Т.Эрдмаа
Ардчилсан Монгол Улсад ард иргэд нь үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болчхож. Увайгүй төрийн урагшгүй бодлогыг шүүмжилсэн бичиг барьж Улаанбаатар хотын төвийн гудамжуудаар зам дагуу тарж зогссон 100 залууг цагдаа баривчилж байцаасан асуудал гарлаа. Тэд Улсын онцгой комиссын шийдвэр, “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлэх хуулийг зөрчөөгүй. Учир нь олуулаа нэг дор бөөгнөрч зогсоогүй билээ.
Харин энэ талаар ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү өөрийн твиттертээ "Өнөөдрийн жагсаал нь жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З дахь, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон тул цагдаагийн байгууллагаас шалгасан. Тэр хүүхдүүдийг баривчлаагүй тайлбар аваад явуулсан. Шалгалт үргэлжилж байна" гэж мэдэгджээ. Тэгвэл өөрсдийг нь шүүмжлэх нь бүү хэл хялайж харсан нэгнийг буруутан болгон шалгадаг болсон эрх баригч МАН хөл хорио тогтоосон өнөө үед тэдэнд үг хэлэх эрх чөлөөг нь эдлүүлэх байсан гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа УИХ-ын сонгууль дөхөөд эрх баригчид их эмзэг болсон цаг үе. Арга ч үгүй биз жирийн иргэдэд үйлчлэх, зээл олгох ёстой Засгийн газрын тусгай сангуудыг жинхэнэ эздээс нь булааж өөрсдөө хувааж хүртэхээс өгсүүлээд иргэдэд ил болсон бусармаг үйлдлүүдээ мартагнуулах, энэ тухай үгээ хэлж олон нийтэд сануулсан алив үйлдлийг хүчээр дарж мартагнуулахыг санаархаж буй бололтой.
Үзэл бодлоо илэрхийлсэн "Эерэг нийгэм" төрийн бус байгууллагын залуус “Битгий давар” гэсэн уриагаар эрх баригчдын эмзэг цэгийг хатгасныхаа төлөө өнөөгийн худалч, хулгайч эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон цагдаагийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байгаа нь энэ.
Тодруулбал, залуучууд сүүлийн дөрвөн жилд болж өрнөсөн ЖДҮ дэмжих сангийн болон төрийн 27 сангийн зээл, төрийн албыг наймаалцан төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн 60 тэрбумын хуйвалдаан зэрэг эрх баригчдын нэр холбогдсон гэмт хэргүүдийг мартаагүй байгаа гэдгээ сануулж “Бидэнд санах ой бий” гэсэн уриа бичиг л барьсан билээ. Тэд “Сайхан зүйл амлаж, гоё зүйл хэлж УИХ-д сонгогдчихоод амласнаа мартан, хэлснээ үгүйсгэн, эрх мэдэл, эд баялгийн төлөө эх орноо ч худалдахаас буцахгүй, эрээ цээргүй авирлагч эрх баригч та нарын үйлдлийг залуус бид жигшиж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй юм. "Эерэг нийгэм" төрийн бус байгууллагын гишүүд “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл онцгой нөхцөл байдалд олон хүн цуглуулж жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Түүнээс биш Үндсэн хууль иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэвээр байгаа. Бид үнэхээр эрх баригчдын увайгүй үйлдлүүдийг тэвчиж чадахгүй болоод аргагүйн эрхэнд ингээд зогсч байна. Үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй залуус бидэнтэй нэгдэхэд нээлттэй. Залуус биднийг өнөөдөр эрх баригч МАН ямаанаас дорд үзэж байна. Залуу хүн ажилгүй бол эмгэнэл гэдэг үг бий. Гэтэл 50 мянга гаруй залуу ажилгүй байна. Монголд 900 гаруй мянган хүүхэд бий. Сар бүр 20 мянган төгрөг хүүхдийн мөнгө гэж олгохдоо алагчилдаг байж 20 сая толгой ямаанд мөнгө шууд олгох боллоо” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Ийнхүү Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өөр хоорондоо 1-2 метрийн зайд зогсч бичигт самбар барьж үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг цагдаагийн байгууллага баривчлан шалгажээ.
Энэ явдал нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг өнөөгийн эрх баригч МАН хумьж хуучин нэг намын дарангуйлагч нийгмээ санагалзан буйн илэрхийлэл боллоо.
Урьд нь бас МАН эрх барьж, өнөөх С.Баяр намын дарга, Ерөнхий сайд байхдаа 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн дараа санал хураалтын дүнг зөвшөөрөхгүй хэмээн жагссан иргэдийг зэвсэг хэрэглэн тарааж, таван хүнийг буудан хөнөөж хэдэн зуун хүнийг саатуулан Дэнжийн мянгын цагдан хорих газарт аваачин хонуутаар тамлан, эцэст нь 200 гаруй залууг нь шүүхээр шийтгэж байсан гашуун түүх бий. Өнөөдөр УИХ-д олонх болж төр засгийн эрхийг дангаараа барьж байгаа МАН тэр жилийн сонгуулийн дараа хийж байсан энэ бусармаг үйлдлээ, сонгуулийн өмнө давтаж байгаа нь энэ.
Энэ бүхэн коронавирусийн халдварын тархалт, хөл хорио, тусгааралалтын дэглэмийн энэ үеэр далимдуулан олон түмний үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулж байгаад ард түмний хөрөнгөнөөс завшигч луйварчид монгол төрийн эрхийг дахин авч зөөлөн суудалдаа тухлан улс орныг сүйрүүлж, ард түмнийг ядууруулах ажлаа үргэлжүүлэхээр санаархаж байгаагийн нэг илрэл.
Улмаар цэрэг цагдаагийн хүчээр далайлган олон түмнийг айлган сүрдүүлсээр урьдын нэг намын дарангуйллаа сэргээхээр санаархаж байгаа нь энэ бололтой.
Өнөөдөр энэ залуусыг барьж, шалгаж, байцаан мэдүүлэг авч байгаа энэ төр тэднийг маргааш биднийг илүү үг дуугарлаа гэж баривчлан шалгахыг үгүйсгэх аргагүй. Гэвч залуучууд ийнхүү үзэл бодлоо илэрхийлж буй нь монголын ард түмэн санах ойгоо алдаагүй гэдгээ харуулж, энэ дөрвөн жилд МАН-ын өнгөрсөн 30, саяын дөрвөн жилийн ажил, булай булхай бүхэнд тавьж байгаа дүн юм.
Иргэдээ хавчин гадуурхаж, ялгаварлан үздэг, эрх мэдлийн төлөөх тэмцэлд улайран шунадаг төртэй байхыг өнөөгийн залуус хүсэхгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН