Ашигт малтмал, газрын тосны газар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хамтран мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэдгийг онцоллоо.
Манай улсад сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнэ буурчээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах хамтарсан зөвлөмж гаргасан байна. Улсын хэмжээнд он дуустал А92 шатахууны үнийг тогтворжуулах ажлыг хийжээ. Манай улсын баруун хязгаарт орших Говь-Алтай аймагт А92 бензин литр тутамд 1600 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн бол нийслэл Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд борлуулах шийдвэр гарсан байна. Ингэснээр А92 бензин нийт 400 төгрөгөөр буурч байгаа юм. Зарим шатахуун түгээх станцууд өчигдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаж эхэлсэн бол өнөөдөр гэхэд бүх шатахуун түгээх станцуудын үнэ буурна байх гэсэн хүлээлттэй байна гэв. Газрын тосны гадаад нөхцөл байдлын хувьд он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурсан байна. Харин тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өсч нэг баррель брент тосны үнэ 35.9 хувиар өссөн байна. 2020 он гарснаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд 'COVID-19"-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэргээс үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 2020 оны дөрөвдүгээр сард ОПЕК орнууд өдрийн олборлолтоо 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь "Брент" төрлийн газрын тосны үнэ ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эргээд өсч байгаад манай улсын хувьд хямд үнэтэй байхад нь нөөцөлж чадсан учраас ийнхүү шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн гэв.Тодруулбал,
• А-80 50 төгрөгөөр,
• А-92 80-100 төгрөгөөр,
• А-95 200 төгрөгөөр,
• Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд
• А-80 авто бензин 1350
• А-92 авто бензин 1360
• А-95 авто бензин 1800
• Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буурсан нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниуд үнээ буулгахыг уриаллаа. Тус газрын мэдээлснээр үнийн өсөлтөд хяналт тавьж ажилладаг ч аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ ухамсарлаж бараа бүтээгдэхүүнд үнээ буулгах ёстой гэдгийг тодотгов. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийсэн судалгаагаар шатахууны үнийн өсөлтийг дагаж нийтийн тээвэр, хүнсний бараа, нийтийн хоолны салбар, такси үйлчилгээ, эм эмийн хэрэгсэл, боловсролын салбарт үнэ өсдөг байна. Иймд шатахууны үнийн бууралтыг дагаад бараа бүтээгдэхүүний үнээ тогтвортой буулгах ёстой гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сануулав. Өнөөдөр газрын тосны үнэ буурсан нь түүхэн явдал. Газрын тосны үнээ ил тод, иргэдэд нээлттэй болгох шаардлагын дагуу ажиллаж буйг ШӨХТГ-аас хэлэв.
Нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар үнээ бууруулахад
анхаарах ёстойг санууллаа
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр иргэдийн зүгээс шатахууны үнийг дагаад өсдөг бараа бүтээгдэхүүний үнийг буулгах шаардлага тавьж байгаа аж. Шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 30 хувиар буурсан ийм нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниуд үнээ буулгах ёстой гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс шаардав. Тус газраас хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар гурил, талх, сүү, ургамлын тос, мах, хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа юм. Харин нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар үнээ бууруулахад анхаарах ёстойг санууллаа.
ҮНЭЭ БУУЛГААГҮЙ ТАКСИ үйлчилгээнд зохих арга хэмжээ авна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнэ буурсан тул өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниудыг үнээ буулгахыг уриаллаа. Тус холбооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар такси үйлчилгээний компаниудад км тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчлэхийг уриалжээ. Цаашид энэхүү уриалга зөвлөмжийг дагаж мөрдөөгүй аж ахуй нэгж компаниудад зохих ёсны арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд иргэдээс өмнө нь шатахууны үнийн өсөлтийн асуудлаар гомдол мэдүүлдэг байсан бол одоо хуурамч бүтээгдэхүүний асуудлаар гомдол санал цөөнгүй ирэх болжээ. Үүнд тус холбооноос хяналт тавьж ажиллаж байгаа ч хуурамч бүтээгдэхүүн борлуулж буй асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага, Үнийн зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар олж тогтоон зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулав.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН