Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Иргэний нийгэм, иргэнлэг чанарыг өмгөөлөхийн учир

“Монголд ганцхан иргэн бий. Тэр нь иргэн Ламжав” гэж наргиа болгодог байсан цаг саяхан. Үндсэн хуулийг зөрчсөн олон хуулиудыг Цэцэд мэдүүлж, зарга болгоноо шахам авдаг байсан түүнийг олон түмэн “Иргэн Ламжав” гэж өргөмжилсэн. Энэ эрхмийг өнөөдөр танихгүй хүн үгүй байх аа. Би Улс төрийн боловсролын академид багшилж, иргэдэд ардчилал, хүний эрх, иргэдийн оролцоо, иргэний хөдөлгөөн, иргэний нийгмийн тухай хичээл зааж байхдаа энэ хүн шиг “Супер иргэд”-ийг олон болгохсон гэхдээ үргэлж Иргэн Ламжаваар жишээ татдаг байлаа.
Одоо бол ийм иргэнлэг хүн олон болжээ. Эд бол ардчиллын модноос ургасан үр жимс, ардчилсан нийгмийн үнэт капитал юм. Идэвхтэй иргэдийн оролцоо нь ардчиллын амин сүнс байдаг. Идэвхтэй иргэд л төр, засгийн бодлого, шийдвэрийг хянаж, үнэлж дүгнэж чаддаг нь ардчиллын уураг тархи нь болдог гэдэг.
Гэтэл “н.Мөнхбаярын буу” дуугарсан гэгдэх тэр өдрөөс хойш Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөн, иргэнлэг чанартай идэвхтэй иргэдийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй дайралт хэрээс хэтэрч, иргэний нийгмийнхний тэсвэр тэвчээрийг сорих шиг болж билээ. Нэг талыг барьсан дайралт тал бүрээс довтлох шинжтэй болж байгаа нь зорилготой, захиалгатай, зохион байгуулалттай юм шиг санагдаж байв.
XX зууны манлай нийтлэлч, соён гэгээрүүлэгч, ардчиллын алтан хараацай гэгддэг нэгэн эрхэм “Эх оронсонгууд”, “600 шантаажчин”, “Ард түмний нэр барьсан рэкетчингүүд”, “Онц галзуу хэдэн ТББ” гэхчилэн давшилж байв. Монголын шилдэг нийтлэлчдийн клубийнх нь зарим сэтгүүлч “Эх оронч ТББ-ынхан”, “Иргэний хөдөлгөөн”-үүдээр овоглосон дээрэмчид”, “Хэт даврагчид”, “Заналчид”, “Рекетчид”, “3андалчид” хэмээн элдэв нэр хоч зүүхийн хамт тэднийг “төр нь засаглах шиг засаглаж, “дарж, үхүүлэх ёстойг үхүүлж байх ёстой” гэх мэтээр хараан зүхэж, дайран дээр нь давс нэмэх юм (baabar.mn–ээс уншаарай). Тэд нэгнийх нь алдаан дээр дөрөөлж иргэний нийгмийнхнийг нийтээр нь “дарж, үхүүлээд” хүссэнээ гүйцэлдүүлж аваад аз жаргалтай, амар тайван амьдрахаар шийдсэн бололтой. Олигархиудын эсрэг олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийг “нийтийн дайсан” болгон харагдуулахыг хичээж байх шиг. Төртэй тэрсэлбэл н.Мөнхбаяр нар шиг болгоно гэж айлган сүрдүүлэх өнгө аяс ч мэдрэгдэв. Бүгд л нэг командаар довтлоод байх шиг. Арга тактик нь адилхан байж билээ.
“Ар талд нь хэн байна, захиалагчийг нь ол, барь” л гэнэ. “Гадныхан, хятад, солонгосууд ард нь байж таараа, тэд л санхүүжүүлж байгаа” ч гэх шиг. Монголчуудын таагүй ханддаг болгонтой иргэний нийгмийнхнийг холбож, нийтээр нь жигшүүлэх кампанит ажил өрнүүлэхийг санаархаж байв. Алт тушаалт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, эдийн засгийн өсөлт саарсан гол буруутан нь иргэний нийгмийнхэн гэнэ ээ. Бүр цаашлаад ажилгүйдэл, ядуурлыг иргэний нийгмийнхэн бий болгож байгаа гэнэ. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг буруу болгоныг иргэний нийгэмд тохох янзтай.
Энэ бүхнийг үл тэвчин иргэний нийгмийнхнээ өмөөрч хэлэх хэдэн үг надад байна. Урт нэртэй гэгддэг устай, модтой газраа алт ухахыг зогсоох тухай хуулийн захиалагч нь хэн бэ, ар талд нь хэн байна гэж асуусан? Ар талд нь уух ус, бэлчээр нутгаа уул уурхайд сүйтгүүлсэн, идээшиж дассан нутгаасаа шахагдаж хөөгдөхөөс айсан хөдөөгийн малчин түмэн л байгаа шүү дээ. Тэд захиалагч нь байсан гэдгийг шулуухан зарлачихъя. Уг нь урт нэртэй хуулиар бүх газрыг ухаж сэндийчихийг хориглоогүй. Зөвхөн устай, модтой газраа бүү хөндөөч л гэж тэд хүссэн. Бусдыг бол дүүрч ухаж л байхаас гэж буулт хийсэн шүү дээ, малчид. Ус, бэлчээрээ алдахгүйн төлөө урт нэртэй хуулийг захиалсан тэднийг бүгдийг барьж, хорьж шийтгэх үү. Шорон хүрэлцэхгүй л болов уу.
“Иргэний нийгмийнхэнд хэн мөнгө өгөөд байна? гэж асуусан. Ер нь ТББ-ханд хэн ч мөнгө өгдөггүй юм. Өгсөн мөнгөнд нь хариу төлбөр хийх чадамжгүй учраас тэр. Тэдэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Үнэд хүрдэг зөвшөөрөл, дардаг тамга тэмдэг, зурдаг гарын үсэг нь төрийн бус байгууллагынханд бус төрийн түшмэдэд л байдгийг бүгд мэднэ. Тэгэхлээр төлөөсийн чадамжтай төрийнхөнд мөнгөө өгөх ёстой гэдгийг уул уурхайн компанийн захирлууд мэддэггүй гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Нээлттэй нийгэм форум, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Канад сан, Азийн сан, Норвеги сан, АНУ-ын хөгжлийн хөтөлбөр, Японы өвсний үндэс, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Австралийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг өндөр хөгжилтэй донор орнуудын хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт оролцож богино хугацаатай, бага хэмжээний тэтгэлгээр л өнөөдрийн Монголын иргэний нийгэм үлгэн салган ажиллаж байгаа нь бодит байдал.
Монголын шилдэг нийтлэлчийн клубээс шидэж буй ардчиллын үнэт зүйлсийг дэвсэлсэн аймшигтай мессежүүдээс: “Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм”. Монголчуудын хамгийн дээд шүтээн, хамгийн том шашин бол төр “Төрийн сүлд”. Миний ээж, эмээ бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг улс л даа. Гэхдээ л тэд ганцхан бурхантай. Тэр бурхан нь “Төр” байсан юм. Яаж ч яргалууллаа гэсэн монголчууд төрдөө тэрсэлдэггүй. “Ард түмэн өмнөөс нь шийдвэр гаргах төлөөлөгчдөдөө л мандат өгсөн. Тэд нигерүүдийг зоддог л доо, гэхдээ л тодорхой хугацаанд эрхээ авсан учраас шийдвэрээ өөрсдөө гаргах үүрэгтэй. Энэ эрхийг тэд мандат аваагүй хэнтэй ч хуваалцах ёсгүй. Чингэвэл тэд хууль зөрчиж буй төдийгүй ард түмнээс олгогдсон эрхийг хөсөрдүүлж байна гэсэн үг. Ардчилсан тогтоцын үндсэн логик энэ!” гэнэ дээ.
Шилдэг нийтлэлчид, манлай соён гэгээрүүлэгчдийн дэвшүүлж буй логикийг жирийн иргэн би бүрэн гүйцэд задлан шинжилж, үнэлж дүгнэж хүч хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Гэхдээ бөндгөрийнхөө хэмжээгээр тайлж бодсоноо тантай хуваалцваас: “Хэн ч байсан ялгаагүй, ямар ч аргаар (худалдаж, хуурч, хулгайлж болно) хамаагүй, эхлээд ард түмнээс мандатыг нь авах хэрэгтэй. Тэгээд хамгаалагчидтай, төмөр хашаатай, шаргал ордонд ороод л авбал гүйцээ. Тэнд орсон хойно Их хурлын гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалуулан дураараа тонгочиж болно, хүний эрхийг хөндсөн ч бай, хууль бус ч бай юу ч хийж болно, өөртөө зориулж хууль санаачилж, хүссэн шийдвэрээ гаргаж болно. Өөрийгөө үргэлж бусдаас ийм давуу байлгахаар хуульчилж, эрх мэдлээ үеийн үед хадгалж болно. Тийм эрх мэдэл нь надад, миний гарт байна. Би түүнийг хэнтэй ч хуваалцахгүй, тэр тусмаа иргэд, иргэний нийгмийнхэнтэй бол хэзээ ч үгүй. “Би бол төр”. “Би бол аугаа”. Намайг хүндэтгэн дээдэл, тахин шүт, бурханчил. Чамайг зодож, яргалж, дарж, үхүүлж болно. Тэглээ гээд надтай бүү тэрсэлд” гэж л уншигдаад байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Ингэж л түмний тархийг угааж, ухуулж сурталдаад байх шиг санагдаад байна даа.
Иргэдийн оролцоо гэдэг дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санал хураалт болдог нэг өдөр, тэдний нэрийг дугуйлдаг хэдэн агшинд л байдаг зүйл биш ээ. Иргэд тэр агшинд өөртөө үйлчлэх өөрийг нь хамгаалах төрөө л байгуулж байгаа хэрэг. Ард түмнээс байгуулагдсан, ард түмний төр ард түмний төлөө үйлчлэх ёстой. Төр бол ард түмэн. Ард түмэн байгуулсан төрөө удирдах үйл хэрэгт иргэн бүр өдөр бүр оролцох ёстой. Үүнийг мартаж болохгүй, үгүйсгэж бүр болохгүй.
“Иргэдээ төрийн үйл хэрэгт оролцуулна”, “Иргэдийн оролцоог тунхаг биш бодит ажил болгох шууд ардчиллын цаг эхэллээ” гэж тунхаглан зарласан Шинэчлэлийн Засгийн газар, Ардчилсан Ерөнхийлөгчид сонгогч-иргэд, иргэний нийгмийнхэн ихэд итгэж, эрх мэдлээ шилжүүлж өгсөн. Итгэж шилжүүлсэн эрх мэдлийг маань тэд хэрхэн ашиглаж байна? Амин хувийн сонирхлын төлөө урвуулан ашиглаж байна уу? Нийтийн сайн сайхны төлөө шударгаар зарцуулж байна уу гэдгийг ардчилсан засаглалтай улс орны иргэд нь мэдэх, хянах, үнэлж, дүгнэх, дургүйцлээ илэрхийлэх, хариуцлага тооцох эрхтэй байдаг.
“н.Мөнхбаярын буу” дуугарсан гэх тэр л өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран “Ардчилал хөгжиж байгаа улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг удирджээ. Энэ үеэр “Иргэний нийгмийг хамгаалах явдлыг тэргүүлэх таван зорилтынхоо нэгд багтааж ажиллалаа”, “Иргэний нийгмийг үнэлж хүндэтгэж ирсэн Монгол Улсаараа бид бахархдаг”, Өнөөгийн Монгол улсын нэгэн чухал амин сүнс нь хүчирхэг иргэний нийгмийн байгууллагууд юм“ гэх зэргээр илтгэсэн мэдээ байна. Барак Обама ч иргэний нийгмээ сайн сонсдог гэж түүнийг ихэд магтжээ. Бас “Монгол Улс хийгээд тэнд бэхэжсэн ардчилал бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа үлгэр жишээ” гэж АНУ-гийн төрийн тэргүүн Обама олонтоо дурдсан сурагтай. Гэвч Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй өнөөдрийн бодит байдал ихээхэн зөрж байна. Эсвэл ийм хэврэг ардчилал юм уу. Ерөнхийлөгч үгээрээ л үлгэр жишээ ардчиллыг амилуулаад байдаг юм уу. Дүр эсгэсэн ардчилал гэдэг нь энэ юм уу? Бүү мэд.
Иргэний нийгмийг хамгаалж эгэл жирийн иргэн миний хэлсэн хэдэн үгийг үнэ төлбөргүй хэвлэн нийтэлж, олон түмэнд хүргэх хэвлэл мэдээллийн байгууллага бий гэдэгт итгэж байна. Эх орноо гэж яривал эргүү тэнэг, газар шороогоо гэж хашхирвал галзуу солиотой гэдэг гуншин зүүх боллоо. Эргүү тэнэг, галзуу солиотой харагдахгүйн тулд монголчууд бид эх орон, газар шороо гэж дуугарч чадахаа болих нь л дээ. Эрх мэдэлдээ эрдсэн түшээдийн чих хатуурч байна. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөн, иргэнлэг чанарыг хамгаалан нэгэн дуугаар улам тод, чанга хашхирцгаая. Энэ бол ардчилсан орны иргэн бүрийн ариун үүрэг. Бас хэн ч хөндөшгүй жам ёсны эрх шүү.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com