Топорын засгаас тоталитар дэглэм рүү...
УИХ тарах хэнд ашигтай вэ? гэдэг асуулт Монгол төр тогтворгүй байх, парламентат засаглал ганхах, ардчилал хэврэгших нь хэнд ашигтай вэ гэсэнтэй агаар нэг юм. Тэр тусмаа ихэнх гишүүд нь ёс зүйн хувьд ялзарч, хувийн ашиг сонирхолдоо хэт дөрлүүлэн, ЖДҮ хэмээх хэдэн арван тэрбумын авлигын гэмт хэрэгт холбогдсон өнөөгийн УИХ өөрсдөө яаран сандран тарах санаачилга гаргаж байгаа нь хариуцлагаас эвтэйхэн мултрах гэсэн л явуургүй арга. Цаашилбал “эр зориг” гаргаж огцорсон гишүүд олон нийтэд нэмэх оноо авч, эргээд УИХ-д орж ирэх гэсэн санаархал. Мөн МАН-ын даргын хувьд олон нийтийн дунд рейтинг нь танагтай байгаа дээр нэрээ цэвэрлэсэн болж харагдан, дахиад дөрвөн жил эрх барьж, энэ суудалдаа зүүгдэх гэсэн заль мэх.
Хэн УИХ-ыг тараах гэж хамгийн их хөөцөлдөж, хэрхэн хүчилж зүтгүүлж байгаагаас үүнийг харж болно. Өнөөгийн парламентын үнэмлэхүй олонх буюу төр, засгийн эрх барьж буй улс төрийн хүчин бол МАН. Тус нам 2016 оны сонгуулиар 65 суудал авсан. Энэ намын дарга нь У.Хүрэлсүх. Ялсан намын даргад бяр амтагддаг нь зүй ёсны хэрэг. Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд гурван жилийн өмнөх сонгуулийн ялалтыг авчралцсан гол хүн байгаагүй, тэрчлэн УИХ-ын гишүүн ч биш боловч улс төр дэх хор найруулга, талцал хуваагдлын дундаас од шүүрч, хувьсгалын тохироогоор МАН-ын дарга, улмаар гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон. Ийн нам, засгийн нэгдүгээр хүнээр тодроход нь түүний популизм нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэдэг. У.Хүрэлсүхийг зарим судлаач “Путины комплекс”-тэй гэж оношилсон нь ч бий. Эх оронч, эрс шийдэмгий, шударга дүр төрх, цэрэг хүний имиж, чийрэг, булчинлаг, спортлог бие бялдар гээд Путиныг шүтэн бишрэгч, даган дуурайгчдын бүх шинж түүнд цогцолсон. Энэ бүх популист хөрс суурин дээрээ тулгуурлан тэрээр шударга ёсыг тогтоогч удирдагчийн дүрд хувирахаар зүтгэж байгаа нь хэнд ч ил байгаа.
Тэгэхээр товчхондоо бол өнөөгийн УИХ-ыг тарааснаар У.Хүрэлсүх өөрөө ардын баатар болно гэж тооцоолж байгаа ажээ. Тэрээр Венесуэлийн популист удирдагч Уго Чавес шиг өөрийгөө тахин шүтүүлэх дуртай. Сүүлийн 30 жилд Монголд тодроогүй Ерөнхий сайд гэх мэт инээдтэй пи ар-ыг тойрон хүрээлэгчид нь үхэлдэн түгээж байгаагаас үүнийг харж болно. Гэхдээ Ухнаагийн Хүрэлсүх Уго Чавес байж болно. Харин Монгол бол Венесуэль биш. Монголчууд Латин Америкийн боливарчууд бүр биш. Азид төдийгүй дэлхий дахинд ардчиллын загвар болж байсан Монгол Улсыг У.Хүрэлсүх популист аргаар удирдаж, он удаан хаанчилна гэвэл Мянгуужингийн үлгэр болох биз.
Харамсалтай нь одоогоор сэрүүн зүүдэлсээр яваагийн нэг илрэл нь УИХ-ыг тараах шахалт, шавдуулалт нь юм. Ингэхдээ муйхар, бүдүүлгээ эр зориг гэж, хүчирхийлэл, дарамтаа эх оронч гэж тэрээр итгэсэн бололтой. Харин бодит хөрсөн дээр бууж харах юм бол түүний ааш авир, үг, үйлдэл нь олон талаар парламентат ёс хийгээд хууль эрх зүйт төрийн хэм хэмжээ, улс төрийн соёл, засаглалын институцууд хоорондын харилцааны тогтсон жишиг зэргийг ноцтой зөрчиж ардчиллыг уландаа гишгэх болсон нь олны дургүйцлийг төрүүлж буй. Өөрөө УИХ-ын гишүүн биш, гүйцэтгэх засаглалын л тэргүүн атлаа УИХ-ын гишүүдийг тэр чигт нь загнаж, сүрдүүлдэг, намынхаа Удирдах зөвлөл дээр төрийн бүх ажлыг шийддэг гээд У.Хүрэлсүхийн сэлэм эргүүлэлт хэрээс хэтэрч буй. Үүгээрээ тэр асар хортой суртал ухуулгыг нийгэмд түгээж байгаа билээ. Тэрчлэн шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүнд хууль хамаагүй гэх утгатай үгийг олонтоо амнаасаа унагаж, бүхнийг хааж хориглож, хурааж нийгэмчилж, хянаж цагдаж эхэлсэн зэргээс нь л У.Хүрэлсүх тоталитар дэглэмийг ямар их тачаадан хүсч байгааг харж болно.
Улс төрийн хариуцлагаас улаан гэрлээр зугтах уу?
УИХ тарах хэнд ашигтай вэ? гэдэг асуулт ЖДҮ-чид, концессчид, 60 тэрбумынхан хариуцлагаа хүлээлгүй бултах нь хэнд ашигтай вэ? гэсэнтэй адил билээ. Тэд уг нь үүнийг маш их хүсч байгаа. УИХ тарах юм бол МАН хожно. МАН-аас сонгогдсон ЖДҮ-чид хожно. Яагаад заавал Үнсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцүүлэн УИХ-ын ээлжит бус сонгууль зарлах гээд байгаа юм гэхээр МАН-ын эрх баригчдын рейтинг өдрөөс өдөрт навс унаж байгаа тул нэр хүндээ шороонд хутгалдахаас өмнө сонгууль явуулах гэсэн арга. Тэгэхгүй бол Улаанбаатарын утаа, төсвийн хүндрэл, эдийн засгийн хямрал, шударга бусын хонгил, төрийн албан дахь 60 тэрбумынхны наймаа, ЖДҮ-чдийн булхай луйвар гээд МАНАН-гийнхны муу муухай бүхэн өдрөөс өдөрт олонд ил болж ирэх хавар гэхэд тэдний рейтинг хасах руу огцом унана гэдгийг тооцоолоод байгаа ажээ. Гэхдээ намынхаа нэр хүндийг аварч, өөрсдөө суудалдаа үлдэхийн тулд парламентат ёс, ардчилал, хууль эрх зүйт төрөөрөө тоглож болохгүй.
Яг үүнтэй холбогдуулан Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс өчигдөр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ” сэдэвт хэлэлцүүлэг хийжээ. Тус хэлэлцүүлэгт оролцсон хууль зүй, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн салбарын залуус хамтран уриалга гаргасан байна. Уг уриалгад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах боломжгүй гэдэг үндэслэлийг маш тодорхой гаргаж өгчээ.
Тухайлбал, уг уриалгад Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, түүний дотор парламентын ардчиллыг бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн болох тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасныг нотлон, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн холбогдон шалгагдаж буй хэргээр шалтаглан гэм буруу нь тогтоогдоогүй байхад гишүүдийг нь улс төрийн зорилгоор яллаж УИХ-ыг тараах явдал парламентын засаглалыг үгүйсгэн өнөө оршин буй төрийн тогтолцоог устгах санаархал болох учир гэмт хэргийг шалгах явц, хууль тогтоох үйл ажиллагааг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан тус тусад нь ялгамжтай явуулахыг шаардаж, хэрвээ УИХ тарвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гарах хууль тогтоомжийг батлан гаргах улс төрийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн хэрэг болохыг сануулжээ.
Нөгөө талаар УИХ тарвал маш том эрсдэл дагуулна гэдгийг сөрөг хүчнийхэн хэлж, анхааруулж байгаа. Аравхан хоногийн дараа УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг гол асуудал нь ирэх оны улсын төсвийн тухай хууль байдаг. Энэ дагуу УИХ 2020 оны улсын төсвийг хэлэлцэж арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл УИХ тарахад хүрвэл хуульд заасан хугацаандаа улсын төсвийг батлах боломжгүй болно. Төсвийн хууль гэдэг Үндсэн хуультай дүйцэхүйц маш чухал хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын хэлэлцүүлгээр дөрвөн удаа ордог. Төсвийн тухай хууль мөн тийм дэгээр батлагддагаас үүнийг харж болно. УИХ тарна гэдэг энэ мэт маш олон асуудлаас зугтааж байгаа хэрэг юм.
Энэ бүхнээс харвал У.Хүрэлсүхийн хүчлэн зүтгүүлж, намынхаа 47 гишүүний гарын үсгийг зуруулчхаад байгаа гэх УИХ-ыг тараах тухай санаачилга дэмжлэг авахгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл эрх баригчдын өмнөх бүх замд улаан гэрэл асчээ. Хариуцлагаас бултах арга тэдэнд алга. Үнэнтэй улаан нүүрээрээ тулсан популистууд ирэх жилийн сонгуулиас үхтэлээ айж байгаа ажээ.