БНМАУ-ын төрийн тэргүүн, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнх агсны зээ дүү, Гавьяат хуульч Ё.Ринзааны охин Р.Булгамааг энэ удаагийн зочноороо урилаа. Өвөг дээдсийнхээ сайн заяаг өргөж, үйл хэргийг залгамжилна гэдэг их хувь заяа.
Багын л нийгмийн идэвхтэй тэрбээр урлаг, сурлагаараа “толгой цохидог” байжээ. Боловсролын салбарт тасралтгүй 17 жил, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арбитрийн газарт арбитрчаар 10 гаруй жил, Монгол Улсын Шийдлийн Засгийн газарт Ерөнхий сайдын орон тооны зөвлөх, Монголын Залуучуудын Холбооны Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв. Эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
-Хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг хувь хүнийх нь үүднээс нээсэн ярилцлага байдаггүй аж. Юун түрүүнд Таны нэр сонирхол татаж байна. Хүний хувь заяа нэртэйгээ салшгүй холбоотой байдаг ч гэдэг.
-Аав, ээж хоёр маань 1976 онд Увс аймгийн Өмнөговь суманд илгээлтээр очсон гэдэг. Аав сумын нарийн бичгийн дарга, ээж эх баригч эмчээр ажиллаж байхдаа гэр бүл болсон юм билээ. Тухайн үеийн сум нэгдлийн дарга байсан Н.Юнгэр гуай миний нэрийг өгсөн. Ахмадууд аягатай будаанд 10 гаруй нэр хийж, шигшихэд гурав дараалан гарч ирсэн нэр. Аав маань өөрийнхөө сонгосон нэрийг өгчих санаатай гурав дахиулсан хэрэг. Хожим Н.Юнгэр гуай “Манай суманд соёлын үрийг тарихаар ирсэн залуусын хүүхэд булган сүүлтэй байгаасай гэсэндээ Булгамаа гэдэг нэрийг зохиож өгсөн” гэж хэлж билээ. Тэр сайхан буурай одоо Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа. Би жил бүрийн Цагаан сараар очиж золгодог юм.
-Нэрнээс тань үүдээд Булганых л гэж боддог байлаа. Тийм биш байх нь ээ?
-Олон хүн тэгж боддог юм шиг байна лээ. Булган аймагтай ч бас би хувь заяагаараа холбогдсон шүү. Намайг таван настай байхад аав маань МУИС-ийн хуулийн сургуульд сурахаар Улаанбаатар хот руу явсан. Бид Увс аймгийн Баруунтуруун суманд өвөө, эмээ дээрээ үлдсэн. Аав маань сургуулиа төгсөөд Булган аймгийн захиргаанд хуулийн хэлтсийн даргаар томилогдсоноор манайх тийшээ нүүж байлаа.
-Тухайн үед төрийн алба хашдаг хүмүүс цаг наргүй л ажилладаг байсан шүү дээ. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би наснаасаа өмнө буюу есөн сартайдаа хөлд орж, ой хүрэлгүй “Хайртай” гэдэг үгээр хэлд орсон адтай сэргэлэн шар охин байсан юм гэнэ лээ.
-Таныг айлын ууган охин гэж сонссон. Хэдэн дүүтэй вэ?
-Хоёр эрэгтэй дүүтэй. Аав, ээж хоёр маань гэрийн бараа бараг л харахгүй. Тиймээс би айлын том хүүхдүүдийн нэгэн адил дүү нараа харж хандах, ар гэрээ хариуцах үүргийг багаасаа л үүрсэн. Тэр хэрээрээ ажилсаг, нямбай, зөв хүмүүжилтэй болж өссөн байх гэж боддог.
-Хуульч болоогүй бол урлагийн хүн болох байсан уу. Таныг сайхан бүжиглэдэг, дуулдаг гэж сонссон. Үнэн үү?
-Тэгж хэлж болно оо. Урлагийн авьяастай, манлайлагч хүүхэд байлаа. Бүжгийн урлагт н.Александр багш маань намайг хөтөлж оруулсан. Ардын бүжгээр олон жил хичээллэж, хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд хэд хэдэн удаа түрүүлж, “Найрамдал” зусланд хоёр жил дараалан урилгаар амарч байлаа.
Увс аймгийн 70 жилийн ойн баяраар Монгол Улсын ардын жүжигчин Б.Долгор гуай үелзүүр бүжгийг маань шинэчлэн дэглэж өгөөд “Ямар сайхан материалтай хүүхэд вэ” гэж байсан нь санаанаас ер гардаггүй. Л.Болдбаатар, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч гэх мэт авьяастнуудтай хамт аймгийнхаа ойн баярт оролцож, гоцлон бүжиглэж байлаа.
Есдүгээр ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шалгалт өгч тэнцэж, Улсын олимпиадад 10 удаа түрүүлсэн Б.Цолмонхүү багшийн шавь болж байлаа. 10 дугаар ангиа төгсөөд нийгэм, математик хоёроор элсэлтийн шалгалт өгч, ХААИС-ийн Бизнесийн менежментийн ангид хуваарилагдсан боловч сэтгэлд хүрээгүй тул хуулийн сургуульд шилжин орсон.
-Хувийн их, дээд сургуулийн оюутнууд дундаас анх удаа “Монгол Улсын Шилдэг оюутан”-аар шалгарсан гэсэн. Хичээл зүтгэлтэй оюутан байв уу?
-Тийм ээ, энэ бол миний хувьд ч, сургуулийн маань хувьд ч бахархам сайхан дурсамж. Ер нь оюутан болсон цагаасаа л хичээлдээ шамдаж, МУИС-ийн номын санг хаатал нь суудаг байлаа. Түүгээр ч зогсохгүй, шөнийн 3-4 цаг хүртэл хичээлээ хийнэ. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Төмөр багш үндсэн хуулийн эрх зүй, доктор Г.Совд гуай эрүүгийн эрх зүйн хичээл заадаг байлаа. Нэгдүгээр курст байхдаа С.Төмөр багш дээр гүйж очоод “Илтгэл яаж бичих вэ. Уралдаанд ормоор байна” гэж билээ. Багш маань хэд хоногийн дараа гурван жижигхэн ном авчирч өгснөөр би илтгэл бичих эрдэмд суралцаж эхэлсэн дээ. Хоёрдугаар курст байхдаа Эрдэм шинжилгээний “Эврика” уралдаанд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь” нэртэй илтгэлээр оролцож байлаа. Тэр үед шагналт байрт шалгарч чадаагүй. “Дараа жил заавал түрүүлнэ” гэж өөртөө хэлээд хичээн зүтгэснээр хойтон жил нь сэдвээ гүнзгийрүүлж, гадаадын улс орны туршлагыг харьцуулан бичээд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн МАН-аас зохион явуулдаг “Мастер” илтгэлийн уралдаанд түрүүлсэн. Хоёрын хоёр оюутантай аав, ээжид маань тэр шагналын мөнгө багагүй дэм болсон байх шүү.
-Төгсөөд, шууд сургуульдаа багшилсан юм билээ. Урилгаар уу?
-Тийм ээ. Хуульч, эдийн засагч гэсэн хос мэргэжил эзэмшихийн тулд таван жил махран зүтгэсний эцэст сургуулиа онц төгссөн. Сургуульдаа урилгаар хагас жил орчим багшлаад “Их Засаг” олон улсын их сургуульд үргэлжлүүлэн багшилсан даа.
-“Их Засаг”-ийн Р.Булгамаа гэж олон жил цоллуулсан. Энэ сургуульд хэдэн жил ажилласан юм бэ?
-17 жил ажилласан. Багшаас эхлээд “Их Засаг” олон улсын их сургуулийн Сургалт, инновац эрхэлсэн проректор, дэд захирал хүртэл дэвшин ажилласан. Юугаар ч үнэлшгүй, хэн ч надаас салган авах аргагүй эрдэм мэдлэг, ур чадвар, дадал хэвшил, зөв хандлагыг эндээс л олж авсан.
-Таны улс төртэй холбогдсон түүхийг сонирхъё. Бүсгүй хүнд их хатуу талбар шиг санагддаг. Гэхдээ улс төрд хөл тавих болсон шалтгаан нь юу вэ?
-Тийм ээ, хатуу шүү. УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан, НҮБ-ын Байгаль Орчны Ассемблэйн Ерөнхийлөгч С.Оюун дарга намайг улс төрд хөтлөн оруулсан юм. 2002 онд шүү дээ.
2016 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болж, УИХ-ын сонгуульд нэр дэвших үүрэг авсан. С.Оюун дарга дээр “Дарга аа, би чадахгүй нь ээ. Сонирхол ч бага байна” гээд ортол “Эмэгтэйчүүдийн квот бүрдэхгүй байна” гээд намын даалгавраар шууд л нэр дэвшүүлж билээ. Ингээд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Тухайн тойрогт хамгийн олон буюу 14 хүн нэр дэвшиж байснаас АТХН-ын дарга Л.Гүндалай, МАХН-аас Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, МУНН-ын дарга Х.Батболд, БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг зэрэг улс төрийн лидерүүдтэй өрсөлдөж, сонгогчдоос авсан саналын тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн.
-Тэр сонгуулийн дараа хуульчийн ажилдаа түлхүү анхаарч эхэлсэн. Олон ч хэцүү хэргийг амжилттай шийдвэрлэж, хууль сахиуллаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай ажиллаж байгааг тань үнэлж хүндэтгэсэн бахархал, талархлын үгс нүүр номоор тань дүүрэн л хөвөрч байдаг юм байна лээ.
-Баярлалаа. Нүүр номын маань найзууд ер нь их идэвхтэй. Хүн урам зоригоор амьдардаг шүү дээ. Олон хүнд гэмт хэрэг хариуцаж ажиллалаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдэж байгаа нь “Очир төв”-д харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэрэг байна. Би энэ хэрэг дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаж, хүссэн үр дүндээ хүрсэн. Маш хэцүү зам, асар их бэрхшээлийг давж гарсан. Би энэ хэргийн гүнд нь орж, эх хүний сэтгэлээр ажилласан. Их ч хямарсан. Хэрэг гарсан эхний жил ард түмний дэмжлэгтэйгээр ажил урагштай байсан ч охины 49 хоног дээр “Очир” төвийн гадна эмээтэй нь хоёулхнаа зул өргөөд зогсч байлаа шүү дээ.
-Цэргийн алба хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан залуугийн хэргийг санаж байна. Шинжилгээний хариу “Гадны нөлөөгүй, хүүрийн толбо” гэж гарлаа гэх мэтээр их ч төөрөлдүүлсэн дээ?
-Тийм ээ. Хэрэг хариуцах явцад янз бүрийн зүйл тохиолдоно. Ялангуяа хохирогчийг буруутай мэт харагдуулах нөхцөлийг бий болгох тохиолдол элбэг. Дээрх хэрэг дээр анхан шатны шүүхээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж чадсан. Мөн “амиа хорлосон, өөрийгөө буудсан, цэргийн албанаас зайлсхийсэн” гэж буруутгагдаж байсан цэргийн хэрэг байна. Цэрэг бүр буутай, буу болгон нь сумтай байна гэж байхгүй. Тэр сум хаанаас гараад ирэв. Ажлын хариуцлага алдсан субьектийн асуудлыг тодруулж, үнэхээр амиа хорлохыг оролдсон уу гэдэг шалтгааныг олохын тулд мөрдөн байцаалтад буцаагаад шалгаж байна.
-Хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарч, энэ сэдвийг нийгмийн анхаарлаас гадуур орхигдуулахгүйн тулд анхааран ажиллаж байгаа хуульч танаас өөр алга гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байх. Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн хүртэл өрнүүлж, нэлээд олон дорвитой ажил зохион байгууллаа. Цаашид энэ талаар илүү хүчтэй дуугарч, бодит үр дүнд хүрэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Би охидын хүчирхийллийн тухай дэлгэрэнгүй ярихаас эмээдэг. Энэ талаарх мэдээлэл зарим хүмүүст сэдэл төрүүлдэг сөрөг талтай. Ер нь асуудлыг ярих бус, шалтгааныг нь л олох ёстой. Би охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр 2019 онд л гэхэд мөрдөн байцаах анхан шатанд 30 гаруй хэрэг дээр ажиллалаа. Зөвлөгөө өгч, хууль зүйн тусламж үзүүлсэн тохиолдол ч олон бий. Одоо охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө юунд анхаарвал зүйтэй вэ гэдэг дээр анхаарч, нэлээд далайцтай ажлууд хийнэ. Ялангуяа, ажлын байран дээр эмэгтэйчүүдийн эрх их зөрчигдөж байна. Илүү цагаар хөдөлмөрлөж, ажлын байрны тав тухгүй байдлаас үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Удирдлагууд нь албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлж байна. Энэ талаар хуульд цогц байдлаар тусгахын төлөө тууштай ажиллана.
-Хуульч Р.Булгамаагийн ар талд охид, бүсгүйчүүдийн бүхэл бүтэн фронт зогсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэднийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалах өргөн цар хүрээ бүхий боломжийг бий болгохын тулд улс төрийн талбарт хүч үзэж байна гэж ойлголоо. Зөв үү?
-Иргэдийг айдас хүйдэс, дарамтаас салгах бодит боломж бол АРДЧИЛАЛ гэж би үздэг. Хүчирхийлэл дарангуйллын эсрэг, хүний эрхийн төлөө тууштай зогсч, эрүүл сонголт хийх хүн маш олон байгаа гэдэгт итгэдэг. Иргэндээ үйлчилдэг засаглал бүхий “ХУУЛЬТАЙ МОНГОЛ”-ыг бүтээхийн төлөө эрмэлздэг. Иргэд нь хохирсоор үлддэг тогтолцоог бид өөрчлөх ёстой. Хууль даргыг биш, иргэдийг хамгаалахад чиглэх ёстой. Ийм л нийгэм, тийм л ирээдүйг хүсч байна. Хүсээд, хараад суух биш шийдэмгий алхам хийх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд хууль тогтоох, батлах түвшинд дуу хоолойгоо хүргэж ажиллах шаардлагатай байна. Тиймээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн Хууль зүйн зөвлөхөөр ажилласан туршлагадаа тулгуурлан УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байна. Энэ шийдвэрийг минь маш олон хүн үнэлж, дэмжиж байгаад баяртай байна. Саяхан даа. Нэгэн бүсгүй “Ээжүүд, эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулах итгэлтэй хүнтэй болох нь. Хэрэв та минь ухрах л юм бол олон хүний итгэл найдвар унтарчихна шүү” гэсэн сэтгэгдэл нүүр номд маань бичиж үлдээсэн байна лээ. Ер нь л маш олон хүнээс сайхан үгс сонсч, урам зориг авч байна. Олон хүний итгэл, найдвар тээж, асар их үүрэг хариуцлага нуруундаа үүрч байгаагаа бодохоор алхам ч ухрах, шантрах эрх надад байхгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН