Монгол Улс нь сонгох сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэндээ эдлүүлдэг. Учир нь манай улсын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үздэгээс тэр юм. Цаашлаад гаднын иргэншилтэй хүн Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших нь бүү хэл, Монгол Улсын аль ч сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох, манай улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд хориглосон байдаг. Мөн Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заажээ.
Гэтэл УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин Голланд улсын иргэн байх магадлал маш өндөр гэсэн жиргээ цахим ертөнцөөр тархаж байна. Үнэндээ эл шуугиан өнөөдөр гарсан зүйл биш л дээ. Түүнийг “Шарк” Амараа гэж нэрлэгдэж эхэлж байх үед Голландын иргэн гэж яригдаж, бичигдэж байсан. Үнэн бол тэрбээр Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд энэхүү эрхэм Нидерландын Вант Улсын иргэний харьяаллаа магадгүй нууж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоор нэр дэвших, цаашлаад УИХ-ын гишүүнээр сонгогдохоор санаархаж байгааг юу гэж ойлгох вэ гэх асуулт гарч байна. Мөн тэрээр "Монгол Улсын иргэний харьяатаас гарсан уу?", "Монгол Улсын иргэний харьяатаас гарах өргөдөл өгсөн үү?", "Нидерландын Вант Улс өөрийн иргэний харьяаллыг өгөхдөө өмнөх улсынхаа иргэншлээс татгалзахыг шаарддаг уу?", "Шаарддаг бол энэ улсын иргэн яаж болсон бэ?", "Манай улсын хуулийн хориглосон хязгаар яагаад үйлчилсэнгүй вэ?" гэх зэргээр олон асуулт шил шилээ даган хөврөх нь тодорхой. Учир нь Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана” гэж заасан байдаг.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцөөр тарж байгаа энэ мэдээлэлд Г. Амартүвшин одоог хүртэл ямар нэгэн тайлбар хэлж, ам нээгээгүй байна. Түүнд иргэншлээс илүүтэй, бичгийн сод хүмүүн еншөөбүү Б. Ринчингийн зээ хүү гэгдэх нь л чухал байгаа бололтой.
Хууль тогтоогч хууль зөрчиж үл болно
Энэ асуудлыг цахим ертөнцөд тууштай хөндөж байгаа хүн бол “Хас” банкаар овоглодог Ч.Ганхуяг. Тэрбээр хоёр хоногийн өмнө Унгараас LIVE хийсэн. Тэгэхдээ “Хан-Уулд нэр дэвшигчийн талаар шууд лайв хийх нь зүйтэй гэж бодлоо. Энд Ганхуягийн тухай асуудал яригдаагүй шүү, дайраад ороод ирэв. Би дэвшээгүй, хууль зөрчөөгүй. Асуудал байна. Түүнийгээ шийд гэж хэлж байна” гэсэн өмнөтгөл оруулсан.
“Хас”-ын Ч.Ганхуяг: “Бүх хүн сонгуульдаад завгүй байгааг ойлгож байна. Мөн сонгогчдын талаарх жиргээ болон Фейсбүүкийн LIVE-нд дарагдаж байгааг мэдэж байна. Гэхдээ би сонгуультай холбоотой нэг асуудлаар санал өгөх сонгогчдодоо болон журмын нөхдөдөө хандаж байгаа юм. Маш их эргэлзээ байгаа юм. Би ч бас хэлээ татаж, үгээ залгиж, амаа барьж чадаагүй. Энэ дундуур нь сайн муугаараа хэлүүлээд амжиж байна. Гэхдээ хэлье гэсэн юмаа хэлчихье гэж бодож байна. Эргэлзэж тээнэгэлзээд, нууж хаагаад байх юм байхгүй. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ганибалын Амартүвшин нэр дэвшиж байгаа. Би мань эрийг 2006 онд Америкт байхад нь таараад Монголд ирж ажиллаач гэж урьж байгаад авчихсан. 2010 оноос “Хас” банкны орлогч захирлаар ажилласан. Банк хариуцаж ажиллаж байгаагүй. Гэхдээ бид хоёр найзууд байсан. Тэгээд хувь хүмүүсийн хооронд болдог, бизнесийн найзуудын хооронд гардаг асуудал болсон. Түүнийг би энэ удаагийн ярианы гол сэдэв биш гэж бодож байна. Би 2010 онд Сангийн дэд сайдаар томилогдоод явсан. 2012 онд сонгуульд ялагдаад бидний дунд асуудал эхэлсэн. Мань эрийг би дандаа Голландын иргэн гэж ойлгож явж ирсэн. Өнөөдөр УИХ-д дэвших болохоор энэ талаар журмын нөхдөдөө анхааруулж байгаа. Хоёр иргэншлийг Монгол Улс хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр би МАН-ын гишүүн, зүгээр бизнес эрхэлж байгаа хүнээс гадна Монгол Улсын иргэн. Сонгох, сонгогдох бүрэн эрхийг Монгол Улсын иргэнд л үүрүүлсэн байдаг. Үүрэгтэй нь хамт. УИХ-ын гишүүн гэдэг бол та бидний, бидний үр хүүхдийн ирээдүйг тодорхойлох бодлого тогтоох том, хариуцлагатай албан тушаал. Би өөрөө улс төрд явж байсан, УИХ-д нэр дэвшиж байсан хүний хувьд үүнийг сайн ухамсарлана. Хүмүүс энд нэг зүйлийг буруугаар хараад байх шиг байна. Би давхар иргэншлийг хувь хүнийхээ хувьд хүнд сонголт байх ёстой гэж итгэдэг шүү. Гадаадын иргэн байхыг хүлээн зөвшөөрнө. Монгол туургатан ахан дүүсээ, түүхийн жимээр тарж одсон элэг нэгтнүүдээ иргэншлээ өгөөсэй гэж боддог, үүнийгээ ч ярьдаг, хөөцөлддөг, дуугүй суудаггүй. Миний хүүхдүүд одоо том болж байна. Гадаад эхнэртэй байхыг би буруутгахгүй. Тэр хүний сонголт. Гэхдээ сонголт өөрөө хариуцлага дагуулдаг. УИХ-ын гишүүн болох гэж байгаа хүн улсынхаа хуулийг уландаа гишгэж болохгүй ээ. Энд намайг шүүх хэрэггүй. Би та бүхнээс юу ч хүсээгүй. Надад саналаа өг гэж гуйгаагүй. Харин зар бариад ирсэн хүнийг битгий алаач ээ. Ингээд байхаар чинь үнэн шударга гэж та нарын яриад байдаг тэр зүйлийг чинь хэзээ хэн барьж очоод та нарын төлөө дуугардаг болох юм бэ. Шударга ёс гэж дандаа ярьдаг биз дээ. Тэгчихээд “Ийм байгаа шүү. Үүнийг шалгаач” гэсэн хүнийг дайруулж алчих гээд байх юм. Би Унгарт гацчихаад, харьж ч чадахгүй ажлаа зайнаас хийгээд сууж л байна шүү дээ. Зайнаас ч гэсэн татвараа төлж байна, хүмүүсийг ажилд авч байна. Тэр Г.Амартүвшинг ч гэсэн гадаадад сурч байхад нь “Гадаадад сурч байгаа монгол залуус Монголдоо ирж ажиллаач ээ. Битгий хүний төлөө хөлсөө урсгаач” гээд авчирсан биз дээ.Тэр н.Болдоог ч гэсэн авчирсан. Ийм хулгайч, худалч, урвагч гэдгийг нь мэдээгүй, гадаад иргэн гэдгээр нь л авчирсан. Яагаад та нарыг молгидож байна, хулхидаж байна гэж хэлж байхад над руу дайраад байгаа юм бэ. Би иргэн хүн. Монгол Улсын эрх ашгийг өөрийн намынхаа эрх ашгаас дээгүүрт тавиад үгээ хэлж байгаа юм. Би амаа үдүүлчхээд шударга бусын дэргэдүүр хараагүй юм шиг амиа бодоод өнгөрдөг нэгэн биш ээ. Би түүгээрээ та бүхэнд танигдсан байх гэж найдаад байгаа юм. Залуучууд тийм байгаасай гэж хүсдэг. Би өөрийнхөө хүүхдүүдийг над шиг байгаасай гэж, “Энэ надад хамаатай зүйл. Шударга бусын дээгүүр алхаад өнгөрч болохгүй” гэж хүмүүжүүлж байгаа. Тэгээд “Үнэн мөний төлөө үхэн хатан зүтгэ” гэж уриалж байгаа. Би хүнд таалагдах гэж амьдрахгүй ээ. Өөртөө таалагдах гэж л амьдарна. Манай намаас журмын нөхөд маань намайг эзгүйд, энэ нөхрийн урхинд ороод нэрийг нь дэвшүүлчихлээ. Нэг өдөр намд элсээд л, нэг өдөр Бага хуралд дэвшээд л, нэг өдөр УИХ-д өрсөлдөх мандат аваад явчихлаа. Та бүхэн жинхэнэ сонгогдох эрх нь нээгдсэн байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хааж байгаад гарч ирж байна гэж ойлго. Сонгогчдоо эргэлзүүлж, тээнэгэлзүүлж байгаа худал зүйл байгаа бол түүнийгээ ил болгож, илэн далангүй мэдэгд. Би эхнэрээсээ салсан, түүнийгээ нуудаггүй. Надад эд хөрөнгө байгаа бол түүнийгээ ХОМ-тээ мэдүүлээд явчихдаг. Би Амарааг тэгэх ёстой гэж бодож байна.
Тэр Голландад байгаа байшингаа ил болго. Эхнэр хүүхдээ олон түмэнд мэдэгд. Чи УИХ-ын гишүүн болоод наад сонгогчдынхоо итгэлийг олж авах гэж байгаа юм бол болсон бүх үйл явдлыг өөрөө тайлбарла. Наад паспортоо ч тайлбарла. Битгий баахан хүнээр над руу “Иргэний үнэмлэх, виз байна” гээд чичлүүлж, юу ч мэдэхгүй мал шиг харьцаад бай, сонгогчидтойгоо. Бид чинь бас хүн шүү дээ. Бид наад балиар занг чинь өөрчлөх гээд, шинэ хүмүүсийг гаргаж ирэх гээд, залуучуудаа гаргаж ирэх гээд, энэ У.Хүрэлсүхийг хийж байгаа ажлыг дэмжээд байгаа юм шүү дээ. Чи битгий хорлоод бай гэж хэлмээр байна. Сонгуульд нь явж байгаа залуучууд нүдээ нээ. Худал хуурмагийн төлөө явж болохгүй шүү. Мөнгө бол нэг гараараа олоод нөгөө гараар урсаад гараад явчихдаг зүйл. Хулгайч, худалч, урвагч, дээрэмчдийг бид сонгож болохгүй ээ. Би өвөг дээдсээр нь түүнийг УИХ-д сонгоно гэж миний ой тойнд орохгүй байна. Б.Ринчин гуай ямар хамаатай юм бэ. Миний аав бас сайхан хүн байсан шүү дээ. Миний өвөө сайн хүн байсан. Та бидний өвөг дээдэс бүгд сайн сайхан хүмүүс байсан. Тэгээд яах юм бэ. Нэг л их өвөөгөөрөө халхавч хийгээд явсан хүн. Ингэж болохгүй. Хууртахаа боль. Хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ. Монгол Улсын төлөө зүрх нь цохилж ирсэн үү гэдгээр нь, хэдэн хүнд ажил олгосон юм, ямар бүтээн байгуулалт хийсэн бэ гэдгээр нь үнэл. Наад Голланд гэдэг чинь өөрөө оффшор бүс, нууцлалын хуультай. Мэдээллээ гаргаж өгөхгүй. Зүв зүгээр гадаадаас хөрөнгө татаад бизнес хийж байсан хүмүүсийг дайрч алчих гээд л байсан, одоо юун хайр зарлах вэ. Тэр тагнуул нь, иргэний бүртгэлийн газар нь бидний эргэлзээг тайл л даа. Хэрвээ тийм юм болоогүй, татвараа ном ёсоор нь төлөөд, гадаадад байгаа байр орон сууцаа ХОМ-тээ мэдэгдээд явсан бол түүнийгээ үзүүлж харуулаад баталчих. УИХ-д гарч яах гэж байгаа юм бэ. Асуудлыг хаачихдаг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Их хуралд гарлаа гэхэд тэнэг минь, улам олон хүн чам руу очиж наад асуудлыг чинь асууна шүү дээ. Тэгэхээр чи надад баярлалаа гэж хэлэх ёстой. Байраа мэдүүл. Татвар төлснөө үзүүл. Паспортоо тайлбарла. 1993-2010 оны хооронд яг ямар үйл явдал болсныг сонгогчид чинь мэдэх ёстой. Намын журмын нөхдөө би хамгаалж байгаа юм, Хан-Уулын сонгогчдыг хамгаалж дуугарч байгаа юм. Дүлгэнээд байлгүй асуудлаа тайлбарлачих.
Хэрвээ 2010 онд жуулчны визээр орж ирсэн бол түүнийгээ хэлчих. Үгүй бол баримтаа үзүүлчих. 2009 онд Брюссел дэх ЭСЯ-аар дамжуулж иргэнээс хасагдсан бол түүнийгээ харуулчих, үгүй бол тайлбарчих. Би сонгогчийн хувьд зүгээр л асуулт асууж байна шүү. Жекей гээд генерал гэнэт давхар иргэншилтэй байсан гээд Казакийн иргэн болоод л явчихсан. Тийм байдлыг дахиж Монгол Улсад гаргамааргүй байна. Ийм байна. Надад эргэлзээ байна. Эргэлзээгээ тайлуулмаар байна. Хэрвээ миний буруу байсан бол Г.Амартүвшингээс хамгийн түрүүнд очоод уучлалт гуйна. Очоод уучлалт гуйчих тэнхээ надад байгаа. Би хүнийг гүтгэж амьдармааргүй байна. Надад ийм эргэлзээ байна . Үүнийг тайлах ёстой” гэсэн юм.
Түүний хийсэн LIVE-г одоогоор 121 мянган хүн үзэж, 2300 хүн сэтгэгдэл үлдээгээд байна.
Тийм ээ, нэр дэвшигч Г.Амартүвшинг иргэншлийнхээ талаар албан ёсны тайлбар өгөхийг сонгогчид хүлээж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН