“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай ээж эко соёлын аян”-ыг санаачилж, хамтран зохион байгуулсан юм.
-“Далай ээж эко соёлын аян” энэ сарын 4-19-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийг дамнан олон улсын уран бүтээлчид, иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулж өргөн дэлгэр боллоо. Тус аянг өрнүүлэх санаачилга анх хэрхэн гарав?
-Би газарзүйн багш мэргэжилтэй л дээ. Тийм учраас Хөвсгөл нуурыг байгалийн хосгүй өв гэдгийг мэдэж, нуураа хамгаалах талаар санаа тавьж ирсэн. Нуурыг тойрсон олон аялал жуулчлалын байгууллага, уул уурхайн компани байгуулагдаад асуудал үүсч эхэллээ. 2003 онд нутгийн иргэдийн санаачилгаар төрийн бус байгууллага байгуулсан. Иргэд “Аялал жуулчлалын компани олон боллоо. Энэ компаниуд нуурын эрэг дагуу олон тооны нүхэн жорлон байгуулсан. Бид нуурын усаа шууд уудаг. Гэтэл одоо нуурын ус руу жуулчны баазуудын нүхэн жорлонгийн ялгадас, бохир орж байна. Бид нуурын эрэг дээрх жуулчны баазуудын ялгадсыг уух боллоо” гэсэн асуудал тавьсан. Тухайн үед миний бие Улс төрийн боловсролын академид иргэний хөдөлгөөний сургалт хариуцсан багшаар ажиллаж байсан. Эрх нь зөрчигдсөн иргэд зохион байгуулалтад орж, хэрхэн зөрчигдсөн эрхээ хамгаалах арга замыг нь заадаг байлаа. Хатгал тосгоны иргэдтэй хамтарч зохион байгуулалтад орж төр засгийн шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэж байлаа. Цаашлаад Хөвсгөл нуурыг хамгаалалтад авах арга замын талаар судалсан. Ингээд онгон байгалиараа, унаган төрхөө хадгалсан газруудыг хамгаалдаг арга механизм НҮБ-ын ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлэх гэдгийг олж мэдсэн. Энэ хамгаалалтад оруулчихвал Хөвсгөл нуурын хамгаалалт сайжирч унаган төрх, онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэн үлдээх юм байна гэдгийг ойлгосон юм.
Тэр цагаас л энэ ажил ихтэй. Тухайн үед Хөвсгөл нуураа цэвэрлэе аяныг Өнөөдөр сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэтэй хамтарч эхлүүлсэн. Хөвсгөл нуурын гүнд 40 гаруй автомашин байгаа гэсэн судалгаа бий. Энэ санаачилгаа үндэслээд бид “Хөх сувд” төслийг эхлүүлсэн. Ингээд үндэсний хэмжээний томоохон компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажилд нэгдэхийг уриалсан. Мөн Чех, Япон, Солонгос, Америк, Орос гэх мэт далайтай улс орнуудаас ямар техник ашиглаж, хэр их үнэ өртгөөр далайгаа цэвэрлэж болох талаар судалсан. Энэ төслийн зорилго дотор өнөөх НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Хөвсгөл нуураа бүртгүүлэх зорилт мөн багтаж байсан. Энэ төслийг маань Азийн хөгжлийн банкнаас дэмжиж 3.000.000 ам.доллароор санхүүжүүлсэн. Бид зөвхөн хамтарсан багт нь байсан болохоор санхүүжилтийг нь гардаж ажиллаагүй. Одоо ингээд бидний зорьсон ажил эхнээсээ хэрэгжиж эхлэх нь дээ гэсэн хүлээлт байсан. Бид “Энэ бол Хөвсгөл нуурыг хамгаалах төсөл шүү. Энэ хөрөнгө оруулалт Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд зарцуулагдах ёстой” гэсэн саналаа хэлж ирсэн. Өнгөрсөн жил нутагтаа ирэхэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 50 ширхэг жорлон барьсан байна лээ.
-Эко жорлон барих нь зөв боловч байршлын хувьд цэгээ олоогүй юм шиг санагдсан. Нуураас зайтай барьчихсан жорлонг харсан л даа?
-Үүнийг судлах л хэрэгтэй. Өнгөрсөн жил ирэхэд 50 ширхэг байгаа эсэх нь ч эргэлзээтэй цоожтой хэдэн жорлон байсан. Энэ нь анх нутгийн иргэдийн гаргасан саналын дагуу хөрсний бохирдлыг бууруулаад, Хөвсгөл нуур луу ялгадас, өтгөн шингэн бохир оруулахгүй хэмжээний эко ариун цэврийн байгууламж болсон эсэх талаас нь харахаар миний санаанд хүрэхгүй л байгаа. “Хөх сувд” төслийн нэг зорилт болоод явж байсан НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Хөвсгөл нуурыг бүртгүүлэх ажил орхигдсон. Ингээд мөн л төрийн бус байгууллагууд нэгдээд Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэхэд улс орныхоо болон олон улсын анхаарлыг хандуулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж “Далай ээж эко соёлын аян”-ыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байлаа. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд Хөвсгөл нуурыг Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилгоор урьдчилсан шатны хэлэлцүүлэг сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн” төсөл хамтран Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулсан талаарх мэдээлэл гарч эхэлсэн.
- Энэ хоёр хамгаалалтын ялгаа нь юу юм бэ. Хоёулаа л Хөвсгөл нуурыг хамгаалах зорилготой биш гэж үү. Та бүхэн хамтарч ажиллах боломж байдаггүй юм уу?
-Би ингэж хардаад байна л даа. Далай ээжийг дэлхийн өвд биш Хүн ба шим мандлын сүлжээнд оруулах төлөвлөгөө, ашиг сонирхол хүмүүст илүү байгаа юм болов уу. Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх юм бол нэгдүгээрт, хамгаалалтын зэрэглэл нь буурна. Хоёрдугаарт, илүү ашиглалт талдаа болох юм. Харин ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлбэл олон улсын хамгаалалтад орох юм. Өөрөөр хэлбэл дэлхийн өвд бүртгүүлснээр хамгаалалт нь түлхүү байдаг бол, Хүн ба шим мандлын сүлжээ нь ашиглалтад ньтүлхүү анхаардаг. Ашиглана гэхдээ зохистой гэдэг. Нэг ёсондоо Хөвсгөл нуурын үнэ цэнийг бууруулж байгаа гэсэн үг. Хүн ба шим мандлын нөөц газарт багтах шалгуур нь хүртэл дэлхийн өвд бүртгүүлэхээс доогуур үзүүлэлт шаарддаг. Бидний үзэж байгаагаар Хөвсгөл нуур дэлхийн өвд бүртгүүлэх гурван гол шалгуур үзүүлэлт болох хосгүй байх, нөхөгдөшгүй, унаган төрхөөрөө байх гэсэн шалгуурыг аль хэдийнэ хангачихсан. Дэлхийд цэвэр усны чанараараа гуравдугаарт ордог, дэлхийн цэвэр усны нөөцийн 04-1 хувийг дангаараа агуулж байгаа. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг, шууд ууж болох ийм нөөц устай нуур дэлхийд байхгүй. Тиймээс энэ нуур хосгүй, нөхөгдөшгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Ийм газрыг бид нэг л удаа ялгадас, хог хаягдал, түлш шатахуунаар бохирдуулчихвал дахин ийм цэвэр ус бий болгож чадахгүй. Тиймээс нөхөгдөшгүй. Хөвсгөл нуурын эрэг дагуу БОАЖЯ-ны хариуцлагагүй байдлаас болж хэт замбараагүй газар олгогдсон. Үүнээс болж нягтаршил үүсч, байх ёстой даацаасаа хэтэрч, төвлөрөл их үүссэн газрууд бий. Гэхдээ үүнийг зохицуулж болно. Түүнээс биш Хөвсгөл далай бүхэлдээ унаган төрхөө алдчихсан зүйл байхгүй. Магадгүй энэ хэвээрээ ашигласаар байвал, Хөвсгөл нуурынхаа үнэ цэнийг алдана. Хүн гэр бүлдээ хамгийн үнэ цэнтэй зүйлээ өвлүүлж үлдээдэг. Дэлхийн хүн төрөлхтнийг нэг гэр бүл гэж бодох юм бол өнөөдөр манай улсын үнэ цэнтэй өв бол Хөвсгөл нуур юм. “Далай ээж эко соёлын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотод зохиосон эрдэм шинжилгээний хуралд БОАЖЯ-ны сайдыг оролцохыг урьсан. Мөн Хөвсгөл нуурыг тойрсон асуудалтай холбоотой таван газрын дарга нарт нь урилга хүргүүлж Хөвсгөл нуур дэлхийн өв юм уу, Хүн ба шим мандлын нөөц газар байх юм уу гэдэг дээр яамнаас баримталж байгаа санал, бодлыг сонсч, харилцах ярилцахыг хүссэн. Харамсалтай нь БОАЖЯ-наас нэг ч хүн тус эрдэм шинжилгээний хуралд ирсэнгүй. Тиймээс бид Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын сүлжээнд бүртгүүлэх нь БОАЖЯ-наас барьж буй бодлого, зорилго юм байна гэж харж байгаа.
-Өмнө нь Хөвсгөл нуурыг НҮБ-ын ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр оролдлого хийгээд буцаасан юм билээ. Тухайн үед юун дээр алдсан юм бол?
Тийм л дээ. Гэхдээ танай энэ нуур дэлхийн өвд хэзээ ч байх ёсгүй гэсэн хариулт өгөөгүй л юм билээ. Тухайн үед “Одоогоор дэлхийн өвд бүртгэж авах боломжгүй. Гэхдээ танай Хөвсгөл нуур ирээдүйд үнэ цэнтэй байх боломжтой юм байна. Тиймээс та бүхэн дахин дэлхийн өвд нуураа бүртгүүлэхийн төлөө ажиллаж болно” гэсэн агуулга бүхий зөвлөмж өгсөн юм билээ. Тэгэхээр өнөөдрийн замбараагүй, төрийн хяналтгүй энэ байдал даамжирсаар өдөр ирэх тусам Хөвсгөл нуурын үнэ цэнийг алдагдуулсаар байвал бид энэ сайхан өвөө дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадалгүй бохирдуулах, үгүй болгох, устгах аюул нүүрлэх нь. Дэлхийн өвд бүртгүүлэх ажил амаргүй. Цаг хугацаа шаардана. Ашиг сонирхлын хувьд олон эсэргүүцэлтэй тулгарна. Олон хүнд зөв мэдээлэл хүргэх шаардлага байна. Гэсэн ч энэ ажлын төлөө одоо л ханцуй шамлан орохгүй бол оройтох гээд байна. Хөвсгөл нуурын хөвөөнд төрж өссөн бид эхлүүлэхгүй юм бол өөр хэн ч хийхгүй юм байна гэдгийг дэндүү сайн ойлгосон учраас энэ аяныг дахин өрнүүлээд явж байна. БОАЖЯ-наас Хөвсгөл нуурын эрэг дагуу замбараагүй газар олгож, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс газрын төлбөр авч байх нь төрд ашигтай. Түүнээс бус нуурыг зохистой, даацын хэмжээнд нь ашиглах талаар зохицуулалт хийвэл тэдний олох мөнгөний хэмжээ нь багасна гэж хардаг байх. Энэ байдлаа олон нийтэд буруугаар ойлгуулдаг. Хөвсгөл нуур дэлхийн өв болчихвол нутгийн иргэд та нар ашиглаж чадахгүй шүү. Мал бүхий иргэдийг энэ бүсээс хөөнө шүү гэх мэтчилэн. Хөвсгөл нуур дэлхийн өвийн хамгаалалтад орсноор унаган төрхөөрөө хадгалагдан үлдэж, дэлхийд үнэ цэнтэй болж экологийн, соёлын аялал жуулчлал хөгжиж, энд амьдарч байгаа нутгийн иргэд урт хугацааны тогтвортой, амьжиргаагаа залгуулах үндэс нь ийм бизнес, аж ахуй дээр суурилж хөгжих юм шүү гэдгийг үнэн зөвөөр тайлбарладаггүй.
Гэтэл нутгийн зарим иргэд, ялангуяа жуулчны бааз ажиллуулдаг хүмүүс буруу ташаа ойлголттой болж өнөөгийнхөө замбараагүй, хариуцлагагүй, хяналтгүй байдлаар Хөвсгөл нуурыг ашиглах сонирхолтой байна. Тэд зуны гурван сар таван төгрөг олохоо л бодож байна. Жуулчны бааз ажиллуулдаг хүмүүсийн ихэнх нь энэ нутгийн иргэд биш. Мөнгө, танил талаараа нуурын эрэг дээр газар авчихсан байдаг. Тэд нүүдлийн шувуудтай хамт ирж, ашиг олчхоод буцах шувуудтай хамт арилаад өгдөг. Энэ нуурын хувь заяанд санаа тавьдаг хүн ховор л доо. Өнөөдөр энэ нуур цэвэрхэн, цэнгэг байгаа учраас бизнес эрхлэгчид ашиг олж байна. Нэг л өдөр энэ нуур бохирдоод хүн ирэхээ болихын цагт тэд өөр мөнгө олох арга сэдээд л алга болно.
-Танай төрийн бус байгууллага байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр Хөвсгөл нуурын хөвөөнд хогийн цэг байхгүй, нүхэн жорлон ихтэй, замбараагүй газар олголт гэх мэт олон асуудал байна. Эдгээр асуудалд танай төрийн бус байгууллага иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч, санал гаргаж байсан тохиолдол хэр байдаг вэ?
-Олон жил, олон удаа иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажиллаж байна. Одоо Хөвгөл нууранд шаардлага хангасан хангаагүй олон завь үйлчилж байна. 2007 онд Хөвсгөл нууранд Оросын хөлөг онгоц живж, түлш нь нуурын усыг бохирдуулсан. Бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн. Үүний дараа бохирдлын түвшинг тогтоож, БОАЖЯ-наас санхүүжилтыг нь гаргаж тус онгоцыг татан гаргаж, нуурыг цэвэрлэсэн. Энэ үеэс Байгаль нуурт явж байгаад хуучирсан, шаардлага хангахгүй хуучирсан онгоцыг оруулж ирдгээ больсон. Хоёрдугаарт,Хөвсгөл нуурын хойд хэсэгт фосфоритын Жанхайн гурван бүлэг орд байдаг. Бүрэнхааны орд нь нуураас 100 гаруй километрт бий. Наана нь 50-60 километрт Алаг-Эрдэнэ сумын ойролцоо Манханы орд бий. Гурав дахь том орд нь нуурын яг ард байрлах Жанхайн бүлэг орд юм. Бүрэнхааны бүлэг ордыг ашиглах асуудал хөндөгдсөн. Энэ тал дээр манай ТББ-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж хайгуулын зургаа, ашиглалтын хоёр гэрээг цуцлуулж байсан.
Өнгөрсөн жил гэхэд нутгийн иргэд жуулчны баазуудад газраа алдаад эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар “Аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахын тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд санал хүргүүлдэг. Дараа нь Алаг-Эрдэнэ сумын ИТХ-аар оруулж дэмжигдсэн санал авдаг. Ингээд энэ хоёр саналаа БОАЖЯ-д хүргүүлж, шийдвэр гаргуулдаг. Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл гарлаа гэхэд нөлөөллийн үнэлгээ хийлгэдэг. Үүний дараа жуулчны баазаа аж ахуйн нэгж хэмээн бүртгүүлдэг. Нутгийн иргэдийн хувьд аялал жуулчлалын зориулалтаар газар авах нь маш хүнд. Тэгэхээр ийм боломж хомс нутгийн иргэдийг боломжтой хүмүүс нь газраас нь шахаж эхэлсэн. Нэг л өдөр нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газар дээр нь БОАЖЯ-ны зөвшөөрөлтэй гээд хашаа хатгачихдаг. Тэр ч бүү хэл мал бүхий иргэдийг тусгай хамгаалалттай газраас нүүлгэх шийдвэр, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж гарчихсан байсан. Тусгай хамгаалалттай газрын дарга н.Батсансараас яагаад ийм шийдвэр гаргасныг нь асуухад “Мал Хөвсгөл нуурын усыг бохирдуулаад байна” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл малчид “ Бид Хөвсгөл нуураа бохирдуулаагүй. Үе удмаараа нуурынхаа хөвөөнд малаа маллаж ирсэн. Харин ч нүүдлийн мал аж ахуй байгальтайгаа зохицсон хамгийн эко бизнес” гэдгийг хэлж байгаа. Энэ төрийн бодлого эгэл жирийн, нутгийн уугуул иргэд, байгаль экологийг нь хамгаална гэхээс илүү өнөөдөр хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүнд БОАЖЯ-ны бодлого хүрч байна. Одоо олгосон газраасаа бусад газарт үнэ цэнтэй аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн дор газрыг дуудлага худалдаагаар олгодог болох гэж байна. Өөрөөр хэлбэл цөөн тооны мөнгөтэй компаниудад эзэмшүүлэх менежмент, төлөвлөгөө боловсруулчихсан байна. Ер тусгай хамгаалалттай газар нутаг гэж газраас нь тусгаарлаж авсан үнэ цэнтэй газар нутагт өнгөтэй мөнгөтэй хүн л амьдарч, үйл ажиллагаа явуулдаг шударга бус байдлыг бий болгож байгаа бодит жишээг Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газарт олгож байгаа газар олголт, ашиглалтын байдлаас харж болохоор байна. Энэ мэтчилэн нутаг орныхоо онгон дагшин байгаль, энд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах олон ажил хийсэн.
-Өнөөдөр олон төрийн бус байгууллагууд иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг боловч цаг хугацаа өнгөрсний дараа үйл хэргээсээ буцах, эрх мэдэлтний халаасанд багтах нь олон. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Төрийн бус байгууллагуудыг шантаажчин гэж ярьдаг, хардаг хүмүүс бий. Миний хувьд 1997 оноос хойш иргэний нийгмийн байгууллагад ажилласан. Амьдралынхаа утга учир, зорилго, үнэ цэн, зарчим болгоод явж байгаа хүмүүс хэзээ ч ийм өчүүхэн санаа агуулдаггүй юм аа. Тэдэнд нэг өдөр хэн нэгнээс их, бага мөнгө авч амьдралынхаа зарчим, зорилго, үнэт зүйлээ бусниулах итгэл үнэмшил байдаггүй. Олон жил үйл ажиллагаа явуулсан ТББ-д “Энэ ажлаар туршлагатай учраас ийм ажил хийгээд өгөөч” гэсэн ажлын санал, захиалга донор байгууллагуудаас орж ирэх тохиолдол бий.Төр, иргэний нийгмийн байгууллага тусдаа байх ёстой. Иргэний нийгмийн хамгийн гол үүрэг нь төрийн алдаа, завхарлыг засч, төрийг шүүмжлэх, хянах. Төрийг үнэнч шударгаар ард иргэдийнхээ төлөө ажиллахыг шахаж, шаардах учиртай. Тиймээс ТББ-ыг шахалтын бүлэг, сонирхлын бүлэг гэж нэрлэдэг. Тийм учраас төрөөс хол байдаг. Магадгүй төрөөс дэмжлэг авчихвал засч залруулах, шахаж шаардах байдал нь багасч, төрийн нөлөөнд автаж, халаасны байгууллага болох эрсдэл бий. Энэ бол зөвхөн манай улсад ч тохиолддог биш,дэлхийн бүх улсад байдаг асуудал.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН