Өнөөгийн нийгмийг эрүүл саруул ухаанаар ажиглах юм бол өвчтэй, солиотой, галзуурсан бүр сэтгэцийн хүнд эмгэгтэй гэмээр. Аз одонд найдах олон нийт, олны танил, од болохыг мэрийн хичээгсэд, мисс, босс болоорой гэж ерөөгдсөн шинэ үеийнхэн, онооны төлөө өрсөлдсөн улс төрийнхөн, лайкны төлөө худал хуурмаг бүхнээр тархи угаагч сошиал ертөнц гээд үй олон. Мөнгө, могойн зураг шэйрлэж, морь бөхийн хөлс магнайдаа нааж баяжихыг хүссэн мянга мянган монгол. Үнэхээр баяждаг байсан бол соёолонгийн тоос, бөх, морины хөлсөө бүтэн жил угаахгүй явж чадах олон хүн бий.
Энэ эрүүл бус хандлага дам утгаараа ч нийгэмд гай тарьж оюун ухаан, биеийн хүч хөдөлмөрөөр амьдрах бусдын урам зоригийг мөхөөж байна. Өнөөгийн нийгэмд маш хялбар аргаар мисс, босс, бөх болохыг хүсэгчид хэчнээн буйг тоолшгүй. Учир нь хүний дээд нь энэ гурав шүү дээ. Хүссэн бүхнээ хүртэж хүндлэлийн дээдийг олно. Бөх бол биеийн хүчний хүнд спорт, барилдах бол ухаан гэх уламжлалт ойлголт чинь начны найраа гэдэг зүйлээс хойш устаж үгүй болсон гэдгийг хэлье. Хэн үүнийг бий болгосон юм бэ. Бөхчүүд өөрсдөө.
Нийтийн энэ хандлагыг дагаад гавьяа шагнал, шагнал урамшууллын тогтолцоо улам л утгаа алдаж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бөх болсон ард түмэн бид XIII зууны хүний бие махбодыг шүтдэг сэтгэлгээнээсээ хөндийрөх нь байтугай улам түүндээ уусан шигдсээр. Хурдан шаламгай, хүдэр бадриун, хүч тэнхээтэй бол эр хүний дээд, нялуун нялцгай урт хөл, урт сормуустай, туранхайгийн туйл, цонхигор цайвар л бол хүүхний сайхан гэдэг талаас нь харж бурханчлан шүтсээр. “Биеийн хүчээр нэгийг ялдаг, бийрийн хүчээр мянгыг ялдаг" гэдэг сэн.
Өнөөдөр бид илд бариад дэлхийг эзлэх эсвэл харийн дайсандаа гоо хүүхнээ өгч хэлцэл хийх ямар ч шаардлагагүй цаг үед амьдарч байгаа билээ. Ухаалаг техникийг хэрхэн эзэмшсэн, ур чадварыг хэр өөртөө суулгасан, удирдах манлайлах, сэтгэх, бүтээх хурдаараа өрсөлдөж буй зуунд бидний монголчууд эрлийз морь, хүрлэгэр харчуудаа уралдаж бас уралцаж сууна. Хэл ам, хэрүүл будлиангүй бөх, морьгүй 21 жалга довны наадам гэж бараг үгүй болсон. Олны баясал цэнгэл биш олз омог, бай шагнал ахиу болохоор нь барилдах дуртай хүмүүс байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Үнэн шударгаар биеийн хүчээр ялаад аварга болсон ч зарим нэгэн байж болох. Гэхдээ олон түмэн бөхөд итгэхээ больж буй.
Харин ес давсан аваргад таван өрөө байр, хоёр машин уралдан өгдөг жишгийг энэ жилийн наадам тогтоож өглөө. Уснаас хүний амь аварсан есөн настай хүүгээс энэ төр “Шударга журам” медалиа харамлаж байхад төрийн бус байгууллага “Авьяас алтан” медаль өглөө.
Төрийн цагдаагийн байгууллагын цол тэмдгийг түрүүлсэн бөх, сонгогдсон улс төрчдөд зүгээр тараадаг жишгийг мөн л энэ үеийн засаг баригчид тогтоолоо. Судлаад үзэх юм бол өчнөөн жил үнэн цагаанаар төрд зүтгэж нийгмийн сайн сайхан, олон түмний амар амгалангийн төлөө сэтгэл гаргаж ажилласан бага цолтой албан хаагч хэчнээн байгаа бол?! Өгч байгаа нь ичихгүй байж болох ч авч байгаа нь ичдэг баймаар юм.
Барилдаад, улс төржөөд хурандаа авсан хүмүүс цагдаагийн, цэргийн байгууллагад ажиллах уу. Ер нь ганц шөнө ээлжинд хонож, ганц өдөр жагсаалд зогсч үзсэн үү? Баруун, зүүнээ мэдээд жагсаалд ороод зөрөхгүйгээр алхчихаж чадах уу? Аль нэг байгууллагын нэрийн өмнөөс барилддаг бөх, уралддаг тамирчин тухайн байгууллагад ямар ч үүрэггүй, орон тоо бөглөн цалин авч, жилийн ихэнхэд нь бэлтгэл сургуулиа хийж явдаг жишиг бүр социализмын үед байсан. Дээд сургуульд сурдаг нэртэй тэтгэлэг аваад байдаг, тэгсэн атлаа хичээлд суудаггүй, сургуулиа ч төгсөлгүй 7-8 жил сурч, зөвхөн сургуулийнхаа нэрийг л гаргаж явдаг оюутан байсаан.
Одоо бөхчүүд байгууллага, компанийнхаа нэрийг наадмын талбайд гаргаж, тухайн байгууллагын хамгийн дээд алдар цолыг хүртдэг болоод байгаа нь энэ.
Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагийн цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд ичсэн Дэрэмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ... (Хоршоо Дэрэм Ш.Г) гэдэг ч биш бүр хугацаа ч үгүй болоод бэлгэнд авсан хурандаа цолтнууд үржсээр байна.
Хүний амь 20 мянган төгрөгөөр үнэлэгдсээр. Хорин мянгын үнэтэй гэдгийг бодоод олчход амархан. А-4 ийн нэг цагаан цаас эсвэл фото цаасны үнэ 50-3000 төгрөг. Түүн дээр бичих үг гүүглд бэлэн байгаа. Цаасан дээр хуулаад тавьчхаж хэн ч чадна. Өргөмжлөлийн жааз дундаж хэмжээтэй нь дэлгүүртээ бол 20 мянган төгрөг. Ингээд л болоо.
Хүний алтан амь гэдэг ар гэрийнхэн бусад хүмүүст мөнгөөр үнэлж болшгүй үнэ цэнтэйг мэдэлгүй л яах вэ. Харин хүний эрдэнэт амь аварсан хүнээ Монголын төр ингэж л үнэлж байна.
Уснаас хүний амь аварсан есөн настай Ж.Тэмүүжин, дэлхийн шатрын аварга болсон 11 настай Л.Очирбат, дэлхийн шатрын аварга болсон долоон настай Е.Төгстөмөр, Ой тогтоолтын спортоор олон улсын их мастер, дэлхийн аварга Э.Лхагвадулам,
Олон улсын их мастер Н.Энхшүрийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болсон гээд захын жишээ дурдахад эдгээр хүүхдүүдэд түүний эцэг эх, багш сурган хүмүүжлэгчдэд Монголын төр юу гялайлгасан бэ?
Заримд нь 20 мянгын өргөмжлөлөө ч олгоогүй байх. Эрх баригчид улс төржөөд, авлигаа авах, хулгайгаа хийх гээд ийм амжилт, сайн сайхан мэдээг олж дуулаагүй ч байж мэднэ.
Цаг наргүй гэмт хэрэгтнүүдийн араас мөшгиж, хээр гадаа, зам дээр нар бороонд балбуулж, баяр бүхнээр тушаал аван жагсаж ар гэрийнхэнтэйгээ хамт баярлаж үзээгүй цагдаагийн эгэл жирийн албан хаагчдын өмнө төрийн өндөр дээр цолыг бэлгэнд авсан хурандаа нар ичдэг болов уу...
Мөн нэгэн насаараа урлаг уран сайхны төлөө зүтгэж луйваргүй, авлигагүй салбарын ажил мэргэжлийг сонгон зүтгэсэн үе үеийн уран бүтээлчдийн өмнө, ганц нэг дуу дуулж, гуйж бас гүйж байж авсан СТА, гавьяатууд ч бас нэгийг бодмоор.
Улс даяараа алдар цуугаа мандуулан баяр наадмын манлай болж түрүүлсэн бөхдөө монголчууд хайртай. Ийм ч болохоор хүндэтгэж, байр машин, тэрэг, цол хэргэмээ хайр найргүй цацаж байгаа нь энэ.
Гэхдээ монголчууд “Биеийн хүчээр нэгийг ялдаг, бийрийн хүчээр мянгыг ялдаг” гэж ярьдаг ард түмэн. 15 мянга хүрэхгүй үзэгчийн суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнд 9 хүнийг унагаад аварга болсон нэг бөхийн хөлсийг духандаа хүргэх гээд хошуурч байхад чинь цаана нь багачууд дэлхийн дэвжээнд монголын нэрийг дуурсгаад оюун ухаанаараа гайхуулж явна. Үүнийг олж харах билгийн нүд манай энэ авлигач эрх баригчдад байна уу.