Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
М.Бүжинлхам: Хаясан хог чинь таны 7-8 үеийг хордуулна гээд л бодчих

“Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоол гарч, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд бид нийлэг хальсан уутнаас албан ёсоор татгалзаад долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хооронд иргэд гялгар уутыг хэрэглэсээр, харин түүнийх нь үнэ өссөөр байна. Энэ талаар “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Бүжинлхамтай уулзаж ярилцав.

-Хэдийгээр Засгийн газрын тогтоол гарсан ч, гялгар уутны хэрэглээ байсаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?
-Аливаа шийдвэрийг анхнаас нь нийгэмд таалагдах гэж ч юм уу гаргахаар хэрэгжих магадлал нь маш бага байдаг нь надад анзаарагдсан.Засгийн газрын энэ тогтоол олон улсын хэмжээнд үнэхээр гаргах шийдвэр байсан уу гэвэл тийм. Гэхдээ шууд хорих байсан уу, эсвэл татварыг нэмэх байсан уу гэдэг өөр асуудал. Анх хориглох шийдвэр гаргах үед манай улсын хэмжээнд тэр гялгар уутыг хэмжих багаж нь хангалттай байгаагүй. Хоёрт, гялгар уутыг захаас нь хэмжих, голоос нь хэмжихэд өөр өөр байдаг. Тэгэхээр аль үзүүлэлтийг нь барьж хориглож байгаа вэ гэдэг нь өөрөө маш тодорхойгүй байсан.


Хэдийгээр ийм алдаатай зүйл байсан боловч үр дүнг нь яаж харж байгаа вэ гэхээр тухайн үед Засгийн газраас гялгар уутыг хорилоо гэдэг тогтоол шийдвэр гаргаад улс орон даяар мэдээлэл тархсан учраас одоо монгол хүн бүрт “Гялгар уут хортой юм байна, аль болох хэрэглэж болохгүй юм байна” гэдэг мессеж хүрч чадсан нь л гол үр дүн. Түүнээс хэрэгжилт дээр ахиц гарч хараахан чадаагүй л байна.

-Саяхан л нийслэлийн удирдлагаас санаачлага гаргаад л “Азийн дагина” гэдэг хачин гоё нэртэй ногоон уутыг хэдэн тэрбум төгрөгөөр хийлгээд л айл өрх бүрт тарааж байлаа. Түүний буянд нийслэлийн хогийн цэг ногоон уутаар дүүрч байв. Одоо хэрэглэхийг хорилоо гээд л Засгийн газрын тогтоол гаргав. Ер нь гялгар уутнаас татгалзах шалтгаан нь юу юм бэ?
-Шалтгаан нь зөндөө. Хүн төрөлхтөн чинь нэг л цэнхэр гариг дээр байна. Энэ дэлхий дээрээ долоон тэрбумаараа амьдарч байна. Гарч байгаа нийт гялгар уут, хуванцарынхаа зургаахан хувийг бид дахин боловсруулж чаддаг. Жар орчим хувийг нь шатаадаг. Үлдсэн дөч орчим хувь нь шууд ил гадаа хаягддаг гэсэнолон улсын байгууллагын судалгаа байгаа.Манай улсын хэмжээнд ч гэсэн адилхан. Гэтэл энэ байдал цаашдаа хэвээрээ үргэлжлээд байвал бидний амьдарч байгаа цэнхэр гариг маань бидний хаяж байгаа хогонд бохирдоод хүмүүс өөрсдөө хордоод үхээд байна л гэсэн үг.Жишээлбэл, гялгар уут зузаан нимгэнээсээ хамаараад 100-500 жил хөрсөнд хадгалагддаг. Эргэн тойронд 70 метр радиусаар шүлтлэг орчин үүсгэдэг байхгүй юу. Тэгээд нар, салхины нөлөөгөөр маш жижиг жижиг хэсгүүдэд хуваагдаад хөрсний хамгийн үржил шимтэй хэсгийг түлдэг. Хөрсний үржил шимт хэсэг нь дээд тал нь 20 см байдаг шүү дээ. Ингээд зогсохгүй доошоо нэвчиж ургамлын үндсийг тэр чигт нь үхжүүлдэг. Тэрчлэн бидний уудаг усанд шингэж байдаг. Олон улсын “Global citizen” байгууллагаас “Хүн жилдээ 70 мянган ширхэг микропластик гялгар уут буюу хуванцарын жижиг хэсгийг идэж ууж байна” гэсэн судалгааг хамгийн сүүлд гаргасан байгаа. Үүнийг өдөр бүр хэрэглэж байгаа гялгар уут, хуванцар савнаас авахаас гадна бидний уудаг усанд шингэсэн байна гэдгийг хэдийнэ тодорхойлчихсон. Хүн жилд 37 кг гялгар уут хуванцрыг өөрөө “үйлдвэрлэдэг” гэж байгаа юм. Энэ нь хэрэглээд хаяж байгаа хог хаягдал. Энэ хэрэглээгээ бууруулахгүй энэ чигээрээ байвал 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тооцоо гараад байна. Бид шатаагаад байдаг. Шатаахаар дандаа хүнд металл агаарт дэгддэг. Хүнд металл дотор нь хар тугалга байдаг. Түүнээс гадна хүний сэтгэцэд нөлөөлөх нөлөөлөл нь их. Хар тугалга хүнийг маш мартамхай болгодог.Ууртай догшин болгохоос гадна хорт хавдраар өвчлөх нөхцөл болдгоороо маш аюултай. Тэгэхээр гялгар уут хуванцарын хор нөлөө маш их. Дээр нь бид гялгар уут, хуванцарыг дандаа буруу хэрэглэдэг. Хүнсэнд ашиглаж болно гээд олон улсын стандарт хангасанзузаан гялгар уутууд байна. Гэтэл бид урд хөршид ч юм уу хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, тээврийн зориулалтаар ашиглах ёстой буюу 10-ын гэгддэг улаан, цэнхэр зураастай уутанд хүнсээ хийгээд авч явдаг. Түүгээр зогсохгүй түүнийгээ тэр чигт нь шарах шүүгээнд хийгээд халаачихдаг. Гялгар уутыг нефтийн шаараар хийж химийн агаар гаргаж авдаг ш дээ. Бид дахиж боловсруулсан, хүнсний зориулалтаар огт ашиглаж болохгүй гялгар уутанд хүнсээ хийгээд хадгалаад байгаа хэрэг. Тэгээд урвалд ороод идэх гэж байгаа хүнсэнд шингээд бид өөрсдөө түүнийг нь мэдэхгүй идээд бидний цусанд ороод хамгийн наад зах нь гэдэсний савханцар өвчин, гүйлгэлт тусдаг.

-Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлмэгц гялгар уут үзэгдэхээ болиод оронд нь даавуун уут гарч ирсэн ч ахиц олсонгүй. Харин хэсэг хугацааны дараа нөгөө нийлэг уут маань үнэ нь өсөөд гарч ирлээ?
-Болохгүй бүтэхгүй гэвэл юу чиг л болохгүй. Хүн өөрөө хэрэглэж байгаа юмаа мэддэг байх хэрэгтэй. Бусдыг дагаад ухамсаргүйгээр үйлдэл хийх юм бол өөрөө л хордоно. Заавал засаг төр оролцоно гэхгүйгээр үүнийг чинь олон улсын хэмжээнд яриад байна. Бид мэдээллийг яагаад заавал фейсбүүкээс, хэн нэгний хэлж байгаа постоос олж аваад байгаа юм бэ. Тархи толгой маань хөгжихгүй байгаа учраас бидний үйлдэл ийм өчүүхэн байгаа юм. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө юу ч хийхийг хүсэхгүй, бүх юмыг бусдаас шаарддаг, бусдад буруу өгдөг хандлагаа л өөрчилчих. Үнэхээр улс орны хэмжээнд шийдвэр гаргаад хийвэл илүү үр дүнтэй байх. Зарим улс орны хувьд маш өндөр торгууль тавьдаг, татварыг нь нэмдэг жишиг бий. Гэхдээ энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын тогтоол бол хүмүүст гялгар уут хортой шүү гэдэг мессежийг хүргэж чадсан нь үнэхээр авууштай. Шууд хэрэгжүүлж чадаагүй тохиолдол ганцхан манайх биш. Дэлхийн улс орнууд тэр чигээрээ байна шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө юу хэрэглэж байна вэ, юу хэрэглэвэл надад хор багатай вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө Ганданд очоод ном уншуулах хэрэгтэй юү, эсвэл 500 жил хөрс усанд үлдэх хор хаяад үхэх хэрэгтэй юу гэдэг олон сонголтын өмнө ирчихээд байна л даа. 500 жил хөрс, усанд шингэх хог хаяж байгаа таны үйлдэл таны 7-8 үеийг чинь хордуулна гээд л бодчих. Тэгэхээр аяндаа таны үйлдэл өөрчлөнө гэж бодож байна.

-Нэг үеэ бодвол хогийг ангилан ялгадаг болоод байгаа. Түүндээ зориулж 2-3 төрлийн хогийн сав хүртэл тавьдаг болсон. Үүн дээр ахиц гарч байна уу?
-Би энэ ажлыг гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн. Тухайн үед “Гялгар уут, хуванцар сав хог хаягдлын эсрэг би ажилламаар байна” гээд найзууддаа ярихад үнэндээ шоолж байсан. Одоо тэр найзууд маань хогоо ангилдаг болчихсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч байна гэж бодож байгаа. Тухайн үед би сошиалаар мэргэжлийн хүнээс нь мэдээлэл аваад хог хаягдлаа бууруулах талаар ярилцлага аваад тавихад хүмүүс огт үзээгүй. Одоо хог хаягдалтай холбоотой контент хийгээд тавихад хүмүүс маш таатай хүлээж авч, хуваалцдаг болчихож. Үүнийг үр дүн гэж харж байгаа. Манай байр хогийг огт ангилдаггүй байсан. Одоо манай орчмын гурван байр тэр чигтээ хогоо ангилдаг болчихсон. Тэгэхээр энэ бодит үр дүн. Би анх хогоо ангилж байхдаа хаана аваачиж өгөхөө мэдэхгүй хоёр гурван сар дахивараа цуглуулж байгаад өөрөө машиндаа хийгээд зөөдөг байлаа. Одоо нийслэлийн хэмжээнд 40 газарт дахивар хог цуглуулдаг цэг байгуулаад өгчихсөн байна. Энэ бас үр дүн. Сургуулиуд бүгдээрээ гялгар уутан улавч хэрэглэдэг байсан бол одоо маш цөөхөн хэрэглэдэг болсон нь ч үр дүн. Ийм болохоор би үр дүн гарч байна гэж бодож байгаа.

-Утасны зай маань хуучраад бидний хэлдгээр нурж пэмбийгээд байхаар нь гаргаад хогийн сав руу чулуудах гэсэн чинь миний 12 настай охин “Хүүе, ээж наадахыг чинь хамаагүй хаяж болохгүй. Маш хортой гэсэн. Тусгай авдаг газарт нь өг” гэдэг юм байна. Харин тэр газрыг нь би мэдэхгүй байдаг?
-Харин танд багад чинь зааж өгөөгүй байхгүй юу. Багаас нь заагаад төвлөвшүүлээд өгчих юм бол тэр төлөвшил нь насан туршид нь хадгалагддаг юм билээ. Би тэрийг япон оюутнуудтай хамт суралцаж байхдаа л ойлгосон. Тэд маань ерөөсөө хог хаяж чаддаггүй хүүхдүүд байсан байхгүй юу. Тийм учраас л бид нар ирээдүйд буюу 20, 30 жилийн дараа Монгол Улс үнэхээр эрүүл саруул, хоггүй, байгаль орчиндоо ээлтэй улс орон больё гэж бодож байвал одооноос эздийг нь бэлтгэх ёстой. Хүүхдэд хогны талаар ойлгуулсан ганц ч ном үнэндээ Монголд байдаггүй юм билээ. Тийм болохоор “Хоггүй Монгол” ТББ-аас санаачлан “Хогны мангас” гэдэг номыг гаргасан. Энэ номыг ээж аав нь хүүхдүүддээ оройд ганц удаа ч болсон уншаад өгөөсэй. Ер нь аав ээжийн уншиж өгсөн ном хүүхдэд насан туршид нь дурсамж болоод хадгалагддаг. Тиймээс хамтдаа дурсамж бүтээж болно. Ном шахах гэж байна гэж битгий бодоорой. Хүнд хэрэгтэй болов уу гэж хийсэн бүтээл юм шүү. Та сая утасны зай батарей гэж хэллээ. Батарей бол аюултай хог хаягдал. Анх удаа манай улс үүнийг ангилах талаар ярьж эхэллээ. Энэ бол анхны алхам. Мэдээж, алдаа оноо байгаа. Гэхдээ хийх гэж эхэлж байна гэдэг бол маш том үр дүнгийн эхлэл. Ганцхан батарей 800 литр усыг хордуулах чадалтай. Тийм учраас утасны зай батарейг ил хаяж огт болохгүй. Аккумлятор бас аюултай хог. Аккумлятороос хуванцар гарна. Хүхрийн хүчил гарна. Тэгээд хар тугалга ялгарна. Хүхрийн хүчил түлдэг. Бид тэгэхээр маш хортой хог хаягдлыг өдөр бүр хэрэглээнээс гаргаж байгаа атлаа түүнийхээ талаар юу ч мэддэггүй. Үүн дээр ээж нар ялангуяа сэтгэл гаргаж анхаараасай. Үр хүүхдэдээ зааж сургаасай гэж бодож байна. Тэгвэл тэр чинь хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа их буян шүү гэж хэлье.

-Танай төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төр засгийн дэмжлэг байдаг уу?
-Яг үнэндээ нэг их дэмжлэг авах сонирхол байхгүй ээ. Юмаа хийгээд явж байхад, зорилгодоо үнэнч байхад айхавтар гажуудаад, мөнгө төгрөггүй гээд явахгүй гэдэгтээ бид итгэлтэй байдаг. Гурван залуу ажилладаг юм. Төмөрхуяг, Булган, тэгээд Бүжинлхам би. Бид олон улсын байгууллагатай ч тэр, төрийн байгууллагатай ч тэр бүгдтэй хамтран ажилладаг. Хэн хэнийхээ дутууг нөхөөд л ажилладаг даа. Жишээлбэл, би сэтгүүлч юм чинь төрийн байгууллагуудын хичнээн хийсэн ажлаа түмэнд түгээж чадахгүй бол бид хамтарч ажиллаж болж байна. Олон улсын байгууллагууд өчнөөн сайхан төсөл хэрэгжүүлээд байдаг. Гэтэл яг нутгийн иргэддээ хүргэж чаддаггүй. Монголын нөхцлийг сайн ойлгоогүй учраас хөрсөнд нь буулгаж чаддаггүй. Тийм болохоор сургалтанд нь хамтарч ажилладаг гэх мэтээр дэм дэмэндээ л явж байна. Түүнээс биш улсаас төдөн төгрөгийн тусламж энэ тэр гэж хүсэхгүй байна. Яахав, ийм залуучууд маш олон байгаа учраас айхавтар дарамт шахалт болоод байхааргүй нөхцөл бүрдүүлж өгөөсэй, нэг их хуулиар, санхүүгээр дарамтлаад байхгүйгээр ажиллах боломжоор л хангачих юм бол болох нь тэр.
Жич: Байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх нийлэг хальсан уутыг дэлхийн 60 гаруй улсад хязгаарлаад байна. Харин Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, үүний 500 тонн нь гялгар уут байдаг байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com