Ц.ХАС
Хятадаас эхлэн тархсан коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хааж, улс хоорондын агаарын болон авто замын харилцаа саатан, аялал жуулчлал үндсэндээ зогсоод байсан. Энэ нь дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт нь удаашран, буурч эхэлсэн, нөгөө талаар коронавирусийн халдварын тархалт харьцангуй багассан учраас одоо улс орнууд хилээ нээж эхэлж байна. Гэхдээ тухайн улс орнууд өөрийн нөхцөл байдал болон, гадаад орнуудын коронавирусийн өвчлөлийн байдлаас болж хилийн хоригоо дэс дараатайгаар, өөр өөр нөхцөл шаардлагатайгаар цуцалж байна.
Европын холбоо гадаад иргэдийг ирэх сарын эхнээс нэвтрүүлнэ
Коронавирусийн улмаас гурван сарын турш хилээ хаасан Европын холбоо ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хилээ нээж шинэ амьдралд шилжихээ зарлалаа. Тус холбооны гишүүн орнууд өөрийн орны иргэдийг гадаадад зорчихыг зөвшөөрч байгаа бол АНУ, Ази, Латин Америк, Ойрхи Дорнодын орнуудын иргэдийг улс орондоо ирэхийг жаахан түдгэлзүүлж байгаа юм байна. Европын холбооны Дотоод хэргийн бүрэн эрхт комиссар Илва Йоханссон Европын холбооны гишүүн улс орнуудад хандаж хилээ аль болох хурдан нээх хэрэгтэйг өнгөрсөн долоо хоногт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ. Ингэхдээ гурав дахь орнуудын иргэдэд ч нээх хэрэгтэйг сануулсан байна. Илва Йоханссон хэвлэлийнхний өмнө хэлэхдээ ийм байдлаар эхний шатанд Европын холбооны дотор аялахыг бүрэн нээх ч хэд хэдэн орны хувьд коронавирусийн халдварын тархалт асуудалтай байгааг онцолжээ. Гэхдээ ингэж шат дараалалтайгаар долдугаар сарын 1 гэхэд улс орнууд хилээ бүрэн нээх хэрэгтэй гэсэн байна.
Еврокомиссар Европын холбооны гишүүн орнуудад долдугаар сарын 1-нээс зорчих гуравдагч орнуудын жагсаалтыг нэгдсэн журмаар гаргаж мөрдөх зэрэг хэд хэдэн шалгуур байгааг онцолжээ. Энэ шалгуурын хамгийн чухал нь хавьтал гэдгийг тэр анхааруулсан байна.
Гуравдагч орнуудаас эхний ээлжинд Черногори, Албани, Босни Герцеговин, Умард Македон, Серби улсуудын иргэдийг Европын холбооны улсуудад зорчихыг зөвшөөрсөн юм байна.
Америк тив
Коронавирусийн хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа АНУ-д Холливудын кино студиудийг ажилдаа орж кино зураг авах ажлаа эхлэхийг зөвшөөрсний дээр амьтны хүрээлэн усан бассейн, зочид буудлуудыг ажиллуулж эхлээд байна.
Украин олон улсын нислэгээ өчигдрөөс сэргээлээ
Украин улс олон улсын агаарын харилцаагаа энэ сарын 15-наас сэргээж хөрш улс орнууд руу нисэх нислэгийнхээ тасалбарыг худалдаалж эхэлсэн байна. Гэхдээ бас хязгаартай, агаарын хилээ нээж, гадаадын жуулчдыг хүлээн авах улс орнууд, тухайлбал АНУ, Турк, Албани, Их Британи улсууд руу нисэх гэнэ. Гадаадаас ирэх иргэдийн тухайд тухайн улс орон короновирус хэр тархсанаас шалтгаалаад хоёр долоо хоног хөл хорионд байлгах юм байна.
Украины Дэд бүтцийн сайд Владислав Криклий “халдварын тархалтын нөхцөл байдал тааруу, жуулчлал муухан хөгжсөн орнуудын хувьд хил одоохондоо хаалттай хэвээр үлдэж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Тэр бас “бид агаарын хилээ нээж байгаа ч ард иргэдийн аюулгүй байдал анхаарлын төвд хэвээр байгаа” гэжээ.
Турк олон улсын агаарын харилцаагаа зургадугаар сарын 11-нээс сэргээлээ
Туркийн үндэсний агаарын тээвэрийн Turkish Airlines компани өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр зогсоосон олон улсын нислэгээ зургадугаар сарын 11-нээс сэргээж тасалбараа худалдаалж эхэлсэн байна. “Манай гадаад нислэгүүд зургадугаар сарын 11-нээс эхэлсэн” гэж Turkish Airlines компанийн ерөнхий захирал Биляля Экши мэдэгджээ. Тус компани эхний нислэгүүдээ хуваарийн дагуу Германы Берлин, Франкфурт, Штутгарт, Мюнхен, Дюссельдорф болон Их Британийн Лондон, Нидерландын Амстердам руу үйлдсэн байна.
Улс орнуудын хилээ нээх хугацаа
Дэлхийн улс орнууд коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар амжилттай ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд аль улс хилээ хэзээ нээх юм бол гэж харж байгаа. Дэлхийн улс орнуудын хилээ нээнэ гэж зарласан хугацааг дор нийтэлж байна.
2020 оны зургадугаар сарын 10. Бахрейн, Болгар, Катар, Грек
2020 оны зургадугаар сарын 15. Герман, Австри, Азербайжан, Чех, Швейцарь, Япон, Умард Македон, Литва, Унгар, Польш, Румын, Серб
2020 оны зургадугаар сарын 20-22. Нидерланд, Казахстан, Албани, Босни Герцеговин, Дани, Эстон, Финлянд, Өмнөд Солонгос, Ирланд, Кыргыз, Латви, Норвеги, Словак.
2020 оны долдугаар сарын 1. Австрали, Бельги, Беларусь, Хятад (зөвхөн Бээжин), Швед, Канад, Колумб, Косово, Малайз, Молдав, Узбек, Тайвань, Туркмен, Украин
2020 оны долдугаар сарын 10. Индонез, Энэтхэг, Пакистан.
2020 оны долдугаар сарын 15. Алжир, Марокко, Филиппин, ӨАБНУ, Гүрж, Их Британи, Израиль, Кувейт, Ливи, Ливан, Орос, Иордан.
2020 оны наймдугаар сарын 1. Бразил, Армен, Франц, Ирак, Иран, Испани, Итали, Египет, Саудын Араб, Тунис
2020 оны есдүгээр сарын 1. АНУ
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН