Дурсгалын цэцэрлэг”, “Мөхөшгүй хороо” арга хэмжэ эзохион байгуулсан байна. Тавдугаар сарын 9-ний өглөө Кубад суугаа Элчин сайд Андрей Гуськов, мөн Беларусь, Казахстан, Азербайжаны Элчин сайдууд, Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний командлалын төлөөлөлөгчид Эрх чөлөөний аралд интернациональч үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын шарилд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ.
Орос: 47 хотод нисэх хүчний парад,
ёслолын буудлага боллоо
Дайны ялагч Орос 1941-1945 оны их ялалтын 75 жилийн ойг тун өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байсан. Урьдынхаараа нийсэл Москвагийн Улаан талбайд, Оросын бусад хотуудад цэргийн парад, олон нийтийн “Мөхөшгүй хороо” өргөн жагсаал, аян зохион байгуулж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн хот дүүрэг бүрт урлагийн тоглолт зохион байгуулах гэж байлаа. Харамсалтай нь коронавирусийн тархалтын улмаас тогтоосон хөл хорионы үед тавдугаар сарын 9-нд Оросын хотуудад нисэх хүчний 47 парад болж, орой нь ёслолын буудлага үйлдлээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойг тохиолдуулан Улаан талбайгаас ард түмэндээ хандаж үг хэлэн нэр нь үл мэдэгдэх цэргийн булш, баатар хотуудын дурсгалын самбарт цэцэг тавилаа. Үүний дараа Улаан талбай дээгүүр цэргийн 75 нисэх онгоц, нисдэг тэрэг нисэн өнгөрсөн байна.
Харин ахмад дайчдад тус бүр төлөөлөгч очиж гэрт нь баяр хүргэн бэлэг гардуулсны дээр тэдний орон сууцны дэргэд, цонхон доор нь цөөн хүнтэй салаа жагсан, дуу бүжгийн чуулгынхан эх орны дайны үеийн дууг дуулж мэндчилгээ дэвшүүлжээ. Зарим хотод өндөр барилгын дээд давхарт амьдардаг ахмад дайчдад бол авто өргөгч ашиглан цонхон тушаа нь очин дуулж хөгжимдөж баяр хүргэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС"СОНИН