Ц.ХАС
-2019 онд багтаан ашиглалтад өгнө гэсэн зам жил өнгөрөөд байхад таг чиг л байна-
Олон нийтийн сүлжээнд нэвтрэх бүрийд “Дарханы зам там болжээ”, “Дарханы замд авто осол гарлаа”, “Дарханы замд осол гарч хүний амь эрсэдлээ” гэсэн пост мэдээлэл хөвөрсөөр. Монгол Улсын авто замын хөгжлийн түүхэнд Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлийн замын дараа хатуу хучилттай болсон 220 км энэ зам яагаад өнөөдөр МАН-ын ээлжит засаглалын үед ТАМ болчхоод ингэж олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйрүүлэхэд хүрээд байна вэ...
Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт “Сахигтун, Үндсэн хуулийн-19” эвслээс нэр дэвшигчдийн багийнхан Төв аймгийн Борнуур сумын цаана Тахилтын давааны ард осолд орж, хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт хэрэг гарлаа.
Монгол Улсыг хөгжлийн манлайд хүргэж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн “Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд” орсон байхад Монголын хоёр том хотыг, цаашлаад аялал жуулчлалын гол бүс Хөвсгөл аймагтай холбодог энэ гол зам яагаад ийм осол, үхлийн зам болчхоод байна вэ.
Үлгэр ингэж эхэлж
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргажээ. Одоо байгаа хоёр эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчлэхээр шинээр нэмж барих хоёр эгнээ нийт дөрвөн эгнээ авто замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээг 2018 оны долдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулсан юм байна. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны гуравдугаар сард хийжээ. Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах таван багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны гуравдугаар сарын 21-нд зарлаж, гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр сонгон шалгаруулсан байна.
Хятадуудад хайртай МАН
Авто зам засварлаж өргөтгөх энэ ажлыг Монгол Улсын Засгийн газар таван хэсэг болгон хуваан хэсэгчилж тус бүрийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж”, “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп), Гуйжоу Хайвэй Инженеринг Групп, Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп), Чайна Жео-Инженеринг Корпорацыг тус тус шалгаруулжээ. Монголын авто зам барилгын компаниудын техник нь сайжран, ажиллах хүч нь мэргэшиж эрх биш хөлөө олж байхад У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын Б.Энх-Амгалан сайдтай энэ яам гадны банкны төслийн энэ их хөрөнгийг зөвхөн хятадуудад найр тавин өгсөн байна.
Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд нэгэн ярицлагадаа “Өнөөдөр олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтыг хариуцсан 28 байгууллага байдаг. Үүний 20 нь төрийн өмчийн компани, найм нь хувийн өмчийн компани” гээд “Гадаад, дотоодын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар зам барьсан гадаадын компаниуд ажлаа дуусгаад барьцаа хөрөнгөө аваад яваад өгдөг. Одоо энэ байдлыг өөрчилж, үндэсний компаниудаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна” гэж хэлсэн байдаг.
Замын салбарт насаараа ажиллаж, МАН-ны нэрээр УИХ-д сууж байсан, замын салбарыг, зам барилгын компаниудынхаа хүчин чадал, хүмүүсийн чадварыг мэддэг энэ хүний үг, ард түмний, үндэсний компаниудын эрх ашиг хятадуудад хайртай У.Хүрэлсүх, Б.Амгалан хоёрын нүд чихний хажуугаар өнгөрч.
Гэхдээ бас бүх мөнгөө найз хятадууддаа өгөөд явуулчихалтай биш өөрсдөө дундаас нь идэх хөрөнгөө Улсын төсвөөс гаргуулаад авсан гэж байгаа. Зарах хөрөнгө ингээд энэ том ажлаас идэж завших шунал нь дууссангүй, зөвхөн замын барилгын ажлын талбай бэлтгэж барилга обьект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт ажилд 6.5 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас гаргаж зарцуулах шийдвэрийг Засгийн газар тогтоол гарган баталжээ. За ингээд л гадаадын зээл, ард түмний татварын асар их хөрөнгөөр “коммунизм” байгуулах ажилдаа орлоо.
Сүржин эхэлсэн ажлын даржин явц
Өргөтгөл шинэтгэл хийж дуусахад далангийн өргөн 11 метр, хучилтын өргөн есөн метр, зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох их замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслол 2019 оны зургадугаар сарын 17-нд болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж тууз хайчлав. Зүгээр ч нэг тууз хайчлаад зогссонгүй салбар хариуцсан сайд болон бусад асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтаар зам барилгын гүйцэтгэлийн ажлын эхлэлийг газар дээр нь үзэж шалгаж зарим үүрэг даалгавар өгсөн байна.
Ингэхдээ Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд Дарханы замын засварын ажлыг 2019 онд багтааж ашиглалтад оруулахыг болгон, “толгойгоороо хариуцахыг” даалгажээ. Гэхдээ Б.Энх-Амгалан сайд замын ажлыг 2019 оны арваннэгдүгээр сард дуусгана хэмэн амласан байна. Гэтэл МАН-ын “сэлэмдэгч” дарга, Ерөнхий сайдын дуусгахыг үүрэг болгосон 2019 он дуусаад даруй зургаан сар өнгөрч баяр ёслолын байдалтайгаар тууз хайчилсны нь нэг жилийн ой болж байхад шулуухан хэлэхэд ганц км зам ч бэлэн болоогүй л байна.
Хүний амь эрсэдсээр
Дархан-Улаанбаатар хоёрын хооронд ёстой там л гэгч байна. Өнөөх 6.5 тэрбум төгрөг зарцууллаа хэмээн сүржигнэсэн түр замаар нь явдаг машин ч байхгүй, жолооч нар аюулгүй, цагааныг нь бодож өөр өөрийн дуртай, эрүүл газраар давхисаар байгаад энэ хоорондох тал нуга танкийн хороо хээрийн сургууль хийсэн юм шиг салаалсан олон зам бүхий халцгай тал болжээ. Муу зам гэдэг машин тэргэнд халтай нь хэнд ч ойлгомжтой. Иргэн А.Цэрэнбат энэ оны хоёрдугаар сарын 19-нд санал нэгдсэн 200 гаруй иргэнийг төлөөлж байгаа гэдгээ хэлээд “Дарханы энэ муу замаас болж иргэд 500-гаас 40 сая төгрөгийн хохирол амсч байна” гэж мэдэгдсэн.
Дарханы замаар өдөрт бараг зургаан мянга орчим, амралт аялал зугаалгын үеэр 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн баримжаа тоо байдаг болохоор арга ч үгүй биз. За тэр муу замаар явсан иргэдийн машин тэрэг эрэг боолт нь суларч гэмтэж эвдрэх, тоос тортог болох нь ч яамай гэхэд ажлаа хариуцаж, зохион байгуулж чаддаггүй У.Хүрэлсүх, Б.Энх-Амгалан нараас болж энд өдөртөө л хэд хэдэн авто осол гарч хүмүүс бэртэж гэмтэн, амь насаа алдсаар байна.
Дарханы замд 2019 оны эхний зургаан сарын байдлаар 200 гаруй авто осол гарч ослын улмаас 300 гаруй хүний амь нас эрсдэж, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болон, бүртгэгдсэн мэдээ байдаг. Энэ бол хуучин ч гэсэн замтайгаа байсан, замыг хуулж хаяад байсан үеийн мэдээ. Гэтэл огт замгүй болж, 6.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэх түр зам нь өөрөө там болчихсон үед хэчнээн хүний алтан амь эрсдээ бол. Гэтэл дэлхий дахиныг тэвдүүлсэн коронавирусийн цар тахлын халдвараар 52 сая хүн амтай Өмнөд Солонгосоос ердөө 273 хүн л амь насаа алдсан юм шүү дээ.
Унасан бөхөд шалтаг мундахгүй
“Сэлэмдэгч” У.Хүрэлсүхийнхээ өгсөн үүрэг даалгаврыг ч, өөрийнхөө амлалтыг мартаж манарсан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэгч этгээд “Энэ замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэж хэлж байснаа умартаад “Ажил удааширч байгаа нь коронавирусээс болж байна” гэж хамаг буруугаа цар тахал руу чихэв.
Гэтэл коронавирусийн анхны тохиолдол, Б.Энх-Амгалан сайдын зам ашиглалтад оруулна гэснээс нэг сарын дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ухань хотоос илэрсэн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Б.Энх-Амгалан ажлаа олигтойхон хийгээд хэлсэн ярьснаараа замаа 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгчихсөн бол ямар ч эрсдэлгүй байх байж.
Хамаг буруугаа коронавируст өгч суугаа Б.Энх-Амгалан бас гуравдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах хятадын 105 ажиллах хүчнийг энэ ирэх ням гарагт чартер нислэгээр татаж авна” гэж хэлэн олны дургүйцлийг төрүүлээд авсан.
Ер нь ямар нэг тодорхой хэмжээний хөрөнгө зарж хийж гүйцэтгэх ажлын сураг гарахаар “хятадын компани, хятад ажилчид” юун түрүү санаанд нь буудаг МАН-ын эрхэм түшээдийн нэг нь энэ Б.Энх-Амгалан. Хятад ажилчид хямд хөлсөөр ажилладаг болохоор дундаас нь багагүй юм унадаг болоод тэр биз.
Одоо бүр цайрсаан
“Дарханы зам там боллоо” гэж дээр доргүй шуугьж, авто осол гарлаа, хүний амь нас эрсэдлээ гэсэн мэдээлэл өдөр алгасахгүй дуулдаж байхад, “хариуцлагагүй, авлигач нөхөдтэй хатуу хариуцлага тооцно” хэмээн сүржин мэдэгдэж байсан МАН-ын дарга У.Хүрэлсүх таг чиг. Ярьж байснаараа замын нээлт дээр Б.Энх-Амгаланг “толгойгоороо хариуц” гэж байснаараа бол аль хэдийнээ “У.Хүрэлсүхийн сэлэм гялс, Б.Энх-Амгалангийн толгой бөндгөс” болох байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй, бие биедээ найр тавиад, оронд нь энэ зам дээр машин өнхөрч, мөргөлдөж эгэл хүний амь нас эрсдэж байна.
У.Хүрэлсүх энэ хариуцлагагүй сайд Б.Энх-Амгалангаа өнөөдөр Говь-Алтай аймагт нэр дэвшүүлчихсэн, өнөөх нь Говь-Алтай аймгийн бүх сумдыг хатуу хучилттай замаар аймгийн төвтэй холбоно гэсэн үлгэр яриад явж байна. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос бүх сумдыг чиглэсэн авто зам чинь Улаанбаатар-Дарханы хоорондох 204 км-ээс хэдэн арав дахин урт юм шүү дээ уг нь.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН