1. ЭНГЕЛЬС АЗТАЙ ХҮН
Сармагчин хувираад хүн болжээ. За тийм. Үүнийг суут Энгельс хэлсэн. Дараа нь хүн эргээд сармагчин болсон. Энийг өчүүхэн би хэлж байгаа юм. Сармагчин байгалийн жам ёсоор хүн болоод байлаа л даа. Гэтэл... Гэтэл мэдэмхий нэгэн эр “социализм” гэгч шидэт эм нээж түүнийгээ хүн дээр туршсанаар хүн эргээд сармагчин шинжийг олох нь тэр ээ! Энгельс гуайн хамаатан садан хоёр хуваагдаж нэг нь хүн, нөгөө нь сармагчин адил болж хувирсан нь эдүгээ Зүүн, Баруун Герман гэж яригдсаар ирэв. Харамсалтай нь зөвхөн “Энгельсийн төрөл саднаар” үл барам энэхэн бөмбөрцгийн хүний нэлээд хэсэг нь үүнд хамарсан юм. Энэхүү аугаа их “Туршилтын” эцсийн дүнг үзээгүй Энгельс гуай азгүй хүн. Бас азтай хүн. Ямар ч атугай хамаатан садангууд бие биедээ хайртай байдаг болохоор хүн болсон хэсэг нь “нөгөөдөө” туслахаар шийдэв. Энэ нь “хүн чанартай” холбоотой байж болно. Сармагчинг хүн болгоход, өөрөөр хэлбэл социализмыг капитализм болгоход зөвхөн мөнгө хэрэгтэй гэнэ. Яагаад гэвэл “туршилтад” орсон хүмүүс гаднах төрхөө хадгалж үлдсэн бөгөөд зөвхөн үзэл бодол, сэтгэхүйн талаараа юмыг сохроор дуурайгч сармагчны шинжийг олсон болохоор түүнд олон сая жилийн явцад өөрчлөгдөх хугацаа хэрэггүй гэж үзжээ. Ийнхүү Өрнөд Германы капитал Зүүн Германд цутган орох нь тэр ээ.
-Юунд олон тэрбум валют цацна вэ?
-Хамаатан садангаа хүн төрхөнд нь оруулъя...
Ингэж сармагчнаас хүн болох хувирлыг хэдэн сая жилийн туршид биш, ердөө л хэдхэн сарын дотор хийж буй аугаа их “мэс заслын” үеэр Энгельс гуайн нутагт би хөл тавилаа.
Герман улсыг хоёр хуваахад, хүн амын дийлэнх нь Баруундаа гарчээ. Тэр дунд өөрсдийн эзэмшил газар, байр сууцаа Зүүн германд тэр чигт нь орхиод гарсан хохь хүн зөндөө гэнэ. Одоо тэд өөрийн газраа эргүүлэн авах эрх эдлэх юм. Эндээс “авна”, “өгөхгүй” гэсэн зөрчил үүснэ гэж Германы социал демократ нам болгоомжилж байжээ. Энэ бодлогоо сонгуулиар тайлбарлаж аль болох харилцан ашигтай арга замыг хайж байлаа. Гэтэл Христосын ардчилсан нам хөтөлбөртөө шууд л “Бид Баруун Германд дагаар орно” гэж тунхаглав. Ер нь хүмүүс элдэв хоосон болгоомжлолоос залхжээ. Товч тодорхой зорилтыг хүсэх болж. Хий дэмий байдал, хоосон болгоомжлол биднийг юунд хүргэлээ дээ. Бие биедээ итгэхгүй хардан сэрдэж “тамын тогооноос гарах гэхэд хойноос нь чангаадаг” болсон биш бил үү?
Сонгуулиар Христосын нам яллаа. Үнэн хэрэгтээ тэд “дагаар орсонгүй”. Олон арван жилийн турш хүйтэн хананы наана цаана байсан ах дүүс уулзаж, эрх чөлөөтэйгээр нэгдлээ. Хоёр германыг тусгаарлаж байсан ханыг зарим хэсгээр нь цөм цохиж, хэлтэрхийг нь худалдаж байна. Тэр түүхийн дурсгал болон үлдэх ажээ. Уг хана өндрөөрөө 3-4 метр бөгөөд дээр нь элдэв, үг үсэг сийлж зурагт хуудас наасан байна. Тэр дунд Цэдэнбал, Брежнев хоёрын үнсэлдэж байгаа зураг харагдана. Хажууханд нь залуу хос үнсэлдэн зогсоно. Энэ үнсэлдэж байгаа залуус маргааш хүйтэн бетон ханыг цөм цохиж, нэгдсэний баяраа тэмдэглэнэ. Энэ нь сармагчнаас хүн болох мэс заслын анхны “Их зүсэлт” болох юм. Дараа нь “изм” гэгч сүүл цухуйлгасан мухар олгойг сугалж хаяна. Юутай завшаан! Энгельсийн нутгийн ардууд хөгжлийн олон жилийн гажуудлаа ингэж засдаг юм байна. Харин бид яах вэ? Сармагчин хэвээр үлдэх үү? Эсвэл сармагчин шинжийнхээ дагуу эхнээсээ эцсээ хүртэл дуурайсан биднийг төрүүлж өсгөсөн “Том сармагчнаа харзнах уу? За бүү мэд ээ! Бурхан өршөөг!
2. ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС ХҮНИЙ ХҮҮ ЭД АГУУРС ӨВӨРЛӨН ИРНЭ...
Наад Германд эдийн үнэ буурч, бараа элбэгшиж байна хэмээн юм үзсэн улс ярилцана. Өвлийн гутал 30, жинс 30, магнитофон 250 марк болжээ. (1 марк = 1,30 төг)
Баруун Германд нэгдэхээс өмнө “Зүүний барааг” арилгасан байх хэрэгтэй. Эс тэгвээс зүүний бараа барууныханд цохигдож гүйлгээ хаагдана. Энэ сиймхийг ашиглаж Европ, Азийн сармагчин шинжийг олсон олон жуулчид овоохон эд агуурс базаах бололцоотой болов. Энийг үлгэрлэвэл “СЭВ” хэмээх ядуу нөхрөө хаяж, валют бүхий баян эр дагаж яваа азтай Герман бүсгүйн үлдээсэн хишгийг хүртэх мэт ажээ. Монгол оюутнууд овоо бэлтэй байх шиг. Тэд мөнгө солигдохыг тэсч ядан хүлээнэ. (7-2-ноос Зүүн Германы мөнгө Баруун Германы мөнгөөр солигдоно) Хэрэв тэд нутагтаа ирэхдээ нэг нэг өнгөт телевизор, чадвал нэг нэг машин аваад ирвэл мөн ч хэрэгтэйсэн. Нэг айл ч гэсэн өнгөт телевиз үзэж, нэг айл ч гэсэн автобусны ачааллыг хөнгөлөн хувийнхаа тэргээр болбол бидний цөөн монголчуудад ачтай.
800 орчим маркаар “Транбант” гэдэг суудлын тэрэг авч болно гэнэ. Үүнийг мань мэтийн явуулын хүн ч авч чадах бөгшөөд гагцхүү монгол руу аваачих нь хэцүү гэнэ. Хэдэн төгрөг гарздаад энд аваад ирвэл манай гааль хэт өндөр татвар төлөөс нэхэж, элдвийг байцааж өчнөөн чирэгдэл учруулна гэнэ. Нэг нь сайхан амьдарч болдоггүй хойно доо... 5-10 жил дараалалд зогссоны эцэст 40-50 ямнган төгрөг төлөөд зөвлөлтөд үйлдвэрлэсэн чанар муутай, бинзених иддэг тэрэг худалдан авах зарчимтай. Аугаа их “Туршилт” биднийг ийм “сармагчин сэтгэлгээтэй” болгосон ажгуу. Улаанбаатарын гудамжнаа алаглах, суудлын “Москвич”, “Жигули” гэгч тэрэг Берлиний хог дээр шинээрээ шахуу хэвтэж байна.
Өгөөдэй хааны үед өдөрт 400 тэрэг ачаа бараа “Торгоны замаар” орж ирдэг байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр түүнээс дутахааргүй бараа албан хаагч, оюутан, жуулчнаар дамжин Монголын галт тэрэг, нисэх онгоцны буудал дээр ирж байна. Гагцхүү нэгнийхээ сайхан амьдрахад нь битгий л чөдөр тушаа болоосой доо. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг толгойдоо, эдийг өвөртөө хийгээд ирэхэд юуны буруу байх билээ. Гадаадаас авчирсан барааг зарах ч бай, дамлах ч бай эцсийн дүнд түүнийг монгол хүн хэрэглэнэ. Худалдан авах юмгүй, хэдэн төгрөг өвөрлөж явснаас дамын үнээр ч болов хэрэглэх ёстойгоо аваад хэрэглэж явах нь дээр.
Эх орны минь хилээр эд баялаг бүхэн “богоон богооноороо” орж ирэх болтугай!
3.ОЮУТНЫ “ТАНГАРАГ” БУЮУ ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭ
Германд сурдаг монгол оюутнууд “Тангараг” гэсэн сэтгүүл гаргадаг болж (Санаачлагч нь Ариунсайхан). Сэтгүүл бүхэлдээ ардчилсан хүчнүүдийг дэмжсэн бөгөөд түүний хуудас 40-60, хэвлэх тоо 200-300 ширхэг юм. Сэтгүүлийг уншжээ суухад оюутнууд маань ардчиллын төлөө “Тангараг” өргөж байх шиг санагдсан.
Ариунсайхан:
-Манай сэтгүүл оюутнуудын чөлөөт сэтгэлгээний талбар байх ёстой.
Гантүшиг: (Дрезден хотын техникийн дээд сургууль)
-Монголд олон нам бий болсон нь сайн хэрэг. Гэхдээ миний бодлоор “либерал” нам үгүйлэгдэж байна. МоАН, ҮДН нэгдээд Монголын Либерал ардчилсан нам болбол хүчирхэгжинэ. Эрх баригч нам нь либерал байгаа улс олон бий. Түүний тоонд Япон улс орно...
Давхарбаяр: (Лейпциг хотын аспирант)
-Ижил намууд бие биенээ дэмждэг Германы жишээгээр харахад Баруун Германы Христосын нам нь Зүүн Германы ижил нэртэй намаа дэмжээд сонгуульд ялсан. Ер нь либерал нам нэг зүгт туйлшрах нь ховор байдаг. Тийм ч учраас бусдад итгэл найдвар төрүүлж байдаг.
Гантүшиг:
-Монгол орон хоёр их гүрний дунд оршихдоо либерал байх нь чухал. Тэгвэл аль алинтай нь тэгш харьцаж чадна.
Давхарбаяр:
-Зөвхөн хоёр их гүрэнтэй ч биш, дэлхийн ямар ч улстай харилцан ойртоход либерал гэдэг ухагдахуун тусалдаг.
Оюутнууд ингэж ярьж байна. харамсалтай нь монголчууд бидний хувьд “либерал” гэдэг үгийг буруу хэрэглэж ирсний улмаас энэ тухай сөрөг ойлголт авсан билээ. Товчоор хэлэхэд бид энэ үгнээс айдаг. Германд сурдаг оюутнууд нийтдээ МоАХ-г дэмждэг байхад Москвад сурдаг оюутнууд Соц.демократ намыг дэмждэг байх жишээтэй юм. Ардчилсан үзэл оюутнуудад халдварласан нь сайн хэрэг. Цаашдаа өвчлөх хэрэгтэй. Улс орныхоо төлөө өвдөнө гэдэг сармагчин адил байхыг хүсэхгүй байгаагийн шинж.
4. “ХАР ГЭРТЭЭ ХААН БАЙХ МИНЬ”
Уг нь ядарсан эрийн үг л дээ. Харь газар уснаас нь шохой амтагдаж, цэцэгнээс нь шороо үнэртэж, чийгнээс нь бие хөөнгөтөөд хоолонд нь ходоод өвдөөд ирэхээр дээрх үгийг хэлдэг гэж санана уу? Үгүй ээ. Зүгээр л “агаар таарахгүй байна” гэсхийгээд ярвайгаад байх юм билээ. Харин,
-Такси ирж зогсоогоод шар арьстанг түлхэж, цагаан арьстныг авахаар,
-Жартгар нүдэн сармагчин гэж чихэн хочлуулахаа,
-Гадаадынхан зайлцгаа! гэж чихэн дээр гуаглахаа.
-Өөрийгөө хоёрдугаар зэргийн хүнд тооцохоор дээрхи үгийг хэлдэг юмсанж. Германууд бие биеэ дээдлэн хүндэтгэхийг хараад голоо гонсойлгон атаархсан даа.
Өвөг дээдэс минь хар гэртээ төдийгүй харь улсад хаан байж чадсан юм. Харин бид мэт нь сармагчин шинжийг олсоор, харь улсад бүү хэл хар гэртээ хаан байж чадаж байна уу даа гэж бодогдох юм. Монгол хүн гудамж талбай, үзвэр үйлчилгээ, зоогийн газар, ер нь хаа ч гэсэн “Та дээшээ” гэж хэлэх, хэлүүлэх хүндэтгэлийн үг сонсолгүй их уджээ. Бид өөрсдийгөө соёлгүй моёлгүй байна гэж шүүмжилж, социалист аж төрөх ёс мос гэж донгоддог. Биш ээ! Бид чинь Чингисийн удам! Мулгуу хүн эхнэрээ ч захирч үл чадна. Миний өвөг дэлхийг чичрүүлэнхэн захирч, төр барих ухаанаараа 400 гаруй жил гайхагдсан цор ганц үндэстэн! Миний өвгөөс эмээхдээ Европ төвлөрөн соёлжсон, Хятадын цагаан хэрэм боссон. Монголчууд удам, цусаараа бахархах ёстой. Бид энэ дэлхийд хоёр саяулхнаа. Бидний адил түүхтэй улс орчлонд үгүй. Бид Цөөхөн. Бие биеэ хайрлууштай. Үндэсний минь үзэл бадран асаг ээ!
5.ТӨГСГӨЛ
Явсан газрын сонин бичихээсээ ядарсан монголоо гоочлов шив би. Хүний газрын сайхныг хараад, хүний хүүгийн сэтгэснийг үзээд бид ямар хол хоцроов дээ гэж уулга алдан, бачимдсан сэтгэлийн хөдлөлөөр хөөрхий монголоо өрөвдсөн минь энэ. Биднийг сармагчин адил болгосон “туршилт”, түүнийг дэмжигч коммунистууд европ дахинаа нэр хүндээ бүрэн алджээ. Герман оронд “их цотхотгол” хийгдэж байна.
Коммунистуудыг ажилд авахгүй. Дотоод явдлын яаманд ажиллаж байсан хүнд тэтгэвэр тогтоохгүй гэсэн хууль гарчээ. Европын социалист орнуудад коммунист гэсэн нэр “дарангуйлагч” гэсэн утгаар ойлгогдох болжээ. Карл Маркс Штат хотын нэрийг өөрчилжээ. Эгээтэй л “социализм бол хар тамхи” гэж хэлээгүй байна. хүмүүс олон жил сармагчин адил амьдарсныхаа хариуг коммунистуудаас нэхэж байна. Социализмаас капитализм руу орох буюу хүнийг сармагчин төрхөөс нь салгах “мэс засал”-ыг ингэж эхэлж байна. Маркс, Энгельс, Бах, Шиллер, Гёте, Гитлерийн төрсөн нутагт хийсэн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.
Берлин хот. 1990 он