Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тайлан нэртэй хог тараахын оронд яаж “60 тэрбумдаж”, “ЖДҮ-дсэнээ” тайлбарлаасай

Х.АМАРАА

УИХ-ын гишүүд 2016-2020 онд хийсэн ажлынхаа тайланг сэтгүүл, ном, сонин хэлбэрээр тарааж буй. “Тайлан” гэдэг нь өнгөрсөн дөрвөн жил тухайн сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн төлөө юу хийж бүтээв, нийгэм, эдийн засгийн тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэв, УИХ-д иргэдийг төлөөлөн суухдаа ямар хууль, тогтоомж шинээр батлав гэх мэт ажлын гүйцэтгэлээ тайлагнаж, дүнгээ тавиулах нэг ёсны шалгалт байх учиртай.
Харамсалтай нь, УИХ-ын гишүүд маань тайлан гэдэг зүйлийг их сайн ойлгохгүй байгаа бололтой. УИХ-ын сонгуульд өөрийгөө сурталчлах нэг арга хэрэгсэл, алтан боломж гэж эндүүрээд байх шиг ээ.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41.9-д “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж заажээ.
Тэгвэл энэ хуулийн заалтад гишүүн бус нэр дэвшигчид шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, өөрсдөдөө давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна. Энэ ч үнэн.
Уг нь зарчмын хувьд, УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайланг 2016 онд сонгогдсон жижиг тойрогтоо л тараах ёстой. Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд том тойрогт тайлан тарааж болохгүй гэсэн заалт байхгүй ч ёс зүйн хувьд бол зүйд нийцэхгүй. Төрийн түшээ хүн өндөр ёс зүй, суртахуунтай байж, үүгээрээ нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх учиртай.
Харамсалтай нь, манай түшээдэд ийм ёс зүй байхгүй учраас өнөөдөр том тойргийн хэмжээнд тайлангаа тарааж, энэ нь эргээд өөрсдийгөө нүдний булай болгоход хүргэлээ. Цахим сүлжээнд УИХ-ын гишүүдийн гаргасан тайлантай холбогдуулан нэлээдгүй шүүмж өрнөж буй. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Н.Учралын тухай нэгэн иргэний үзэл бодлыг дурдахад “Энэ залуу миний амьдардаг Сонгинохайрхан дүүргээс 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Үе тэнгийн үхэр жилтнүүд болохоор эхэндээ дэмжиж байв. Учир нь залуу үе гарч ирэх ёстой гэж боддог болохоор тэр л дээ. Гэтэл ЖДҮ-чин байсныг нь мэдээд энэ залуу худлаа юм байна гэдгийг үйлдлээр нь мэдэрсэн. 2018 онд ЖДҮХС-аас жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан эрх мэдэлтнүүдийн нэрсийг олон нийтэд дэлгэн шуугиан дэгдээснийг санаж байгаа байх. Тэр дунд үе тэнгийн үхэр жилтэн маань тууж явав. Хэвлэлээр шаагиад ирэнгүүд өнөөдөр би ЖДҮ-ээс авсан 950 сая төгрөгийн зээлээ төлчихлөө гээд бардангуй ярилцлага өгч байхыг нь хараад тухайн үедээ эгдүүцэж байсан юм. Өнөөдөр шууд төлчих хэмжээний хөрөнгөтэй байсан юм бол ЖДҮХС-аас зээл авч бор зүрхээрээ яваа ардын хүүгийн боломжийг яах гэж хулгайлсан юм бэ?
Жилийн гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээл үйлдвэрлэл хөгжүүлж яваа хүнд үнэхээр тустай. Үйлдвэрлэл хийх гэж байгаа хүмүүс жилийн 20-30 хувийн хүүтэй зээлээр бизнесээ босгох гэж “чадарч” байна шүү дээ. Гэтэл залуу үе гарах ёстой гэсэн нийгмийн сэтгэлзүй дээр энэ мэт ашиг хүртгэгч олширсоор байна. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хэвлэсэн сэтгүүлээр олохгүй!” гэжээ. Хамгийн инээдтэй нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гурван гишүүний тайлан өөр хоорондоо хуулсан юм шиг ижилхэн байсан гэнэ лээ.
Тэгвэл сэтгүүлч Б.Отгон мөн л өөрийн цахим хуудастаа хүүхдүүд нь сурах бичиггүй бүтэн нэг жил болж байхад гишүүд нь ажлын тайлан нэртэй ном хэвлэхээс ичих хэрэгтэй хэмээн хатуухан шүүмжилснийг иргэд дэмжиж, олон мянган хүн лайк, шэйр хийсэн харагдана. Мөн эдийн засаг, байгаль орчин талаас нь харах нэгэн ч байна. Нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа “Цаас гэдэг үнэтэй эд. Хийж чаддаггүй бидэнд тэр тусмаа. Модоор хийдгийг нь бодоход бүүр ч үнэтэй. Энэ үнэтэй эдийг ойрд мөн ч их хог болгож байна даа. Итгэхгүй бол дүүргийнхээ хогийн савнуудыг хараарай. Гишүүдийн тайлан нэртэй номоор хогийн сав дүүрчихээд байна. Эмгэнэлтэй нь, тайлан нэртэй хог нь багадаа л 100-400 хуудас байх юм” гэжээ.
Алтны уурхайн эзэн эмэгтэй гишүүн маань гэхэд 400 хуудас тайлан нэртэй “роман”-аа тараасан нь сошиалаар нэг шуугиан болсон. Амьдралаас хол тасарсан байдаг юм уу, эсвэл ажлын алба нь тийм судалгаагүй юу, сүүлийн үед хүмүүс ийм олон хуудас уйтгартай “роман” уншихаа байсан гэдгийг бодолцмоор л юм. Үнэндээ сонгогчид их л удаж эхний хоёр хуудсыг нь эргүүлж харвал их юм.
Тэгвэл арай ёс зүйтэй, мэдрэмжтэй гишүүд нь коронавирусийн эгзэгтэй цаг үед өөрийгөө ч бусдыг ч эрсдэлд оруулахгүйн тулд хийсэн ажлынхаа тайланг цахимаар тавьжээ. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн З.Нарантуяагийнх байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа сонгогдсон тойрог болох Завхан нутгийнханд титэм вирусийн үед тайлангаа цахимаар хүргүүлж буйгаа мэдэгдсэн байна. Энэ бол тун ухаалаг алхам.
Коронавирусийн хөл хорионы үед нэг хүн айл бүрийн хаалга тогшиж, сэтгүүл тараах нь өөртөө төдийгүй өрөөлд эрсдэл авчирч буй хэрэг. Манай эрх баригчид ард иргэдийг гадуур гарч болохгүй гээд энэ сарын 31 хүртэл хатуу хөл хорио тогтоож, хамаг юмаа хаасан атлаа өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн ажлыг болохоор энэ мэтээр явуулж байгаа нь шударга бус санагдаж буйг нуух юун. Түүнчлэн коронавирусийн үед хүн ам олноор цуглуулахгүй байх, хоёр метрийн зайтай байх гэх мэт шаардлага тавьж байгаа мөртлөө өөрсдөө энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь ичмээр бас ёс зүйгүй юм.
Тэгээд ч зарим гишүүний тайланг харах нь улсын төсвөөр төсөвлөн хийсэн ажлыг өөрөө кармаанаасаа санхүүжилт гаргаад хийчихсэн мэтээр ойлгуулж бичсэн нь ард иргэдийг мунхруулж буй увайгүй үйлдэл. Ингэж эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлыг өөртөө наахын оронд улс орныг яаж “хар”, “саарал” жагсаалтад оруулж, 60 тэрбумдаж, ЖДҮ-ийн зээлийг “хуссанаа” тайлагначихвал бараг шулуухан даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com