Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ганц л хором тэвчье....

Бичиг цаасандаа дарагдсан ажлын ширээн дээр минь сэтгэлийг минь гэгэлзүүлэх ганцхан зүйл байгаа нь энэ сарын хуанли. Хоёрхон хоноод ээлжийн амралтаа аваад нутгийн зүг хүлгийн жолоо зална гэхээс байж ядна. Ажлынхны дунд ээлжит яриа өрнөлөө. “Баяр наадмын өдрүүдэд 25 хүн зам тээврийн ослоор нас барсан гэж байна шүү дээ. Аймаар юм аа. Манайхан хэзээ ухамсар сууна аа” хэмээн нэг нь яриа үүсгэхэд “Тэр яах вэ, мотоциклийн ослоор өдөрт л нэг хүн мааний бадми хум болж байгаа гэсэн шүү дээ” ёстой нээрээ хэлэх ч үг алга гэнэ. Цагаан давааны осолд өртсөн гэр бүлийн талаар өр өмөлзүүлсэн ч яриа болов. Тэр яах вэ, “Саяхан согтуугаар жолоо барьж байсан эмэгтэй айлын хашаа гэр дайраад дотор нь байсан 2-3 насны хоёр хүүхэд ээжийг нь дайрсан гэсэн. Нэг хүүхдийнх нь биеийн байдал хүнд байгаа гэж байсан юу болсон бол оо. Сүүлийн үед хүүхнүүд эрчүүдээс дутахгүй архи уудаг болоод дээрээс нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож танхайрдаг болсон байна шүү. Мань нь тэгж явсан бол ёстой алуулахгүй юу” хэмээн тас тас хөхрөв. “Тэр үеэр бас нэг согтуу жолооч 2-12 насны хүүхдүүдээ тээвэрлээд хөдөлгөөнд оролцож байсныг нь цагдаа нар илрүүлсэн байна лээ. Манайхан нээрээ хашрахгүй шүү ” хэмээн хажуугаас нэг нь нэмэрлэв. Ар араасаа зам тээврийн ослын талаарх яриа дэлгэлээ. Би л хоцорчих вий гэсэн шиг “Баян-Өлгий аймагт машин онхолдоод зургаан хүний амь нас эрсдсэн гэсэн. Жолооч нь үүргэлсэн юм шиг байна лээ” хэмээн хажуу өрөөний эгч аягатай цайгаа барисаар бидний ярианд баримт нэмэв.  Ам уралдан ярих ослын талаарх баримт дуусахгүй. Хаана ч гэлээ “ЗИЛ-130 машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод ой гаруйтай хүүхэд нь өнгөрсөн гэсэн. Жилдээ 500 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн. Өнгөрсөн жил гэхэд л 561 хүн амь насаа алдсан гэж ТЦА-ны мэдээлэлд дурьдсан байна лээ. Ойрдоо энэ зам тээврийн осол ямар их гарч байна аа” хэмээн халаглацгаав. Бид осол хэргийн талаар яг л ингээд цуураад өнгөрдөг. Маргааш нь харин мартдаг. Бидний яриаг чимээгүйхэн сонсож сууснаа урт гэгч нь санаа алдаад юу ч дуугаралгүй гарсан ажлын ахыг хараад сэтгэл өмрөх шиг болов.

Дэггүй нь дэндсэн дэрчигэр шарыг “хүн” болгон түүх

Манай ажил дээр яравгар, яхир нь дэндсэн нэг ах хүү байсан юм. Ажлын зугаалга болж 4-5 машинтай хөдөө хээр зориход цувааны хамгийн ард нь тэр л үлдэнэ. “Жаахан гишгээд өгөөч дээ. Наад Хуягаагийнхаа урд гараад сайхан давхиад өг л дөө” гэхэд тэр яг л дүлий хүн шиг аашлана. “Та нээрээ унхиагүй юм аа”  хэмээн үгээ барсан бид сүүл мушгин очно. Тэр яг л тоо ёсоор нь хүн тээвэрлэнэ. Хүн бүрийг суудлын бүсээ хийсэн эсэхийг шалгана. Түүний машинд суудлын бүрээс байдаггүй ба зорчигч бүртээ тулж ажиллах хамгаалалтын бүс бий. Тэр ч бүү хэл, хаалганыхаа түгжээг ян тан хийтэл нь түгжчихнэ. “За яршиг. Та ямар жаахан хүүхдүүдтэй яваа биш дээ. Хөдөө хээр явж байж наад дүрэм журмаа март” гэх бидний үгийг үл тооно. Бид ч түүний машинд яг л шоронгийн хоригдол шиг явж ирсэн тухайгаа хуучилж түүний яхир, ярдгийг нь гайхан шоолно. Аяндаа л амралтанд очсон хүмүүс оройхон тийш ганц хоёр шил юмны бөглөө мулталж ам халцгаан дарвина. Тэр уг нь ч тийм яхир хүн биш л дээ. Гагцхүү замын хөдөлгөөнд оролцохдоо л ийм дүр төрхтэй болчихдог нь намайг гайхашруулна. Угийн үг дуу цөөтэй болохоор тэрээр амьдралынхаа талаар нэг ч их хуучлаад байдаггүй. Шөнийн тэнгэрт одод түгсэн намуухан орой тэр үүдэнд тамхилан зогсоно. Байгууллагын нөөцөөс өөртөө нэгийг түүнд нэгийг аваад ахыг зорин очлоо. Аялал, амралтын талаар хууч хөөрч байснаа түүний амьдралын талаарх сэтгэлийн утсыг хөндсөн юм.

Тэрээр ярихдаа“Арван жилд байхдаа дэггүй нь дэндчихсэн дэрчгэр шар хүү байлаа. Юм л болбол ангийнхаа охидуудын үс гэзгийг зулгааж, бал дэвтрийг нь булааж, заримдаа цав цагаан фартукан дээр нь хөх өнгийн черниль пал хийтэл асгачихаад уйлаан майлаан болдог байлаа. Тэр дундаа торомгор алаг нүдтэй, ярайсан цагаан шүдтэй, салаа хар гэзэгтэй хөөрхөн бор охин сэтгэлийг минь даанч дэндүү гэгэлзүүлнэ. Тэгэх тусам түүнийг болон ангийнхаа охидуудыг сав л хийвэл өдмөөр санагдаж тэсгэл алдана.  Цаас амандаа хийж зажилж, зажилж сая нэг сумаа нөөцөлж аваад дэлгүүрээс өглөөхөн авсан балныхаа урд ард талыг авч шидчихээд онилох хүүхдээ тоочиглож байгаад цаасаар байлдах дайныг эхлүүлнэ шүү дээ. Одооны хүүхдүүдэд энэ тоглоом их л сэжгийн санагдах байх даа. Бидний үед энэ тоглоом харин ч нэг зугаатай тоглоом байлаа шүү дээ. Нэг удаа өнөөх сэтгэл зүрхийг минь тайван байлгадаггүй даруухан бор охиноо өдөх шинэ техник боловсруулаад гуравдугаар салааны араасаа хоёр дахь ширээнээс хоёрдугаар салааны араасаа дөрөв дэх эгнээнд сууж байгаа түүнийг ониллоо. Нэрээр нь дуудаад эргээд харах үед онилсон сумаа илгээсэн юм. Гэтэл түүний яг нүд рүү харавчих нь тэр. Шууд л нүдээ дараад уйлаад явчихсан. Ингээд л хэрэг мандсан даа. Маргааш нь түүний ээж нь сургууль дээр ирсэн сургаар хулхи минь бууж билээ. Нүд нь хавдсан учраас эмчээс авсан чөлөөний хуудсыг авчрах далимаар намайг ч нэг сайн гөвөх байх даа гэж бодохоос дотор харанхуйлна. Гэтэл Долгор эгч угийн уужуу тайван хүн болохоор төсөөлснөөс минь өөрөөр хандсан нь намайг хүн болгосон юм. Намайг ангийн хаалгаар шагайн дуудав.  Ангийнхан бүгдээрээ хэрэг бишдсэнийг мэдэж байгаа болохоор миний араас  юу л болдог бол доо гэсэн харцаар харан үлдсэн юм.  Орж байх газраа олж ядсан намайг “За яасан сахилгагүй моньд вэ чи. Эмэгтэй хүүхэдтэй аятайхан тоглохгүй. Нүдийг нь сохолчихвол яах болж байна. Эмэгтэй хүүхэдтэй аятайхан тоглож байгаарай. Энэ удаад санууллаа шүү. Дараа дахин ийм юм болбол зүгээр өнгөрүүлэхгүй шүү” гэж хэлээд намайг уучлаарай ч гэж хэлэх завдалгүй яваад өгсөн юм. Яагаад ч юм алгадуулах, үсдүүлэх талаар төсөөлөлтэй байсан миний сэтгэл зүрх яахаа мэдэхгүй будилж, шууд л нулимс урсчихсан. Хүмүүст нулимсаа харуулахгүй гэсэндээ гялс шударчихаад орж билээ. Тэр өдрөөс хойш би чинь төрөл арилсан даа. Ёстой л “зөөлөн нь хатуугаа” гэдгийг надад ухааруулсан байх. Ангийнхан маань ч бүгд гайхаж ширээнийхээ араас босохоо больсон намайг  хэзээ ийм болчихоо вэ гээд уулга алдацгаана.  Тогтож сонсдоггүй байсан хичээлээ чармайн үзэж 10 дугаар ангид орохдоо тэргүүний сурагчдын нэг болсон юм. Харин нөгөө хайрын эзэндээ сэтгэлээ илчилж зориглохгүй л байлаа. Тэр маань дуу хөгжмийн багш болох сонирхолтой гэдгээ үргэлж бидэнд ярина. Цаг хугацаа хөвөрсөөр... Тэр нэгэн үдшийн бүжиг тарсан орой гэнэт л зориг орж одоо л сэтгэлээ илчлэхгүй бол оройтох юм шиг гэгэлзэв. Хэдэн өдрийн өмнө бүтэн дэвтрийн цаас ноороглон байж нямбай гэгч нь бичсэн захиагаа түүнийхээ гарт атгуулчихаад хамаг хурдаараа гүйснээ одоо хэзээ ч мартдаггүй юм. Тэнэг хог чинь гэрт нь дөхүүлээд өгөхөө мэдэхгүй” хэмээн  яг л тэр үдэш, тэр цаг хугацаандаа очсон мэт ичингүйрнэ. Тэр догдлол, тэр хайр одоо ч хэвээр. “Тэр шөнө бусад шөнүүдээс урт байсан байх аа. Нойр хүрэхгүй гэгэлзэж, орондоо хөрвөөсөөр арай гэж өглөөтэй золгов. Бусад үед хичээлийн цаг нь болчихлоо хэмээн ээжээрээ дуудуулан босдог би тэр өглөө 07 цагт сургууль дээрээ ирсэн анхны сурагч болсон юм. Өглөө нь түүнтэйгээ харц  тулгарахаас ичиж, хаашаа ч хамаагүй бултмаар болж билээ. Ашгүй их үдийн завсарлага болоход над руу сэм сэмхэн харц чулуудаад байсан тэр минь түүхийн номын завсар хайрын захианы хариуг минь өгч билээ.  Дөрвөлжин нугалсан энэ цаасан дотор ямар хариу байгаа бол гэхээс байж ядна. Дахиад хоёр цаг. Тэр хоёр цаг бусдаас арай л удаан завсарласан санагддаг юм. Хичээл тараад хамт гол гудам өгсдөг найзууддаа худлаа шалтаг хэлчихээд сумын төвийн баруун талаар урсах гол руу хамаг хурднаараа гүйсэн сэн. Захианыхаа нугалаасыг задлах мөчид миний зүрх хамгийн хүчтэйгээр цохилж байсан юм. “Би чамд хайртай” гэсэн үгийг унших мөчид би үүлэн дээгүүр хөвсөн. Тиймээ гээд л тэсгэл алдалгүй орилсон. Тэр голоор нэг. Гэтэл гэнэт “Хүүш” гэх чимээнээр цочоод хартал хажуу айлын Батболд ах хэдэн тугалаа услахаар ирчихсэн байснаа голын ус руу орилоод байгаа намайг хараад айх, гайхах нь зэрэгцээд “Хүүш” гээд хамаг чадлаараа хашгирсан нь тэр байж. Сая гэнэт ухаан орж өөрөөсөө ичих шиг болов. “Хүү минь, чи зүгээр үү яахаараа ганцаараа орилоод зогсож байгаа хүүхэд вэ” гэж билээ.

Хайр, хагацал, харуусал...

 Энэ өдрөөс хойш үлгэр шиг, шүлэг шиг өдрүүд хөвөрсөн юм даа. Түүнийхээ булбарай гараас атгаад ирээдүйнхээ талаар ярилцаад алхах хичнээн сайхан. Цаг хугацааг зогсоож болдог бол энэ цаг мөчид үүрд амьдармаар байна. Цаг хугацаа хөвөрч тэр минь СУИС-д хөгжмийн багшаар сурахаар Улаанбаатар хотыг зорьж, манайх ар гэрийн бололцоо тааруугаас намайг нэг жил өнжөөхөөр болсон юм. Гэсэн ч бид бие биедээ тэмүүлсээр, бие биенээ хайрласаар л байсан. Ингээд түүний дараа жил нь би цэргийн албанд мордохоор болж тэр минь намайг нулимстай үдэж өгч билээ. Би чамайгаа хүлээнэ ээ гээд л... Даанч хэлсэндээ хүрээгүй л болохоос. Хоёр талын аав ээж бидний харилцааг мэддэг байсан л даа. Тэр нэгэн өдөр ар гэрээс минь захиа ирэхэд сэтгэлтэй бүсгүйд минь сүйн хадаг ирснийг дуулгасан юм.   Бүхнийг орхиод гүймээр, нүд рүү нь хараад асуумаар “худлаа худлаа” хэмээн дотроо хамгийн чангаараа хашгирч байсан юм. Итгэж өгөхгүй байсан эргэлзээг минь  хэдхэн хоногийн дараа түүнээс минь ирсэн захиа бататгаж орхисон.  Хамт сурч байсан залуудаа сэтгэл алдарч одоо удахгүй үрийн заяа үнэрлэх гэж байгаагаа бичсэн байсан даа. Надаас түмэнтээ уучлал хүсч, “чамд минь надаас өөр сайн хань заяах байх аа” гэсэн байлаа. Ингээд л миний хайрын түүх замхарч халагдах өдөр ч ойртсоор. Би түүнийгээ уучилсаан.  Харин сайн л хүнтэй учирсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн юм. Цэргийн албаа хаачихаад нутагтаа очихдоо түүнийгээ сумандаа байгаа эсэхийг хамгийн түрүүнд найзаасаа асуулаа. Харин тэднийх  аймгийн төвийн айл болсон байв. Цэргийн алба хаагаад ирсэн том залуу хэдэн өдөр үеийнхэнтэйгээ дарвилаа. Уйлж, дуулсаар хоёр сар өнгөрөв. Маргааш сумын наадам. Сумын наадам миний сэтгэлийг гэгэлзүүлэхээс илүү тэр минь маргааш нутагтаа ирэх сураг хамгийн сайхан мэдээ байлаа.

Үүр хаяарах үеэр гэрийн гадаа машин ирээд зогслоо шүү. Хөлийн чимээ нь хурдан хурдан алхсаар л гэрийн хаалга сэвхийтэл онгойлгов. “Хөөш, найз минь бос. Цаана чинь аюул боллоо. Дулмаа нааш ирэх замдаа осолд орсон гэнэ. Муу ээж нь газар дээрээ өнгөрсөн гэсэн мэдээ дуулдлаа. Эндээс бид одоо хөдлөх гэж байна. Чи хань бол” хэмээн ээрч сандран түгдчин нэг амьсгаагаар хэлсэн түүний үг миний ухаан санааг балмагдуулж орхив. Аав ээж гэрлээ тэрхэн зуур асааж “ Ээ халаг минь гэж юу болох нь энэ вэ” гэх нь чихэнд сонсогдсон. Би хувцсаа бүрэн өмссөн эсэхээ ч санадаггүй зүгээ л амандаа “Дулмаа минь, чи л гайгүй байгаасай” хэмээн аминчхан бодол тээж бувтнахаас өөрийг хийж чадаагүй юм. Сумын төвөөс 180 орчим километр газрыг хэрхэн туулсныг бүү мэд. Тэр минь эцэг эхээс хоёулхнаа. Өөрөө хадамд гарч харин хоёрхон хоногийн өмнө дүү нь эхнэр авч гэр дүүрэн нижгэр хурим хийсэн юм. Ямартай ч, дүү нь эхнэртэйгээ, тэр минь нөхөртэйгөө, аав ээжийн хамт нэг машинд зорчиж явсан гэдэг нь тодорхой. Харин яагаад, юуны учраас ийм харамсалтай явдал болсныг мэдэхгүй болохоор хурдхан л хэргийн газар очихыг тэмүүлж байсан юм. Тэнд очоод замын хажуу руу орсон жижиг тэргийг хараад тэндээс хүн амьд гарсан эсэхэд эргэлзсэн. Лааз шиг эвхэгдсэн жижиг тэрэгнээс ачиж явсан чихэр жимс, ачаа бараа нь газраар нэг  ундуй сундуй болон хөглөрчээ. Харахаас нүд хальтрам. Түүний ээжийн цогцсыг шинэхэн даавуугаар бүтээж орхиод цагдаагийн байгуулагын ажилтнууд хэргийн газар үзлэг хийнэ. Амьтай голтой үлдсэн хүмүүсийг ойрхон сумын эмнэлэг бараадуулж анхны тусламж үзүүлсэн гэв. Ямартай ч тэр минь амьд байгаа бололтой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эр үүрээр нойрмоглохдоо хажуугаар нь зөрж явсан тэднийг хүчтэй мөргөснөөс уг осол гарсан нь тодорхой болсон юм. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур өнөөх жолооч 30 орчим насны залуу хоёр хүүгийн аав. “Бүх зүйл хормын төдийд болоод өнгөрсөн. Нэг мэдэхэд хүчтэй зүйл мөргөх үедээ л сэрсэн. Бүх зүйл болоод өнгөрсөний дараа өөрийгөө зүхэхээс өөр зүйл хийж чадаагүй” хэмээн нулимс дуслуулан ярьж байсан тэр залуугийн төрхийг одоо ч би мартаж чаддаггүй юм. Бид тэдний хүргэгдсэн эмнэлэгт очиход дахиад л хэцүүхэн мэдээ угтсан юм. Тулгар биетэй түүний амийг аврахын тулд хүүхдийг нь хийсвэрээр төрүүлэхээс өөр арга эмч нарт байгаагүй. Ингээд хорвоод ирэх гэж яарч байсан нэгэн амь зул болон бөхсөн юм. Хайртай бүсгүйн минь эр нөхөр бэртлээ дийлээгүйн улмаас тун удалгүй хорвоог орхилоо. Хоёрхон хоногийн өмнө айлын гэргий болж, хуримын даашинзтай зогсож байсан өнөөх залуухан бүсгүй ч бас сахиусан тэнгэр болчихов. Ийм хатуу хувь тавилан, ийм гашуун зовлон нэгхэн хормын дотор энэ айлд тохиох ч гэж дээ. Ээж нь, үр нь, хань нь, бэр нь түүнийг минь үүрд орхиод тэнгэрийн оронд морилсон энэ гашуун зовлонг түүнд хэн хэзээ дуулгах юм бол доо. Тэр минь ухаангүй аймгийн эмнэлэгт дүүгийн хамт хүргэгдлээ. Бурхан азаар түүний минь аавыг гэмтэл багатай үлдээсэн юм. Хэдийгээр тэр хүн биеийн гэмтэл багатай ч сэтгэлийн гүн шархтай хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Түүнийхээ царайг би харж чадаагүй ээ. Ямаршуухан байдалтай байгаа бол доо гэхээс зүрх шимширч байсан юм. Бид түүний ээжийн алтан шарилыг ачаад нутаг буцсан бол нөхөр болон бэрийнх нь шарилыг ах дүүс нь аймгийн төв рүү гэр лүү нь авч явлаа. Ажил явдал өрнөж, сумын наадмын баяр баясал уй гашуугаар солигдсон юм. Гэрийн хоймор  жаазтай гурван зураг эгнэж, зулын гэрэл сүүмийнэ. Сум даяараа тэдний уй гашууг хуваалцаж хэсэгтээ маань мэгзэм болцгоов. Түүнийхээ талаар чих тавин сураг сонсоход ухаан ороод хамгийн түрүүнд хэвлий дэх үрээ асуусан гэх. Үрийнхээ араас сонсох хэцүү мэдээг тэр хэрхэн яажшуухан туулсан бол доо. Түүнийхээ хажууд зовлонгоос нь нимгэлцэх хувь надад дутсан болохоор холоос сэтгэлээ чилээхээс өөр зүйл хийж чадаагүй юм. “Үхсэний хойноос үхдэггүй” гэдэг хатуу хэрнээ үнэн үг байдаг болохоор хорвоогийн шар нар, бор өдрүүдийг туулж л яваа даа. Харин өнөөх жолоочийн хувьд нэг хүү нь суудлын бүсээ зүүгээгүй байсан учраас цонхоор шидэгдэж амь насаа алдсан байдаг. Нэгхэн хормын болгоомжгүй үйлдлээсээ болж тэр таван хүнийг тэнгэрт дэвшүүлж, өөрийн болон өрөөлийн амьдрал, аз жаргалыг булшилчихсан болохоор өөрийгөө уучилж чадаагүй байх. Амьдралын жамаар би амьдрал зохиож хөөрхөн хүү, охины аав болсон. Гэсэн ч тэр минь хэзээ ч миний сэтгэлээс гардаггүй юм. Олон жилийн дараа түүнтэй санаандгүй таарахад нүдэндээ гунигтай, сэтгэлдээ шархтай эцэж турсан миний зүрх сэтгэлд мөнхөрсөн 20 настай Дулмаагаас шал өөр хүн болсон байсан юм даа. Дахиад нэг удаа түүнтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцах юмсан гэсэн бодол тээсээр л яваа даа. Зам тээврийн осол гэдэг ямар их гай, харуусал, хагацал тээдэг гэдгийг нүдээрээ харж, биеэрээ туулсан болохоор өдөр бүр сонсогдох авто ослын талаарх мэдээ зүрхний минь шархыг сэдрээдэг юм. Буруутанг буруутгах, шүүх, яллах амархан. Харин цаг хугацааг буцаах боломжгүй. Тухайн ослоос үүдэн гарч байгаа үр дүнг хүн болгон биеэрээ туулдаггүй шүү дээ. Халаглана, шүүмжлэнэ, харуусна... Тэгээд л мартана. Эргээд өөрсдөө жолооны ард суухдаа амаа аваад давхиж байгаа адуу шиг л хурдлана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно, хамгаалалтын бүсээ зүүдэггүй, хүүхдээ зориулалтын суудалд суулгадаггүй. Энэ байдал нь эргээд өөртөө болон өрөөлд яг л ийм гашуун зовлонг уриалан дууддаг. Ингээд наанадаж эд хөрөнгөөрөө, цаанадаж эрүүл мэнд, амь насаараа хохирдог шүү дээ. Эцэг эхээс эрүүл саруул төрсөн хэрнээ сагсуу жолоочийн буруугаас болж насаараа тэргэнцэр дээр сууж, хараагүй болж, хөл гараа хугалсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс олон л байна шүү дээ дүү минь. Муу мэдээ сонсохдоо муу ёр гэж мод цохиж муйхарлахаас илүүтэй би өөртөө болон бусдад ийм гэм хор учруулахгүйн тулд юу хийх ёстой вэ, эргэн тойрондоо хэрхэн нөлөөлөх вэ, үр хүүхдүүддээ хэрхэн заах вэ гэдгээ хамгийн түрүүнд боддог баймаар байна. Заавал бие, сэтгэлээрээ тэр зовлонг үзэж туулж байж ухаарах хэрэг байна уу. Бид чинь ухамсарт хүн төрөлхтөн шүү дээ” гэсэн юм.

Ганц л хором тэвчье. Гарах үр дүн нь гайхалтай байх болно

 

Бидний хэнэггүй хэрнээ, хээгүй ярианд ахын сэтгэлийн гүн дэх шарх дахиад л сэдэрсэн болохоор тэр цааш сонсож тэвчилгүй уртаа санаа алдаад гарсан. Түүний энэ түүхийг би мэдэж байгаа болохоор миний ч сэтгэл хөндүүрлэсэн юм.   Тийм ээ, бид үнэхээр ухамсарт хүн мөн үү. Та өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Энэ түүхийг уншаад танд юу бодогдож байна. Бид жил бүр зам тээврийн ослоор амь насаа алддаг 500 гаруй  иргэний алтан амийг аврах боломж байна уу. Энэ тоог тэглэх боломж байгаа юу. Харин үүний тулд та юу хийж чадах вэ. Таны хувь нэмэр юу байж болох вэ. Энэ ердөө амархан. Замын хөдөлгөөний дүрмээ баримталж бусдыгаа замын хөдөлгөөний дүрмээ баримтладаг соёлтой, ухаалаг, ухамсартай жолооч байхыг уриалан дуудахад л болох юм. Ийм л амархан шүү дээ. Та 500 хүний амь насыг аварч төдий тооны гэр бүлийг элэг бүтэн, эрүүл саруул амьдруулж чадна. Үнэндээ бидэнд ТЦА-ныхан ийм л зүйлийг шүлсээ хаттал хэлж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлүүлэхийн төлөө ажиллаж байгаа шүү дээ.  Өнгөрсөн жил “Яараад яахаю дээ” хэмээх товч бөгөөд тодорхой аяныг зохион байгуулсаны үр дүнд осол хэргийн тоо буурсан. Энэ жил ч мөн энэ аянаа үргэлжлүүлж байна. Бас чамарлахааргүй амжиллттай  байгаа талаар дуулдана лээ. Гэсэн хэдий ч гэнэтийн аваар ослоор хорвоог орхиж байгаа хүний тоо буурахгүй л байна. Та үүний эсрэг яг одоо хувь нэмрээ оруулж дуу хоолойгоо хүргээрэй. Ганц л хором тэвчье. Гарах үр дүн нь гайхалтай байх болно. Эцэст нь С.Зориг агсны “Би  монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх үгээр нийтлэлээ өндөрлүүлье. Уг нь, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг дээ.

П.Батзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.49
Mundag shuu gants l horom tewchih hergtei
2020/08/11
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com