Баавгайн Насанбаяр
Ph.D /Боловсрол судлал/
Боловсролын олон улсын ангилал (ISCED)-д тодорхойлсноор боловсрол нь хүний сурч боловсрох хэрэгцээг хангахад чиглэсэн, урьдчилан нарийвчилж төлөвлөсөн, системтэй үйл ажиллагаанаас бүрдэнэ. Боловсролын үйл ажиллагаа нь хандлага, мэдлэг, чадварт суралцахад (learning) чиглэсэн зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлэх харилцаа холбоо (communication) гэж тодорхойлсон байдаг.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН
ХӨЛ ХОРИО
ЮНЕСКО-ийн мэдээлснээр Covid-19 цар тахлын улмаас боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй болж сургуулиа хаасан улсын тоо 2020 оны гуравдугаар сарын 15-нд 53, дөрөвдүгээр сарын 15-нд 190, тавдугаар сарын 15-ны байдлаар 158 болсон байна. Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн байна./en.unesco.org/ Харин Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос энэ хичээлийн жил дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжинд суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Короновирус анх илэрсэн Ухань болон Шанхай хотод Хятад, Америк, Италийн судлаачид хамтран судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоох буюу хөл хорио тогтоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад, сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тухай тооцоо хийжээ. Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь Covid-19 халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэсэн байна. Цар тахлын хүрээ хумигдаж, нөхцөл байдал дээрдэж байгаа улс орнууд Хятад, Тайван, Нидерланд, Израиль зэрэг орнууд сургуулиудаа нээж эхлээд байгаа бөгөөд бусад улсууд ч мөн нээх төлөвтэй байна. Тухайлбал, Их Британи зургадугаар сарын 1-ний өдрөөс бага ангийн хичээлийг эхлэхээр төлөвлөж байна. Харин коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан “сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд коронавирусийн тархалтын хоёр дахь давлагаанд өртөх эрсдэлтэй” гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.
Франц улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгдсэн тул найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин Хятад, Израиль, Дани, Япон, Норвеги, Тайвань улсууд сургуулиа нээж, аюулгүй байдлыг дараах байдлаар ханган хичээллэж байна.
- Сурагчид маск зүүх, цаг тутам гараа угаах, биеийн халууныг тогтмол хэмжих,
- Сурагчдын ширээг 1.8 метрийн зайтай байрлуулж, сургуулийн байранд эцэг, эхчүүд орохгүй байх,
- Сургуулийн тоглоомын талбайг хаах, багш нар зарим хичээлээ гадаа орох
-Сурагчид сургуулийн хоолны газарт хуваарьт ширээнд сууж, үдийн цайгаа уух.
- Нэг ангийн сурагчдын тоог цөөлөх,
-Сурагчдыг үе шаттайгаар хичээлд нь оруулах,
- Анги, танхим болон цэцэрлэгийн тоглоомыг өдөрт хоёр удаа ариутгах,
- Суурь өвчтэй болон 65 дээш насны багш, ажилтнуудыг гэртээ байхыг зөвлөх,
- Ариутгалын бодистой алчуурт гутлаа арчих зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТ
2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилд буюу цар тахлын улмаас үүссэн хөл хорионы үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн болон тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулж нийт 4210 цагийн теле хичээлийг үндэсний хэмжээнд хүргэжээ. Гэвч зөвхөн ЕБС-ийн батлагдсан сургалтын төлөвлөгөө ёсоор энэ хагас жилд 1-12 дугаар ангид 6393 цагийн хичээл орохоос 3790 орчим цагийн хичээлийг теле хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү теле болон төрийн бус өмчийн ЕБС-ийн онлайн хичээл сургалтаар суралцагчид төлөвлөгдсөн хөтөлбөрийн үр дүнг эзэмшсэн гэдгээс илүү агуулгын бататгал, давталт хийсэн гэж дүгнэж болно.
Хичээл сургалтын үр дүн талаасаа харахад хариуцлага, орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч цаашид суралцагчдын хоцрогдол, ялгаатай байдал нэлээд бий болох нөхцөл үүсч байна. Гэвч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тасралтгүй, залгамж холбоотой боловсруулсан байдаг тул өнгөрсөн хоёр улирлын хичээлийн агуулгыг дараагийн хичээлийн жилд танхимаар орсон тохиолдолд нөхөн олгох бүрэн боломжтой. Энэ нь багшийн ур чадвар, хүүхдийн тоо, ачааллаас хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байх магадлалтай. Харин сургалтын хөтөлбөрөө сайжруулж, эрэл хайгуул хийж, арга зүй, менежмент, технологийн чадвараа хөгжүүлж, хамтран ажиллаж чадсан сургууль, багш нарын хичээл сургалтын үйл ажиллагаа цаашид бэрхшээл багатай үргэлжилнэ.
Дээд боловсролын хөтөлбөрийн хувьд хичээл хоорондын залгамж, харилцан хамаарал байдаг хэдий ч зарим их дээд сургуулиудын технологийн дэд бүтэц хөгжлөөс хамаарч онлайн сургалтын үйл ажиллагааны чанар үр дүн суралцагчдын ур чадварт сөргөөр нөлөөлөх боломжтой. Иймд сургууль, багш нар бодит байдлаа зөв тодорхойлж хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарна. Цаашид дээд боловсролын байгууллагууд танхимын болон онлайн хосолсон сургалтын хэлбэрт шилжих хөгжлийн нэг шийдэл болох нь гарцаагүй болжээ.
Шинэ коронавирусийн хувьд илүү амьдрах чадвар сайтай, тэсвэртэй тул устаж үгүй болох эсэх нь тодорхойгүй, томуугийн вирустэй нэгэн адил цаашид бидний амьдралд оршин байсаар байх магадлал өндөр байна. Эмчлэх арга, вакцин, эмийг туршиж байгаа ч одоогоор баталгаа өгөх боломжгүй гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа энэ үед дэлхийн улс орон бүр боловсролыг удирдахад чиглэсэн шинэлэг өөр өөрийн стратегийн талаар хэлэлцэж байна. Харин Монгол Улс 2020-2021 оны хичээлийн жилд боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар бусад улс орнуудын хэрэгжүүлж буй зарчим, шаардлагыг судалж, санал шийдлийг тодорхой гаргаж бэлтгэх хэрэгцээ үүсч байгааг мэргэжлийн болон бодлогын хүрээнд анхаарч ажиллах нь чухал байна.
БОЛОВСРОЛЫН
ХӨГЖИЛ ЦААШИД
Хүн төрөлхтөн хадан дээр зураг зурж байсан үеэс хойших 30 мянган жилийн турш хуримтлуулсан шинжлэх ухаан, бизнес, урлаг зэрэг бүхий л салбарын мэдлэг, мэдээллийг интернэт, технологийг ашиглан сургалтыг олон эх сурвалжтай, нээлттэй, илүү хэрэглээтэй, сонирхолтой, хурдтай, бүтээлчээр хэрэгжүүлэх боломж бүрдсээр байна. Энэ боломжийг ухаалгаар ашиглан, хүүхэд хичээлээс хоцрогдсон ч интеграц, нягтралыг маш сайн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр суралцахад тодорхой хугацаанд нөхөн суралцаж чаддаг гэдгийг баталсан жишээ цөөнгүй.
Австралийн Сидней хотод Беверли Хиллзийн дунд сургуулийн сурагчид франц хэлний гурван жилийн хичээлийг найман долоо хоногт сурч, бие даан суралцах цоо шинэ хувьсгалт аргуудыг ашигласнаар францаар чөлөөтэй харилцаж сурчээ. АНУ-ын Монтана мужид Montessori International сургуультай нэгдсэн, цэцэрлэгийн дөрвөн настай хүүхэд бүр сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж, зөв бичихийн дүрэм болон математикийн үндсийг мэддэг болж байна. Шведэд гурван хэлээр чөлөөтэй харилцдаг мянга мянган хүүхдүүд байна. Эдгээр сайн туршлагууд ид шид биш. Энэ бол хүүхэд бүрийн гайхамшигтай бүтээлч, суралцах арга барилыг хүүхдэд ээлтэй, сонирхолтой, энгийн шинэлэг арга аргачлалаар сургалтыг чиглүүлсний үр дүн юм.
Монголын боловсролд тулгамдаж буй асуудал болох багшийн ур чадвар, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, суралцагчийн оролцоонд суурилсан суралцахуйг хөгжүүлэх шийдэлд тууштай санал нэгдэхгүй бол хурдтай гүнзгийрсээр байгаа баян, хоосны ялгаа улам ихэсч, цөхрөл, авлига, гэмт хэргийн ангалд автсаар байх болно.
Энэхүү цар тахал нь хүн төрөлхтний амьдарч, ажиллаж, сэтгэж, суралцаж, үйлдэл хийж байгаа арга хэлбэрийг үндсээр нь өөрчлөх үйл явцын хурдасгагч болж асуудлын гүн рүү бид хүссэн хүсээгүй түлхэгдэн орлоо. Гэвч манай улсын хувьд алсын хараагүй төлөвлөлт, улс төрийн занганд орсон боловсролын менежмент, сургалтын хөтөлбөрийн хөгжил сул байгааг хүлээн зөвшөөрч боловсролыг системийн түвшинд бүхлээр нь дахин нягтлан харах зайлшгүй шаардлага гарч байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН