Социализм нь хувийн өмчийг бүрэн хурааж төрийн мэдэлд эзэмшдэг бас давхар хянадаг. Фашизм нь өмчлөх эрхийг хувийн хэвшилд байлгах мөртлөө бүх удирдлагыг засгийн газартаа авдаг. Хяналтгүй болсон өмч гэдэг хамгийн их тэнэглэлийн уурхай болдог. Эрх нь засагт биш, зөвхөн хувьд байх учиртайг би хэлж байна. Төрийн мэдэлд өмч байна гэдэг хувь хүн захиран зарцуулах эрхгүй өмч гэсэн үг. Фашист тогтолцооны үед хүн өмчийг эзэмшиж, хариуцлагыг нь үүрдэг хэрнээ ашиг олох ямар ч эрхгүй. Харин засгийн газар нь буюу эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дээрэмчид ямар ч хариуцлага үүрэхгүйгээр хамаг ашгийг нь хамаад авчихна. Социализм фашизм хоёрын аль аль нь адилхан хамтын дарангуйллыг удирдлага болгодог. Хоёулаа хувийн өмчийг үгүй хийж хувь хүнийг хамт олонд захируулдаг. Бас хүний амьдралыг төрийн гарт атгадаг. Дарлагдсан харьяат нараа мунхруулах уриа, сурталчилгаандаа гаршсан явдал нь ялимгүй ялгаатай. Соцализм фашизм хоёрын байгаа цар хүрээ хүний эрхийг дээд зэргээр зөрчиж өмч хөрөнгийг нь дээрэмдэн тонож байдаг харгислалын зам мөр юм. Социализм зуун сая хүнийг хядсан. Фашизм жаран сая хүний амь амьдралыг үгүй хийсэн. Ийм хар түүхээс, цуст яргаллаас өөр олигтой үйлс тэдэнд ерөөсөө байхгүй. Тэгвэл өнөөдөр Монгол Улс социализм руу ухраад байна уу фашизм руу өнхрөөд байна уу?
-Ямар ч үзэл суртал чиглэлгүй, улс төрийн зарчим, онол, үзэл баримтлал ч үгүй философигүй зорилго чиглэлгүй, сэтгэлгээний цар хүрээ ядмаг ийм л ичгүүргүй аймаар дүр зураг харагдаж байна. Хариулт нь энэ.
Сэтгэл хөдлөл хий хоосон үндсэрхэг цамнал бие биенийгээ айлгаж барьцаалсан бүдүүлэг муйхар арга... Энэ нь эцэстээ хүний гарыг буу шийдэм рүү хүргэчих вий дээ...
Улс үндэстэн улс төрийн үзэл санаагүй, философигүй байна гэдэг нь
– Зах хязгааргүй хээр талд нүдгүй цасан шуурганаар төөрсөн ганц хүн нохой явган гахай нүцгэн энд тэндээс нь өлөн чоно улихыг сонсон дагжихтай адил гэсэн үг...
Хүн ч үндэстэн ч үзэл баримтлалгүй амьдарч чадахгүй.
-Зөвхөн капитализм л өөртөө болоод өөрийнхөө ашиг сонирхолд санаа тавьдаг хувь хүмүүсийн сайн дурын солилцоон дээр тулгуурладаг.
Капитализм бүрэн утгаараа хэрэгжих тэр цаг мөчөөс төрийн өмч гэж огт үгүй болж ёс жудаг жинхэнэ агуулга философиороо ундарна.
Баримт сөхье.
Олон сая хүнийг албаар өлсгөлөнд нэрвэгдүүлж хядлага хийсэн Сталин Кремд нэг жил амраана гэсэн нэрийн доор БНМАУ-ын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг Зөвлөлтийн янаглан хорлодог хорионд байлгасаар 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд цаазласан юм. 1941 оны долдугаар сарын 10-нд ерөнхий сайд А. Амар Монгол Улс хэрвээ тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ? Би Монголын ард түмэндээ хайртай Оросын ард түмэнд элэгтэй харин улаантан тэдний засагт угаасаа дургүй. Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстэнг түрэмгийлэн эзэлж удирдагчийг нь барьж хоридог, ялладаг. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад минь хандаж байгаа. Түүний тод жишээ миний бие буюу. Би Монгол Улсынхаа төлөө залбираадхая гэж хэлээд буудуулсан байдаг. Ийнхүү түүхийн шархнаас эмгэнэлийн хар цус шархиран дусалсаар л...(11-р сарын 26, 7-р сарын 10 Монголчуудын хувьд ямар өдөр билээ...)
Монголчууд сор болсон олон зуун хүнээ сахал Сталины зангаагаар хядуулж хэлмэгдүүлснээ өглөө болгон санагтун!!!
Яг өнөөдөр манай үндэстний удирдагч нар Сталин, Берия нарын удам угсаа үргэлжлэл нь болсон коммунистуудын идэш болж тэдний шидсэн чулууг бутраад унахаар нь бие бие рүүгээ нүүгүүлж шившгээ хутгаж байна... Сүүлийн 30 жилд төрийн оройд залрагсад ээлжлэн шоронгийн хаалга руу нэг нэгнийгээ чихсээр байна. Сургаар шийд гаргадаг шүүхийн тогтолцоотой элдэв чимээ гарангуут нотолгоогүй баримтгүй хэрэг явдал руу хүнийг чирж эрхийг нь зөрчсөөр байна. Ингээд зогсохгүй Халхын голын 80 жилийн ойгоор амь үрэгдсэн Монгол, Япон, Орос хүмүүсийг хүндэтгэн дурсаж, эмгэнэн гашуудаж, гашуун сургамжийг баримттай бодитой судлан шинжлэхийн оронд хий хөөрцөглөж тэр хар харгис дайныг өдөөгч Орост тал засч далдганаж – Өчигдөр нөхөр нь үхэхэд маргааш нь өөр хүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай одоогийн төр өвөг Чингист хонзонтой Оросын өлмийг долоосон хэвээрээ. Өүлэн эхийн угсаа биднийг суух газаргүй хавчсан чигээрээ. Үсэнд минь ярганы мэс билүүдсэн мэт янзаараа дүвчигнэсээр л байна...
Ялгарах нь:
- Капитализм бол албадан хураалт айлган сүрдүүлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Шинэ баялгийг бүтээх эрх чөлөө, хүний эрх өмчлөх эрхийг зүй зохисоор нь баталгаажуулдаг дээд зэргээр хамгаалдаг тийм л үйл явц юм. Оюун санааны цар хэмжээ бүтээгч ур чадвар мэдлэг ухаант үйлдэл нь хувь хүний гол шинж чанар. Энэ шинж чанар капитализмыг цогцлооно. Капитализм нь хүнийг хамгаалах ганцхан үүрэгтэй хамгийн зөв ёс суртахуун юм. Хүн төрөлхтөн оршин тогтнохын тулд сэтгэдэггүй, сэтгэхийг ч хүсдэггүй хүмүүсээс сэтгэдэг бүтээдэг хүмүүсээ хамгаалах эрхтэй, тийм ёс жудагтай байх учиртай. Эрх чөлөө бол хүний оюун ухааны хамгийн гол шаардлага. Хүн өөрийнхөө бодит үнэ цэнийг дарга мяндагтны шийдвэр хяналтад захируулах ёсгүй. Өөрийн танин мэдэхүй юмс үзэгдлийг ялган зааглах чадвараа бусдын хүсэл зорилго занал зүхэл санал бодол сайн сайхны төлөө золиос болгохгүй байх эрхтэй. Албадлага хэзээ ч хүний оюун ухааны дээр гарахгүй. Капитализм нь хүний эрхийг өмчлөх эрхтэй нь дээдлэсэн бүх өмч хүний гар дээр байх ёстой гэж үздэг хэв шинж юм. Нэг хүн буюу бусад хүмүүс бие биеийхээ эсрэг хүч хэрэглэх эрх байхгүй. Ийм л ёс жудаг бидэнд алга байна. Өөрийнхөө биеийг хамгаалах эрхийг хувь хүн засагт шилжүүлдэг болохоос биш засаг төрийнхөнд дураараа авирлах бүрэн буюу дархан эрхийг олгодоггүй юм. Хүмүүс хоорондоо сайн дураараа харилцан гэрээ хэлэлцээрийн соёлтой зөв сэжмээр холбогддогоороо капиталист тогтолцооны бусдаас ялгарах ёс жудгийн ариун чанар оршвой. Хүний хэрэгцээ амьд гарах тэмцэл оюун ухаан хүний эрх эрх чөлөө энэ үндэслэлүүд нь бидний оршихуйн гол сэжим юм. Хүний мөн чанар үнэ цэнэ оюун ухаанд зохилдож хүмүүнд хүн ёсны амьдралыг нь баталгаажуулан өгч үнэн зөв зүй ёсны зарчмыг удирдлага болгодог ёс суртахуун бол чөлөөт өрсөлдөөний тогтолцоонд л байдаг юм. Олон зууны туршид хүн төрөлхтөн амьдралд туршигдан амь зуухдаа хүмүүнлэг энэрэнгүй нэрийн доор хүний эрхийг хамгаалж байгаа дүр эсгэн хүн хүнээ тамлан зовоож боолчилж гарал үүсэл яс үндэс арьс өнгөөр баян хоосноор нь ялгаварлан гадуурхаж дээрэмдэн тоносоор иржээ. Олонхоороо цөөнхөө боорлон гадуурхаж дарлахыг ардчилал гэж үзээд тэрнийгээ зөвд тооцож хүн төрөлхтөн толгой нь эргэж төөрч гүйцлээ. Тэгвэл бүх тамаас хүний эрх, өмчлөх эрх, эрх чөлөө ялангуяа хувь хүний үнэ цэнийг оюун ухааныг дээдлэн хүн өөрийнхөө баялгийг бас дотоод сэтгэхгүйгээ өөрөө бүтээх буюу биеийн ч бай сэтгэхүйн ч бай амьд явах чадвар нь хүний өөрийнх нь хүчин зүтгэлээс шалтгаална гэдэг бодит чиг хандлагын үзэл санааг капиталист тогтолцоо нотод хамгаалдгаараа бусад онол суртлаас эрс ялгаатай гэдгийг Айн Рэнд олон жилийн судалгаа нөр их хөдөлмөрийнхөө явцад нээсэн байна. Харамсалтай нь капитализмыг иж бүрдлээр нь цогцлоосон түүх одоохондоо алга. Гэвч би бээр сэтгэгч, бүтээгчдийг өөрийгөө өндөр үнэлдэг тэр хэрээр бусдыг үнэлдэг, бусдад хохирол учруулдаггүй өөрөө ч хохирдоггүй, өөртөө өөриймсөг ханддаг тийм хүмүүсийг Айн Рэндийн үзэлтэй хамт өмөөрнө. АНУ капитализмын загварыг гаргаж ирээд буцааж алдсанаар одоо эргэж буцсаар учраа олохгүй байна. Хүн өөрийнхөө хүссэнээр айдас хүйдэсгүй амьдралаа үйл хэргээ базааж бүтээлч сэтгэлгээгээ ундрааж бүх бизнесүүд ашигтай ажиллах өөрсдийн оюун ухааны бяд, ур чадварын өндөр цараатай хувь хүнийг дээдэлж капитализмыг цогцлоох цаг ирнэ гэдэгт итгэж байна би... Өөртөө итгэдэг шиг үнэнд үнэ цэнэ өгч өөрийгөө хайрладгийн адил сэтгэгчдийн хийсэн бүтээсэн бүхнээр нь бахархнам... Олонхийн ч биш цөөнхийн ч бус гагцхүү сэтгэгч, бүтээгч, мэдлэгтэй, чадвартай хувь хүнд бүх эрх мэдлийг нь эрх чөлөөтэй нь атгуулдаг бас хамгаалдаг хүн өөрийгөө арчилдаг ёс жудгийн эрэмбэ зэрэглэл бол капитализм юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН