Ц.ХАС
- Монгол төрд цэвэрлэгээ, цус сэлбэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна -
Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Дэлхийн бүх улсад тархаж олон хүний амь авч одон хүн төрөлхтнийг түгшээж байгаа аюулт коронавирус COVID-19-ийн тархалт үргэлжилсээр байгаа ч сонгууль болдгоороо болох нь.
Ард иргэд сонгогчдын хувьд өвчин тахалтай үед яаж сонгууль өгнө өө, гэхээсээ илүүтэй монголын түүхэнд байгаагүй МАН-ын байгуулсан худалч, хулгайч, ард түмний өмч хөрөнгөөс завшигч гишүүдтэй энэ парламентаас хурдан салах минь гэж хүлээж байна.
Өөрөөр хэлбэл монголын төрд цус сэлбэх цаг хэдийнээ болжээ гэж олон нийт ухаарч ойлгож. Цус сэлбэх гэдгийг анагаах ухаан “тухайн бүлгийн цусыг зөвхөн адил бүлэгт нь сэлбэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй арга” гээд цусаа өгөөх нь ч цус сэлбэх нэг арга гэжээ.
Энд цусаа тогтмол өгдөг доноруудыг цус өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага байна гэсэн дүн гарсан гэсэн байсан. Өөрөөр хэлбэл донор хүн цусаа өгснөөр тодорхой хугацааны дараа цус нь бүрэн төлжиж сэргэж, энэ хэрээрээ эрүүлжиж байдаг гэжээ.
Яг ийм байдлаар Монголын төрийн цусыг сэлбэх цаг болж гэсэн ойлголт олон жилийн өмнөөс сонгогчдын тархинд ургаж төлжиж сонгууль бүрийн өмнө ингэж бодож саналаа өгсөөр байсан ч бөөн булхай луйвар, бэлэн мөнгө тараах байдлаар явж шинэ үндсэн хууль баталснаас хойш долоон удаагийн сонгуульд МАН зургаан удаа “олонхи” болж төрийн эрх барьсан ч улс орноо жилээс жилд доройтуулан, ард түмнээ улам ядууруулсаар өнөө хүрч байгаа нь энэ болохоор энэ.
Сонгууль бүрээр шахам ялж, хязгааргүй эрх мэдэл эдлэн үүндээ эрэмшин ялзарч муудсаар, үүнээсээ болоод улс эх орон ард түмнийхээ эсрэг ажиллах сонирхол, эрх ашиг нь хэтийдэж зөвхөн идэж ашиглах, хувийн эрх ашгаа дээдлэн улс ард түмний хөрөнгнөөс бүлэглэн идэж завших сонирхолтой болсон өнөөгийн авлигач гишүүдийг хурдан солих сонирхолтой болж.
Энд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлүүлээд ЖДҮ болон төрийн 27 сангийн хөнгөлөлттэй зээлийг өөрсдийн мэдээлэлд орой давуу эрхээ ашиглан хоосолж, өөрийн хамаарал бүхий “том, аварга” компани аж ахуйн нэгжид өгч, зарим нь бүр банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэйгээр иргэдэд зээлүүлэн мөнгө хүүлдэг “хулгайчдаас” хуран салъя гэж байна.
Ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө тэрбумтан болж, тэр мөнгөөрөө дэлхийг тойрон энд тэндэхийн казинод тоглож, үүгээрээ гайхуулан интернетэд зураг хөргөө тавьдаг “төрөөс төрсөн тэрбумтнууд” У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Д.Оюунхорол..... зэрэг нөхдөөс хурдан салах минь гэж байгаа нь энэ. Нөгөө талд нь бусадтайгаа адил хорт ургамал биш ч гэлээ өмхөрч муудсан, үр шимээ өгч чадахгүй болсон ургамал мэт монголын төрд хийж бүтээсэн зүйлгүй атлаа УИХ-ын дугуй танхимд буг болон суусан Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нараас салахыг олон нийт хүсч байна.
Бүр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ёстой байлаа гээд илүүддэггүй, байхгүй гээд үгүйлэгддэггүй М.Билэгт, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын хааяа харагдвал хүний дургүй хүргэсэн юм ярьдаг, заримдаа ярьж ч чаддаггүй, бас яаж зүгээр байхав хэмээн хэн нэгний санаачилсан хуульд нэр хавчуулагдан явдаг хүмүүс улс төрд хэрэггүй юм байна гэдгийг ч ойлгоод холдуулахсан гэж яарч байна. Өнгөрсөн дөрвөн жилд парламентын сэтгүүлч, сурвалжлагчдын гэрэл зураг, телевизийн дуранд үргэлж унтаж байгаагаараа буусан Д.Оюунхорол гэдэг хүнийг олон нийт “Хөөрхийдөө, одоо гэртээ очиж унтвал барав” хэмээн “өрөвдөж байна.
Монголын төрд биед гарсан хатиг, арьс маханд шивсэн хачиг хувалж мэт шингээд төрийн бодлого хэрэгжүүлэх гүйцэтгэх засагалалд сайд нэр зүүн удаа дараа суусан ч төр засаг, ард түмнийхээ төлөө хүнд хэрэгтэй зүйл нэгч хийгээгүйгээр үл барам харин ч хүн ардын эрх ашиг тусын эсрэг зүйл хийж жилээс жилд дургүйг нь хүргэсээр байгаа ч намын булхай луйврын ачаар сонгуульд ялсан болж яваа Ц.Нямдорж, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нараас ёстой салахын мөр болж байна.
Ядаж байхад яр гэгчээр 2020 оны сонгуулийн сургаар энэ мэт луйварчид, худалч хулгайчууд гэнэт сэхээ орон нэг их “эх оронч” дүр эсгэн жүжиглэж эхэлснийг харсан олон нийт “За арай ч дээ, Үнэхээр тийм л юм бол өнгөрсөн 30 жилд үүнийгээ хийх нь яасан юм” хэмээн халаглаж “ЗАЙЛ аа, ЧИ” гэцгээж байна.
Ер нь л 2016 онд чихэр бурам шиг сайхан зүйл амлаж, булхай луйвартайгаа хослуулж байгаад энэ УИХ парламентад 65 суудал авсан МАН өнгөрсөн дөрвөн жилд эр сайхан амлалтуудаасаа бүр 100 хувь буцаж эргэсэн төдийгүй энэ хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагын 65 хүнээс нь гараагүй булай, хийгээгүй бузар зүйлгүй болж Монгол төрийн нэр хүндийг шалд нь унагаасны хариуг хурдхан шиг өгье гэж ард түмэн хүсч байгаа нь энэ. Энэ нь нам парламентад олонхи болж байхад УИХ-ын хамгийн залуу, хамгийн ирээдүйтэй хэмээн МАН-ынхан ам уралдуулан магтаад байсан Д.Гантулга нь бүсгүй хүнийг хүчиндсэн хэргээр “Бандааш” цол хэргэм аваад өнөөдөр шоронд сууж байгаа. Энэ л намыг төр засгийн эрх барьж байхад Монгол төрийн ордонд хүн амины хэрэг гарч, энэ л намын бас нэг дулаа боловсон хүчин гэдэг Н.Номтой баяр нь сэжиглэгдэн хулуийн байгууллагад өчнөөн удаа дуудагдаж мэдүүлэг өгсөөр яваа.
Энэ л “мандсан манлай” гэдэг МАН-ыг эрх барьж байхад Төрийн яаманд нь, аймгийн Засаг даргын Тамгын газарт нь Засаг даргыг нь байхад хүн амины хэрэг гарч олныг цочирдуулсан. Зарим нь хөнгөн ялаар олны нүдийг хуурч, зарим нь огт юу ч болоогүй юм шиг бараг л “тэр өөрийгөө 17 удаа хутгалж амиа хөнөөсөн” гэдэг шиг юм яриад хэнэгчгүй явж байгаа.
Ер нь энэ төрийн цусыг сэлбэхгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголт өнгөрсөн 30 жилийн ихэхэд нь төр барьж ард түмний толгой дээр сандайлж суусан МАН-ын үе үед байгуулсан засгийн газар, ялангуяа хуульзүйн яам, түүнийг завсаргүй тэргүүлж ирсэн Ц.Нямдорж гэдэг хүн хууль шүүхийн тогтолцоог “Гурван Доржийн хар хууль” гэдгээс аваад ялзруулж, авлигад автуулан “шударга хууль, зүударга хууль ёс” гэдгийг бүрэн устгасанд дургүйцэж байна.
Энэ МАН-ын, энэ Ц.Нямдоржийн өнөөх 60 тэрбумаараа бүрдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь “Энэ олон шүүгч дотор тэрбум ам.долларын хадгаламжтай нэг шүүгч байж болдоггүй юм уу” гээд хэнэгчгүй авлигач шүүгчдээ өмгөөлөөд зогсч байхыг харсан олон түмэн энэ төрийн цусыг сэлбэх хэрэгтэй болжээ хэмээн хэлж байна.
Авлига авч ард түмэн, улс орныхоо эсрэг шийдвэр гаргасан нь тодорхой болж саатуулагдсан “Монгол Улсын гавьяат” шүүгч нь хорихын камерт амиа хорлон, бусдыгаа хаацайлж байхад төрсөн хүү шүүгч нь авлигынх нь мөнгөөр харьд зугтан гарч өнөөдөр эрэн сурвалжагдаж байх жишээтэй.
Хоёр гуравхан жилийн өмнө цэрэг цагдаагийнхан нь “Зоригийн амь насыг хөнөөснөө хэл” хэмээн тамлан байцааж, прокурор шүүх нь “Зоригийн амь насыг энэ хүмүс хөнөөсөн” гээд яллаж байхад таг дуугүй байсан Хуульзүйн сайд Ц.Нямдорж нь өнгөрсөн намраас гэнэт “сэрж” энэ хүмүүсийг тамласан байна, хилсээр хэрэг хүлээлгэсэн байна хэмээн хоолой зангируулан “матрын нулимс” унагаахыг үзэж дуулсан олон энэ МАН-ыг, өнөөгийн энэ төрийг жигшиж байна.
Ингээд бодохоор Монгол төрд үнэхээр цэвэрлэгээ, цус сэлбэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.
Яаж.....яаж Монгол төрийг цэвэршүүлэх вэ. Өөрөөр хэлбэл өмнө анагаах ухааны онолоор монгол төрийн эрүүл саруул байхад садаа болж бугшсан хатигийг анагаж эрүүлжүүлэхийн тулд цусыг нь цэвэрлэж шинэ залуу эрүүл саруул донорын цус хийх хэрэгтэй болж.
Энэ бол шинэ залуучуудаар монгол төр, УИХ-ыг сэлбэх хэрэгтэй болсон байна.
Чухам үүний тулд л Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн хэвлэлүүдийнолж зарласан нэрийн дотор 50 хүн нь урьд өмнө парламентад сонгогдож байгаагүй шинэ хүмүүсийн нэр явж байгаа юм.
Шинэхэн байгуулагдсан шинэ нам ч гэсэн 34 хүнийг УИХ-д сойж байгаагаа зарласан дотор Ж.Батзандан, Лу.Болд хоёроос бусад нь улс төр лүү шинээр зүтгэж байгаа хүмүүс байна.
Гэтэл нөгөө талд нь өнөөдөр эрх барьж, өнгөрсөн 30 жилд, энэ дөрвөн жилд нэр нүүрээ барж, хамаг булайгаа дэлгээд байгаа МАН-ын УИХ-д дэвшүүлэх гэж байгаа хэмээн таамагласан хүмүүсийн дунд өнөө л Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс завшиж авсан Н.Учрал, Н.Оюундарь, Б.Саранчимиг, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нарын нэр цохиж явна.
Уг нь “сэлэмдэгч” У.Хүрэлсүх нэгэнтээ “ЖДҮ сангаас зээл аваад эргүүлэн төлөхгүй бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй” гэж байсан удаатай. Тэгэхээр энэ хүн хэлсэндээ хүрсэнгүй. Харин саявтар “би өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэснээрээ өөрөө Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авч хамаарал бүхий компанидаа өгсөн болохоор үүнд нь хамтарсан, үйлдэл нэг нөхдөө өөрийн баг хэмээн аваад сонгуульд орж байгаа юм байна.
Үүн дээр МАН энэ төр, УИХ-ын идээлж бээрсэн хатиг, төрийн ордны буг болсон Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ми.Энхболд, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нарыгаа яаж ч чадахгүй, “туршлагатай парламентч” хэмээн нэр дэвшүүлнэ гэдэг нь тааж ядах юмгүй. Чухамдаа өнгөн дээрээ ингэж том өргөмжилж байгаа ч тэд нь худал хуурмаг элдэв юм ярьж олныг мунхруулж байгаад нэг суудал чирээд ирдэг болохоор л тэр. Тэд нь ч У.Хүрэлсүхээс “Одоо би та нартаа түшиг болоод, энэ парламентдаа сууж байя даа” гэж гуйн, дотроо болохоор “энд л сууж байвал унацтай юм” хэмээн инээж байгаа.
Яг үнэндээ тэдний туршлагатай гэж ч юу байхав ёстой л намдаа нэг суудал авч өгөөд, дөрвөн жил, арван хоёр жил юу ч хийхгүй унтах нь унтаж, дэмий хэсэх нь хэсч, казино тоглож, ЖДҮ мэт элдэв луйвар, залилиан гарвал “ би нэг суудал авч өгсөн хэмээн” дунд нь хавчуулагдаж олны хөрөнгөнөөс хувь хүртэн явах санаагаа нуухгүй байгаа. Түрүүчээс нь дөрвөн жилийн ажлын тайлан гээд боть боть сэтгүүл хэвлүүлэн тарааж, олон нийтийн сүлжээнд “УИХ-ын гишүүн......-ийг дэмжигчдийн групп” гэсэн хуудас нээгээд, өөрийн нь товлож байгаа тойрогт нэр дэвшиж магадгүй гэсэн хүмүүсийг гүтгэж гүжирдэх ажлаа эхэлчхээд байна....
Монгол төрийг, энэ УИХ-ыг гэмт хэрэг, хулгай, худал, луйвар гээд бугшиж бугласан идээ бээр, хатигнаас нь салгахын тулд цусыг нь сэлбэж цэвэршүүлэх сонголтыг та бид хийх шаардлага ганцхан сарын дараа болох энэ удаагийн УИХ-ын сонгуулиар зайлшгүй урган гарч байна.
Саяхандаа олон нийтийн сүлжээнд “Энэ удаагийн сонгуулиар би хэнийг сонгохоо бол сайн мэдэхгүй л байна. Гагцхүү хэнийг сонгохгүйгээ бол маш сайн мэдэж байна” гэсэн нэг пост явж байсан даа....Үнэхээр хүн бүр, сонгогч бүр үүнийгээ мэдэж байвал энэ төрийн цусыг сэлбэж цэвэрлэх цаг яах аргагүй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН