Энэ удаа бид уншигч та бүхнийг АНУ-ын Иллойнис муж улсын Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа жирийн нэг монгол залуутай танилцуулах гэж байна. Энэ бол 2009 онд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн дээд сургуулийг Интерьер дезайнер мэргэжлээр төгсөөд эх орондоо ажиллаж байгаад 2015 онд АНУ-д мэргэжлээ дээшлүүлэхээр явсан энэ залуу өнөөдөр америкийн дизайны “555 international” компанид дизайнераар ажиллаж байгаа Дамдинжавын Майдаржав. Одоо энэ залуу Лос-Анжелес хотноо болох 2028 оны зуны олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн загвар дизайны төсөл дээр ажиллаж байгаа юм байна.
-Монгол залуу гэх юм. Монголдоо сургууль төгссөн мэргэжилтэн яаж яваад ийм карьерт хүрэв гээд яриагаа эхлэх үү?
-Монголд эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлж илүү ихийг сурахаар ирснээсээ хойш сурахын хажуугаар мэргэжлээрээ ажиллах бүхий л нөхцөл бололцоог цөхрөлтгүй хайж, ямар ч нөхцөлтэй байсан хамаагүй мэргэжлийнхээ тал дээр туршлага олж авах гэж улайрсан, Том гүрэнд өрсөлдөөн ихтэй болохоор Америкт байгууллагууд ажилласан туршлагыг голчилно, дөнгөж ирсэн надад Монголдоо хийсэн хэчнээн сайн төсөл ч тэдний хараанд өртөхгүй, жирийн л нэг гадаадын хүн гэж харагдсан. Уг нь би чинь эх орондоо төгссөнөөсөө хойш зургаан жил ажилласан, нэлээд хэдэн том төсөл дээр ажиллаад үзсэн бага ч гэсэн туршлагатай байлаа.
Гэтэл энд бүх зүйлийг шинээр харж, орчиндоо дасах, эндхийн инч-н хэмжигдэхүүнээс эхлээд барилгын бүх стандарт, норм дүрмийг шинээр сурч судлах шаардлагатай болсон. Гэсэн ч би итгэл найдвараа алдалгүйгээр эрчимтэйгээр ажил хайж олон байгууллагад хандсанаар хамгийн анх Архитектурын зураг төсөл хийдэг компанид зургийн драфтэрээр орсон. Компани надад цалингүйгээр дор хаяж хагас жил ажиллаж байж жинхлэх болзол тавьсан ч миний хувьд боломж гэж харагдсан учраас тэр дор нь зөвшөөрч, мэдлэг-чадвар-туршлагын төлөө зүтгэсэн.
Тэгээд удалгүй Америкийн үндэсний сүлжээ телевизүүдээр хийгдэх интерьер дезайны нэвтрүүлэгт ажиллах урилга авсан. Тэр шоу нэвтрүүлэг маань 2016 онд гарч хүмүүст нэлээд хүрсэн дээ. Түүнээс хойш илүү олон зүйлд өөрийгөө сорьж үзмээр санагдаад “Хоспиталит“ чиглэл рүү татагдаад одоо хүртэл энэ чиглэлээрээ ажиллаж байна. “Хоспиталит“ чиглэл нь товчхоноор бол “commercial “ төрлийн төслүүд юм.
Одоо миний ажиллаж байгаа компани байгуулагдаад 40 жил болж байгаа, нэлээд амжилттай яваа компани. Бид энд зөвхөн интерьер гэхээс илүү тухайн бизнес хөгжүүлэх бүхий л талаас нь бодож төлөвлөж 5-10 жилийн цаадахыг нь харж хийхийг зорьдог. Одоо бид 2028 онд болох Лос-Анжелос хотод болох зуны олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн төсөл дээр ажиллаж байна. Мөн сагсан бөмбөгийн домогт тоглогч Майкл Жорданы “Jordan Steakhouse” зоогийн газар, рэп дуучин Kenya West-ийн төслүүд дээр ажиллаж байна.
-Английн хөлбөмбөгийн алдарт “Manchester United” багийн анхны албан ёсны brand store-н интерьер дезайныг хийлцсэн гэж дуулсан?
-Аан тийм. Өнгөрсөн жил “Manchester United”-ын албан ёсны дэлгүүрийн төслийг хийж гүйцэтгэсэн. Би өөрөө энэ багийг дэмждэг болохоор маш их сонирхож, хорхойсч, мөн нэлээд судалгаа хийж дизайныг нь гаргасан. Бид багаараа маш сонирхолтойгоор хийж, тухайн багаар өвчилж, тоглолтыг нь шимтэн үзэж, өөрсдөө талбай дээр тоглож байж хүртэл судалгаа хийж байлаа. Одоо тэр дэлгүүр маань Хавайд нээгдэхээр бэлтгэж байгаа. Хөл бөмбөгийн жирийн нэгэн хөгжөөн дэмжигчийн хувьд энэ бол үнэхээр том аз завшаан.
-Манай залуучууд эх орондоо болохоор ажил олдохгүй гэдэг, эсвэл цалин голоод өөрсдөө ажилладаггүй. Манайхны мэргэжил, ур чадвар ер нь хэр юм бэ дээ? Өөрөө эх орондоо бас ийм ажил хийж залуустай хамт ажиллаж байсны хувьд...?
-Манай залуучууд хийе гэвэл юуг ч хийх бүрэн нөөц бололцоо, чадвартай. Мэдлэг чадвар нэг их дутаад байх зүйлгүй. Аливаа зүйлийг амархан бас хурдан сурдгаараа бусдаас илүү болохоор ямар ч шинэ сорилттой тулахад даваад л гардаг. Гол нь тухайн ажлыг хийх чин хүсэл, зорилго байхад аяндаа түүндээ татагдаад улам сайжирдаг. Нэгэнт тухайн ажил мэргэжилдээ сайн хүн тэр хэвээрээ хүмүүст үнэлэгдэж, орлого нь ч нэмэгддэг.
-За Солонгос, Чех ч яах вэ голдуу гэрээгээр хар бор ажил хийдэг. Өөр бусад улсад болохоор л манайхан хэнээс ч дутахгүй, мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлээд явах юм. Гадныхан манай залуусыг хэр үнэлдэг юм бэ дээ?
-Гадныхан ихэнх нь биднийг Чингис хаанаар маань л мэдэхээс орчин үеийн Монголчууд ямар чадвар чансаатайг тэр болгон мэдэхгүй. Харин бид ажил төрөлдөө амжилт гаргаснаар тэдэнд өөрсдийгөө таниулж мэдрүүлэх боломжтой гэж үздэг.
-Дэлхийн нэртэй энэ том компани байгууллагууд боловсон хүчнийг хэрхэн шалгаруулж авдаг юм бэ? Манайд бол хэн нэгэн том хүн ярьж хаалгадаж байж л сая нэг юм ажлын зах зухаас барьж авдаг шүү дээ, CV чухал байдаг уу, ярилцлага чухал уу?
-Аль аль нь мэдээж чухал. Мөн бас хувь хүний хандлагыг чухалчилж үздэг. CV-гээ хэрхэн бэлдэж, түүндээ ач холбогдол өгсөн зэргээс л эхэлж тухайн байгууллагын анхааралд өртөх үү эсвэл зүгээр л үзэгдээд өнгөрөх үү гэдгээс л эхэлнэ. Эзэмшсэн мэргэжил, ажилдаа эзэн нь байж чадах юм бол компанид ажилд орох нь тийм ч том асуудал биш. Энд бол манайх шиг арын хаалгаар ажилд орно гэдэг ойлголт байхгүй. Нийгэм эдийн засгийнхаа шаардлагын дагуу чадвартай болоод ирээдүйтэй хүнийг харж авдаг. Мэдээж байгууллагын хувьд тухайн ажилтанд төлж байгаа цалингийн зардлаа дэмий үрэхгүйг хүснэ шүү дээ. Чадваргүй хүн цалинжуулна гэдэг өөрсдөө л хохирно шүү дээ. Миний ажиллаж байгаа компани надаас хэд хэдэн шатны ярилцлага болон мэргэжлийн шалгалт авч байсан.
-Манайд бол боловсролыг чухалчилдаг. Албан байгууллагын удирдлага ч, ажилтан залуучууд ч... Тэгээд л заавал нэг дээд сургууль төгсөх гээд зүтгэчихдэг. Харин энд юуг илүү харгалзаж боловсон хүчнийг сонгодог бол...
-Диплом, хийсэн бүтээл, чадвар... гээд янз бүр. Тухайн байгууллагын үзэмжээс л болдог. Мэдээж мэдлэг боловсрол чухал ч хийсэн бүтээл, туршлага, сэтгэл зүтгэл хандлагыг чухалчилдаг. Дипломыг тэгж их шүтээд гол үзүүлэлт болгоод байдаггүй. Диплом нь тухайн хүнийг сургуульд сурч төгссөнийг л батлахаас сурсан мэдлэг, чадвар туршлагыг бүрэн илэрхийлж чадахгүй. Гэхдээ сургуульд битгий сураарай гэж байгаа юм биш. Сурсан зүйлдээ л эзэн болох хэрэгтэй л гэсэн үг.
-Өөр улс оронд нэрийг нь сонсоод сүрдмээр байгууллагад ажилд орох хүнд байв уу, дурсамжаа хуваалцаач...
-Анх би энэ компанийг Чикагогийн нэлээд алдартай ресторануудыг мөн Gucci, Hermes, Tiffany brend-н дэлгүүрийн дизайныг хийдэг компани гэж мэддэг байсан. Тэгээд өөрийгөө сорьж үзэхээр шийдэж өөрийнхөө портфолио явуулаад удаагүй байтал надад долоо хоногийн дараа ажлын ярилцлагад орох санал ирээд, хэд хэдэн шатны шалгаруулалтын дараа авсан. Тэгэхэд надтай ижил мэргэжлийн 130-аад хүн өрсөлдөж байсан даа.
-Гэр бүлээ танилцуулаач. Одоо тэнд байгаа юу?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ажлын онцлогоос ч юм уу ихэвчлэн өдөр шөнөгүй сууна. Өглөө үүрээр гараад шөнөдөө л ирдэг болохоор арын маань бүхий л ажлыг эхнэр минь зохицуулдаг. Ханьдаа баярлалаа гэж хэлэх ч багадмаар санагддаг. Саяхан манайх шинэ хүнтэй болоод дээрээс нь коронагийн хөл хорионоос болоод ажлаа гэрээрээ хийнгээ гэр бүлтэйгээ хамт байх боломж гараад байна. Одоохондоо эндээ ажиллаж байгаад ирэх жилээс Монголдоо очих бодолтой байна. Мэдээж сурсан, хураасан туршлагаараа эх орондоо очиж өөрийн салбартаа бага ч гэсэн нэмэр болох хүсэлтэй байгаа.
-Уг нь өөрийг тань Оюу толгойд дизайнер хийж байсан гэж дуулсан. Манайдаа л гайгүй цалинтай, нэр хүндтэй ажил. Яагаад гэнэт гадаадыг зорив. Нууц биш бол?
-Оюу толгой компанийн “Тусгай төслүүд“-ийн багт орж ажиллах завшаан тохиож хоёр жил гаруй ажилласан. Мөн боловсролын салбарт хэд хэдэн сургууль коллеж мөн нисэх онгоцны буудлын төсөл дээр ажилласан. Тухайн үеийн Төсөлд хамтран ажилласан хамт олон болоод удирдлага маань их сэтгэл гаргаж Монгол Улсад маань бүтээн байгуулалтыг хийж байсныг бодохоор тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэл төрдөг. Харамсалтай нь хөрөнгө оруулалтаас болоод цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тэгээд л мэргэжлээ дээшлүүлж сурч мэдэх зорилгоор наашаа ирсэн дээ.
-Манай Монголчууд хүний хөдөлмөрийг хэр үнэлдэг вэ. Цалин болоод бусад хэлбэрээр?
-Янз бүр л байдаг байх. Тухайн байгууллагын удирдлага болон хүний нөөцийн чадвараас шалтгаалдаг. Монголдоо ойрд очоогүй болохоор хэрхэн өөрчлөгдсөнийг нь сайн хэлж мэдэхгүй байна.
-Дизайн, загвар бүтээнэ гэдэг авьяас чадвар уу, эсвэл мэргэжил үү, бүүр өөр сэтгэлгээ юү?
-Сайн загвар дизайн бол судалгаа, мэдрэмж, мэдлэг, туршлага, хамтын ажиллагаа. Энгийнээр хэлэхэд нэг ажлын төлөө төрөл бүрийн судалгаа хийж, түүн дээрээ үндэслэн шинэ санаанууд гаргаж, түүнийгээ туршлагаараа баталгаажуулж, баг хамт олонтойгоо хамтран ажилласны үндсэн дээр тухайн загвар дизайн бүтдэг. Төрөл бүрийн төсөл дээр ажиллахад тухайн зүйлтэйгээ холбоотой маш их зүйл судалж, шинэ шинэ мэдлэг олж авах боломжтой байдаг болохоор төсөл бүр дээрээс шинийг сурч байдаг.
-Телевиз, Зоогийн газар, Спортын гээд олон чиглэлээр ажиллаж байсан байх юм... Энд цэвэр өөрийн сэтгэлгээгээр ажилладаг уу, тухайн байгууллагын шаардлагыг гол болгодог уу?
-Мэдээж эхлээд тухайн байгууллагын хүсэлтийг хүлээж аваад, судалгаа хийгээд тэр санааг нь улам баяжуулж, өөрсдийнхөө зүгээс сайжруулаад зорилго чиглэлийг нь илүү тодорхой болгож, 5-10 жилээр харж загвар дизайн бүтээдэг. Захиалагчид бол санаагаа хэлээд л бидэнд бүрэн даатгаж ажлаа хийх эрх чөлөөг олгодог.
Мэдээж бид тэр хэрээр улам хянамгай байж, бидний хувьд нэг зураас илүү зурахад л тэр нь захиалгаас эд материал, цаг хугацаа, санхүү болон ажиллах хүчний зардал болж гардаг учраас маш олон хувилбар дундаас зөв сонголт хийж, чанартай бүтээл хийхийг зорьдог.
-Өөрөө загвар дизайны нэг баг хамт олонтой яваад байна уу, ганцаараа юу?
-Ихэвчлэн багаараа, туршлагатай дизайнерууд нь багаа толгойлоод төслүүд дээр ажилладаг. Миний хувьд Спорт ретайл болон рестораны дизайн төслүүдийг хариуцсан багийн Lead Designer гэж явдаг.
-Ажил яаж олох вэ... Тендер шалгаруулалтад орох уу...?
-Төсөл бүртээ сэтгэл шингээж амжилттай хийсний дараа түүнийг харсан ирээдүйн захиалагчид ар араасаа гарч ирдэг. Мөн тендерт ч орж томоохон төслүүдээ авдаг.
-За амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМ" СОНИН