Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн Г.ЖАМЪЯН
2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшээд байгаа “Оргил”-ын Ж.Ганбаатарын тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Галсангийн Жамьян 2018 онд бичиж байсан нийтлэлийг уншигч танаа хүргэж байна. Он цаг өнгөрсөн ч гэсэн намын гишүүд цүнх баригчдадаа мөнгөөр бороо оруулан орон нутгийхаа намын байгууллагыг гартаа оруулан төрийн эрх байгууллагад шургалах шат дамжлага болгодог энэ хүний төлөв байдал нь өөрчлөгдөөгүй, харин ч улам даамжирч байгаа болохоор сэтгүүлчийн энэ нийтлэл утга санаа, ач холбогдлоо алдаагүй тул дахин нийтэлсэн нь энэ.
(2012 онд МАН ялагдан бэртэгчингүүд нь гадаад руу зугтааж байхад Ж.Батсайхан гэж залуу Баянгол дүүргийн намын хорооны даргаар сонгогдон сэтгэл санаа, хөрөнгө мөнгөө дайчлан 2016 оны сонгуульд ялуулсан.
Ялсан намын удирдлагыг дээрэмдэж авсан Ж.Ганбаатар Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиудад ялагдуулсан. Одоо манай намыг залгих л дутуу байна уу)
Хүмүүс янз янзаар л баяжих юм.
Зарим нь хар хөлсөө гоожуулж, хайран биеэ цуцаан байж баяжаад “Одоо ч боллоо доо” гээд олонтойгоо эвсэг сайхан явах юм. Зарим нь хулгайлж, худлаа хэлж баяжаад дэл сул бүхнийг хамж, дэлхий даамгүй хөрөнгө хураах юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий.
Сүүлийн 20 жилийн дотор Монголд баяжсан энэ хүмүүс аль ч ангилалд багтдаг байлаа гэсэн би “Оргил” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж хүний тухай бичих гэсэн хэрэг. Энэ хүний тухай өмнө нь бичиж байсан, одоо ч бичнэ, хожмоо ч бичих л болно. Би Баянгол дүүргийн иргэн, эндэхийн МАН-д харьяалагддаг, ахмад гишүүдийн нэг. Манай дүүрэг, хорооны МАН-ын хороо үүрүүд УИХ, орон нутгийн сонгуулиудад ялалт байгуулдаг, эвсэг, туйлбартай хамт олон байсан. Үүний тод илрэл бол 2016 оны УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ж.Ганбаатар нар МАН-аас нэр дэвшиж ялсан. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуульд манай дүүргийн МАН-ын хороо 75 хувийн ялалт авчирсан. Энэ бол том үзүүлэлт. Энэ ялалтыг Ж.Батсайхан даргатай Баянгол дүүргийн намын хорооны удирдлага, гишүүд идэвхтнийхээ нөр хичээнгүй ажлын үр шимээр авчирсан юм.
Одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа Ж.Батсайхан манай намын шилдэг удирдагч зохион байгуулагч болох ирээдүйгээ ингэж харуулсан хүн л дээ. Дүүргийн намын байгууллага ялалт байгуулсны дараа юу болсон гэж санана. Өрөвдөхөд өр лүү өшиглөнө” гэгчээр арай чамай ялалт байгуулж УИХ-ын олбогт заларсан Ж.Ганбаатар маань нэг л өдөр хуйвалдаанаар Баянгол дүүргийн МАН-ын хороог эзлэн авч, өөрийгөө намын хорооны дарга гэж зарласан. Яагаад гэсэн чинь “Ирэх сонгуулиудад Баянгол дүүргийг мөнгөтэй хүн удирдахгүй бол болохгүй байна. С.Эрдэнэ гэдэг баян хүнтэй би л өрсөлдөж чадна. С.Эрдэнийн вант улсыг нураана” гэдэг байгаа. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд тэнцэлгүй хасагдсан. Ардчилсан намд үйлчилсэн, гомдож горойсон голдуу хэсэг бүлэг хүмүүсийг их мөнгөөр хахуульдан цуглуулж тусгаар тогтнолын ордонд хурлархуу юм хийгээд өөрийгөө дүүргийн намын хорооны дарга болгочхож байгаа юм. Дүүргийн намын хорооны албан ёсны тамга тэмдэг одоо хүртэл Ж.Батсайхан даргад хадгалагдаж байгаа. Ж.Ганбаатар манай намын хяналтын хорооны тухайн үеийн зарим удирдлагатай хуйвалдан хуурамч тамга хийлгэн өнөө хүртэл ашиглаж байгааг юу гэмээр юм. Ингэж болдог юм уу. Намайг хүртэл “дэмжээрэй” гэж скочоор бүслүүрдсэн боодолтой мөнгө хүнээр явуулсныг би тэр чигт нь задалж үзэлгүй цагдаад аваачин бүртгүүлж өгсөн. Энэ боодолтой мөнгийг зуучилж авчирсан хүн нь одоо амьд сэрүүн, ажил үүргээ гүйцэтгэж яваа. Монголын цагдаа их мөнгөтэй, УИХ-ын гишүүний өөдөөс яадаг ч үгүй юм билээ. Тэр мөнгө дүүргийн намын хорооны хяналт шалгалтын албаны хүний сейфээр дамжаад эзэндээ буцаж очсон байна билээ. Сургийг сонсвол хагас сая төгрөг гэсэн. Тэтгэврийн өвгөн над тэгж байгаа юм чинь, хурал зохион байгуулсан, өөрийгөө дэмжсэн хүмүүст хэчнээн саяыг өгөө бол. Хэдэн зуун саяар нь өгсөн байхыг ч байг гэх газаргүй. Энэ чинь л нөгөө авлига хээл хахуулийн хэргүүдийн ноцтой баримт явж байгаа байхгүй юу.
Тэр хуралд нь очсон манай намын гишүүд хагаралдаж тусгаар тогтнолын ордныг хүний цусаар будсан гэсэн.
Ж.Ганбаатар бол яаж ч хүч хэрэглэхээс буцахгүй хүн юм билээ. Тэгээд л өөрийн хамгаалалтын залуучуудаар дүүргийн намын хороог хүч түрэн эзэлж, зарим хаалга үүдийг эвдэж ороод, Ж.Батсайхан даргын өрөөнд хуурамч тамга тэмдэгтэйгээр одоо хэр нь эзэн сууж байгаа. УИХ-ын гишүүн болоод сэтгэл ханалгүй дүүргийн намын хорооны удирдлагыг булааж авах гэж ийм увайгүй загнасан хүнийг ямар улстөрч гэдэг юм. Ямар цэвэр ариун хүн гэдэг юм.
Одоо энэ хүн манай Ардын намыг 2020, 2021 оны сонгуульд гурав, дөрөв дэхээ ялагдуулахаар хоёр хэсэг хуваачхаад сууж байгаа. Дүүргийн намын хороо хоёр хуваагдсан. Намын үүрүүд хоёр хуваагдчихсан.
Ж.Ганбаатарын намын хороо гэж тусдаа, Ж.Батсайханы намын хороо гэж тусдаа хоёр намын байгууллага ажиллаж байна. Манайхан Ж.Батсайханыхныг нь “уу-гуул”, Ж.Ганбаатарынхныг нь “урвагч” гэж нэрлэдэг. Тусдаа хурлаа хийнэ. Тусдаа ажил зохионо. Дунд нь хов зөөдөг, тагнаж туршдаг хүмүүстэй, Баянгол дүүргийн МАН-ын хороо гэж ийм газар ажиллаж байгаа.
Ж.Ганбаатар гэж хүн бол бүх зүйлийг мөнгөөр хийнэ гэдэг, хийж ч байгаа. Намын үүрийн дарга нараар өөрийнхөө хань хамсаатан, сонгуульд нь цүнхийг нь бариад явж байсан, бэлэг сэлт, мөнгө төгрөгийг нь тарааж байсан хүмүүсийг тавьчихсан. Тэд нь намын гишүүд идэвхтнүүдийн нэг хэсгийг байсхийгээд л автобус хөлөглүүлэн авч явж амраах нэрээр архидуулна. Нэг удаа “гишүүд идэвхтнүүдээ Аглагын хийдэд аялуулна. Та гэр бүлийн хамт яваач” гэхээр нь настай, шүтлэгтэй хүний хувьд бид хоёр явсан. Тэгсэн чинь хийд сонирхуулах далимаар бөөн архидалт болсон. Ж.Ганбаатарын дэмжигчид, бараг л “хавтгай” ирнэ билээ. Авдар авдраар нь архи ачиж явдаг юм билээ. Түрүүчийн Ерөнхийлөгчийн, орон нутгийн хоёр сонгуулиар баян хүний балаг иймэрхүү байдлаар үргэлжилж манай намыг ялагдуулсан юм.
Сонгуулийн жирийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Манай ард түмэн, тэр дундаа намын гишүүд, ямар бодолтой хүн “баг өмсчихөөд” мөнгө, гурил, будаа тараагаад байна гэдгийг ойлгохтой болсон байна. Мөнгийг нь авчхаад эсрэг санал өгчихөө гудайхгүй болсон байна. Сонгуулиас хойш УИХ, Засгийн газарт, агентлагуудад авлигын мөнгөөр шургалж орсон “Ганбаатарчууд” олон бий. Тэднийг хаа байгаа газраас нь зайлуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүл гэж ард түмэн шаардаад байгаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж хүн одоо эрээ цээрээ алдсан. МАН-ын Улаанбаатар хотын бага хурал, Баянгол дүүргийн намын бага хурлуудад өөрсдийгөө дэмждэг хэдэн хүнийг оролцуулж, бусад үүр хорооны олон зуун гишүүнийг “Ж.Батсайханыг дэмждэг” гээд оролцуулахгүй, дуулгах ч үгүй өнгөрч байгаа юм. Иймээс намын үүр хороодын ажил зогсонги байдалд орж, дүүргийн намын даргын өрөө цоожтой, тоосонд дарагдаад сар жилүүдийг элээх боллоо.
Би энэ намд 55 жил болж байгаа ахмад гишүүний хувьд, сонгууль болгонд намаа сурталчлан оролцож байгаа ахмад сэтгүүлчийн хувьд намынхаа эв нэгдэл, шударга үнэний төлөө чадах бүхнээ хийсэн. Ж.Ганбаатарын төлөөний хүнээр “Намынхаа эв нэгдлийг хангая. Энэ янзаар бол 2020, 2021 оны сонгуульд Баянгол дүүргийн МАН дахин ялагдана. Иймээс өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд та санаачилга гаргаад хоёр талаас тэнцүү тооны төлөөлөгч оролцуулан, ний нуугүй зөвлөж ярилцаад итгэлцэлд хүрч, Баянгол дүүргийн намын хороо, үүрүүдийн удирдлагыг олонхын саналаар сонгон байгуулж, эрч хүчтэй ажилламаар байна” гэсэн. Хариу өгөлгүй таг чиг. Ингээд Ж.Ганбаатарынхан гэдэг хэсэг бүлэг хүний дарамтад, зуу зуун жирийн гишүүн, идэвхтэн гадуурхагдаж байна. Баянгол дүүрэг бол хүн ам олон, мянга мянган гишүүнтэй, аливаа сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадах том хүч билээ. Гэтэл Ж.Ганбаатар гэж ганц баян хүний гар дор, улс төр иргэнийхээ эрх мэдлийг хавчин доромжлуулж баймааргүй байна. Сая, хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн намын хорооны бага хурал гэж бараг л “дайн” боллоо. Ж.Ганбаатар өөрийн талын хүмүүсээ бага хуралд оролцуулаад үүрүүдээс сонгогдсон “Ж.Батсайханы” гэх хүмүүсийг хуралд оролцуулалгүй хаслаа. Энэ хасагдсан төлөөлөгчдийн дунд миний нэр явж л байгаа юм. Баянгол дүүргийн намын хорооны албан ёсны тамгаа бариад явж байгаа, өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Ж.Батсайханыг Ж.Ганбаатарын хамгаалалтын албаны залуучууд хурлаас хүч хэрэглэн гаргаж, боож, золтой л алчхаагүй байх юм. Цагдаа нар очиж зохицуулжээ. Энэ тухай бүрэн бичлэг телевизээр гарна. Тэр бүлэг хүмүүсийн нэрсийг тодруулж, Ж.Батсайхан дарга, турхирагч Ж.Ганбаатарынх нь хамт хууль хяналтын байгуул¬лагад өгөх байлгүй. Тэгээд Ж.Ганбаатар өнөөх тойрон хүрээлэгчдээрээ дэмжүүлэн дахин Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга болсон байна. Дүүргийн намын хорооны даргын төлөө ингэж “алалцаж” болдог юм уу. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Хууль хяналтын байгуул¬лагууд үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ. Ард түмэн минь, аль ч намын гишүүн байсан та дараа дараачийн сонгуульд хэдэн төгрөг, борлуулалтгүй бараа материал, гурил будаанд хууртаж Ж.Ганбаатар мэтийн хүмүүсийг төрд гаргаж ирэв дээ. Одоо харж байгаа биз. Нөгөөх итгэл хүлээлгээд УИХ-д сонгочихсон хүмүүсийн чинь олонх нь “хулгайч” байсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг ямар хүмүүс хувааж идэв. УИХ, Засгийн газрын гишүүд.Ж.Ганбаатар гэж хүн энд орсон ороогүйг би мэдэхгүй байна. Ер нь цахим сүлжээгээр УИХ-ын “76 хулгайч” гэж бичээд байгаа. УИХ-д хулгайч биш, цэвэр ариун хүн олон бий. Тэднийг ялгаж салгаж нэрээр нь олон түмэнд мэдээлэх нь зүйтэй байх.
Ямар ч байсан дэлгүү¬рийн эзэн Ж.Ганбаатар маань дэндүү “буруу сэхсэн” байна. Их хурлын шударга гишүүдтэйгээ байнга маргалдаж харагдах болсон. Саяхан, МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү хэрүүлийн үг чулуудаж, ямар шившигтэй харагдав. Сайд болгосонгүй гэж, тэгээд байгаа юм уу, Ерөнхий сайддаа хүртэл агсарч болохгүй л дээ. Харин У.Хүрэлсүх ухаантай хүн болохоороо “Та дүүргийн намын хорооны дарга хүн. Асуудал тавихаар гишүүд өөдөөс чинь ингээд байвал яах вэ гэж учирлана билээ. Ж.Ганбаатар минь одоо болно. Их үймүүллээ. Хэн бэ гэдгээ олон нийтэд таниуллаа. Хэдэн оймс илүү элээсний хувьд танд илэн далангүй хэлмээр зүйл байна. Монголын төрд чинь ухаалаг, уужуу тэнүүн бодолтой, шуналгүй, элдэв муу арга зальгүй, шударга үнэнч хөвгүүд охид алба хаших ёстой юм.
УИХ-ын гишүүн болонгуутаа, хүршгүй оргилд гарсан юм шиг бодож, дүүргийн намын хорооны даргыг хүртэл булаацалдаад байх өчүүхэн бодолтой хүн Монголын төрд ч, манай намд ч хэрэггүй гэдгийг хэлье. Их мөнгө, эд бараа харчхаад, таныг бараг л долоох нь холгүй яваа хүмүүсийн мэдээлэл надад бий. Тэд чинь ингэж сурсан хүмүүс. Хүнийг албан тушаалаа өгчихөөр, эргэж харах ч үгүй яваад өгдөг юм. Би тэр хүмүүсийг нэртэй устай нь хэвлэлд бичнэ. Надад хангалттай материал байгаа.
Та залуу хүн, эхнээсээ л ийм хүмүүст битгий хөтлүүл л дээ. Бизнесийн ажил амьдралд тань сайн сайхныг хүсье. Гэвч хүмүүс, таныг богинохон хугацаанд яаж баяжсан, худалдааны салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн гадуурхаж байгааг шалгуулна л гэх юм байна шүү.