Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
КОРОНАГИЙН ГАЙГ ИРГЭД ХҮЛЭЭЖ, ГАВЬЯАГ НЬ ТӨР ХҮРТСЭЭР БАЙНА

“Ардчилал таймс” сонин ковид-19 тахлын хөл хорионы үед эдийн засаг хямарч олон тооны жижиг дунд аж ахуйн нэгж дампууран, хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоон, олон мянган хүн ажил, орлогогүй болж, ахуйн хүрээний архидалт, хүчирхийлэл газар авч буйд анхаарлаа хандуулж, долоо хоног бүр цуврал сурвалжилга бэлтгэн уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Тухайлбал сэтгүүлч П.Батзаяагийн Ажил горьдон очиход “эргээд ярина” гээд буцаах л хэцүү сурвалжилсан тэмдэглэл (цуврал-1), “Ажил хайгчдын зовлонгоор хөлжигч буюу хөдөлмөрийн биржүүдийн аархал” сурвалжилсан тэмдэглэл (цуврал №2), сэтгүүлч Б.Бямбасүрэнгийн Ажилгүйчүүдийн "арми" бий болж, ажил олгогчид аргаа барж сууна (цуврал-3), сэтгүүлч Ж.Солонгын “Дүлий засаг, ноомой иргэд, золгүй ирээдүй” (цуврал-4) нийтлэлүүдээс ковид-19 хэмээх “хөшигний ард” эгэл жирийн иргэд хэрхэн амьдарч туйлдан, эзэнгүйдэж хоногийн хоолны төлөө хоёр хөлийнхөө тавхайг эргэтэл хөлхөж, хөдөлж байгааг бодит үнэнээр нь уншиж мэдэж болно. Ер нь аливаа жүжгийн жинхэнэ үзэгдэл хөшигний ард л өрнөдөг. Өнөөдөр засаг төр Ковид-19 хэмээх хөшгийг бидний өмнө татчихаад түүгээр далимдуулан наана нь улс төр хийж байна. Энэ технологийн золиос нь ард иргэд болсоор ирсэн, энэ жил бүр их хохирч байна. Хэдийнээс дуу хоолойгоо хүргэх боломжгүй өндөрт тасарсан төр засгийнханд олон түмний дуу хоолойг “Ардчилал таймс” ийнхүү олон дугаараа дамжуулан хүргэхийг зорьж байна. Царцсан амьдралын дундах цуцсан тэдний дуу хоолой, хүсэл сэтгэл, бодит амьдралыг бид цаашид ч бичсээр байх болно.

Сонгууль хэмээн дээр дооргүй бужигнацгааж байгаа энэ үед ажилгүй иргэд хэрхэн амьдралаа залгуулж, хичээлгүй хүүхдүүд юу хийж, цалингаа тавьж, түрээсээ төлж чадахаа байсан компанийн дарга захирлууд юу хүлээж хүсч байгааг эрх баригчид даанч нэг тоож сонирхсонгүй. Сонгууль өнгөртөл сонирхох ч үгүй биз ээ. Учир нь хүмүүсийн хоосон ходоодыг тэд 200 мянгаар хөнгөхөөн хуураад, амыг нь барих арга ажиллагаандаа шилжлээ. Иргэд ч ноолуурын мөнгө, хувьцааны мөнгө, хүүхдийн мөнгөө авахаа бодоод үг хэл гаргахгүй. Одоо өөр юу өгөх бол хэмээн горьдлого тээн дуугүй сууцгааж байгаа нь үнэн. Харин 200 мянган төгрөгөөр дөрвөн жил дахин ядуу амьдрах “эрхийн тасалбар”-аа солин авч байгаагаа мэдэж ухаарч, хэлж ярьж байгаа нь бас л даанч цөөн ажээ.
“Миний хүүхдэд мөнгө өгдөг ийм Ерөнхий сайдтай байхад ажилгүй анхиагүй эр нөхрөөр ч яадаг юм, хөөгөөд явуулъя” гэх нь холгүй сошиалаар шуугилдсан ээж нар ч бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ийнхүү авгай хүүхнүүдийн дунд ардын баатар болж байх хойгуур амьдрал үнэндээ зогсч байна. Муу нэртэй ч Монголын эдийн засгийг нуруундаа үүрдэг томоохон компаниуд ажилчдаа халж, ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан. “Би үхэхээр чи үх” гэдэг бол зах зээлийн хууль болжээ. Жижиг дундынхан хэдийнээ ажилгүйчүүдийн эгнээнд багтчихсан. “Хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй” гэдгээр өмнөх ажилгүйчүүдээ багтааж шингээж дийлэхгүй, ажилтай болгож чадаагүй байсан нийгмийн доод давхарга руу дундынхнаас ийнхүү хэдэн мянгаараа гулсан оров. Үүнд хийгдэж байгаа тооцоо судалгаа ч алга. Тооцоо судалгааг сонгууль өнгөртөл хийх ч үгүй биз. “Тэнэгийн дотор амгалан” гэдэг ёгт үгээр хүмүүсийг бодит мэдээлэлгүй байлгах бол бас л төрийн нэг технологи. Оны эцэст хэдэн малаа хүнээсээ түрүүлээд тоолдог улс. Түүнээс өмнө ажилгүйдэл, инфляц гэх мэт хэдэн тоогоо төрийнхөө захиалгаар хүн ойлгогдохгүй хувилаад өнгөт зураг дүрс болгоод гаргадаг. Ингээд л боллоо.
Харин өнөөдөр бидэнд хэдэн хүн ажлаасаа халагдаж, хэд нь сул зогсолтод сууж, хэдэн компани хаалгаа барьж, хэд нь өрөнд баригдан, хэд нь ямар хэмжээний алдагдал үүрээд байгааг мэдэх эрх бий. Төрд түүнийг хийх үүрэг бий. Гэвч хийхгүй.
Улсын их хурлын гишүүд дөрвөн жилд хийсэн ажлын тайлан хэмээх гялгар зузаан сэтгүүл тараахын оронд хүүхдүүдэд гэрээр унших сурах бичиг, үлгэр, ном хэвлээд тараасан бол хавьгүй өгөөжтэй байх байлаа.
Ковидтой хүмүүс нэмэгдэж, хөл хорио сунан, хүмүүс ядуу, гэртээ сууж байх нь өнөөдрийн эрх баригчдын хүсэл гэхэд хилсдэхгүй. Энэ хүсэл нь өдөр өдрөөр биеллээ олсоор байна. Эрх баригчдын яг одоогийн цорын ганц хүсэл бол хөл хориог ямар ч хамаагүй аргаар сунгаж, сонгуулийн сурталчилгаа явуулахгүйгээр ялалт байгуулах гэдэгт бүрэн чиглэж байгаа. Учир нь тэдний гарт тамга хөзөр байгаа мэт аашилж айлган сүрдүүлэлтээ нэмэгдүүлсээр байна. Гэхдээ тамга хөзөр бол уг нь ард түмний гарт атгаастай байдаг эд юм шүү дээ. Баярлах бас болоогүй.

Ганц гавьяагаар бусад гэмийг уучлуулах тактик

 Өдөр бүр Эрүүл мэндийн яам мэдээлдэг. Өчигдрийн мэдээллээр ОХУ-аас авчирсан оюутнуудаас 37 халдвартай тохиолдол илэрч, ковид туссан хүмүүсээ 98 болгож тоог нь өсгөв. Энэ дөрвөн сарын хугацаанд дотроосоо нэг ч хүн коронагоор өвдөөгүй нь Засгийн газар, ЭМЯ-ны 100 хувь гавьяа биш. Сэргэлэн, сэргэг монголчууд иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлсний ач гавьяа. Бид ядаж 50 хувийг нь хүртэх учиртай. Одоогийн эрх баригчдын сонгуулийн сурталчилгаа бол ковид-19. Тиймээс тэдэнд сонгуулиар сурталчлаад байх хэрэг үгүй болов. Коронаг ялсан баатар У.Хүрэлсүхийг багаар нь дэмжье гэдэг уриаг сошиал ертөнцөд үе үе цуурайтуулах болсон нь үүнтэй холбоотой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү МАН-аас өрсөлдөхөд дугуйлахаас татгалзахгүй бор халзан хонь ч үлдэхээргүй болгож энэ засаг пиардав.
Энд “ажил хийж байгаа нэгийгээ бүү шүүмжил” гэдэг шүүмжийг харин шүүмжилмээр байна. Сүүлийн үед ийм үгээр тас заазуурдаад хэн ч санал шүүмж хэлэх эрхгүй болгож дарангуйлал тогтоож байгааг ч дашрамд хэлье. Энэ хэдэн хүний оронд хэн ч байсан ажил хийж, үүргээ биелүүлэх байсан шүү. Үүнийг уншигч та ч бас. Танд үүрэг оногдсон бол гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэсэн нь таны гавьяа биш. Үүрэгт ажлаа гавьяа байгуулсан мэт бардагсдад хэлэхэд Онцгой байдлын албаны дайчид жилийн дөрвөн улиралд үхэл амьдралын зааг дээр ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх бүртээ гавьяа байгуулдаг. Тэглээ гээд тэд “Би гавьяа байгуулж байгаа биз” гэж харуулдаггүй. Улсын их хуралд дэвших эрхтэй боллоо ч гэж боддоггүй. Тэд хэзээ ч хүний амь аврах гэсэн чинь тэд согтуу байсан, үгэнд орохгүй байсан гэж мэдээлж, гомдоллож байгаагүй юм шүү.
Үүнийг бичих болсон шалтгаан нь өнөөдрийн засаг төр яг ийм сонгуулийн сурталчилгааг хэдхэн хүнээр хийж, ард олны тархийг угааж байна. Сонгууль нэгэнт ойртсон нь үнэн хойно хувь, хувьсгалаа ялгаж салгах хэрэгтэй. Бүү төөрөлдүүл, шударга тогло. Хөшигний цаана байгаа ялыг чинь ард олон асуух цаг ирнэ!!!
Гэтэл эрх баригчид ковидын буянаар бүх тоглоомын талбайг эзэлчхээд бусдадаа боломж өгөхгүй даналзаж байна. Шатрыг хоёр талаасаа нүүдэг. Ямар ч тоглоомонд эрх тэгшийн зарчим үйлчилдэг. Энэ бол шударга ёсны хууль. Бусад нам эвсэл, бие даагчдад өөрсдийгөө сурталчилж үзүүлж харуулах эрх бий.
Харин одоогийн төр корона тахлаар далимдуулж хөл хорио гэдэг хөшиг татчихаад наана нь нэг нэгээрээ, багаараа гарч ирж баатар болцгоож байна. Гэтэл жинхэнэ амьдрал тэр хөшигний ард буцалж, уруудаж доройтож байна. Ганцхан гавьяагаар бусад гэмийг цайруулахдаа тэд гаршчээ.
“Монгол, дотроо коронаг алдаагүй цор ганц орон, иргэдээс бүх хүчин чадлаараа гадаад орнуудаас татан авчирч эмчилж чадсан гайхамшигтай улс. У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл, Д.Нямхүү нар бол ардын баатрууд тэдэнд баатар цол олгож дахин дарга сайд болгох бүх хүслийг нь энэ сонгуулиар биелүүлж баталгаажуулж өгөх ёстой” нэг иймэрхүү цуурайнууд сошиалаар нэг. Төрсөн хүүхэддээ тэдний нэрийг өгнө ч гэх шиг. Энэ хүмүүс сайн ажилласан нь үнэн. Гэхдээ аливаа юм хэмжээ хязгаартай байвал уг нь зүгээр сэн. Тангараг өргөсөн мянга мянган хүний гавьяа, хууль журмаа дампуурсан ч хамаагүй сахин биелүүлсэн Монголын ард түмний гавьяаг (уучлаарай) МАН гэдэг ганц нам, У.Хүрэлсүх гэдэг нэг сайд өөр дээрээ наах ёсгүй юм шүү. Гавьяа юм бол бид бүгдийн гавьяа, гай юм бол бид бүгдийн л гай. Харин үүнийг улс төрд барих хөзөр болгох ёсгүй.
Одоо тэгвэл зоосоо эргүүлээд шидье л дээ. Тэрхүү гавьяаны ард талд өгүүллийн эхэнд дурдсан ард иргэдийн өмнө “коронаг бид ялж байгаа” гэх хөшигний араар шагайгаад үз. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, барих тогтоох юу ч хийгээгүй, баталгаагүй худлаа амлалт өгсөн, эх сурвалжгүй өр тарааж ард иргэдийн саналыг худалдаж авсан, ядуурал, архидалт, түүнээс үүдэлтэй хүчирхийллийг 30-40 хувьд хүргэсэн. Өмнөхийг нь сөхвөл ЖДҮ, концес дээрэмдэж, бүх сангуудыг хоосолсон, яамаараа хар тамхины сүлжээнд нэгдэж, Монголын нэрийг дэлхийд шившиглэсэн гээд ганц гавьяанд дарагдахгүй олон олон ял зэмийг харин хэн нь хүлээх вэ? ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?

Гайг нь ард олон хүртэхийг нь хүртэж л явна. Ажилгүйдэл, архидалт, ядуурал, хүчирхийлэл гэх мэтээр. (Дээрх цувралд нийтлэлүүдийг уншаарай) Харин гавьяаг нь эрх баригчид хүртэж байна. Харин гэм бурууг нь хэн хүлээх вэ?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com