Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Эрдэнэ: Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ” луйварчидтай бид зөвшихгүй

С.ЭРДЭНЭ: ҮНДСЭН ХУУЛИЙГ "БАНТАН БОЛГОСОН" 70 ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

 

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, төслийг Ард нийтийн санал асуулгаар батлах шийдвэр гаргалаа. Та Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт хэр үр дүнтэй болно гэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хооронд нь хольж, “бантан” болсон. Тиймээс энэ удаагийн өөрчлөлт үр дүн өгөхгүй. УИХ-ын гишүүд юу хэлэлцэж байгаагаа ч ойлгохгүй байна.

Гол тоглолт хийж байгаа 4-5 хүнээс бусад нь төслөө уншиж ч үзээгүй байх. Ийм байдлаар хэлэлцүүлэг хийнэ гэж юу байх вэ дээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа мэдэхгүй байхад ард түмэн яаж мэдэх билээ. Ард иргэдэд ойлголт ч өгөхгүй байна. Гэтэл өдөр бүр л Үндсэн хуульд их гоё өөрчлөлт оруулж байгаа аятай л байцгаах юм. Үгүй шүү дээ.

Ард иргэддээ мэдээлэл өгөх хэрэгтэй. Манай намын бүсийн чуулган болж би бүх аймгаар явсан. Иргэдтэй уулзалт хийх үеэр тэднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн ач холбогдол болоод ямар өөрчлөлт оруулах гэж байгаа тухай асуухад мэдэж байгаа хүн алга. 200, 300 хүнээс “Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон хүн байна уу” гэхэд 10, 20 нь л гараа өргөж байгаа юм.

“Юу хэлэлцсэн бэ” гэхээр “Онц гойд зүйл яриагүй” гэдэг. Баян-Өлгий аймагт л гэхэд иргэд “Г.Солтан гишүүн цуглаарай гэсэн. Очсоны дараа мөнгө тараачихаад л яваад өгсөн шүү дээ” гэсэн. Энэ мэт жишээ бий.

-Ардчилсан намаас Үндсэн хуулийн төслийг Ард нийтийн санал асуулгаар батлахыг удаа дараа шаардсан. Харин ард иргэд ямар ч мэдээлэлгүй байгааг та хэллээ. Тэгэхээр энэ богино хугацаанд яаж ард нийтийн санал асуулга явуулах юм бэ?

-Санал асуулга явуулах шийдвэр гаргаад л маргааш нь саналаа авахгүй. Тиймээс эхлээд төслөө хэвлэж, ард иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Уг нь Үндсэн хуулийн төслийг өргөн барихаас өмнө МАН-ынхан ард түмэнд танилцуулж санал авсан байх ёстой. Гэтэл аймаг сумын төвөөс өөрсдийнхөө томилсон төрийн албан хаагчдыг цуглуулж, зөвлөлдөх санал асуулга явуулж, үүнийгээ ард нийтийн санал асуулга мэтээр олон түмнийг хуурах гэж оролдсон. 

-Хэлэлцүүлгийн шатанд Ардчилсан намаас тавьсан шаардлага, саналуудыг хэр тусгасан бэ?

-Бид Үндсэн хуульд зайлшгүй оруулах шаардлагатай дөрвөн санал өгсөн. Харамсалтай нь нэгийг нь ч төсөлд оруулсангүй. 62 гишүүний өргөн барьсан төслийг дэмжихгүй гэдгээ бид анхнаас нь мэдэгдсэн. Тэдэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний эрх, ёс суртахуун байхгүй. Тиймээс МАН-аас оруулсан аль ч саналыг бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

-Хэлэлцүүлэгт АН-ын гишүүд оролцсон шүү дээ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрийн саналаа өгсөн учраас бид үүнийг дэмжих замаар хэлэлцүүлэгт оролцохоор болсон. Харин Ерөнхийлөгчийн саналуудаас бараг хүлээж авсангүй.

Бидний өгсөн дөрвөн саналын нэгийг нь ч оруулаагүй. Хуурч, цаг нөхцөөн өөрсдийнхөө “бантан” болгосон төслийг батлуулчих гэсэн санаа гаргаж байна. Үндсэн хуулийн гол суурь зарчимд өөрчлөлт оруулсан зүйл алга. “Дордуулсан долоо” биш “бантан болгосон 70” өөрчлөлт болж байна. Тиймээс би энэ удаагийн өөрчлөлтийг үр дүнтэй гэж харахгүй байна.

Одоо энэ хэлэлцүүлгийг зогсоох хэрэгтэй. Хариуцлагагүй УИХ тарж, дараагийн шинэ парламент бүрдсэний дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв. Шинэ парламент бүрдэж, бүх ард түмнийхээ саналыг авч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулбал, жинхэнэ утгаараа өөрчлөлт болно.

-Өмнө нь Үндсэн хуулийг өөрчлөх гэж олон удаа оролдсон ч энэ удаагийнх шиг хэлэлцүүлгийн түвшинд хүрч байгаагүй. Магадгүй энэ удаа МАН үнэмлэхүй олонх болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагшлуулахад гол түлхэц болж байгаа байх. Дараагийн парламент хэрхэн бүрдэж, хэдэн хүн улстөржихийг таашгүй учраас энэ удаа зүтгэснээрээ Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв юм биш үү?

-Заавал үнэмлэхүй олонх болж Үндсэн хуулийг өөрчилнө гэж байхгүй. Улс төрийн намуудын зөвшилцөл, ойлголцол аль ч цаг үед байх ёстой. Үнэмлэхүй олонх болсон нам хүч түрж Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.

Үндсэн хууль бол ард түмний эв нэгдлийн гэрээний баримт бичиг. Гэтэл аль нэг нам нь илүү мандат авснаараа хүч түрэн өөрчилж болохгүй шүү дээ. Олон суудлаараа хүч түрж, Үндсэн хуулийг яаж ч өөрчилж болно гэж үзвэл өөрчлөлт нь ямар ч үр дүн өгөхгүй.

МАН-ын 64 гишүүний 50 гаруй нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдчихсон. Энэ нь шударга ёс юм уу. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчихсон ч эрх мэдлээрээ далайлгаж, хариуцлага хүлээхгүй байгаа хүмүүс яагаад Үндсэн хуульд гар хүрэх ёстой юм бэ.

-Энэ нь том асуудал ч гэлээ үнэхээр Үндсэн хуулиа өөрчлөх ёстой бол аль ч нам зөвшилцөлд хүрэх нь зөв байх?

-Ард иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ”-гийн луйварчидтай зөвшихгүй. Ажлын байр бий болгож, баялаг бүтээе гэсэн олон залуу байна. Тэдний боломжийг хэн хулгай хийсэн юм бэ.

Энэ хэдэн луйварчин л хулгай хийсэн шүү дээ. Олон зуун тэрбумаар нь хулгай хийсэн. Ийм хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв юм уу. Ёс суртахуунгүй, эрх мэдэл албан тушаалаа ашигласан уваагүй хүмүүстэй улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвшилцөх юм уу. Үгүй л байхгүй юу.

Үнэхээр ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхтэй өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаг улс төрийн хүчнүүд зөвшилцөх юм бол өөр шүү дээ. Бид өнөөдөр МАН-ынхантай зөвшилцөх юм бол өөрсдөө луйварчид болж хувирна.

-Одоо Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь биш гэж үзээд байгаа юм уу?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь биш болчихлоо. Ийм цаг үед энэ бүтцээрээ Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Тиймээс нэн даруй хэлэлцүүлгээ зогсоох ёстой. Харин үлдсэн хугацаанд эрх баригч намынхан амлалтаа биелүүл л дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн чухал хэсгүүдийн нэг нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгахтай холбоотой зохицуулалт. Сүүлд өөрчилсөн хувилбараар гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах боломж харагдаж байна уу?

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах эсэх нь тухайн парламентад олонх байгаа намын асуудал. Одоогийн парламентад 76 суудлын 65-ыг нь авсан нам яагаад тогтворгүй байна гэж яриад байгаа юм. Нэг удирдлагатай, нэг зорилготой нам шүү дээ. Манай улс парламентын засаглалтай улс.

Өнөөдөр хууль шүүх нь үйлчлэхгүй байна. Нэг эрх мэдэлтэй дарга нь “тэг ингэ” гэхэд л хууль шүүхийн байгууллагууд тухайн өдөрт нь л шийдвэр гаргаж байгаа юм. Ийм байж болохгүй.

Хэн нэгний өмчийг хураах, уурхайг хааж байна. Хууль зөрчсөн байж болно. Үүнийг хуулийн байгууллага нь шалгаж тогтоогоод шийдвэр гаргах ёстой. Гэтэл хэн нэгэн дарга гарч ирээд “хаа, хураа, боль” гээд л шууд шийдвэр гаргадаг байх ёсгүй. Ийм байдлаар манай улсад хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Бүгд айдастай болж байна. Цэрэг, цагдаа хөдөлгөнө гэж юу гэсэн үг юм.

Хаана хэнээс болж цэрэг, цагдаа хөдөлгөх гээд байгаа юм. Ийм л байна даа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нөхөр мэдээлэл хийх бүртээ л ийм, тийм компани идэж уусныг илрүүллээ гэх юм. Мөрдөн байцаах газрын дарга юм уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга юм уу бүү мэд.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын чиг үүрэг нь өөр шүү дээ. Мөрдөн байцаагч аятай л мэдэгдэл хийх юм.

-Танай намыг эрх барьж байх үеийн болж бүтэхгүй зүйлүүдийг гаргаж ирээд байгаа л даа?

-Хий хоосон попрох зүйл хайсан ийм популистууд олон байна. Хулгай хийж, идэж уусан нь тогтоогдсон зүйл байвал гарга л даа. “ЖДҮ”-чдээсээ эхлээд хариуцлагаа хүлээгээд явчих хэрэгтэй.

-Танай намаас гарсан хоёр гишүүн ч гэсэн попорч байна шүү дээ.

-Популистууд аль ч намд байдаг. Төрөл төрлөө олоод нийлчихсэн байгаа юм. Манай Ж.Батзандан гишүүний хийсэн мэдэгдэл элгийг нь авсан шүү дээ. Цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй байх асуудлаар аль хэдийнээ Ц.Элбэгдоржийн үед УИХ-аас тогтоол гаргачихсан. Гэтэл тогтоол гаргаагүй, Ц.Элбэгдорж худлаа ярьсан байна гээд л Ж.Батзандан ярьчихсан.

Гэтэл Ц.Элбэгдоржийн үед цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй, туршихгүй байхаар тогтоол гаргасан нь ил болсон.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. Манай улс анх удаа Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Яагаад ардчиллын өдрийг тэмдэглэх болсон шалтгааны талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Монгол Улс ардчилсан улс. Ардчиллын замыг сонгоход амар байгаагүй. Нэг намын дарангуйллын тогтолцооноос чөлөөт эдийн засагт шилжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болоод 30 жил боллоо.

Ардчилал гэхээр хүмүүс замбараагүй, засаг захиргаагүй, дураараа байж болно гэж ойлгоод байх шиг байна. Ардчилал гэдэг бол өөрөө том үнэлэмж. Хүн өөртөө хяналт тавьж, нийгэмд өөрийгөө зөв авч явахаас эхлээд олон үүрэг, хариуцлагыг үүрүүлсэн тогтолцоо. Хүн бусдын эрхээр өөрийгөө хязгаарлаж чадахыг ардчилал гээд байгаа юм. Бусдын эрхийг хүндэтгэнэ гэсэн үг.

Гэтэл одоо манайд өөрийнхөөрөө хэн дуртайгаа шүүмжилж, гүтгэж, эвгүй байдалд оруулж болдог байдлыг эрх чөлөө гэж ойлгоод байна шүү дээ. 1980, 1990-ээд оны хагас дарангуйллын тогтолцоог ардчиллаас илүү гоё байсан юм шиг ярьж байна. Ямар хүнд хэцүү, нийгмийн тогтолцоог өөрчилж, хүмүүнлэг ардчилсан нийгмийн суурийг тавьсан бэ гэдгийг хүмүүс ойлгохгүй байна л даа.

Тэгэхээр ардчиллын бодит үнэлэмжийг ялангуяа залуу үедээ ойлгуулах, ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж, дараагийн 30 жилээ юу гэж харж байгаагаа олон түмэнд илэрхийлье гэдэг үүднээс ардчиллын баярыг тэмдэглэх гэж байгаа юм. 2007 онд НҮБ-ын тусгай тогтоол гарч, Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэж байхаар болсон.

Үүнээс хойш 12 жил өнгөрчээ. Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг ардчиллын баяр гэж ойлгож тэмдэглэдэг байсан. Энэ нь 1990 оны арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр Ардчилсан холбооны анхны жагсаал цуглаан болж байсан. Үүнээс хойш арванхоёрдугаар сарын 10-ныг ардчиллын баяр гэж ойлгож тэмдэглэж ирсэн.

Харин есдүгээр сарын 15 бол Олон улсын ардчиллын баярын тэмдэглэлт өдөр. Өнгөрсөн 30 жилд Монгол жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс байж чадсан он жилүүд байлаа.

Өмнө нь 300 гаруй жил тусгаар тогтносон улс байж чадаагүй. Чингис хааны дараа их, бага хаадын үед Монгол Манжийн дарлалд орж, тусгаар тогтнолоо алдсан. Дуртай үедээ хаад ноёдыг нь дуудаж, цаазалдаг, дураараа алба гувчуур тогтоож, дүрэм журам зохиодог, биелүүлэхгүй бол цэрэглэж дайран аймаг хотлоор нь устгадаг дарангуйлалд манай улс 200 гаруй жил явсан.

Дараа нь 1911 онд ардын хувьсгал гарч, одоо л нэг тусгаар улс боллоо гэсэн чинь мөн л худлаа байсан. 80-90 жилийн коммунизмын дарлал бидэнд юу үлдээсэн бэ. Ill, IV хороолол, алдагдалтай том үйлдвэрүүд л барьсан. Нэгдлийн гишүүн нэг хонийг 70 төгрөгөөр авч иддэг байхад хойд хөрш рүү долоон төгрөгөөр л гаргадаг байсан. Ингээд яривал үндсэндээ мөлжлөгийн 70 жил байсан.

Ардчиллын түүх бол Монгол жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо эргүүлж авсны 30 жил. Бид одоо Москва, Бээжингээс асуухаа больж, муу, сайн ч өөрсдөө хуулиа, төсвөө баталж, гадаад, дотоод бодлогоо тодорхойлдог болсон. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улс бөгөөд олон улсын байгууллагууд дунд өөрсдийн байр сууриа олж чадсан. Энэ бол 30 жилийн ололтын хамгийн оргил нь байгаа юм.

-Ардчиллын үнэ цэнийг хүмүүс их үнэлдэг ч гэлээ социализмыг санагалзах нь ихэссэн гэхэд болно. Ардчиллын алдаа, оноо нь юу байв?

-Тогтолцоо нь зөв боловч, үүнийг хэрэгжүүлж буй хүмүүс нь буруу байсан юм. Маш сайн машиныг хоёр хүн зэрэг унаад гарлаа гэж бодъё. 100 километр зам туулахад сайн жолооч нь богино хугацаанд хурдтай барианд орно.

Харин машин муу жолооддог хүн тэр хооронд хэд зогсож, хэд мөргөлдөж очих байх. Я г л ийм муу жолоочийн арга барилаар ардчиллыг удирдлаа. Тэгэхээр тогтолцоондоо биш удирдлагад буруу нь байгаа юм.

1990 оны эхээр цэнхэр, ягаан тасалбараар өмч хувьчилж эхэлсэн. Тухайн үед ардчилсан намынхан залуу, туршлагагүй байсан. Тэдний хамгийн том алдаа нь юу байсан бэ гэвэл өмч хувьчлалыг хүлээн зөвшөөрсөн явдал байв. Уг нь нийгмийнхээ тогтолцоог бүтэн шинэчилж, төрийн бүтэц, зохион байгуулалт бий болгосны дараа, ардчилсан тогтолцоог авч явах чадалтай боловсон хүчинтэй болсны дараа өмч хувьчлалыг хүлээн зөвшөөрсөн бол онох байсан.

Тухайн үед бүх шатны дарга нар нь МАХН одоогийн МАН-ын гишүүд байсан юм. Тэр хүмүүст өмч хувьчлалаар дамжуулж асар их хөрөнгө завших боломжийг нь олгочихсон. Ингэж л шинэ цагийн хөрөнгөлөг коммунистууд бий болсон. Энэ бол ардчиллын маш том алдаа байсан. Тиймээс өнөөгийн коммунистууд амь бөхтэй оршиж, хүчтэй байгаагийн нууц нь Монголын хөрөнгийг завших үндсийг нь тавиад өгчихсөнд байгаа юм.

"Үндэсний шуудан" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com