УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын Ардчиллын өдөрт зориулсан арга хэмжээн дээр хэлсэн үг.
Энд хуран цугласан бүх хүнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Өнөөдөр бид Ардчиллын баярыг тэмдэглэхээр Чингисийн талбай дээрээ цуглаад байна. Зөвхөн Монголчууд бид төдийгүй, НҮБ-ын уриалга шийдвэрээр дэлхий даяараа энэ өдрүүдэд ардчиллын баярыг тэмдэглэж байна.
Одоогоос 30 жилийн өмнө яг энэ талбай дээр залуучууд та бүхний зогсож байгаа яг энэ газар яг л та нар шиг маань залуучууд цуглаад тэр үеийн бугширсан, өнгөгүй, саарал нийгэмд үгүй гэж хэлсэн байдаг юм.
Ингэж нэгдэн зогсохдоо гаднаас хайрах идэр есийн хүйтэнг тоогоогүй юм. Яагаад гэвэл залуучуудын Монголоо гэсэн сэтгэл халуунаар дотроос нь төөнөж байсан.
30 жилийн өмнөх тэр бугширсан саарал нийгэмд залуучууд яагаад үгүй гэж хэлсийн бэ? Яагаад нийт монголоороо түүнийг нь уухайлан дэмжсэн юм бэ?
30 жилийн өмнө монгол хүн эр эм, залуу хөгшин хэн ч байсан бодсон үгээ чөлөөтэй хэлэх боломж байсангүй. 30 жилийн өмнө Монгол хүн хичнээн хүсэж байсан ч дэлхийд хүссэн газраа чөлөөтэй аялах, сурах боломж байсангүй.
30 жилийн өмнө Монгол хүн яаж ч хичээж ажилласан сайн муу нь хамаагүй өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх боломж байсангүй. 30 жилийн өмнө Монгол хүн эрх чөлөөтэйгөөр сэтгэх, итгэх, алдах, онох, сонгох сонгогдох боломж байсангүй. Монгол хүний өмнөх боломжийг хааж байсан учраас, хуучин нийгэмд залуучууд үгүй гэж хэлсэн байдаг. Монголчуудын сэтгэлд бул хар чулуу болон тээглэж байсан учраас, хуучин нийгэмд залуучууд үгүй гэж хэлсэн байдаг. Түүнийг нь нийт Монголоороо уухайлан түрсэн байдаг.
Үзэл бодолгүй цөлөгдсөн тархи, өмчгүй таслагдсан амьдрал, өөрийн хуулийг бичдэггүй хяслан, өвөг дээдсээ хядуулсан хорсол, Үндэсний эрх чөлөөний нэхэл дүүрэн хувьсгал ялсан байдаг. Тэр үеийн уухайн түрлэг, Ардчилсан хувьсгал, нийгмийн гүнзгий өөрчлөлтийг авчирсныг одоо бид харж, мэдэрч байна. Ардчиллыг дэмжсэн тэр түрлэг жирийн иргэдийн дэмжлэгтэй байсан юм. Залуусын дэмжлэгтэй байсан. Тийм ч учраас хүчтэй байсан.
Ардчиллаас бид юу олов оо?
Ардчилал бидэнд алдаагаа харах, дүгнэх, шүүх, шүүмжлэх, засварлах боломж өгсөн. Ардчилал бидэнд өөрөө сэтгэх, өөртөө эзэн болох, өөрөөрөө байх сонголтыг өгсөн. Үзэл суртал, тархи угаалтын шалбааг дунд эх хэл, монгол соёл, бичиг үсэг, уугуул уламжлалыг холдуулж, эрэмгий түүх, Эзэн Чингис хаанаараа бахархаж, төв талбайгаа хүртэл түүний нэрээр овоглох боломжгүй байсан тас харанхуйг эрүүлээр харах боломжийг олгосон.
Цөөн хэдэн тоо дурдья л даа. Коммунизмын 70 жилд 10 дахин өссөн эдийн засаг ардчиллын 30-хан жилд 25 дахин тэлж, Зөвлөлт Холбоот Улсаас бүрэн хамааралтай байсан Монгол Улсын төсөв 100 хувь бие даасан. Коммунизмын 70 жилд 25 саяд хүрч үзээгүй малын тоо өнөөдөр огт өр тавилгүйгээр хэдийн 60 саяд хүрсэн. Үндэсний хэмжээнд экспорт 8 дахин өсөж, 110 гаруй мянган хувийн бизнес өрсөлдөж, өрсөлдөхөөр барахгүй нийт төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Коммунизмын үед 50 хүрдэггүй байсан Монголчуудын дундаж наслалт ардчиллын үед 70 хүрсэн. Нярайн эндэгдэл 3 дахин буурсан. Хуучин цагт улсын хэмжээнд дээд боловсролтой хүн 100 мянга хүрдэггүй байсан бол ардчиллын үед 500 мянган хол даваад байна. Үүний 60 хувь Монголын бахархал болсон эмэгтэйчүүд байна.
Энэ бүгдийг хараад, сонсоод үзэхэд энэ индэр дээрээс монголд ардчиллыг авчирсан, дэмжсэн, зүтгэсэн Ардчиллын алтан хараацайнууддаа, одоогийн ахмадууддаа талархал илэрхийлэх ёстой.
Монголчууд та бүхэнд баярлалаа гэж хүндэтгэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааг одоо эргэн харахад, тэдний хоёргүй сэтгэлийн хүчинд, ирэх 30 төдийгүй 300 жилийн суурь бат бэх тавигдсаныг харж болно.
Харин одоо монголын ардчилалд ямар хамтын сорилт, ямар хамтын зүтгэл хэрэгтэй байна вэ, юуг бид хамтдаа бодож явах ёстой юм бэ?
Нэгэнт шийдвэр гаргах ардчилсан тогтолцоотой болсон бол боллоо гэж үзэх нь хэт өнгөц, хийсвэр бодол юм. Яагаад гэвэл Ардчилал гэдэг маань төгс төгөлдөр тогтолцоо биш учраас үргэлж засаж сэлбэн сайжруулж байх ёстой. Энэ үүрэг хариуцлага 30 жилийн дараа бидний мөрөн дээр ирсэн байна.
Сонгуулиар олонх болсон нь цөөнхөө хайрлан хамгаалдаг нь ардчиллын том сорилт. Төлөөллийн ардчлалаар сонгогдсон ТӨР нь, ард иргэдийнхээ хүссэн хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй мухардаж, өдөр бүр биднийг зовоож байна.
Тийм болохоор, эрх мэдэл олонхийг бус, ялсан намыг бус, жирийн иргэн, хувь хүн бүрийг хамгаалах тогтолцоог бид бүтээх шаардлага үүсч байна. Бид хуулийн нэрээр дарангуйлдаг, хулгайлдаг өнөөдрийн төрийг хэт давраахгүй хэмжээнд барьж иргэн та бүхний эрх чөлөө, итгэл даахгүй төр хоёрын зөв хослолыг барих цаг дор туллаа.
Бусдад хор хохирол учруулаагүй хүний эрхийг ардчилал үргэлж хамгаалж байх ёстой. Ингэхийн тулд жирийн иргэд нь ходоод дүүрэн, мөр бүтэн, тархи дүүрэн, бас мөрөөдөл дүүрэн байх ёстой. Өнөөдөр цалин нь амьжиргаандаа хүрэхгүй байгаа гэр бүл, өвгөд хөгшидийн асуудлыг бид шийдэх ёстой. Яагаад гэвэл тэд Монгол Улсын иргэд. Бид тэдний хүндрэлийг шийдэж чадна. Шийдэх ёстой.
Өнөөдөр сайхан ажил хиймээр байсан ч боломж олдохгүй байгаа залуучуудын асуудлыг би д шийдэх ёстой. Яагаад гэвэл тэд Монгол Улсын иргэд. Бид тэдэнд боломж авчирч чадна. Авчрах ёстой. Яагаад гэвэл Ардчилалд тийм боломж бий. Тэгэх ч ёстой.
Энэ дашрамд та бүхэндээ, монголчууддаа нэг зүйлийг чин сэтгэлээсээ хэлмээр байна. Эрх баригчид манай нам, танай нам гэж хуваах дуртай. Тэгж ч хуваадаг. Хуваасаар ч ирсэн. Үр дүнд нь ард нийтээ талцуулж хуваадаг.
Тэгвэл өнөөдөр, энэ орой тэр нөхдүүдэд танай нам, манай нам гэж огт байхгүй ганцхан Ардчилсан Монгол улс гэж л байгаа гэж сонсогдохуйцаар, чанга хэлцгээе.
Яагаад гэвэл бидний өмнө сонголт байна. Хуваадаг, талцуулдаг, хулгайлдаг, сэлэмддэг нийгэмд амьдрах юм уу? Эсвэл ардчиллаа дээдэлж, хайрлаж, ард олноо нэгдүүлдэг, эвлүүлдэг, итгэл өгдөг нийгэмд амьдрах юм уу?
Энэ л бидний ирэх 30 жилийн сорилт байх болно. Эрх чөлөө бол түүнийгээ эдлэх чадвар суугаагүй, өөрийг хөгжүүлээгүй хүмүүст үр өгөөжөө өгч чаддаггүй. Хуучин нийгэм болох социализмын бэлэнчлэх, төрийн гар харах сэтгэлгээ өнөөдрийн Монгол дахь ардчиллын маань гол эмгэг болсныг бид харж байна. Үүнийг засах нь бидний ирэх 30 жилийн гол сорилт байх болноо.
Бидний хамгийн том алдаа бол ардчиллыг огт алдаагүй гэж үзэх төөрөгдөл юм.
Ардчиллын амин сүнс болсон чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй маргах эрх чөлөөг монголчууд бид улам өөгшүүлэн хөгжүүлэх хэрэгтэй болжээ. Үгүй бол сургаар, цуугаар, үндэслэлгүй яригчид чөлөөт харилцаанд хариуцлага үүрэх тэнхэлгүй амьдарч байна.
Зөвхөн нэг хүн эсрэг саналтай байсан ч түүнийг дуугуй байлгах эрх хэнд ч байхгүй гэж би боддог. Үнэн худал нь хамаагүй бусдын үг хэлэх эрхээс бид татгалзвал ирээдүйд гарах том алдааг тойрч чадахгүй мухардана гэж би боддог. Бид үнэн үзлээс татгалзвал алдаагаа засаж чадахгүй, худал үгнээс татгалзвал өөрийн үнэнээ батлаж чадахгүй. Биднийг хамгийн муухайгаар, хамгийн буруугаар шүүмжилж байсан ч бид тэр хүний шүүмжлэх эрхийн төлөө тэмцэх ёстой. Энэ бол ардчилал. Бид миний үйлдэл өөр бусдад хамаатай гэдгийг ухамсарлаж ардчиллаа хамгаалах ёстой болж байна. Тиймээс бусдад хамаатай үйлдэлийг зохицуулдаг, өөрт хамаатай үйлдэлд халддаггүй тогтолцоо хэрэгтэй болж байна.
Би энэ цаг үед, Ардчилсан Намыг удирдаж байна гэдгээ хувь заяаны хамгийн том аз завшаан, хариуцлага гэж бодож байна.
Өнгөрсөн 30 жилийн Монгол дахь ардчиллын түүхийн гэрч нь болж хамт бичилцээд, энэ торгон үед намынхаа шинэчлэлийг эхлүүлэн дүгнээд, дараагийн шинэ үеийн ардчилагч залуучууд та нартайгаа мөр зэрэгцэн ирэх 30 жилийг дамнуулж байгаа нь асар том аз завшаан бас хариуцлага юм.
Тэр ч үүднээс Ардчилсан Намынхаа шинэчлэлийн тухай цөөн хэдэн үг хэлье.
Бид өнөөдөр сэтгэл бардам, итгэл зоригтойгоор намынхаа шинэчлэлийг амжилттай эхлүүлж дүгнэсэн гэдгээ зарлаж байна. Хуучин цагт даргын бодол хүчтэй байсан бол шинэчлэгдсэн намд маань жирийн гишүүдийн санал хүчтэй болсон. Хуучин цагт дээрээс чиглэлээ өгөөд болдог байсан бол шинэчлэгдсэн намд энгийн гишүүд маань шийдлээ ярилцдаг болсон. Хуучин цагт үзэл баримтлал, зарчим дуу султай байсан бол шинэчлэгдсэн намд маань итгэл үнэмшил, үнэт зүйл, залуучууд хамгийн түрүүнд явдаг болсон.
Үүнийг бид шинэчлэл гэж яриад байгаа юм.
Өнөөдөр намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүд, орон нутгийн намын байгууллагын удирдлагууд бүгд намынхаа жирийн гишүүд дундаас сонгогдож байна. Үндэсний бодлогын хорооны 70 гаруй хувийг дан залуучууд бүрдүүлж байна. Гуравны нэгийг эмэгтэйчүүд маань бас дангаараа бүрдүүлж байна.
Үүнийг бид шинэчлэл гэж яриад байгаа юм.
Намын үзэл баримтлалдаа жирийн иргэдийн эрх чөлөөг тусгаж,
төр нь өөрийгөө баяжуулаад байх биш энгийн иргэдээ баяжуулах ёстой гэдгийг чухалчилснаараа, монгол хүн, монгол нутагтаа айж ичих зүйлгүй, аливаа төрийн хүчирхийллээс санаа зоволгүйгээр бизнес эрхэлж, мөрөөдлөө боломж болгож хувиргахыг бодлогодоо тусгаснаараа, намынхаа санхүүжилтийг ил тод бөгөөд нээлттэй болгож чадсанаараа, Ардчилсан Намыг бид шинэчлэгдлээ гэж яриад байгаа юм. Ингэж Ардчилсан Намын шинэчлэлийг бид бүтэн болгож чадсан учраас одоо итгэл төгс нийгмийн шинэчлэлийг бүгдээрээ эхлүүлцгээе.
Ардчилсан Нам бол монголын ардчиллын өмчлөгч бишээ. Гэхдээ Ардчилсан Нам бол монголын ардчиллын хамгаалагч нь, монголын ардчиллын анхдагч нь. Төгс төгөлдөр биш ч гэлээ итгэл төгөлдөр хэрэгжүүлэгч нь байсаар ирсэн.
Тийм болохоор нийт монгол иргэдийнхээ төлөө, иргэн бүрийн төлөө намын шинэчлэлийн дараа бид хамтдаа нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх ёстой.
Тэр өдөр нь өнөөдрөөс эхлэг. Энэ шинэчлэлийн түүчээ нь залуучууд та бүхэн байх болноо. Энэ шинэчлэлийн эзэд Ардчилсан Намын залуучууд, Монголын залуучууд та бүхэн байх болноо. Өнөөдөр та бүхэн, зөвхөн энд цуглаад баяр хөөр дүүрэн буцах биш гэр гэртээ итгэл дүүрэн хариасай гэж бодож байна. Гэртээ хариад та бүхнийг гэрийнхээ дотны хүмүүст, найз нөхөддөө, хамт ажилладаг багийнхандаа, дүүдээ, хөршдөө нэг зүйлийг хэлээсэй гэж би туйлаас хүсэж байна. Тэр бол, Ардчилсан Нам бүтэн шинэчлэгдлээ, одоо харин хамтдаа нийгмийн шинэчлэлийг эхлүүлцгээе.
Та бүхэнд баярлалаа!