М.ХҮСЛЭН
Компьютерт тоглож таашаал авдаг, бүр түүгээр ашиг олж нэр алдартай болсон тоглоомч болгон Женсен Хуанд өртэй гэхэд болно. Тэрбээр одоогоос 27 жилийн өмнө буюу 1993 онд видео график проццесор үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн нөлөөтэй компани болох NVIDIA-г үүсгэн байгуулсан билээ. Видеокартууд нь дэлхий даяар маш их эрэлттэй байдаг компанийн ерөнхий захирлын тухай өгүүлэх болно.
Женсен Хуан (Jen-Hsun “Jensen” Huang) 1963 оны хоёрдугаар сарын 17-нд Тайванийн нийслэл Тайпэй хотод мэндэлсэн. Женсенийг зургаа, ах нь долоон нас хүрэхэд тэднийх Тайландын нийслэл Бангкок руу нүүжээ. Дараа нь аав нь мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ-ын Нью-Йорк хотыг зорьжээ. АНУ-д сурч, туршлага хуримтлуулсан Женсений аав хүүхдүүдээ заавал Америкт аваачиж сургах ёстой гэсэн зорилго тээж иржээ. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд эхнэр, хүүхдүүддээ англи хэл зааж эхэлсэн байна. Женсен Хуаны дурсамжид өгүүлснээр ээж нь хэдийгээр англи хэл мэдэхгүй ч гэсэн хүүхдүүддээ өдөрт 10 үг цээжилж, утгыг ойлгохыг даалгадаг байжээ.
NVIDIA-гийн ирээдүйн босс есөн нас хүрэхэд ахтайгаа хамт АНУ руу эрдэм сурахаар явсан байна. Тэд хамаатныдаа байрлав. Хамаатнууд нь ах дүү хоёрыг Кентукки муж улс дахь баптистуудын сургуульд өгчээ. Женсен орчныхоо нөлөө болон авьяас чадварынхаа ачаар компьютерийн технологийг сонирхож эхэлсэн билээ. Арван зургаан нас хүрээд Орегоны их сургуульд элсч, инженер-электроникийн мэргэжил эзэмшдэг аж. Их сургуулиа төгссөний дараа ирээдүйн өрсөлдөгч болох AMD компанид ажилд орж, микропроцессор хийдэг болов.
Женсен Хуан 1990-ээд онд хүмүүс компьютер тоглоом руу чиглэснийг анзаарч мэргэжил нэгт Крис Малаховски, Кёртис Прэм нартай хамтарч өөрийн гэсэн видеокартууд хийхээр зориг шулууджээ. 1993 онд компани байгуулж түүнд өгөх нэр олохгүй зовсон гэдэг. Тэгж байгаад “Invida” гэсэн латин үгийг сонгожээ. “Invida” гэдэг нь “атаархах” гэсэн утгатай. Компанийн эхний хөрөнгө оруулалт 40 мянган ам.доллар байжээ. Ажлын байр нь Цахиурын хөндийд байрлана. Ихийг бүтээх хүсэлтэй гурван инженер бүх мөнгөө шинэ видеокарт бүтээхэд зарцуулжээ.
Хамгийн анхны видеокартууд 1995 онд гарч эхэллээ. Гэвч уг видеокартууд ашиг авчирсангүй. Гэсэн ч Женсений баг бууж өгөлгүй ажлаа үргэлжлүүлсээр байлаа. 1996 онд зах зээлд графикийн чип үйлдвэрлэдэг 20 компани үйл ажиллагаа явуулж байв. Тиймээс өрсөлдөөн ихтэй. 1997 онд NVIDIA компани RIVA 128 нэртэй шинэ загвар гаргалаа. Уг загвар зөвхөн 2D төдийгүй 3D графикаар ажилладаг супер процессор болсон билээ. Тэдний хоёр дахь төсөл ийнхүү амжилттай болжээ. Оны эцэс гэхэд NVIDIA-гийн зах зээлд эзлэх хувь 24 хувьд хүрсэн нь тэднийг амжилттай ажилласныг харуулна. Тэгвэл 2000-аад онд зах зээлд хамгийн нөлөөтэй хоёр компани байсан нь NVIDIA болон ATI байв. Ингээд компанийн ашиг жил болгон өссөөр байв. Цахиурын хөндийд байсан жижигхэн оффис нь одоо 500 сая ам.долларын үнэлгээтэй футурист цогцолбор болтлоо өргөжив. Харин гуравхан хүн эхлүүлж байсан компани одоо 11.000 ажилтантай болжээ.
Одоо NVIDIA-гийн чипсетүүд компьютерийн тоглоомын зах зээлд хамгийн шилдэг нь. Харин Женсен Хуан амжилттай СЕО-гоор нэрлэгдэж тэрбумтан болсон. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө найман тэрбум ам.доллароор хэмжигдэж буй. Женсен Хуан NVIDIA компанийг 27 жилийн турш тэргүүлж байна. Тэрбээр компанидаа бүх сэтгэл зүрхээ зориулж үнэнчээр зүтгэж байгаагаа олон талаар харуулж чаддаг. Гарандаа NVIDIA компанийн логог шивүүлсэн байна. Женсен компанийн захирлуудтай мөрийцөж хэрэв хувьцааны үнэ 100 ам.долларт хүрэх юм бол шивээс хийлгэнэ гэжээ.
Женсен Хуаны туулсан амьдралын зам бол хүн зорилгодоо заавал хүрч чаддагийн нэг жишээ. Түүнчлэн эцэг эхийн хүүхдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт ямар чухал болохыг харуулна. Магадгүй Женсен өөр улс руу явж, бусад салбарт хүч үзсэн бол компьютер графикийн үзүүлэлт одоогийнхоос муу байж ч мэднэ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН