Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өш хонзонгоос болж тэр дөрвөн хүний аминд хүрсэн

 Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нэр томьёог Монголд хэрэглээд бас чиг олон жилийн нүүр үзжээ. Анхны эрэн сурвалжлагчид гэж гэмт хэрэг голдуу бичсэн “нөхөд” байв. Тэдний нэг явлаа. Хаана олны анхаарал татсан гэмт хэрэг гарна, тэнд л харайлгаж явдаг, түүндээ ч дуртай гэж жигтэйхэн. Бараг өөрсдийгөө цагдаагийн ажилтан болчихсон дайны боддог байсан байх. Тэр үед ямар цахим орчин, сошиал ертөнц гэж байсан биш. Гар утастай хүн ч ховор байсан цаг шүү дээ. Тиймдээ ч одоогоос давуу тал нь юу гэхээр хэн таарсан сонирхогч тухайн үйл явдлын зургийг аваад цацчихдаггүй, буруу ташаа мэдээлэл тараачихдаггүй, дандаа мэргэжлийн багийн ажиллагаа явагдаж, үнэн бодит мэдээлэл иргэдэд очдог байснаас хүмүүс өдөр тутмын хэдхэн сониндоо итгэдэг байсан. Яг л тэр үед буюу одоогоос 15 жилийн өмнө тухайн үедээ дуулиан болж байсан хэргийн мөрөөр үүнийг бичигч алс баруун хязгаар Говь-Алтай аймгийг зорьж байлаа.

Яагаад гэхээр 2005 оны зургадугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд дөрвөн хүний амь насыг онц хэрцгийгээр санаатай бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан байдаг. Хэргийг 25 настай Ц.Хадбаатар гэгч үйлдэж, өөрийн эхнэр, түүний эгч, хадам эцэг, эхийгээ 7-22 удаа хутгалж хөнөөсөн юм.

Тэнд чухам юу болсон бэ?

Аймшигт хэргийг дурангаар алсаас харсан цор ганц гэрчийн мэдүүлснийг үндэслэн, хэргийн газрын анхны үзлэг, хэрэг үйлдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс аллага болсон газрын ерөнхий дүр зураг тодорно. Хэргийн газарт 29 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байдаг. Бугат сумаас урагш 45-д байрлах Бич гэдэг газар тус хэрэг гарчээ. Тэр газар нь хааш хаашаагаа уулаар хүрээлэгдсэн гол дагасан хөндий аж. Хэрэг гардгийн урьд өдөр буюу зургадугаар сарын 10-нд эднийх буйр сэлгэж нүүх болсон байна. Тухайн үед Ц.Хадбаатар эхнэрийн хамт хадмуудтайгаа амьдардаг байж. Малаа туугаад хөдөлсөн нүүдлийг дагаж явна хэмээн түүний эхнэр хэлснээс болж, тэд хоорондоо маргаж. Ингээд нөхөр нь дийлж, мотоциклио асааж эхнэрийгээ сундлаад явж байхдаа хээр бууж зодоод зүүн гарыг нь гэмтээсэн байна. Үүнээсээ айхдаа мотоциклийнхоо гэрлийг хагалж, замдаа онхолдсон гэж хэлнэ шүү хэмээн авгайдаа захиад гэртээ иржээ. Тэдний үгэнд бүгд л итгэсэн байна. Харин маргааш өглөө нь гэрт нь ирсэн хадам ах нь “Хадбаатар аа, чи онхолдсон юм уу. Хар багаасаа мотоцикль унасан ийм тэгшхэн газар онхолддог нь хачин юм даа” гэсэн битүү утгатай үг хэлчхээд яваад өгч. Үүнээс сэжиг авсан хадам нь “Чи тэгвэл миний охиныг зодсон байх нь” гээд хүргэн рүүгээ агсарчээ. Энэ явдал өглөөний есөн цагийн орчимд болсон байдаг. Тэгмэгц нь Ц.Хадбаатар хоёр гартаа хутга барьж босч ирээд хадам эцгийгээ хоёр хутгаараа ээлжлэн хутгалж эхэлсэн байна. Хадмаа газар унамагц цустай хутгаа долоож “Ингэж өс авдаг юм” гэхэд нь гэрт байсан бүсгүйчүүд болох хадам ээж, хадам эгч, эхнэр нар нь үг сүггүй гарч зугтжээ. Нүдэн дээр нь ханийг нь, аавыг нь хөнөөж орхисон тийм аймшигт зүйлийг харсан бүсгүйчүүд амь зулбан зугтах нь мэдээж хэрэг. Харин түүний хоёр нас, хоёр сартай охин л эл бүгдийн учрыг ч мэдэхгүй, гэрт хоцорчээ. Тэр нялх амьтанд аав нь дэргэд нь байгаа харагдахаас алуурчин гэж юугаа мэдэх билээ. 

20 тоолохын дотор толгойг нь тасал. Таслахгүй бол...

Үнэндээ хамгийн харгис кино ч үүний дэргэд юу ч биш. Хадам аавыгаа хөнөөж байх хооронд гэрээс гарч зугтсан бүсгүйчүүдийн араас Ц.Хадбаатар мориор хөөж, бүгдийг нь хутгалж алсан байдаг. Тэгэхдээ хадам эхийгээ долоон удаа, эхнэрээ 15, хадам эгчийгээ 17, хадам аавыгаа 22 удаа хутгалсан болохыг нь цагдаагийнхан тогтоосон. Талийгаачдын шархны гүн нь 3-15 см, ихэнхдээ хоёр суга, ар нуруу нь хутгалсан байна. Тэнд байсан хүмүүсийг ингэж хүйс тэмтэрчхээд дараа нь гэрийг нь шатаажээ. Гэр шатахыг хараад ирсэн хадам аавынхаа төрсөн дүүг үзмэгц түүнийг алахаар заналхийлж, мотоциклиор элджээ. Морьтой түүнийг хөөж гүйцэлгүй чулуун хэрэгсүүр дээр гаргачхаад “Танай эхнэр хүүхдийг ална” гээд тэдний гэр лүү давхисан байна. Гэрт нь очоод эхнэрийг нь барьцаалан авч мотоцикльдоо сундлан эргэж явах зам зууртаа цогцоснуудыг үзүүлж явсаар хадам эцгийнхээ цогцсон дээр ирж буулгаад “20 тоолохын дотор толгойг нь тасал. Таслахгүй бол чамайг хүүхэдтэй чинь ална” хэмээн заналхийлж тулган шаарджээ. Гэнэтийн цочролд орсон бүсгүй тэр дор нь нөхрийнхөө ахын толгойг тасдаад алуурчинд өгсөн байна. Тэгмэгц нь таслагдсан толгойг шатсан гэрийн нурам руу чулуудаж орхиод, бүсгүйг мотоцикльд суулган “Нөхөр дээр чинь очиж чамайг хамт ална” гээд давхимагц замд нь бүсгүй үсэрч буугаад амь мултарчээ. Хамгийн жигшилтэй нь, энэ бүх хугацаанд тэрээр учир мэдэхгүй нялх охиноо урдаа суулгаад авч явсан байдаг. Түүний энэ харгис үйлдлийг хонио хариулж явсан Д гэгч хоёр км-ийн орчмоос дурангаар харж байсан ба бүх зүйл намжсаны дараа цагаа харахад 15.55 болж байсныг цагдаа нарт хэлсэн байна. Хийсэн хэргийнхээ эцэст тэрээр УАЗ-469 машин булааж уул руу зугтсан ба араас нь нэхсэн мотоцикльтэй хүмүүсийг эргэж дайрах гэж хөөж байжээ. Мөн хэрэг гарахын өмнөхөн ирж буугаад битүү үг хэлээд мордсон эхнэрийнхээ ахын ирэх замыг тосч, алахаар заналхийлж байсан ч золоор тэр нь ирээгүй байна. 

Түүнийг хэрхэн барьсан бэ?

Ийм аймшигт хэрэг гарсан мэдээллийг тэр дор нь зохих газарт хүргүүлсэн бөгөөд ууланд гарсных нь дараа төрсөн ах нар нь цагдаагийнханд тусалж, ухуулга хийсээр түүнийг ямар нэг эсэргүүцэлгүй баривчилжээ. Харин тэр өөрөө “Энэ хооронд өөрийнхөө амийг егүүтгэх хугацаа надад зөндөө байсан. Гэхдээ би ямар хэрэг хийснээ мэдэж байгаа болохоор төрийн гэсгээл хүртэж, төрөөрөө цаазлуулах гэж бодсон юм” гэсэн байдаг.

Ц.Хадбаатартай уулзсан минь

Намайг анх Говь-Алтай аймагт очиход нэг гэр бүлийнхнээ хүйс тэмтэрсэн Ц.Хадбаатарыг аймгийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж авчраад хорьчихсон байсан. Түүнтэй уулзах хүсэлтээ аймгийн цагдаагийн газарт тавихад тэр өөрөө зөвшөөрөх ёстой гэж байсан юм. Харин тэр миний саналыг зөвшөөрөөгүй болохоор би цаашаа явж хил дээр тав хоног ажиллаж ирээд дахин хүсэлт тавихад “Энэ аймгийн хүн биш, хотоос ирсэн бол уулзмаар байна” гэсэн хариулт өгснийг цагдаагийнхан дуулгасан юм. Намайг аймгийн цагдаагийн болон шүүхийн төлөөлөлтэй хорих байранд нэвтэрч орсны дараа тун удалгүй түүнийг авчирсан. Эрээн ноосон цамц, хөх өнгийн өмд өмссөн, хромон гуталтай тэр залуугийн нүдний харц юуг ч илэрхийлэхгүй гөлийж орхисон харагдсан. Харин нүд нь нэлээд хоног нойргүй хоносон болов уу гэмээр улаан хүрээ татчихсан байсан. Гар нь гавтай. Цамцных нь зүүн мөр оёдлоороо ханзарчихсан байсан. Түүнээс би “Надтай уулзахыг зөвшөөрчээ. Ямар нэг зүйл хэлмээр байна уу” гэхэд “Уг нь хэдэн юм хэлье гэж бодож байсан юм. Одоо би юм ярихгүй ээ” гэсэн. “Чамд боломж олгож байна шүү дээ” гэхэд “Өмгөөлөгч авсан. Намайг юм яриад хэрэггүй гэсэн. Би юу ч хэлэхгүй” гэж билээ. Тэгээд хэсэг хугацаанд бие биенээ харж шинжиж зогссон. Үнэндээ миний хувьд нэг дор дөрвөн хүний амийг бүрэлгэсэн, боломж нь бүрдсэн бол дахиад хэдэн хүнийг цааш харуулахаар заналхийлж байсан алуурчин залууг хамгийн ойроос хамгийн анх удаа харсан нь тэр. Тэгээд “Чи эхнэртээ хайргүй байсан юм уу? Түүнийг амьд үлдээж болоогүй юм уу? Охины чинь ээж шүү дээ” гэж арга барагдан хэлэхэд минь над руу нэг том харснаа санаа алдсан.
Тэр Бугат суманд төрсөн. Бага боловсролтой буюу зургадугаар анги төгссөн нэгэн. Цэргийн алба хааж ирээд нутагтаа мал маллаж байгаад Өвөрхангай аймгийн хилийн отрядад хилчин жолоочоор ажиллаж байгаад ажлаасаа гарч нутагтаа буцаж ирээд удаагүй байхдаа ийм аймшигт хэрэг үйлдсэн байдаг. Ажлаасаа яагаад гарсан шалтгаан нь тодорхойгүй. Багш нарынх нь тодорхойлсноор зургадугаар анги төгстлөө сурлага сайтай хүүхэд байсан гэдэг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд 2004 оны есдүгээр сард эхнэрийнхээ төрсөн дүүд хутгалуулаад цагдаагийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байсан удаатай. Ц.Хадбаатарыг хутгалсан эхнэрийнх нь дүү шүүхийн шийдвэрээр 30 хоног баривчлагдаад суллагдаж байж.
Ц.Хадбаатарыг ийм балмад хэрцгий үйлдэл хийхэд хүргэсэн зүйл нь олон сар дамжсан угшмал өс хонзонгоос үүдэлтэй гэж тухайн үед дүгнэж байсан юм.
Дөрвөн хүний амийг санаатайгаар хөнөөсөн Ц.Хадбаатарт цаазаар авах ял оноосон билээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com