Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дуулиантай эхлээд дуугүй дарагддаг албан тушаалтны хэргүүд

 -Олны анхаарал татсан хэргүүдийн хувь заяа огт оргүйд шингэх вий-

 Нийгэмд хүлээлт үүсгээд байсан төрийн өндөр албан тушаалтнууд болон “цагаан захтан”-уудын хэргээс өчигдөр хоёр нь шийдвэрлэгдэх байлаа. Тухайлбал, сонгогчдын чихийг дэлдийлгэж байсан “60 тэрбумын хэрэг” гэгчид голлох үүрэгтэй оролцсон МАН-ын залуу лидерүүд болох Ц.Сундуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр урьдчилсан хэлэлцүүлгээ эхлэх товтой байсан юм. Нөгөө нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн явдал байв. Харамсалтай нь, олны анхаарал татсан эдгээр хэрэг шийдэгдсэнгүй.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

 Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт “Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэдэг заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өчигдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлээ.
Ингээд шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

 Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч С.Баярын бие тааруухан байгаа тул шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Тэднийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл (Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах)-ын 263.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 (Мөнгө угаах)-ын 2.3-т “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 22.10 (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-ийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм. Гэвч тэднийг шүүх хурал нэг сарын хугацаагаар ийнхүү хойшиллоо. Зөвхөн энэ хоёр хэрэг гэхэд л ямар сүр дуулиантай эхэлж, үүнийг тойрсон нийгмийг цочроосон хэчнээн үйл явдал өрнөж байсныг олон нийт мартаагүй байгаа. Тиймдээ ч дуулиантай эхэлсэн эдгээр хэргийн хувь заяа хэрхэхийг харж хүлээж суугаа. 

Бас нэг дуулиант хэрэг бол оймсондоо нуусан 10000 ам.доллар

Энэ мэтчилэн дуулиантай эхлээд дуугүйхэн дарагддаг албан тушаалтны хэргээс эргэн сануулъя. Энэ бол МХЕГ-ын тодорхой албан тушаалтнууд оролцсон хэрэг. АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг. Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгож байсан цаг саяхан.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосноо ч хуулийнхан зарласан. Гэтэл олны анхаарлын төвд байсан эл хэргийг яаж шийдлээ. Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин эл хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Харин Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасан байдаг. Оймсноосоо 10000 ам.доллар гаргаж ирсэн хүнд анхан шатны шүүхээс 40 сая төгрөгийн торгууль ногдуулна гэдэг арай л хоржоонтой шийдвэр биш үү.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж байлаа.

Ер нь, Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шүүх рүү шилжүүлдэг, шүүх нь эргээд ямар нэг шалтгаанаар хэргийг прокурор луу буцаадаг ийм жишиг тогтоод удаж байна.

Б.Махбалын хэрэг 11 удаа хойшилж байсан

2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм. Тэр үеэс хойш Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 11 удаа хойшилж, жил есөн сарын дараа буюу энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл (хүнийг алах)-ийн 2 дахь хэсгийн 2.1 (онц, хэрцгийгээр)-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хориход эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

НПГ-т ямар хэргүүд хянагдаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусдад давуу байдал олгосон хэрэг,
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд тус тус хянагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com