Дасгал хөдөлгөөний ач холбогдол, үр нөлөөг мэддэг хэдий ч завгүй гэдэг үгээр өөрийгөө өмгөөлөн, өдөр бүр мэдээ, сурвалжилга бэлтгэхээр орж, гарч явдгаа хөдөлгөөн хийсэн мэтээр төсөөлсөөр олон жилийг ардаа үджээ. Интернэтээс сурсан дасгалаа ганц, хоёр орой дараалан хийснээс хэтрээгүй байсан миний хэмнэл саяхнаас эрс өөрчлөгдөв. Юу гэвээс, би фитнест хичээллэхээр шийдсэн юм. Ажлаас холгүй 300 метрийн зайтай байх фитнес клубийг сонгов.
Эхний өдөр надад энэ заалны хаалгыг татан ороход хачин жигтэй гэмээр эвгүй санагдсан. Өөр хэн нэгнийг анзаарах сөхөөгүй хөлсөө дуслуулан төмөр өргөх залуус, биеийнх нь хаанаас ч илүү зүйл хасахын аргагүй өв тэгш хэрнээ, чихэвч зүүчхээд гүйлтийн зам дээр түргэн алхах бүсгүй, хоёр гартаа гантель барьчхаад заалны нэг талаас үүд рүү чиглэн удаан хэмнэлтэйгээр сууж босон алхах залуу, дунд сургуулийн биеийн тамирын багшийг маань санагдуулам түргэн алхаатай дасгалжуулагчийг харж хэсэг зогслоо. Мэдээж ирсэн зорилгоо гүйцээж байж л тавдугаар давхраас буух учиртай.
Хувцсаа солиод танхимд орлоо. Хөлсний үнэр тийм ч айхтар үнэртэхгүйг бодвол фитнес клубууд агааржуулалтдаа багагүй анхаардаг бололтой. Харин дараа нь биеийнхээ ерөнхий үзүүлэлтийг шалгуулав. Жингийн илүүдэл маань нүдэнд ил байсан болохоор тэр тоог сонсоод гайхсангүй. Харин усны хэмжээ бага байна гэхээр нь “Би өдөрт хэдэн литр ус ууж байж энэ хэмжээг нэмэгдүүлэх вэ” гэж асуутал хэрэг бишдэв. Угтаа бол биеийн усны хэмжээг ус ууж нэмдэггүй аж. Харин өөхөө шатааж, булчин нэмэгдэж, зөв зохистой хооллох тусам энэ харьцаа тэнцвэрждэг аж. Дотор өөх багатай байгаа минь давуу тал болов.
Ингээд эхний өдрийн дасгал эхэллээ.
1. Гүйлтийн зам дээр 6.5 км/цагийн хурдтай таван минут алхаад хурдаа нэмэв. 8 км/цаг хурдтай таван минут гүйхэд л бараг л бахардах нь уу гэмээр болж дахиад алхах горимдоо шилжүүллээ. Уг нь би таван минут алхаж, 15 минут гүйгээд, дахин таван минут алхана гэж бодож байлаа. Фитнесийн багш нар харин жин ихтэй хүмүүст гүйхийг тэр бүр санал болгодоггүй юм билээ. Ихэвчлэн хурдтай алхахыг л зөвлөдөг. Эхний дасгалаа дуусгаад 10 минут цанын зам дээр явлаа. Энэ төхөөрөмж дээр явж байхдаа зогсох л юм бол үзүүлэлт нь тэглэдэг учраас өөх шатаахыг хүсч байгаа бол тэсэх ёстой. Багш надад 10 минутад 150 ккал өөх хайлуулах даалгавар өгсөн ч би биелүүлж чадаагүй. 120 ккал болгоод л зогссон. Гуяны булчин илт хатуурч, хөндүүрлэсэн шүү. Гэдэсний дасгал 20-иор таван удаа, мөн нурууны дасгал төдий тоогоор хийчхээд эхний өдрийн хичээлээ сунгалтын дасгалаар дуусгав. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг үгийг олонтоо сонссон ч энэ бол бодитоор мэдэрсэн мөч байсан юм.
vЭнэ хүрээд зогсох уу, эсвэл цааш явах уу. Надад энэ дасгал тохирох уу, эсвэл йог хийх үү гэж эргэлзэхэд хүрлээ. Хэрсүү нэгний адилаар урьдчилан судалж, өөрт тохирохыг сонгоогүйдээ гомдмоор. “Инстаграм”-ын гоолиг охидын дасгал хийж байхдаа авхуулсан чамин зургууд, дасгалын хүчээр өөрчлөгдсөн найз бүсгүйн төрх нүдний өмнө жирэлзэж, тэсэх ёстойг санууллаа. Би тийм ч нялцгай хүн биш шүү.
2. Энэ өдрийн дасгал хамгийн хэцүү санагдсан. Өчигдөр гүйхдээ ядраад байсан ч хоёр дахь өдрөөс илт сайжрав. Эхлэл, төгсгөлөөсөө гадна дунд нь 10 минут гүйчихсэн. Дараа нь анх энэ зааланд ирэхдээ харсан, гартаа гантель барьж алхдаг дасгалыг хийв. Энэ бол хөлийн дасгал аж. Биеэ гүйцэд хянаж, хойд хөлөө нугалан газарт шүргүүлэх шахам доош сууж, дээш боссоор нааш, цаашаа 10 удаа явав. Хоёр дахь өдрийг тэр чигт нь хөлийн дасгалд зориулав. Гуяны булчингийн дасгал хийсээр өдрийг өнгөрүүлэв. Гэдэсний таталтыг бол өдөр бүхэн хийх учиртай гэнэ.
vБага насны хүүхдүүдийг дасгал хийлгэсний дараа шүлэг цээжлүүлэхэд илүү сайн тогтоож байсан тухай нэгэн судлаач дурдаад, хөдөлгөөн хүний бие болон оюун ухаанд ямар давуу талтайг сануулсан. Эхний өдөр дасгал хийчхээд ядрах янзтай байсан бол өнөөдрөөс илт сэргэж эхлэв. Клуб, ажил хоёрын дунд явахдаа нэгнээс нөгөө рүү нь яарч, урам зориг дүүрэн явах болсон шүү.
3. Гарын дасгал. Бие булраагүй, хөндүүрлээгүй байгаа тухайгаа хэлэхэд дасгалжуулагч багш мушийснаас өөр хариу өгсөнгүй. Харин гарын булчин хөгжүүлэх дасгалууд зааж, гэдэсний таталт хийлгэв. Төгсгөлд нь би сайн дураараа сунгалт хийхээр дасгалын өрөөнд ороод өөрийгөө нэг сайн сорьсон. Өнхрүүш бариад бөхийж байхдаа нуруун дээрээ бага зэрэг даруулж үзэв. Өвдсөн ч тэссэн.
vДолоо хоногт гурван удаа цаг гучин минут яаралгүй алхаж байвал аливааг суралцах, анхаарал төвлөрөх болон сэтгэн бодох чадвар 15 орчим хувиар нэмэгддэг гэнэ. Yүний үр дүн нас ахиж яваа хүмүүст илүү мэдрэгддэг.
4. Шөнө унтаж байхдаа эргэж хөрвөөхөд ч биеийн хөндүүр мэдрэгдэж, тавтай амарч чадсангүй. Яг энэ мөчид фитнесээс зугтмаар санагдсан. Гэхдээ би л өөрийгөө ийм болгоогүй бол ингэтлээ зовохгүй байсан шүү дээ гэж шүд зуув. Дахиад л хөлийн дасгал... Өмнөх хөндүүр арилаагүйн дээр ахин дасгал хийх хэцүү байсан. Цагаан туг өргөмөөр байсан ч бүдүүн бие, утасны нүүрэндээ “залсан” гоолиг хүүхний зурагтай зэрэгцээд “зэвүү” хүргээд байлаа.
vТогтмол явган алхаж, дасгал хийдэг ахмад настнууд ой тогтоолтын шалгалтад бусад хүмүүсээс илүү үр дүн үзүүлдэг гэсэн. Мөн аэробик дасгалууд нь тархинд нэмэлт хүчилтөрөгч хүргэдэг учраас оюуны чадварыг нэмэгдүүлдэг аж. Тэгэхээр тархи ч бас дасгалд дуртай,шинэ эсээ нэмэгдүүлж, нөхөн төлжиж байхын тулд тэр.
5. Дараагийн өдрүүд буюу тав, зургаа, долоо дахь өдрийн дасгал харин надад таатай сайхан санагдав. Одоо би хэцүү дасгалаас халшрахгүй сэтгэлийн бэлтгэлтэй, хөлсөө дуслуулж, хацраа улайлгасан ч хэн нэгнээс ичихгүй байх хэмжээний суралцагч болж эхэллээ. Бас тэр гоолиг бүсгүйг чихэвч зүүчхээд, түргэн алхаад байсны учрыг олов. Фитнес ийм сайхан аж. Хэдий гүйж, харайж, бөхийж, суниаж биеэ зовоож буй мэт боловч энэ нь таны эрүүл байгааг сануулж, өөдрөг сэтгэлгээтэй, дайчин нэгэн болоход тусална. Байнгын бэлтгэл таныг зөв бие галбиртай байхаас гадна зөв хүн болоход тань ч нөлөөлнө.
vМягмар гарагт дасгал хооронд амрахдаа мессенжерээ шалгаж, утсаар яриад нэлээд сунжруулснаар ажлаасаа хоцорсон. Багш ч энэ тухай сануулна лээ. Дасгал хооронд амрах хугацаа 30 секундээс минут хүртэл л байх гэнэ. Өөр зүйлд анхаарлаа хандуулахын оронд булчингаа хэрхэн ажиллаж байгааг мэдрэн, дасгалдаа л анхаарах хэрэгтэй юм билээ шүү.
6. Бямба гаргийн өглөө эртлэн боссон шалтгаан минь дасгал хийх байсанд өөрөө ч гайхашрав. Эхлэхэд хэцүү ч нэгэнт хөл тавьсан бол хол явах боломж харагдсаных биз. “Бие хөндүүрлэхээр юм хийчихсэн мэт санагдаж, сайхан болдог” гэж ярьсан нэгэн тамирчны яриа үнэн бололтой.
vДасгал хийх гэж шийдсэн хэрнээ бэлтгэлийн хувцасны оронд гэрийн ретуз, хөлс шингээдэг майкны оронд нэлмэгэр цамц өмсч очсон хүн нь би. Өөрт эвтэйхэн санагдсан болохоор л ингэсэн хэрэг. Гэхдээ өөрт эвтэйхний зэрэгцээ дасгалын зориулалтын хувцас сонгох нь хөдөлгөөн хязгаарлахгүй, хөлөрсөн ч тавгүйтүүлэхгүй байх давуу талтай гэсэн.
7. “Оффист найман цаг сууж ажиллаад ядардаг байсан хүн 10 цаг ажлаа хийсний дараа ядрахгүй гарахыг л фитнесийн ач тус гэж хэлнэ” хэмээн тус клубийн эмч ярьсан удаатай. Зөвхөн хоолны дэглэм барьж жингээ хасвал булчин нэмэгдэхгүйн зэрэгцээ, эрч хүч буурч ядардаг. Тийм болохоор өөрт тохирсон дасгалаа багшаар заалгаж, аль болохоор эрүүл зөв хооллож хичээхээр шийдлээ. Цаашдаа илүү сайхан эерэг үр дүнг өөртөө бий болгож чадна гэж найдаад тууштай байх болно оо. Амжилт.
Мөрөөдөл, зорилго, тэмүүллийг ч бас мөнхийн нэгэн эргүүлэг гэж үзвэл энэ бүхнийг хөглөх хүчийг дасгал хөдөлгөөн бий болгодог юм байна. Одоо бол өдөр бүхэн биш ч гэсэн долоо хоногт гурван удаа заавал зааланд очихоор яардаг болсон шүү. Энэ бол миний амьдралын нэгэн шинэ өнгө. Илүүдэл жингээ хасч, илүү сайхан боломж руу зүглүүлэх татах хүч. Хорвоод өнгө нэмэх олон сайхан зүйл дүүрэн бий, хойш битгий суугаарай, туршаад үз.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН