Урин цаг айлчилж амралт, аяллын сарууд хаяанд ирлээ. Тиймээс уншигч та бүхэнд тав тухтай амарч аялах зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Ингээд дотоодын аяллыг хэрхэн үр дүнтэй хийх талаар санаануудыг хүргэе.
ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ
Амьдралын зорилгогүй хүн хаана, ямар зүйл хийхээ ч ойлгохгүй явсаар дуусах эрсдэлтэй. Тэгвэл аялал ч үүнтэй адил. Нэг өдөр ч бай, нэлээд хэдэн өдөр ч бай, аялах л гэж байгаа бол хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлоорой. Гэр бүлээрээ аялах бол хамтдаа илүү их хайрыг мэдэрч, халуун дулаан дурсамжийг үлдээх, ганцаараа аялахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө танин мэдэх, эсвэл зүгээр л монгол орныхоо байгалийн сайхныг мэдрэх гээд ямар ч зорилго байж болно.
АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГА
Жилийн турш хүлээсэн амралтын үнэтэй цаг мөчүүдээ бүрэн дүүрэн ашиглахын тулд аяллын төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэй. Аль замаар хэрхэн явахаас эхлээд хэзээ хөдөлж, хаана буудаллах, мөн хэн хэн юу авч явахаа сайн ярилцах нь аялал амжилттай болох нэг гол хүчин зүйл. Төлөвлөгөөгөө та цаасан дээр, эсвэл апп дээр гарах боломжтой.
Тухайн газар орны хүмүүстэй холбогдох, эсвэл тийш аялсан хүмүүсээс зөвлөгөө авах, сайн мэдээлэл өгөх ном товхимол олж авах зэргээр бэлтгэлээ сайн хангаарай.
САЙХАН БҮХНЭЭ ХУВААЛЦ
Хүн аяллаар яах гэж явдаг вэ гэх асуултад хамгийн товчоор хариулъя гэвэл "Дурсамж үлдээхийн тулд" гэж болох байх. Хүний амьдралдаа цуглуулсан сайхан дурсамжууд л эрч хүч, урам зоригоор тэтгэж байдаг шүү дээ.
Хэдий бидний тархи бүхнийг марталгүй тогтоох боломжгүй ч нөгөө талаар бид технологийн эрин зуунд амьдарч байгаа маань азтай. Гар утас, камериараа сэтгэл хөдөлгөм, алдаж болшгүй мөчүүдийг буулгаж, бичлэг хийж авч үлдэх хэрэгтэй. Тэгээд тэрхүү зураг, видеонуудаа хадгалж ч болно, эсвэл тухай тухайн үед нь сошиал медиад оруулж тэр дор нь бусадтай хуваалцсан ч болно. Ямартай ч Фэйсбүүк дээр тухайн аяллаараа шинэ цомог үүсгээд явах нь цэгцтэй бөгөөд хүн үзэхэд хялбар байдаг.
АДАЛ ЯВДЛЫГ ЭРЭЛХИЙЛ
Хэрвээ найзуудтай хамт аялахаар шийдсэн бол өөрсдийн "Жуманжи"-г бодож олоорой. Өөрөөр хэлбэл янз бүрийн сорилтуудыг өөрсдөдөө тавьж, тэсвэр хатуужлаа шалгаж, нэг ёсондоо мартагдашгүй дурсамжуудыг бүтээгээрэй. "Залуу бас тэнэг байхдаа аял" гэдэг зүгээр ч нэг үг биш шүү. Явган аялах, дугуйтай аялах, шинэ маршрутаар явж үзэх, найзуудаараа маш хөгжилтэй гэрэл зургуудыг буулгах гээд төрөл бүрийн арга бий. Гэхдээ мэдээж аюулгүй байдлаа хангаж явах ёстой сануулах юун.
ХИЙХ ЗҮЙЛСЭЭ БАЗАА
Хол замд явахад хийх зүйл олддоггүй, амархан уйдчихдаг гээд хөдөө явах дургүй хүмүүс байдаг. Гэвч тийм биш. Жаахан л сэтгэж, бүтээлч байх юм бол огт уйдахгүй хол замыг хороож, урт аяллыг гүйцээж болно. Ном уншдаг бол уншина даа гэж удаан бодсон номоо худалдаж аваад яв. Хөгжим сонсох дуртай бол шинэхэн дуунуудаар дууны жагсаалтаа шинэчлээд замд гар. Эсвэл, зүгээр л ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, дотор гижигддэг шинэ санаануудаа тайван тухтай бодох зэргээр бүх л цагаа үр ашигтай өнгөрүүлэх боломж бидэнд бий. Гагцхүү таны сонголт л мэднэ.
Аялагч бүрийн онцлог өөр өөр учир гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, машинтай, дугуйтай, явган, экстрим гэх мэт олон төрлийн аяллыг хийх болжээ.Иймд аяллын улиралд эх орныхоо үзэсгэлэнт байгалиар гэр бүлээрээ, олуулаа, ганцаараа аялах гэж байгаа хүн бүхэнд зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.
Хэрэв та дугуйн аялал хийх гэж байгаа бол дараах гол зүйлсийг анхаараарай:
- Явах аяллын маршрутаас шалтгаалан засмал замын дугуй болон уулын дугуйнаас сонгох
- Үнэтэй брендийн гэхээс илүү дугуй нь хөнгөн чанарын титан, хөнгөн цагаан болон карбонон рамтай байх
- Урд хэсэгт цагаан гэрэл, ард хэсэгт гэрэл цацаргагч суурилуулах
- Тормозны бүрэн бүтэн байдлыг хангах
- Дохионы хонх буюу дуу гаргагч суурилуулах
- Өөрийн нас болон биеийн жинд яг тохирсон дугуйг сонгох
Гэр бүлээрээ аялалд гарахад анхаарах зүйлс:
- Нялх болон бага насны хүүхэдтэй явж байгаа бол чийг нэвтрүүлдэггүй дэвсгэр
- Нарны тос, ээлжийн нарны малгай
- Гар ариутгагч шингэн
- Бага насны хүүхдэд заавал шинэ хоол хийж өгөх ёстой тул зөөврийн хөлдөөгч
- Харшил болон гүйлгэлт намдаах эм
- Өвчин намдаах лаа болон эм
- Машинд хэт удсан шингэн зүйл хүүхдэд өгөхгүй байх
- Олуулаа явж байгаа тохиолдолд хүний тоог зайлшгүй бүртгэх
Явган аялалд анхаарах зүйлс:
- Аяллын хугацааг нарийн төлөвлөх
- Өөрийн эрүүл мэнд, биеийн байдалд дүгнэлт хийх, шаардлагатай тохиолдолд эмчид хандсаны үндсэн дээр аялалд гарах
- Аяллын төлөвлөгөөг гаргах
- Аялах газрын онцлог, цаг уурыг судлах
- Ойр дотно хүмүүстээ аялах маршрут, дуусах хугацааг тодорхой хэлэх
- Аялах үед гарах эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангах
- Биед эвтэйхэн, хөдөлгөөн хорьдоггүй, ус чийгийн хамгаалалттай хувцас бэлдэх
- Хөнгөн бөгөөд шагайгаар давсан гутал сонгох
- Синтефон хөнжил сэрүүн байдаг тул өдөн хөнжил сонгох
- Уул болон бартаат замаар түших таяг авах
- Үүргэвчинд эмх замбараатай байдлаар хэрэгцээтэй зүйлс болох нэг ээлжийн халуун болон хүйтэнд солих хувцас, усны сав, нарны шил, нарны тос, уруул өнгөлөгч, борооны цув, нарны малгай, хэрэгцээтэй эм зэргийг хийх
- Явган аялал хийхдээ 20-30 минут удаанаар алхаж биеэ дасгах, огцом цусны эргэлтэд орохоос сэргийлэх
- Сайн хооллох, өдөрт 3-5 литр шингэн уух
- Зогсолтыг хэт ойр хийхгүй, давтамжид хугацааны төлөвлөлттэйгээр амрах
Эцэст нь өөрөөсөө харамлаж болохгүй аялалд хэрэгтэй нэг зүйл бол аяллын даатгал юм. Та аялж байх хугацаандаа үер усанд боогдох, эд зүйлсээ хулгайд алдах, гэмтэж бэртэх, мал амьтны халдлагад өртөх, мориноос унах гэх мэт олон зүйлстэй тулгарч болох учир сэтгэл амар, дурсамж бүтээж ая тухтай аялахын тулд өөрийгөө даатгуулаарай.