Энэ бол УЕПГ-ын хариуцлагатай албан тушаалтны хэлсэн үг. Тэгэхээр албан ёсны тайлбар гэж ойлгож болно.
Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас олны анхаарал татсан хэргүүд, УИХ-ын сонгууль, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд гарсан хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг өчигдөр хийсэн юм.
Прокурорын байгууллага оны эхний зургаан сарын байдлаар 124500 гомдол мэдээлэл хүлээн авснаас 17616 хэрэгт хяналтын ажиллагаа явуулжээ. Хэрэг зөрчил өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн байна. Гарсан хэрэг зөрчлийн 35.6 хувийг гэр бүлийн хүчирхийлэл, 7.9 хувийг хулгайлах, долоон хувийг хүний биед халдах, 6.5 хувийг танхайрах гэмт хэрэг эзэлжээ гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн 134 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээжээ. Эдгээр хэргийн 32.1 хувь нь нэр дэвшигчийн алдар хүндэд халдсан хуурамч мэдээлэл тараасан гэх хэрэг эзэлсэн байна.
Мөн мөнгө угаах төрлийн 208 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 68 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Одоо зургаан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөнгө угаасан хэрэгт хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, бусдыг залилж мөнгө угаасан зэрэг хэргүүд ордог. Тухайлбал, “ЖАСТ” группийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг энэ төрөлд багтан шүүхэд шилжжээ. Харин шүүх өнгөрсөн хугацаанд мөнгө угаах төрлийн хоёр хэрэгт ял оноосон нь Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй хамтарч мөнгө угаасан гэх хэрэг юм.
Мэдээллийн дараа олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаарх сэтгүүлчдийн асуултад нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хариулт өгсөн юм.
-Олны анхаарал татсан хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээрт прокуророос ямар зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн бэ. Иргэд зөрүүтэй мэдээлэлтэй байгаа тул тодорхой хариу өгнө үү?
-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханд холбогдох хэргийн тухайд гол үйлдэл нь “Таван толгой”-н орд газрыг ашиглуулах талаар төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэдэг зүйлчлэлээр үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх гэмт буруутайд тооцон эцэслэн шийдвэрлэсэн байгаа.
Мөн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг уржигдар гэм буруутайд тооцож, шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон байдаг.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яллагдагчаар татсан байгаа. Энэ тухай тогтоолтойгоо танилцсан уу, Монголд хэзээ ирэх вэ?
-Улсын мөрдөн байцаах байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурор яллагдагчаар татах шийдвэрээ гаргасан. Яллагдагчаар татагдсан хүнийг эрэн сурвалжлах, гадаад улсаас авчрах чиг үүргийг мөрдөх байгууллага гүйцэтгэдэг.
-Улсад хохирол учруулаагүй байхад нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад ял өглөө гэх шүүмжлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Хоёрдугаар бүлэгт, тодруулбал 2.1-т нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Албан тушаалын хэргүүдэд ихэвчлэн хохирол учирсан байхыг заавал шаарддаггүй. Үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог.
-Мөнгө угаахтай холбоотой зургаан хэрэг байна гэлээ. Эдгээрийг тодруулж хэлж өгнө үү, ямар хэргүүд байгаа вэ?
-Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож мөнгө угаасан, хүрээлэн буй орчинд хохирол учруулж мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг залилж мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Адъяасүрэн, гишүүн асан Ц.Гарамжав нарыг шалгаж байгаа юу?
-Улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй тул тодорхой хүмүүсийн талаар мэдээлэл өгөх нь зохимжгүй асуудал.
-"ЖАСТ" группийн Ш.Батхүүтэй холбоотой асуудал ямар шатандаа яваа вэ?
-Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа.
Энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэдэг зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үргэлжлэн явагдаж байгаа гэж ойлгож болно.
Н.Төгөлдөр