УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ахмад настны нийгмийн байдал, эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Олон улсын ахмадын өдөр болж өнгөрлөө. Манай улсын төр засгаас ахмадуудын талаар хэрэгжүүлж буй бодлого олон улстай харьцуулбал ямар хэмжээнд байгаа гэж та УИХ-ын гишүүний хувьд үзэж байна вэ?
-Ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөгжил гээд маш олон асуудал бий. Эдгээрийг шийдэх талаар өнөөгийн төр, эрх баригчид маш хангалтгүй ажиллаж байна. УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН амлалт өгч гарч ирэхдээ ахмадуудыг бөөцийлж бараг л газар буулгахгүй өргөөд явна л гэж байсан. Гэтэл өнөөдөр ний нуугүй хэлэхэд ахмадууд манай нийгмийн хамгийн эмзэг, ядуу хэсэг болж хувирлаа. Тэтгэвэр, тэтгэмжийн дундаж хэмжээ өнөөдөр ахмадуудын амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна шүү дээ. Энэ нь Монгол Улсын төр ахмад настныхаа нийгмийн асуудалд анхаарч чадахгүй байгаагийн нэг илрэл. Тэдний амьжиргааны наад захын хэрэгцээг хангасан төрийн бодлого хэрэгжүүлэхгүй байна. Ийм учраас өнөөгийн төрийн бодлого муу байна гэж би хэлнэ.
-Та урд нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулж байсан. Харамсалтай нь энэ хуулийг УИХ дахь МАН-ын гишүүд хүчингүй болгосон. Яагаад ийм зүйл болчхов?
-Энэ хууль уг нь ахмадуудад маш их хэрэгтэй, шаардлагатай байсан юм. Би нэлээд олон жил судалж, нарийн тооцоо хийж байж энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Гэтэл МАН-ын удирдлагууд 2016 оны намар Хамтын тэтгэврийн тухай хуулиас болж “Хоёр ахмад бие бие рүүгээ муухай харж байна” гэсэн инээдтэй үндэслэл гаргаж ирээд хүчингүй болгосон. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой байлаа. МАН-ынхан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох талаар янз бүрийн шалтаг шалтгаан тоочсон. Тэр ч бүү хэл тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн “Би энэ мөнгийг авахгүй гэж ахмадууд над руу утастаж байна” гэж ярьсан удаатай. Энэ хууль бол хамгийн шударга хууль байсан. Хүн насан туршдаа хөдөлмөрлөхдөө Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөг. Тэгээд өндөр настай болохдоо тэр төлсөн мөнгөө тэтгэвэр хэлбэрээр авч амьдралынхаа эрсдэлийг дааж явдаг. Ийм зориулалттай мөнгө. Гэтэл Тэтгэврийн даатгалын санд насаараа шимтгэл төлчхөөд үр шимийг нь хүртэж амжилгүй бурхан болдог маш олон ахмад настан бий. Тэтгэврийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө бол хүн насан туршдаа өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр бий болгосон хуримтлал.
Өөрөөр хэлбэл банкинд хийсэн хадгаламжийн мөнгөтэй л адил юм. Тэгэхээр энэ хуримтлалынхаа үр шимийг хүртэж чадаагүй хүний насан туршдаа ханилсан хань ижил нь өөрийнхөө тэтгэвэр дээр тэр хуримтлалыг нь давхар тэтгэвэр хэлбэрээр авч амьжиргаагаа залгуулах боломж олгох зорилгоор энэ хуулийг санаачилсан.
Өнөөдөр ахмад настнууд хоёлаа амьдарч байх үед амьдрал нь боломжийн байдаг. Хэн нэгэн нь бурхан болсны дараа үлдсэн хүний амьдралын боломж нь алдагддаг дүр зураг манай нийгэмд бий. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгийн хямрал, өр зээлд орж яваандаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшинд шилждэг тохиолдол маш олон. Ер нь бараг дийлэнхэд нь ийм асуудал тохиолддог гэхэд хилстэхгүй л болов уу. Тэгэхээр энэ байдлаас сэргийлэх, амьжиргааны түвшинг нь бууруулахгүй байх зорилгоор энэ хуулийг санаачилсан юм. Нэг ёсондоо бурхан болсон ахмад настны үлдсэн хань ижил нь амьжиргааны ямар нэг эрсдэлд орохгүй байх нөхцөлийг эрх зүйн үүднээс хангасан хууль байсан. Дахин хэлэхэд энэ хууль хамгийн шударга хууль байсан. Тэр бий болсон хуримтлал нь татварын, төсвийн мөнгө биш. Тухайн хүний насан туршдаа хөдөлмөрлөж бий болгосон мөнгөн хуримтлал. Тэгвэл яагаад үүнийг нь Нийгмийн даатгалын санд авч үлдээд нийтийн хэрэгцээнд зарцуулах ёстой гэж. Тэр хүний насан туршдаа бий болгосон хуримтлалын үр шимийг үлдсэн хань ижил нь хүртэж болохгүй гэж үү.
-Хэрэв энэ хууль хэрэгжсэн бол жилд хэдий хэмжээний мөнгө зарцуулах байсан бэ?
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилж УИХ-аар хэлэлцүүлж батлуулах үед бүх нарийн тооцоог нь хийсэн байсан. Тэгээд боломжтой юм байна гэж үзсэн учраас хууль батлагдсан. Угаасаа боломжтой. Хэрэв тэр хүн амьд сэрүүн байсан бол насан туршдаа хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг хүртээд л явах учиртай юм. Тийм биз дээ. Тэгэхээр эх үүсвэр нь зайлшгүй байх ёстой мөнгө. Өндөр хөгжилтэй орнууд шиг ахмадууд нь эрүүл чийрэг, урт удаан амьдардаг, өндөр насалдаг бол тэртээ тэргүй зарцуулагдах ёстой л мөнгө юм. Төр үүнийг хариуцах л ёстой.
-Тэгэхээр Хамтын тэтгэврийн тухай хуулийг дахин сэргээх боломж бий юү?
-Би энэ хуулийг эргэж хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ирэх сонгуулиар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж харж байгаа. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол өнөөдөр Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авч буй 400 гаруй мянган ахмад настанд маш чухал хууль. Үүгээр ч зогсохгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн хувьд маш том итгэл. Нийгмийн даатгалын сангийн хувьд маш том итгэлцүүр болно. Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг би хүртэж чадахгүй ч миний хань ижил хүртэнэ гэдэг бодол хүнд маш эерэг зөв сэтгэл төрүүлнэ. Товчхон хэлбэл би зөвхөн өөрийн төлөө бус гэр бүлийнхээ төлөө энэ хуримтлалыг бий болгож байна гэсэн итгэл, урам зориг хүнд өгнө.
-Та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн. Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны баримталж буй бодлого чиглэлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригчдын нийгмийн хамгааллын бодлого маш сул байна. Би үнэхээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд үндсэндээ цалин тэтгэврийг нэг л удаа нэмлээ. Тэгэхдээ найман хувиар нэмсэн. Нэгдүгээрт, Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хуулиар жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байх ёстой. Гэтэл гурван жил гаруй хугацаанд ганц удаа л нэмсэн юм. Хоёрдугаарт УИХ-ын сонгуулийн жил гарах гэж байна. Сонгуулийн жилд цалин, тэтгэвэр нэмэх юм гэнэ. Ийм болчимгүй зүйл ярьж болохгүй. Ард түмний амьдрал хүнд хэцүү, ядуурал гүнзгийрч байхад яагаад өмнөх гурван жилд нэмээгүй юм. Өнөөдөр инфляц, өргөн хэрэглээний барааны үнэ хэмжээ хязгааргүй өсч байна шүү дээ.
-Жишээлбэл?
-Мах махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн дотор 30 орчим хувиар өссөн. Цахилгаан эрчим хүчний нэг квт цагын үнэ 16 хувиар нэмэгдлээ. Энэ бол маш өндөр хувиар өссөн үзүүлэлт гэдэг нь тодорхой шүү дээ. Хүн бүр шууд мэдэрч байгаа. Дээр нь бүх төрлийн татвар, хураамж нэмэгдээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн. Мөн орон нутаг, салбарын шинж чанартай татвараас гадуурх хураамж бүгд нэмэгдсэн байгаа. Тухайлбал, газрын төлбөр гэхэд 12-14 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энэ бүх татвар, хураамж, шимтгэлийн нэмэгдэл ахмадууд, ард түмний нуруунд хүнд ачаа болон очиж байна. Иргэд өнөөдөр энэ ачаан дороос өндийж чадахгүй боллоо. Юун тэр амьдрал ахуй сайжрах, улам л хүндэрч хэцүүдэж байна. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас өнгөрсөн гурван жилд нийгмийн хамгааллын бодлого огт хэрэгжсэнгүй гэдэг дүгнэлт хийж байгаа юм. Миний үед хэрэгжүүлж байсан бодлого үндсэндээ байхгүйтэй адил болчихсон.
-Тэгвэл эрх баригч МАН-ын удирдлагууд ам ангайх болгондоо эдийн засаг өндөр хувиар өслөө. Бүх зүйл сайхан болж байгаа гэж яриад байгаа. Гэтэл ард иргэд эдийн засгийн тэр өсөлтийн үр шимийг хүртэж чадахгүй байна. Та УИХ-ын гишүүний хувьд энэ талаар ямар суурьтай байгаа вэ?
-Өнөөдөр хэт үрэлгэн төсөв баталж байна. Засгийн газраас УИХ-д саяхан 2020 оны улсын төсвийн төслийг өргөн барьлаа. Гэтэл энэ нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байгаа юм. Яахаараа ийм өндөр алдагдалтай төсөв батлах гэж. Төсвийг яагаад алдагдалгүй баталж болдоггүй юм. Өмнөх жилүүдийн төсвийг харвал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардлыг маш өндөр тооцсон ч гүйцэтгэл нь бага гардаг жишиг тогтсон байна. Энэ мөнгө хаашаа оров гэдэг асуудал бий. Нийслэл дээр жишээ аваад үзье л дээ. Нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл энэ онд 28 хувьтай гарч байгаа юм. Монгол Улсын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гол ажил нь нийслэлд хийгддэг. Манай улсын хүн амын бараг 60 хувь нь нийслэлдээ амьдарч байна шүү дээ. Тэгэхээр шулуухан хэлэхэд эрх баригч МАН-ын хэрэгжүүлж буй бодлого буруу, алдаатай байна. Эдийн засгийн өсөлт өнөөдөр өндөр байгаа нь эрх баригчидтай холбоогүй. Учир нь тэд нэг ч баялаг бүтээгээгүй. Нэг ч үйлдвэр, аж ахуйн газар ашиглалт оруулаагүй юм. Үндсэндээ нэг ч ажлын байр нэмэгдүүлээгүй. Иймд ядуурал, ажилгүйдэл тус бүр 30 хувьд хүрсэн. Хүн амын нарийвчилсан судалгаа хийвэл үүнээс ч өндөр хувьтай гарч магадгүй. Бодит нөхцөл байдал ийм үед энэ улс орны амьдарлыг өөдрөг сайхнаар харах ямар ч боломж алга.
-Улс орны эдийн засаг өсч, төсвийн орлого нэмэгдсэн юм байна. Тэгвэл яагаад өр зээл бас дагаад өсчихөв. Энэ талаар...?
-Дахин хэлэхэд эдийн засаг эрх баригчдын гавьяагаар өсөөгүй. Харин ч азаар Монгол Улсын экспортод гаргаж байгаа уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байна. 2016 онтой харьцуулбал 2-4 дахин өссөн үзүүлэлт бий. Тэр үед нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 4200-4600 ам.доллар байсан. Тэгвэл өнөөдөр бараг 7000 ам.долларт хүрч байна. Үүнээс гадна төмөр, алтны үнэ бас өссөн. Манай улс 2016 онд нэг тонн нүүрсээ 30 ам.доллароор чадан ядан борлуулж байлаа. Одоо 70-120 ам.долларын хооронд хэлбэлзэх болсон. Түүхий эдийн үнийн энэ өсөлтөөр орж ирж байгаа мөнгөний урсгал нь эдийн засгийг өсөлттэй харагдуулж байгаа юм. Гэтэл энэ орж ирж байгаа баялгийн хуваарилалт ард иргэдэд хүрэхгүй байна. Шударга хэлэхэд энэ их мөнгө яг хаашаа ороод байгааг би ойлгохгүй байгаа. Нэгдүгээрт, эдийн засаг өсч төсөв ашигтай гарах болсон. Тэр давсан орлого нь хаашаа оров гэдэг асуудал бий. Хоёрдугаарт, маш их хэмжээний өр, зээл нэмэгдсэн. Сүүлийн гурван жилд Монгол Улсын гадаад өр таван тэрбум гаруй ам.доллароор өсчихлөө. 2016 онд бид МАН-д 24.6 тэрбум ам.долларын өртэй улс хүлээлгэж өгсөн. Тэгвэл өнөөдөр улсын өр 29.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Зөвхөн Засгийн газрын өр гэхэд л долоон тэрбум ам.доллар болсон. Тухайн үед дөрөв орчим тэрбум ам.доллар байсан. Тэгэхээр зөвхөн Засгийн газрын өр гурав орчим тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх баригчид Чингис бондыг бараг гурав, дөрөв нугалсан өр тавьчихлаа. Харин Ардчилсан намын тэргүүлсэн Эвслийн Засгийн газрын үед авсан Чингис бонд, Самуурай бондыг өнөөгийн эрх баригчид юу гэж ярьж байлаа даа. Монгол Улсыг өрөнд бариуллаа. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гээд л зарлаж байсан. Гэхдээ энэ нь Чингис бондын 1.5 тэрбум, Самуурай бондын 600 сая ам.долларын зээлийн үр дүнд бий болсон өр биш шүү. Өмнөх Засгийн газруудын тавьсан бүх өрийг нийлүүлээд зарлаж байсан тоо. Одоо нэг хүнд дунджаар 26-30 сая төгрөгийн өр ногдож байна. Нөгөө 2016 онд зарлаад байсан нэг хүнд ногдох өр бараг нэг дахин нугарч, ийм өндөр түвшинд хүрсэн байгаа юм. Дээр нь сэтгэл эмзэглүүлж буй нэг асуудал бий. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах асуудал яригдаж байна. Энэ асуудлыг удахгүй хэлэлцэнэ. Монгол Улс хэрэв “Саарал жагсаалт”-д орчихвол гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын тусламж дэмжлэг үндсэндээ байхгүй болно. Ийм нөхцөл байдалд хэн аваачив. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн уул уурхайн баялгийн үнэ хэд дахин нэмэгдсэн, эдийн засгийн өндөр өсөлттэй, дээр нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гээд маш олон эерэг үзүүлэлттэй цаг үед ийм урвуу асуудал яагаад гарав гэдгийг бид бодох ёстой. Тэгэхээр өнөөдөр эрх баригчдын явуулж буй хэт популист алхам, бодлого, шийдвэр нь манай улсын нийгэм, эдийн засагт гарч ирж буй бүхий л урвуу зүйлийн гол шалтгаан нь гэж харж байгаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт руу хэтэрхий дайрч байна. Хөрш орнуудын нэр хүндэд хэт их халдаж байна. Бид өөрсдийн боломж, хэн билээ гэдгээ байнга санаж, дүгнэж байх ёстой. Гэтэл хэрээ мэдэхгүй хэт санаархсан үндэсний неонацист үзлүүд гарч байна. Эдгээр байдал нь өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх шалтгаан болсон. Тэгээд Монгол Улсад итгэх гадаадынхны итгэл үндсэндээ 0 болчихлоо. Ийм ийм нөхцөл байдлын улмаас эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд очихгүй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж буй мэдэгдлүүдийг хар л даа. Өнгөрсөн гурван жилд 601 обьект барьж байгуулсан гэнэ. Тухайлбал, 100 гаруй сургууль цэцэрлэг, 100 гаруй эмнэлэг, соёлын төв зэргийг барьсан юм байх аа. Тэгвэл үүнийг нь өнгөрсөн хугацаанд хуваагаад үзвэл долоо хоногт нэг шинэ обьект бариад байсан болж таарах нь. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Бид ийм хэмжээний бүтээн байгуулалт хийж чадсан уу гэдгийг бүх задаргаагаар нь гаргана. Эхлээд цаасан макет хийж ард түмнийг хуурдаг байсан. Одоо цаасан дээр худал тоо бичиж хуурдаг боллоо. МАН-ынхан “Ард түмэн гэдэг бол дээр нь юу ч бичээгүй цагаан цаас. Түүн дээр юу ч бичсэн яадаг юм” гэж ярьдаг юм билээ. Энэ үгээрээ “Ард түмний тархийг угаахын тулд юу ч ярьсан яадаг юм” гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа бол ард иргэдэд үр өгөөжөө өгсөн бодлого МАН-аас гарахгүй гэж харж байна.
-Ардчилсан нам бодлогын нам болсноо зарласан. Тэгэхээр ахмадууд болон нийгмийн чиглэлээр ямар ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ?
-Манай улсад ахмад настны нийгмийн хамгаалал талаас нь дандаа хардаг. Өндөр хөгжилтэй орнуудад ахмад настны чадавх, боломжийг үнэлж улсынхаа хөгжилд ашигладаг. Тэднийг хөдөлмөрлөх, хуримтлуулсан туршлагаа ашиглаж тодорхой орлого олох, баялаг бүтээх боломжийг бүрдүүлж байна. Ийм туршлага олон улс оронд бий. Монголчууд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээ гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр манайд шинээр бий болж буй аж ахуйн нэгж, төрийн байгууллагад гарч байгаа алдаа эндэгдэл нь тэр өв уламжлал, харилцан залгамж чанар алдагдсаны гай шүү дээ. Манай нийгэмд нэг сонин үзэгдэл байдаг юм. Тэр нь ахмадууд нь залуу үеэ үгүйсгэдэг, залуучууд нь ахмад үеэ үгүйсгэдэг. Ийм байдлаар хол явахгүй. Тэгэхээр ахмадууд нь залуу үеэ сургадаг, мэдлэг туршлагаа өвлүүлдэг, залуучууд нь ахмадаа хүндэлж, дээдэлж сурах зүйлээ сурдаг залгамж холбоо маш байсан цагт улс орон хөгждөг. Жишээ нь Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд ахмадаа маш сайн хүндэлдэг. Ахмадууд нь залуу үеэ сургах чадавхжуулахын төлөө ажилладаг. Харин манай улсад энэ уламжлалт асуудал алдагдчихаад байгаа юм. Бүх зүйлийг залуучууд хийх ёстой гэдэг. Залуучууд манлайлах ёстой нь үнэн. Гэхдээ залуучууд ахмад үегүйгээр аливаа зүйлийг хийж чадахгүй. Алдаа дутагдал гарах нь ахмад үеийнхээ мэдлэг, дадлага туршлагыг өвлөж чадаагүйтэй холбоотой юм. Ийм учраас ахмадын асуудлыг хоёр талтай харах ёстой. Нэгдүгээрт, ахмад настныхаа тэтгэвэр, тэтгэмж нийгмийн хамгааллын бодлогыг боломжтой түвшинд дэмжих учиртай. Амьжиргааны түвшинг хангах хэмжээнд тэтгэврийг нь хүргэх ёстой. Хоёрдугаарт, ахмадын мэдлэг, туршлагыг үнэт зүйл болгож хувиргах асуудал бий. Жишээ нь ахмадууд зөвлөх үйлчилгээг яагаад тодорхой үнэ төлбөртэй үзүүлж болдоггүй юм. Үүгээрээ тодорхой хэмжээний бодит орлого олж аж амьдрал нь өөдрөг сайхан байж яагаад болохгүй гэж. Өнөөдөр тэтгэвэрт гарлаа бол тэр хүн шууд хаягддаг. Тэгж болохгүй. Үүнд төрийн бодлого дутаад байгаа юм. Тухайн байгууллагад насаараа ажиллаж асар их туршлага хуримтлуулсан хүнийг хаяж болохгүй. Тэдний арвин туршлагыг улс орны хөгжилд дайчилж ашиглах ёстой. Одоо ажиллах хүч олдохгүй байна гэдэг. Барилгын салбар, баялаг бүтээж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид ажиллах хүч олдохгүй байна гэдэг. Гэтэл ахмадын бий болгосон тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч буй залуучууд бас манай нийгэмд байна. Тэгэхээр тэднийг залхуурахгүй улс орны хөгжилд гар бие оролцдог, ажил хөдөлмөр голохгүй хийдэг болгох вэ гэдэг асуудалд ахмад настны үүрэг оролцоо асар их байгаа юм. Энэ асуудалд төрөөс ахмад настныг хэрхэн татан оролцуулах вэ гээд наад захын ажил хийж эхлэх ёстой. Ялангуяа биеийн хүчний ажил хийх залуучууд маш ховор болсон.
-Тэтгэвэрт гарах насны талаар нийгэмд нэлээд яриа өрнөдөг. Манай улсад хэдэн насандаа тэтгэвэрт гарах нь тохиромжтой гэж та харж байна вэ?
-Манай нийгэмд урвуугаар яваад байгаа асуудал олон бий. Түүний нэг нь энэ. Тэтгэвэрт гарчихвал бүх зүйл сайхан болчихдог юм шиг ярих нь байдаг. Гэтэл тэтгэвэрт гарснаар тэр хүн нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоо нь багасдаг. Тэгэхээр нэг их хүсээд байх зүйл уг нь биш. Хувь хүний нийгэмд идэвхтэй оролцоотой байх боломжийг удаан хадгалах ёстой. Монголчуудын дундаж наслалт өнөөдөр нэмэгдэж байна. Дундаж наслалтыг хүйсээр нь аваад үзвэл эмэгтэйчүүдийнх 74, эрчүүдийнх 68 орчим болсон. Нийт дүнгээрээ монголчуудын дундаж наслалт 70 орчим байгаа юм. Саяхан л 50 настай хүнийг ямар өндөр настай юм бэ гэдэг байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл 50 насны найр хийдэг байсан. Тэгвэл өнөөдөр 50 настай хүнд ийм зүйл яривал бараг шоолно. Дундаж наслалт өсч байгаа өнөө үед тэтгэврийн насыг багасгах нь зөв бодлого биш юм. Одоо мөрдөж байгаа тэтгэврийн насыг нэмэх эсвэл хасах гэдэг утгаар биш. Харин өнөөдөр мөрдөж байгаа тэтгэвэрт гарах 55, 60 насыг тогтвортой бариад ахмад настны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллын бодлого, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, чадавхаа дээшлүүлэх зэрэгт төрөөс баримтлах бодлогыг цоо шинэ нүдээр харах хэрэгтэй байна. Тэтгэвэрт гарсан бол энэ хүн ингээд дуусаа гэж хардаг, үл тоосон байдалтай харилцдаг нийгмийн хандлагыг эрс өөрчлөх ёстой юм. Ингэж байж улс орон хөгжинө. Манайх шиг хүн ам цөөтэй улсад 400 гаруй мянган ахмад настан хөдөлмөрийн бүхэл бүтэн хүч шүү дээ. Ахмад настныг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангасан, тэднийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын бодлого болон урамшууллын бусад хэлбэрээр төрөөс дэмжсэн бодлого манай улсад үгүйлэгдэж байгаа юм.