Сэвэлзүүр салхи үлээсэн хаврын өдрүүд үргэлжилж сонгууль тойрсон яриа хаа сайгүй өрнөсөн түм түжигнэж бум бужигнасан их хотын иргэдийн хөл хөдөлгөөн тасрах тийш аядлаа. Саяхан л ажил тарах цагаар багталцаж ядаж байсан машин техникүүдийн хөдөлгөөн татарч одоо л нэг уужуу амьсгалах боломж олдов. Ёстой л нэг “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан. Учирсан хоёрын болзоо нь яруухан” гээд л дуу аялмаар сайхан үдэш санж. Харин энэ нэг учиртай болзооны эзэд минь замын цаана ажлаа хийгээд тун ч завгүй харагдана. Энэ бол УСУГ-ын Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг шуудуугүй аргаар доторлох төслийн баг хамт олон юм. Их хотын хөл хөдөлгөөн сая татарч, иргэд унтаж амрах 23:00 цагт ийнхүү тэдний ажил ид өрнөж байна.
Төсөл эхэлсэн түүх
Зорьсон газраа буюу Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Байгалийн түүхийн музей байрлаж байсан замын урдхан хэсэгт ирлээ. Тусгай тоног төхөөрөмж бүхий машин байрлуулж, хоёр эгнээ замын нэг эгнээний нэвтрэх хэсэгт хэсэгхэн газар хамгаалалтын саад байршуулсан байна. Та бидний нэрлэж заншсанаар траншейны нүхний тагийг авч элдэв янзын холболтууд хийж байгаа харагдана. УСУГ-ын хамт олон 61 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллагын үүссэн түүхтэй манай улсын ус сувгийн шугам сүлжээний түүх салшгүй холбоотой. Яг одоо 60 жил болсон шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байгаа нь энэ гэдгийг УСУГ-ын ШАЗА-ны цэвэр усны шугамын хэсгийн инженер М.Дашдондог хэлж байна. Гэхдээ энэ удаагийн шугам доторлогоог солих ажил өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаас зам талбай, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэхгүйгээр хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлож байгаагаараа давуу талтай гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл Европын улс орнуудын хувьд эртний түүхэн дурсгалт барилга байгууламжаараа олон мянган жуулчдыг татсаар ирсэн учраас тэдгээр байгууламжийн доор байрлах ус хангамж ариутгалын системийг шинэчлэхийн тулд барилга байгууламжуудаа буулгахгүйгээр одоо байгаа шугам сүлжээгээ хэрхэн шинэчлэх талаар олон технологи нэвтрүүлж туршсаар ирсэн байдаг. Ингээд өнөөдөр манай улсад нэвтрүүлж байгаа ус хангамжийн шугам сүлжээг шуудуугүй аргаар доторлох энэхүү технологийг 1970-аад оноос ашиглаж эхэлсэн түүхтэй юм байна. Тиймээс УСУГ-ын удирдлагууд энэхүү технологийн талаар 2008 оноос эхлэн судалж, 2015 оны А/760 тоот захирамжийн дагуу 2015 оны аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн засаг дарга, Ус сувгийн удирдах газрын дарга, Австри улсын “СЕКИСУИ СПР” ХХК-тай тоног төхөөрөмж, материал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү технологийг эх орондоо нутагшуулах боломж бүрдсэн. Ингээд уг төслийн хугацааг 2018-2021 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн байна.
Газрын хөрсийг эвдэхгүйгээр хуучин шугамыг шинэчилж байгаагаараа онцлог
Шуудуугүй аргаар шугам доторлох нь олон давуу талтай. Тухайлбал, газар шорооны ажил бага хийнэ, замын хөдөлгөөнд саад бага учруулна, богино хугацаа шаардах буюу хоногт дунджаар 150-250 метр, зарим тохиолдолд 500 метр болон түүнээс дээш урттай шугамыг суурилуулах боломжтой, хөрс шороо зөөх, хаягдал зайлуулах гэх мэт ажил бага, газар доорх бусад утас кабель, шугам хоолойд аюул багатай, оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй, нөхөн сэргээлтийн зардал багатай гээд олон давуу талыг дурдаж байна. Шуудуугүй аргаар сэргээн засварлана гэдэг нь газар шороо ухалгүйгээр тусгай машин төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр худгийн хооронд буюу траншейны нүхнээс нүхний хооронд шугамын засварыг хийх аргыг хэлдэг байна. Шугам доторлох олон аргуудаас манай орны уур амьсгал болон шугам хоолойн нөхцөл байдлаас шалтгаалан дараах аргууд тохиромжтой хэмээн үзэж хоёр аргыг түлхүү нэвтрүүлсэн байна. Тодруулбал, CIPP(cured-in-place pipe) буюу давирхайн цавуу ашиглан хатаах арга, Close-fit pipe буюу шугам дотор шугам сүвлэх гэсэн хоёр аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. CIPP арга нь хуучин шугам хоолойг зориулалтын дурандагч машины тусламжтайгаар оношилж, өндөр даралттай усаар угаасны дараа шугамд үүссэн илүүдэл зэв, модны үндэс гэх мэт гадны биетийг тусгай тайрагч роботоор цэвэрлэнэ. Үүний дараа дотор нь тусгай цавуу хийж бэлтгэсэн доторлох материалыг шугам дотор оруулна. Материалыг шугамд оруулж бэлэн болсны дараа өндөр даралттай халуун уураар үлээлгэж цавууг хатаана. Ингээд хуучин шугамын дотор талд шинэ, тэгш гадаргуу үүснэ. Энэ арга нь бага диаметртэй шугам хоолойд илүү тохиромжтой. Харин Close-fit арга нь хуучин шугамыг өндөр даралттай усаар угааж, шугамын дотор талыг тайрагч роботоор цэвэрлэнэ. Үүний дараа урьдчилж хэлбэрт оруулж бэлдсэн U /юу/ хэлбэрийн хуванцар хоолойг хуучин хоолой дотор оруулна. Ингэхдээ дэгээ бэхэлсэн олсыг ашиглан төгсгөлийн цэг дээрээс татаж оруулна. Дараа нь өндөр даралт бүхий халуун уураар үлээлгэхэд U /юу/ хэлбэрийн хоолой нь тэлэгдэж хуучин шугамтай адил хэлбэр, хэмжээнд ордог байна. Ингээд хуванцар шинэ дотортой хоолой бэлэн болно. Энэ арга нь том диаметртэй шугам хоолойг засварлахад тохиромжтой.
Учирсан саад бэрхшээл бүхэн шинэ технологио бүрэн эзэмших боломж юм
Анхны ажил гэдэг бол туршлага сургамж хуримтлуулсан сайхан ажил байдаг. Шууд л бүх зүйл төлөвлөсний дагуу явчихдаггүй. Энэ төсөл хэрэгжих явцад ч бага сагахан хүндрэл бэрхшээл гарсан гэдгийг төслийн инженер залуу нуусангүй. Төсөл хэрэгжиж эхэлсэн 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл таван километр шугам сүлжээг шинэчлээд байгаа аж. Ийм үр дүнд хүрэхийн тулд олон саад бэрхшээл тулгарсныг нуусангүй. Учир нь одоогийн ашиглаж байгаа шугам сүлжээний хувьд ОХУ-ын технологийг Европын улсын технологиор шинэчлэхийн тулд шугам сүлжээний хэлбэр хэмжээ, диаметр, худаг камерын орон зайн зөрчлүүд үүсч байгаа учраас заасан хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй ажлын явцад багахан удаашрал гарч байгаа гэдгээ учирлаж байна. Гэсэн хэдий ч нийслэл хотын захиргаа болон бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр ажлынхаа явцыг чадлынхаа хэрээр урагшлуулж байгаа гэсэн юм. Наанадаж хамгийн их насжилттай, солих зайлшгүй шаардлагатай шугам хоолойнууд хотын төвөөр байрлаж байгаа тул авто зам дээр, шөнийн цагаар ажиллаж байгаа аж. Учир нь өдрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал ихэсч түгжрэл ихтэй байдаг учраас дайран дээр давс нэмэхгүй, иргэдийн амьдралд улам их ачаалал үүсгэхгүйн тулд 23:00 цагаас 06:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 30 километр шугам засварын ажил хийхээр төлөвлөсөн боловч технологийг нутагшуулах явцад тодорхой хэмжээний саад бэрхшээл гарч байгаа учраас дээрх хэмжээнээс хасагдах хандлагатай байгааг тус төслийн инженер хэлж байна. Гэхдээ энэ бол сул тал биш давуу тал ч байж болох. Учир нь тэдэнд учирсан саад бэрхшээл бүхэн шинэ технологио 100 хувь бүрэн эзэмших боломж олгож цаашид ямар ч саад бэрхшээлийг даваад гарах боломж, мэдлэг, туршлага олгосон учраас цаашид богино хугацаанд ажлын бүтээмжээ сайжруулах боломж бүрдсэн гэдгийг хэлж байна. Энэ жил дахин таван километр шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Орос технологийг Европ технологиор солино гэдэг тийм ч амар биш. Тиймээс төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө 2008 онд Азийн хөгжлийн банкны төслөөр БНХАУ-ын 3-4 мужуудаар явж энэхүү технологийн талаарх ойлголт, улс орнуудад нэвтрүүлсэн туршлагыг тус багийнхан судалсан байна. Ингээд 2012, 2018 онуудад багаараа Германд очиж туршлага, ур чадвараа нэмэгдүүлсэн. Мөн уг төслийг хэрэгжүүлэгч компаниас мэргэжилтнүүдээ манай улс руу илгээж заавар зөвлөгөөг тогтмол өгч ажилласан. Харин Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төслийн мэргэжилтэн нь дөрөвдүгээр сарын 01 гэхэд ирэх байсан бол наймдугаар сард ирэх үгүй нь одоогоор шийдгүй байгаа аж. Тиймээс тэд өөрийн ур чадвар нөөц бололцоон дээрээ тулгуурлан гадны мэргэжилтэн ирэхийг хүлээхгүйгээр ажлаа эхлүүлээд байгаа аж.
Хоёр сарын хугацаанд хийж дуусгах ажлыг долоо хоногийн дотор хийж байна
Энэхүү технологийг шинэчлэхийн тулд эхлээд судалгаа хийх бөгөөд хийсэн судалгаан дээрээ тулгуурлан төлөвлөлт хийдэг нарийн дэгтэй. Солих шаардлагатай шугам сүлжээгээр 24 цагийн турш хэрэглэгчдэд ус тасралтгүй хүрэх ёстой учир технологийн шинэчлэл хийх хугацаанд хэрхэн хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангах тухай асуудалд хамгийн түрүүнд анхаардаг. Тиймээс урьдчилан төлөвлөлт хийж түр холболтын шугам систем тавьж хэрэглэгчийг 100 хувь усаар хангасны дараа ажлаа үргэжлүүлэх боломжтой болдог аж. Ингээд шинэчлэх шугамныхаа угаалга, цэвэрлэгээ оношилгоог хийсний дараа шинээр доторлох ажлаа хийдэг байна. Үндсэндээ 35 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн бригад тус төслийн багт ажиллаж байгаа аж. Бригад бүхэн өөр өөрийн онцлогтой үүргийг гүйцэтгэнэ. Бэлтгэл ажил, угаалга, сүвлэгээ, угсралт гэсэн системтэй ажилладаг. Өнөөдөр 91 метрийн урттай шугамын сүлжээг солих ажил хийж байна. Энэ ажлыг хуучны уламжлалт аргаар шинэчлэх юм бол төв замыг хааж, суваг шуудуу ухсаны дараа шинэчлэх ажил явуулах боломж бүрдэх байсан. Өөрөөр хэлбэл хуучин технологийн аргаар хоёр сарын хугацаанд хийж дуусгах ажлыг долоо хоногийн дотор шөнийн цагаар хийгээд дуусч байгаа аж. Энэхүү шинэчилсэн шугаманд хамгийн багадаа 60 жилийн баталгаа олгож байгаа. Түүнээс цаашлаад 100 жил ч болох боломжтой гэдгийг хэлж байна. Монгол залуус монгол инженерүүд үүнийг эх орондоо нутагшуулж байна.
Зарим шугамууд дунджаар 2мм орчим зэвд идэгдсэн байна
Нэгэнт 60 жилийн турш үүргээ гүйцэтгэсэн шугам хоолойнуудад зэв хуримтлагдсан учраас усны алдагдал их гарч шугам хоолойн нэвтрүүлэх чадвар муудсан гэдгийг хэлж байна. Ус бол өөрийн гэсэн онцлогтой. Байгалиасаа хатуулаг ихтэй учир дамжуулах хоолойнууд зэвэнд идэгдэж нэвтрүүлэх чадварт нь нөлөөлж байгаа учраас шугам сүлжээнд гарах гэмтлийн давтамж өссөн. Зарим шугамууд дунджаар 2мм орчим зэвд идэгдсэн байгаа нь оношилгоогоор тодорхой болсон. УСУГ-ын хамт олон өдөр бүр чанарын шаардлага хангасан усаар иргэдийг хангахын тулд бүх цэгүүдээс дээж авч ажилладаг бөгөөд стандартын шаардлагыг 99 хувиар хангасан усыг хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна. Энэхүү технологийг нэвтрүүлж, шугам хоолойгоо шинэчилснээр одоо хэрэглэгчдийн гарт очиж байгаа усны чанарын үзүүлэлт нь тодорхой хэмжээгээр сайжрах бас нэгэн давуу талтай аж. Хэдийгээр усан сангууд, ноцасс станцуудын үйл ажилгаа шинэчлэгдэн сайжирч байгаа боловч үндсэн дамжуулах, түгээх системийн ачаалал ихэсч байгаа учраас үндсэн дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа шугам хоолойнуудын нэвтрүүлэх чадварыг нь сайжруулах, усны алдагдлыг багасгах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Өдрөөс өдөрт өссөөр байгаа нийслэл хотын хүн амын өсөлтийг дагаад усны хэрэглээ ч мөн адил нэмэгдсээр байгаа учраас ус дамжуулах үндсэн шугамаа шинэчлэх ажлыг хийхээс өөр сонголт байхгүй. Энэ ажлыг монгол инженерүүд хийж байна.
Дараагийн 100 жилд шугам хоолойн шинэчлэгдсэн үр дүн л үлдэх нь
Эцэст нь бид хүний эмчийн алдар гавьяа хийж хэрэгжүүлж байгаа шинэ хагалгаа, туршилт, эрүүл мэндийн салбарын нээлтүүд, технологийн талаар өдөр бүр сонсч тэднээр бахархдаг. Гадаадын улс орнуудад өндөр үнээр хийдэг хагалгааг эх орондоо хийж, дурангийн хагалгаа амжилттай хийлээ гээд л...Тэгвэл тус төслийн багийнхны эх орондоо нэвтрүүлсэн Европын технологи бол бидний сайн мэддэгээр шинэ төрлийн дурангийн хагалгаа шиг санагдсан юм. Тэдний нэвтрүүлсэн технологийн ачаар хагалгааны ямар нэгэн сорви, ул мөр хаана ч үлдэхгүй нь. Зөвхөн дараагийн 100 жилд толгой өвтгөхгүй шугам хоолойн шинэчлэгдсэн үр дүн л үлдэх нь. Тэгэхээр тэд нэг ёсны УСУГ-ын урдаа барих их эмч, инженерүүд бололтой. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, эрдэм мэдлэгтэй ийм л хүмүүс эх орны минь ирээдүй гэлтэй. Траншейны нүхэн дотор шөнийн цагаар ажиллаж байхдаа хөлс нь бурзайчихсан хэрнээ хийж байгаадаа огтхон ч түүртээгүй өөдөөс инээмсэглэх энэ залууг Б.Баярсайхан гэдэг. Тэр бол уг төслийн бүтээлч, хөдөлмөрч залуусын төлөөлөл. Тэрээр УСУГ-ын ШАЗА-ны Цэвэр усны шугамын засварчин. Яг одоо тэрээр сүвлэгээ уур тавих бэлтгэл ажлыг хийж байна. Тухайн нэг хоолойн залгуурыг хийхэд нэг цагийн хугацаатай ажиллагаа шаарддаг аж. Хийж байгаа технологи нь нарийн учраас бүх зүйлийн бэлтгэл ажлыг сайн хангахгүй бол эрсдэл өндөртэй. 260 хэмийн халуунтай уур өгч энэхүү хоолойнд тэлэлтийг өгдөг байна. Гэхдээ ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд энэхүү технологи нь хамгаалалт өндөртэй байдаг. Тэгсэн ч гэсэн хүн бүрийн хариуцлагатай байдал хамгийн чухал. Тус төслийнхөн дөрвөн шөнийн турш энд ажиллаж хүчтэй шуурга салхинаас өмнө төлөвлөгөөт ажлаа дуусгахыг эрмэлзэнэ. Хотын иргэдийг дулаахан хөнжилдөө нойрсч байх зуур тэдний тав тухтай амьдралын орчныг бүрдүүлэхийн тулд нойр, хоолоо умартан ажиллах тэдний зүтгэлийг магтах ч багадана. Хийж байгаа ажлаасаа эрч, хүч урам зоригийг авч хамт олноороо нэг л зорилгын төлөө зүтгэнэ гэдэг юутай бахдалтай. Хээгүй хэрнээ хэнэггүйхэн залуусын зарим нь сэтгүүлч ирэх сургаар хэд хоног авч амжаагүй сахлаа хүртэл авч өнгө үзэмжиндээ анхаарсан хэмээн нэгнээ цаашлуулах. Ажлаа аз жаргалтайгаар хийж байгаа эдгээр залуус бол энэ багийн нэгээхэн хэсэг. Бөөнөөрөө байсан бол сайхан даа хэмээн гэрэл зургийн хальсанд багтаагүй нэгнийхээ гавьяаг ярьж санагалзах энэ залуусын ажлаас эх орны ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН