Б.БЯМБА
*ХЭН НЬ ХЭН БЭ?
УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй.
2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болох нь тодорхой байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 1 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигчдийг онцоллоо.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 1 дүгээр тойрог болох Архангай аймагт нам, эвслээс нийт 18 хүн нэр дэвшиж буй.
Үүнд,
1 дүгээр тойрог,
гурван мандат
Архангай аймаг
АН:
1. Н.Батбаяр
2. Д.Золжаргал
3. П.Мөнхтулга
МАН:
1. Ё.Баатарбилэг
(УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд)
2. Г.Тэмүүлэн
(УИХ-ын гишүүн)
3. Ж.Мөнхбат
(УИХ-ын гишүүн)
МАХН буюу “Та бидний эвсэл”:
1. Б.Ганцэцэг
2. Н.Удвал
3. Д.Мөнх-Эрдэнэ
“Зөв хүн электорат”:
1. Р.Жаргалмаа
2. Ж.Сандуйжав
“Шинэ эвсэл”:
1. Д.Ариунжаргал
2. Н.Дансранбавуу
3. Ц.Баярхүү
Бие даагчид:
1. Э.Мөнхсайхан
2. Р Бадмаанямбуу
3. Э.Болорчулуун
4. Б.Ганпүрэв
Ардчилсан намын хоёр шинэ, нэг хуучин
хүн хэн бэ?
Ардчилсан нам өнгөрсөн жил үзэл баримтлалаа шинэчилж, ротаци буюу эргэлтийн сонгуулийг дотооддоо явуулснаар ҮБХ-ны гишүүдийнхээ 70 орчим хувийг дан шинэ залуучуудаас бүрдүүлсэн. Баруун төвийн үзэл баримтлалаа тунхагласан тус намын хувьд Архангай аймагт хоёр шинэ, хуучин нэг гишүүнээ илгээгээд байна. Тодруулбал, нэр дэвшигч Н.Золжаргал нь Архангай аймгийн Хотонт сумын уугуул ба Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга юм байна. Тэрбээр нийгмийн халамж, даатгалын салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд нийслэлийн Нийгмийн даатгалын даргаар ажиллаж байсан ба одоо АН-ын УИХ дахь бүлгийн дэд даргын албан тушаалтай. Хоёр дахь нэр дэвшигч нь П.Мөнхтулга хэмээх залуу улстөрч юм байна. Тэрбээр АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн ба төрөлх нутаг болох Архангай аймагтаа “Эрх чөлөөний цэцэрлэгт хүрээлэн”-г санаачлан бүтээгчдийн нэг аж. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах дэлхийн хамгийн том олимпын цагиргийг бүтээн байгуулах санаачилгыг гаргасан залуучуудын нэг ажээ.
Харин “фортуна” гэж бизнесээрээ овоглосон Н.Батбаярыг архангайчууд төдийгүй монголын ард түмэн сайн мэднэ. Тэрээр Улсын Бага хурлын гишүүнээс эхлээд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2012-2016 онд ажиллаж байсан улстөрч юм. Сайдаар ажиллаж байхдаа “Чингис бонд” босгож, олон бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсад төдийгүй Архангай аймагт хийжээ. Тухайлбал, 2012-2015 онд 2283.7 км авто зам барьсан, эрчим хүчний эх үүсвэрийн тав, инженерийн дэд бүтцийн 69, үйлдвэржилтийн 1400, барилга орон сууцны 11 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тэрчлэн Архангай аймагт “Чингис бонд”-ын 70 тэрбум төгрөгийн санхүүжилтээр газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр гэх мэт салбарт 29 томоохон төсөл хэрэгжүүлсэн төдийгүй аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх санаачилга гаргажээ.
МАН-ын хоёр ЖДҮ-чин, нэг концессчин
МАН-аас Архангай аймагт 2016 онд нэр дэвшиж, сонгогдсон гурван гишүүнээ улираажээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар хариуцлагатай өндөр албан тушаал ажиллаж байсан бөгөөд У.Хүрэлсүхийн засаг гарснаар албанаасаа огцорсон юм. Түүнийг сонгогчид “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, хуучнаар Хоршооллын унаган хүүхэд ба УИХ-ын дарга С.Төмөр-Очир даргын туслахаас улс төрийн гараагаа эхэлсэн гэдгээр нь мэднэ. Харин залуучууд “концессчин” гэдгээр нь андахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш хамгийн их хөрөнгөжсөн гишүүдийн нэг бөгөөд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хадам ахынхаа компанид концесс авч өгсөн гэгддэг. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын 162.9 тэрбум төгрөгийн концессыг хадам ахынхаа “Засагт чандмань майнз” ХХК-д өгөх шийдвэрийг Ж.Мөнхбат гишүүн гаргасан. Мөн нэгэнт ил болсон уг концессоос гадна БНХАУ-ын компанид өгсөн томоохон концесстой ч Ж.Мөнхбатын нэр холбогддог. Хадам ахынх нь концесс цуцлагдсан ч БНХАУ-ын компанийн концесс цуцлагдаагүй, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж явж байгаа юм билээ.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газарт улаан шугамаар орсон гишүүн бол Ё.Баатарбилэг. Тэрбээр 2012-2016 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэж ярьж байсан ч У.Хүрэлсүхийн засагт БСШУС- ын сайдаар ажиллаж буй. Тэрчлэн ЖДҮХС-гаас 2017, 2018 онд хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан МАН-ын 49 гишүүн байгаа талаар “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байв.
Тэгвэл нэр нь дурдагдсан 49 гишүүний жагсаалт дотор УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийнх буй. Түүнийг “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК, иргэн Тэрбиш, Анхням, Батцэцэг, Батболд нарт зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж нийслэлийн Прокурорын газар болон АТГ-аас шалгасан билээ.
Дараагийн ЖДҮ-чин гишүүн бол Г.Тэмүүлэн. Тэрбээр Архангай аймгийн Их тамир сумын уугуул , олон түмэнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ганзоригийн хүү гэдгээрээ танигдсан. УИХ-ын залуу гишүүдийн нэг тэрбээр парламентад дөрвөн жил болохдоо ард түмэнд, архангайчуудад хэрэгтэй хуулийн төсөл санаачилж хэрэгжүүлсэн гэхээс илүүтэй ЖДҮ-чин нэр зүүсээр өнгөрсөн дөрвөн жилийг барж буй. Г.Тэмүүлэнг аавынхаа нэр нөлөөгөөр гарч ирсэн, удам залгасан “хунтайж” нарын нэг гэж үздэг. Чамгүй бэл бэлчинтэй атлаа Г.Тэмүүлэн нь УИХ-д сонгогдоод дөнгөж нэг жилийн нүүр үзэж байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан нь нотлогдсон. Тодруулбал, Г.Тэмүүжингийн хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” 2017 онд тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдсэн юм.
Бие даагчид ба
эвслийн өнгө
Бие даагч Э.Болорчулуун нь Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Тэрбээр нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газрын албаны даргаар цөөнгүй жил ажилласан нэгэн. Түүнтэй хамт бие даан нэр дэвшиж буй Э.Мөнхсайхан нь ОХУ-д сургууль төгссөн. “Хёра холдинг”-ийн Ремикон компанийн захирал юм байна. Харин “Зөв хүн электорат” хөдөлгөөнөөс нэр дэвшиж буй Р.Жаргалмаа нь НҮБ-ын олон улсын зөвлөх, их эмч, анагаахын шинжлэх ухааны удирдлагын магистр, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль, Нагоя их сургуулийг төгссөн бол хамт нэр дэвшиж буй Ж.Сандуйжав нь Олон улс судлалын дээд сургуулийн профессор, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор хүн ажээ. Улс төрд орж ирж буй шинэ “өнгө” учраас тэдний талаар үүнээс илүү мэдээлэл байхгүй байна. Мэдээж ирэх зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Энэ үед Архангай аймагт нэр дэвшиж буй эдгээр эрхмүүд өөрийн дэлгэрэнгүй намтраа, хийсэн бүтээсэн үйл хэрэг, мөрийн хөтөлбөрийн хамт сонгогчдод танилцуулна.
Цэнхэр + Улаан + Цэнхэр
+ ???
Архангай аймгийг цэнхэр, улаан холилдсон тойрог гэж хэлж болно. Тус аймгийн сонгогчдын хувьд 2012 он хүртэл цэнхэр илүү давамгайлж байв. Ялангуяа, сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж гарч ирж байв. Архангай аймгийн сонгогчид 1992-2000 оны хооронд МАН /МАХН/ ялалт байгуулж байсан бол 2004-2016 оны хооронд АН үнэмлэхүй ялалт байгуулж байжээ. Түүнээс хойш 2004, 2008, 2012 оны сонгуульд АН ялалт байгуулж байсан цэнхэр тойрог байсан. Гэвч олон жил цэнхэртсэн архангайчууд өнгөрсөн 2016 оны сонгуульд улаантаж, МАН-аас нэр дэвшсэн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарыг сонгосон. Тэгвэл энэ удаад хоёр том нам болох МАН-аас Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, залуу улстөрч Д.Золжаргал, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүллээ.
Архангай аймагт хийсэн сонгуулийн урьдчилсан судалгаагаар АН-ын гурван гишүүн үнэлгээ сайтай гарчээ. Тиймээс архангайчууд дахин цэнхэртүүлэх үү, эсвэл улааруулах уу гэдгийг харах л үлдлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН