Дэлхийн ардчиллын өдөр өнөөдөр /2019.09.13/ тохиож байна. Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлыг энэ өдөр /2019.09.13/ Ардчилсан нам, МАН “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
Уг бага хуралд улстөрчдөөс гадна улс төр судлаачид оролцож, өөрийн байр сууриа илэрхийлж, илтгэл хэлэлцүүлж байна. Хурлын эхний хэсэгт Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбар дахь шилжилтийн үе дууссан уу, Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн гол сургамж юу вэ? сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга уг бага хуралд амжилт хүсэж, илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Уг илгээлтэд "… Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигархи-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн" гэсэн байлаа.
Н.УЧРАЛ: АРДЧИЛСАН НИЙГМИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ ДУУСААГҮЙ
Энэ үеэр “Ардчилсан нийгмийн шилжилтийн үе дууссан уу?” гэдэг асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариулахдаа “Ардчилал гэдэг бол үргэлж тордож байхыг шаардаж байдаг нийгэм. Учир нь бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж, нийгмийн шилжилтийг хийсэн. Энэ үед дэлхийн 28 орон ардчилсан нийгэм рүү шилжиж байсан. Нэг гараанаас гарсан 28 улсаас өнөөдөр Монгол Улс 22 дугаар байранд жагсч байна. Мөн дэлхийн 197 улсаас ДНБ-ний жингээрээ 125 дугаар байранд орж байна. Энэ бол тийм хангалттай тоо биш. Гэхдээ бид үнэхээр ардчилсан засаглалын буяныг, үнэ цэнэ, үнэт зүйл, ач холбогдлыг хангалттай хүртсэн. Бид өнөөдөр үгээ хэлж, хэвлэн нийтэлдэг, сонгох эрхээ эдэлдэг, зах зээлд шилжсэн, бүтээн байгуулалтын ачааг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч явж байна. Олон сайхан залуус гадаадын томоохон их, дээд сургуульд суралцаж, мэдлэгтэй болж байна. Тэгэхээр ирээдүйн 30 жилд ардчилсан нийгмийн шилжилтийг үргэлжлүүлэхдээ залуус маань оюун санааны шинэчлэлтийг хийгээсэй гэж бодож байна. Тэгж байж ард түмэн сайн сайхан амьдарна. Тиймээс ирээдүйд шинэ цаг үеийн боловсон хүчнүүд оюун санааны болоод нийгмийн тэгш байдлыг бий болгох, амьдралын чанарыг сайжруулах шилжилтийг хийх он цаг байх болов уу гэж харж байна.
Тийм ч учраас парламентын засаглал бол ардчиллын хамгийн том үнэт зүйл. Парламентын засаглал төлөөллийн зарчмыг бий болгодог. Бид өнөөдөр улс төрийн намаар дамжиж, өөрсдийнхөө төлөөллийг сонгодог. Тэгэхээр бид энэ засаглалаа нандигнан хамгаалах, ардчиллын үнэ цэнийг тусгаар тогтнолтойгоо зөв холбож ойлгох нь чухал. Ардчилсан нийгмийн шилжилт дуусаагүй. Ардчилсан нийгмийг үе үеийн төлөөллүүд тухайн цаг үетэйгээ нийцүүлж, тордож бойжуулж авч явдаг юм” гэв.
Ц.АДЪЯАСҮРЭН: ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ АРД ТҮМЭН САНАЛ АСУУЛГАД ЗӨВ ХАРИУЛТ ӨГЧ ЧАДАХГҮЙ
Бага хурлын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ардын их хурлын депутат асан Ц.Адъяасүрэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Миний хувьд Монголд 1989 оны сүүлчээр ардчилсан хувьсгалыг хийхэд оролцож явсан хүн. Мөн 1992 онд Үндсэн хуулийг батлахад оролцож, Үндсэн хууль тогтоогчдын нэг юм. Тэр үед би Ардын их хурлын орлогч дарга байлаа. Бидний баталсан Үндсэн хууль маш чамбай, олон талаас нь харж үзсэн хууль болсон. Гэтэл өнөөдрийн улс төрийн тогтворгүй байдал Үндсэн хуулиас шалтгаалаад байгаа юм биш. Өнөөгийн эрх баригч хоёр намын эрх мэдлийн шуналаас л болж, улс төрийн байдал тогтворгүй байна. Одоо оруулж ирж буй Үндсэн хуулийн төслөөр өөрсдийнхөө эрх мэдлийг хэт нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Тэгсэн хэрнээ төрийн түшээдэд хариуцлага тооцож, эгүүлэн татах механизм байхгүй байна. Хэрэв Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаа бол парламентаа хоёр танхимтай болгож, хариуцлага тооцдог байх ёстой гэж бодож байна. Гэтэл өнөөдөр Засгийн газрын эрх мэдлийг хэт дөвийлгөсөн Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Ямар ч мэдээлэлгүй ард түмэн санал асуулгад зөв хариулт өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх болсон шалтгаан, зорилго гээд ард түмнийг бэлдэх хэрэгтэй” гэсэн юм.
З.НАРАНТУЯА: ОЛСОН АМЖИЛТ, ГАРГАСАН АЛДААГАА ЭРГЭН ДҮГНЭЖ БАЙНА
УИХ-ын гишүүн З.Нарантуяа санал бодлоо хуваалцахдаа “НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг дэлхийн Ардчиллын өдөр гэж зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн ойн хүрээнд эрх баригч хоёр намын зүгээс олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Бид өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн бүх түвшинд олсон амжилт, гаргасан алдаагаа эргэн дүгнэх, сургамж болгон олж мэдэхэд чухал арга хэмжээ болж байгаа юм. Ардчилсан нийгэмд ард түмэн хувийн өмчтэй байж, эрх чөлөөтэй амьдрах болсон. Бид нэг хүнээс хараат бус олон намын тогтолцоог Үндсэн хуулиндаа тунхагласан. Чөлөөт сонгуулийг явуулж, сонгох эрхээ эдэлсэн Ази тивдээ цор ганц эрх чөлөөтэй ард түмэн, орон гэдгээрээ бахархах хэрэгтэй. Хувь хүн өөрсдийн амьдралын чанарыг сайжруулах нь бидний үүрэг” гэв.