Засгийн газар сонгуулийн жилийн төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг буюу төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Энэ нь ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх хэмжээ юм.
УИХ-ын ээлжит сонгуулийн жил эрх баригчид улсын дансыг сэгсэрч, нийгмийн халамжийг хавтгайруулдаг уламжлалтай. Энэ удаад ч “уламжлалаа дагана”. Үүн дээр нэмээд төсвөө нэмж, ажил хийсэн болж харагдах гэсэн бас нэг жор орж ирлээ. Товчхондоо эрх баригчид өнгөрсөн гурван жилд сандал суудлын хэрүүл хийж ирсэн бол 2020 онд нойрноосоо гэнэт сэрэх нь улсын төсвийн төслөөс харагдаж байна.
Ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэгийн хоолны мөнгө, сургуулийн үдийн хоолны төсөв аль аль нь нэмэгдэнэ. Мөн улс төрийн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговрыг улсын төсөвт дараа болохгүйгээр жил бүр тогтмол олгодог жишгийг эвдэж нэг мөр 2020 онд дуусгахаар шийджээ. Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар инфляци хоёр оронтой тоонд хүрнэ гэдгийг шинжээчид анхааруулж буй.
Харин сонгуулийн өмнөх жил улсын төсвийг улайлгах шинэ арга нь аялал жуулчлал, соёлын салбарыг дэмжих нэрийдлээр 1.04 их наяд төгрөг зарцуулна. Мөн концесс, царцсан бүтээн байгуулалтуудыг нэг мөсөн дуусгахаар 930 гаруй тэрбум төгрөг хуваарилсан. Ингээд түүхэндээ байгаа их төсөв буюу хоёр их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж буйгаа манай улсын сангийн бодлого гаргадаг эрхэм түшээ танилцууллаа. Соёл урлагийн салбарыг дэмжих нэрийн дор дуурийн, драмын театр, үндэсний номын сан гээд олон барилгыг нурааж, дахиж шинээр барихаар төлөвлөсөн байна. Дуурийн болон драмын театрт гэхэд тус бүр дөрвөн тэрбум төгрөг хуваарилжээ. Гэхдээ эдгээр барилгын зөвшөөрөл, зураг төсөл болон бусад бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх нь мэдэгдэхгүй. Өөдрөгөөр харвал, ямартай ч ирэх онд нийслэлийн төв тайлбайг тойроод, жуулчид хүлээж авсан саруудад соёл урлагийн төвүүдийн барилгын ажил ид өрнөж байх бололтой. Уг нь хот төлөвлөлт талаасаа соёлын эдгээр обьект нь Улаанбаатар хотын түүхийг хүүрнэх чухал дурсгалууд. Бусад улс оронд өчнөөн зуун дамжсан барилга байгууламжуудаа сэргээн засаад авч яваад байхад манайд заавал нураагаад дахин шинээр барих шаардлага гарсан бололтой. Нэн тулгамдсан, шаардлагатай эсэх нь эргэлзээтэй эдгээр бүтээн байгуулалтыг хийхэд татвар төлөгчдөөс цуглуулахаар төлөвлөсөн 10 орчим их наяд төгрөгийн бараг 20 хувийг зарцуулах аж. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхэд Монгол Улсад боловсон хүчин дутагддаг тул ирэх оноос МСҮТ-д суралцагчдад олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгээ 200 мянган төгрөг болгох юм байна.
Харин эрүүл мэндийн салбарт ирэх онд өрсөлдөөнийг дэмжих зорилгоор санхүүжилтийн ялгавартай байдлыг арилгах гэнэ. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоон нэмэгдүүлж, иргэн амбулаторийн оношилгоо, хөнгөлөлттэй эм, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг дор цогц байдлаар авах боломж бүрдүүлэх аж.Төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон санхүүжилт авч, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх юм байна. Энэ санхүүжилт эрүүл мэндийн даатгалын сангаас гарах уу эсвэл улсын төсөвт ачаалал болж нэмэгдэх үү гэдэг дээр одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ НДШ болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлж буй эдгээр жилүүдэд иргэд ч гэсэн эрүүл мэндийн чанартай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ авах эрх бий.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ жил 4.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ирэх жил санхүүжилт 10 тэрбум төгрөг болно. Гэвч энэ үйлчилгээний хүртээмж одоо болтол жигдрэхгүй, хангалтгүй байна. Хувийн эмнэлгүүдийн оочер дарааллыг хүлээсэн хүүхэд багачууд, бухимдсан эцэг эхчүүд олноороо бий.
Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, эхчүүд, ахмад настан болон төрийн албан хаагчдын бодит орлогыг хүссэн ч эс хүссэн ч нэмэгдүүлэхээс гарцгүй үе бол сонгуулийн жил. Тиймээс ч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх боломж олгохоор болжээ. Ингэснээр ажилласан жил нь гүйцсэн иргэд 2020 оноос тэтгэвэр авах боломж бүрдэх юм.
Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж, 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ. Тэрчлэн төрийн үйлчилгээний албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр мэт заалтуудыг тусгажээ.
Цаашлаад төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 160 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Ингэснээр багш нарын сарын дундаж цалин өнгөрсөн жил шаардаад байсан 1.5 саяд хүрэх тооцоо гарч буй аж. Ямартай ч багш нар ирэх онд санасандаа хүрсэн цалингаа авах нь. Хэдийгээр Сангийн сайд цалин тэтгэврийн инфляцитай уялдуулж нэмж буйгаа тодотгосон авч энэ нь ирэх онд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэхгүй гэсэн үг биш юм. Монголбанкны мэдээлж буйгаар ирэх онд эрэлтийн шалтгаантай инфляцыг хязгаарлах бодлого хэрэгжүүлэх авч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг яаж ч чадахгүй байгаагаа хэлж буй. Энэ оны эхний найман сарын байдлаар Улаанбаатар хотод инфляци хоёр оронтой тоонд хүрсэн шалтгаан нь мах, шатахуун зэрэг нийлүүлэлтээс үүдсэн үнийн өсөлттэй холбоотой. Харин үүнийг хязгаарлах ажил Засгийн газрын үндсэн үүрэг. Одоогоор сангийн бодлогоор дамжуулж энэ үнийн өсөлтийг хэрхэх талаар шийдэл алга. Сангийн яам мах бэлтгэл болон хөдөө аж ахуйн бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний татаасанд нийт 66.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн мэдээлэл л бий. Гэвч татвар төлөгчдийн энэ мөнгө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр дамжиж өөрсдөд нь наалдаж, өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэхгүй гэсэн баталгаа байхгүй. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын төсөв жил бүр нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, улаанбуудайн урамшуулал энэ оныхоос 10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч өнөөдрийн тухайд гурилын үнэ нэмэгдэх магадлалтай гэсэн дохио байгаа. Өнгөрсөн жил мах экспорлох эрх авсан компаниуд махаа нөөцлөөгүйгээс худалдаанаас бараагаа татсан. Энэ нь эргээд иргэдэд сөргөөр тусч, махны ханш тэнгэрт хадаад буй. Харин ирэх жил 20 мянган тонн мах нөөцлөхөөр 9.2 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөжээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 онд 96.2, 2020 онд 137.6 тэрбум төгрөг зарцуулна. Харин 2020 онд болох улсын болон орон нутгийн сонгуулийг нийт 43 тэрбум төгрөгөөр хийх юм байна. Тодруулбал, УИХ-ын сонгууль 20.5, орон нутгийнх 16.6 тэрбум байх аж.
Ирэх оны төсөвт орлого алдалгүй бүртгэх зорилгоор хил гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлж, газрын бүртгэлийг цахимжуулснаар төсөвт төвлөрөх хураамжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна. Гэвч төсөвт хамгийн их дарамт болдог төрийн байгууллагуудын урсгал зардал, дарга нарын тансаглал зэрэгт ямар хэмнэлт гаргахаар төлөвлөж буй нь тодорхойгүй байна. Манай улсын төлөх ёстой өрүүд 2021 оноос наашгүй гэсэн шиг ирэх оны төсвийг тэр чигт нь хавтгай халамжид тарааж, хөрөнгө оруулалт нэрээр салхинд хийсгэх гэж байна.
ОУВС-ийн хөтөлбөр ирэх оны эхний хагаст хэрэгжээд дуусна. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, эдийн засгийн төрөлжүүлэх учиртай байсан. Гэвч 2020 оны төсвийн төсөөллийг харахад эдийн засгийн бүтцийг баяжуулах, үрэлгэн зардлаа танасан шинж огт алга. Ядаж шаардлагагүй бүтээн байгуулалтын оронд иргэдээ орон сууцжуулах ипотекийн хөтөлбөрийн цар хүрээ, санхүүжилтийг нэмэгдүүлсэн бол төсвийн хөрөнгө оруулалт барилгын салбараар дамжиж нэмүү өртгийн гинжин хэлхээнд орж, агаарын бохирдлыг ч бууруулахад үр ашигтай хөрөнгө оруулалт болно.
Дотооддоо төсөв нь сахилга бат суугаагүй, эдийн засгийн тулгуурыг нэмэгдүүлэлгүй дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байхад гадаад макро орчин улам эрсдэлтэй болж байна. Их гүрнүүдийн сөргөлдөөн, бүс нутгуудын тодорхойгүй байдлууд манай улсын төсвийг бүрдүүлдэг эрдэсийн үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэл улам бүр нэмэгдсээр байна. Олон улсын донор байгууллагууд ч ирэх онд дэлхийн болон Монголын эдийн засгийн төсвийг бууруулж тооцож буй. Гэтэл Сангийн сайдын өргөн барьсан энэ төсөл зарлага талдаа хий ихтэйн дээр УИХ-д хэлэлцүүлгийн үеэр тойрогтоо төсөв хуваарилах гэсэн гишүүдийн гар хөлний үзүүрт хэрхэн сүйдэхийг хэлж мэдэхгүй нь.