Яг хоёр жилийн өмнө МАН дотроо талцаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байв. УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН 65 суудал авч олонх болсноос хойш даруй гурван жилийн нүүрийг үзжээ. Одоо жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болох товтой байгаа ч намын нөхдийн хоорондын үл ойлголцлоос болж УИХ-ыг тараах тухай ойрмогхноос хүчтэй яригдаж эхэлж байх шиг байна. МАН олонх болсон цагаас хойш Засгийн газраа огцруулж, одоо бүр УИХ-ыг тарааж улсаараа тоглох тухай ярих болов. Ерөнхий сайдын албан тушаалын төлөө намынхаа журмын нөхөдтэйгээ түнжин хагаран тэмцэлдэн байж төрийн өндөр суудалд суусан У.Хүрэлсүх чухам юу амлаж, ярьж байсныг нь цухас эргээд нэг саная.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх юу гэж хэлж байв?
1. У.Хүрэлсүх: -60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, “Стандарт банк”, нэр бүхий бондууд, концесстой холбоотой асуудлуудыг шалгаж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа нь М.Энхболдтой шууд холбоотой. Иргэдийг амгалан тайван байлгая гэвэл УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар ажлаа өгөх ёстой.
Бодит байдал: -УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын орлогч С.Батболд нар ажлаа өгөв. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, сайд нарыг ээлжлэн сольсноос өөрөөр өнөөдөр нүдэнд харагдаж амьдралд нийцэлтэй ямар шийдвэрүүд У.Хүрэлсэхийн Засгийн газраас гарсан бэ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж хувьдаа мөнгө завшсан “Жаст” группын захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай холбогдох “Стандарт банк”-ны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хуулийн цоорхойгоор ял гэм зэмгүй үлдэхээр болж байна. 60 тэрбумын тодотголтой албан тушаал наймаалцах тухай асуудлыг нам нэгтнээ намнах хэрэгсэл төдий болгож орхисныг нь харж байна.
2. У.Хүрэлсүх: -Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ.
Бодит байдал: -Жижиг дунд бизнес эрхлэгч нарт олгогдох байсан зээлийг МАН өөрсдөө хувааж авсан. УИХ-ын 40 гаруй гишүүд болон МАН-ын өндөр албан тушаалтнуудын ах дүү, үр хүүхдүүд, хамаатан садан, ойр тойрныхон нь уг хөнгөлөлттэй зээлийг авсан байдаг. УИХ дахь МАН-ын бүлэг дээрээ энэхүү хуваарилалтыг бүгдээрээ ярилцаж байгаад шийдсэн гэдэг. Тиймдээ ч У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү нартаа ЖДҮ зээлийг авч өгсөн байх. Өдгөө ЖДҮ-ийн зээлтэй холбоотой хэрэгт хэн ямар хариуцлага хүлээв? Бантсан нүүрэндээ нэр бүхий хэдэн УИХ-ын гишүүдийг золигт гаргаснаар ЖДҮ гэдэг нэрнээсээ МАН цэвэрхэн салчихна даа гэж эндүүрч явна. Үнэндээ МАН, энэ Засгийн газар ЖДҮ-тэй хариуцлага тооцно гэхээр Ерөнхий сайд өөртөө хариуцлага тооцох хэрэгтэй болчих гээд байгаа зовлон бас бий. У.Хүрэлсүх нэгэнтээ “ЖДҮ зээлтэй холбогдсон хэнийг ч дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй. Энэ бол ёс зүйгүй увайгүй үйлдэл юм” гэж хэлсэн нь бий. Ерөнхий сайдын хэлснээс үзэх аваас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ч сонгуульд нэр дэвших эрхгүйгээр ирэх сонгуульд оролцох болох нь.
3. У.Хүрэлсүх: -Төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй.
-Эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт гэж тодотгож байв.
Бодит байдал:-Төрийн албаны сахилга батыг дээшлүүлэх нь битгий хэл улстөрчдийн шахаасны чадваргүй хүмүүсээр дүүрч, жинхэнэ мэргэжлийн чадварлаг ажилтнууд шахагдан гарсаар байна. Эдүгээ төрийн албан хаагчдын авлигын хэрэг байсхийгээд л дэлгэгддэг болсон. Оймсондоо мөнгөө нуухаас эхлээд төрийн албан хаагчдын авлига, хээл хахууль, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаар дарж боогдуулах байдал энэ Засгийн газрын үед улам цэцэглэн хөгжиж, төрийн албаны нэр хүнд, хариуцлага шалан дээр унасан.
-Монгол Улсын өр улам нэмэгдэж, ам.доллар валютын ханшийн өсөлт хяналтаа алдаж, том төслүүд урагшаа хөдөлсөнгүй, зээлийн хүү буурсангүй, төсвийн алдагдал нэмэгдсэн гэх зэргээр улсын эдийн засгийн байдал бүр дордсон. Манай улс эдийн засгийн чадамжийн хувьд олон улсад рейтинг унасан.
У.Хүрэлсүхийн Засгийн газраас амьдралд нийцгүй, сүржигнэсэн, хууль зөрчсөн гэнэтийн огцом шийдвэрүүд байсхийгээд гарч байгаа нь эдийн засагт маш хортой тусч байгааг мэргэжлийн хүмүүс хэлж, халаглаж байна. Тухайлбал, уул уурхайн гол салбар дээр байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй гэдэг үгээр халхавчлан лицензүүдийг хууль зүйн үндэслэлгүйгээр хоморголон цуцалж, хориг тавьсан нь өндийж ядаж буй эдийн засгийг навс дарсан. Дандаа л ард түмний тусын тулд гэх нэрийг барих боловч цаад талдаа Монголын баялгийг булаалдсан МАН-ын албан тушаалтнуудын тулаанаар дуусч байна. МАН 2016 онд юу амлав, МАН-аас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд амласан амлалтандаа хүрч ажилласан уу гэдгийг доорх жишээнээс хараарай. Татвар нэмэхгүй гэж амласан МАН нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн, шатахууны онцгой татварыг нэмснээс болж шатахууны үнэ дээд цэгтээ тулсан гэх мэт нийт есөн төрлийн татварыг нэмсэн. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг бүрэн арилгана гэж амласан боловч энэ есдүгээр сарын байдлаар сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр, хоёр, гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар цэцэрлэгт хамрагдах байдалтай л байна. УИХ-ын МАН-ын 40 гаруй гишүүд ЖДҮ-д зээлд холбогдож байсан бол Засгийн газрын сайд нар нь 744 тэрбум төгрөгийн долоон концессыг хувийн компаниуддаа авсан хэрэгт холбогдсон. Концессын гэрээ гэдэг нь дараа төлөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт. МАН-ын 65 гишүүнээс УИХ-ын нэг гишүүн нь хүчингийн хэрэг үйлдсэн нь нотлогдож гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Иргэдийн саналаар сонгогдож УИХ-д суусан хэрнээ МАН-ын 65 өнгөрсөн гурван жилийн хугацаанд яг юу хийв? Ашиг сонирхлын зөрчил үүсгэж, амин хувийн эрх ашгаар улсын мөнгөнд гар дүрсэн намын нэрийн ард нуугдсан улстөрчдийг нэрлээд байвал энэ 65 дотор үлдэх хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Чухам л М.Энхболдыг л огцруулбал улс орон сайхан болно гээд байсан яасан. У. Хүрэлсүх гарч ирснээр харин ч улам дордож, одоо улс орноороо тоглуулахдаа тулчихлаа. Нам дотроо албан тушаалын төлөө “зодолдоод” дийлдэхээ байхаараа улсаараа тоглож УИХ-ыг шууд тараачхаж болдог хэрэг үү. МАН-ын дотоод зөрчил Монгол Улсын УИХ-ын голыг таслахын дайтай Монголын төр өнөөдөр хүчгүй болж болохгүй юм.
Б.САРУУЛ