Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ДАХИАД Л “ХЯМРАЛ” ДАЛЛАСАН ТӨСӨВ

Манай эдийн засаг

Монгол Улс уул уурхайн орны тоонд зүй ёсоор орно. Учир нь манай улсын уул уурхайн салбар, экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70-75 хувийг бүрдүүлж байна. Манай улсын ДНБ-ий хэмжээ 2000 онд 1,1 их наяд төгрөг байсан бол 2018 онд 33 их наяд төгрөг болж 2000 оны түвшингээс хэдэн арав дахин өсчээ. Энэ нь бид уйгагүй хөдөлмөрч болсон гэсэн үг биш. Жигтэйхэн олон төрлийн бүтээгдэхүүн экспортлоод эхэлсэн гэвэл бүр эндүүрэл. Харин уул уурхайн хоёр бүтээгдэхүүнд гол учир нь байна. Энэ нь зэс ба нүүрс. Нүүрс, манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх юм гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз ээ. 2000 оны статистикийг сөхвөл манай улс зэсийн баяжмалаа 160 сая ам.доллароор, харин нүүрсээ 4200-хан ам.доллароор экспортолж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Харин 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая ам.доллароор, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллароор борлуулж эхэлсэн тэр үеэс эхлэн манай улсын эдийн засгийг энэхүү хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлох болжээ. Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын есөн ам.долларыг түүхий эдээс, тэр дотроо 7-8 ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна. Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж, тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудаа тэтгэж сэргээнэ. Харин ханш унаад эхэлбэл бүгд урууддаг ийм л тойрогт бид эргэлт буцалтгүй оржээ. Харамсалтай боловч бодит үнэн ердөө энэ. Ийнхүү их наядаар яригдах төсөвтэй болсон үеэс манай томоохон бизнесмэнүүд УИХ руу хошуурцгаасан юм. Тэд мөнгөний үнэр хаанаас гарч байгааг хэнээр ч заалгахгүй. Үр дүнд нь манай парламент “тэрбумтан”-аар дүүрчхэж. АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж хэлсэн байдаг.

Төсвийн зардлаа өсгөсөн бодлогын алдаа

2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байлаа. Хятадын коксожсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австрали улсад үер болж нүүрсний уурхайнууд хаалгаа барив. Урд хөршийн бас нэг томоохон нийлүүлэгч Индонезийн нүүрсний уурхайчдын цалингаа нэмүүлэх зорилготой ажил хаялт ид өрнөж байв. Чухам энэ үед Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн юм. Үр дүн нь Монгол улсын эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлтийг МАН-хан бүхий л мэдээллийн хэрэгслээр /ялангуяа УИХ сонгуулийн үеэр/ өөрийн гавьяа мэт дөвийлгөн ухуулж ирсэн бөгөөд бодит байдал дээр энэ намын үйл ажиллагаатай огт хамааралгүй юм. Ийнхүү мөнгөөр гулигаж байсан үедээ ямаанд мөнгө хуваарилах зэргээр төсвийн зарлагыг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэл тавигджээ. Харамсалтай нь энэ бол давтаж боломгүй бодлогын том алдаа байсан юм. Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал биш, харин төсвийн зардлаа нэмж улам данхайлгаж байсныг жишээгээр дурдъя. Уул уурхайн өндөр орлоготой байсан 2006 онд төсвийн зарлага өмнөх онтой харьцуулахад 61 хувиар, 2007 онд 2.3 дахин, 2008 онд 3.2 дахин нэмэгдсэн байна. 2012 онд төсвийн зарлагаа 2005 оныхоос 7.9 дахин, 2010 оныхоос хоёр дахин нэмж “данхайлгажээ”. Аймшгийн тоо байгаа биз. Төрд шургалсан бизнесмэнүүд татвар төлөгчдийн мөнгөөр тоглох эхлэл ийн тавигдсан юм. Хэрэв тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сөхөж үзвэл төрийн өндөр албан тушаал наймаалцах асуудал яг энэ үетэй давхцаж байгааг мэдэж болно.

Төсвийн тэнцэл 2010 онд 41,7 тэрбум төгрөгийн ашигтай байсан бол 2011 онд 756,0 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2012 онд 1 их наяд 130,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч эхэллээ.

Ийнхүү, орлого олохын хэрээр зарж үрдэг цамаан зандаа дасч, эцэст нь зээл авч тараадаг МАН-ын бодлого 2013-2016 оны эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаануудын нэг яахын аргагүй болсон юм. Бид эдийн засгийг 17.2 хувь өсгөсөн гэж хөөрцөглөдөг 2011-2012 онуудад хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулсан. Түүгээр зогсохгүй 2012 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банк 580 сая ам.долларын Евро бонд босгож, 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компаниас 350 сая ам.долларын зээл авлаа. Тухайн үед зээл авахдаа байгуулсан гэрээгээр тус компанид 350 сая ам.дол¬ларын оронд нүүрс өгөх үүрэг хүлээжээ. Ийнхүү нүүрс олборлоход гарах зардлыг арилжааны банкууд, Хөгжлийн банк¬наас зээл авч шийдсэн байдаг. Чалкогийн 350 сая ам.доллар бол жилийн 10.4 хувийн хүүтэй тул сард 3 сая долларын хүү нэмж төлж байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү зээлийг бүтэн 6-7 жилийн дараа нүүрсээр төлж барагдуулсан юм билээ. Ийм эдийн засгийн өсөлт гэж байх уу? Харин ч эсрэгээрээ хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан байгаа биз дээ?

Монгол Улсын эдийн засгийн эрсдэлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа, орлогоо дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлүүдээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай улсын эдийн засгийг сөхрүүлдэг. Эрх баригчид аа, “Бид эдийн засгаа 17.2 хувь өсгөсөн” гэж хоосон тоо ярьж, цээжээ балбахаас өмнө тооцоо судалгаа хийгээд үзээрэй. Та бүхэн хэмжээ нь бага боловч бүхэл бүтэн улсын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй улс төрийн хүчний тэргүүлэгч лидерүүд шүү дээ. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүд хуурч байгаа мэт аашлах хэрэггүй. Хэрэв үнэхээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг увдистай байсан бол энд элдвээр хэлүүлж суух юун. Манайхаас 1000 дахин том эдийн засагтай Хятадын эдийн засгийг 17 хувь өсгөөд өгчих. Урд хөрш дэлхийн эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг болохоор манай гаргийн долоон тэрбум хүмүүс та нарт баярлах байх. Гэвч ийм “гайхамшигт увдис” байдаг гэдэгт би лав итгэхгүй. Манай иргэд нэг үеэ бодвол юмны учрыг ухаж, төнхөөд ойлгодог, гадарладаг болсон байна лээ. Техник, технологи хөгжөөд мэдээлэл ч хурдтай авдаг болчихсон үе. Захын малчнаар амаа алгадуулж, нийтийн өмнө шившиг бүү болоосой гэсэндээ л ийн УИХ-ын гишүүддээ сануулсан юм. Эрх баригчид 2011 оны эдийн засгийн өсөлтийг өөрсдөдөө наахыг хичээдэг хэрнээ, орж ирсэн орлогоо хайр найргүй тараан цацсан гамшигт үйлдлээ тас нууж, нийтэд дэлгэдэггүй билээ.

2020 оны өргөн барьсан төсөв

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ үргэлж өндөр ханштай байгаад байдаггүй. Эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацаанд нэг идэвхжиж, нэг буурч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тодорхой хугацаанд хэлбэлзэж байдаг гэсэн үг. Манай улсын жишээн дээр авч үзвэл, түүхий эдийн үнэ тодорхой хугацаанд өсч, урууддаг. Энэ зүй тогтлыг мөчлөг гэнэ. Мөчлөг хаана байгаагаас шалтгаалж хэрэгжүүлэх бодлого тэс өөр байдаг. Тухайлбал, 2013-2014 оныг 2018-19 онтай харьцуулах аргагүй. Өгөгдлүүд нь тэс өөр. Эхний дурдсан жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн ханш өнөөдрийнхөөс 3-6 дахин уначихсан байсан үе. Тиймээс хэрэгжүүлэх бодлого нь өөр байж. Түүхий эдийн үнэ сайн байгаа үед хуримтлал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2020 оныхоо төсвийг нэг харчих.

Төсвийн зарлагаа тэртээ 2011 оныхтой яг ижил данхайтал нь тэлжээ. Тухайлбал, 2015 онд төсвийн нийт зарлага 7,1 их наяд байсан бол 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.Таван жилийн хугацаанд манай улсын төсвийн зарлага хоёр дахин нэмэгдэх юм гэнэ. 7 их наяд төгрөг бол та бүхний шүүмжлэх дуртай, тухайн үеийн гурван ширхэг “Чингис бонд”-той тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө юм шүү. Ардчилсан намыг гадны бондоор 21 аймаг руу зам тавилаа, 82 мянган өрхийг байранд орууллаа гэж амтай болгон шүүмжилсэн. Тэгвэл эрх баригч та бүхэн өөрсдийн үйл ажиллагаандаа дүгнэлт өгөөрэй. Төсөвт МАН-ын болон АН-ын гэх нэг ч төгрөг байхгүй. Төсөвт зөвхөн татвар төлөгчдийн мөнгө байдаг болохоор хүссэнээр “зарцуулах” эрх та нарт байхгүй. 2020 оны хөрөнгө оруулалт 3.6 их наяд төгрөг байх юм гэнэ. 2019 оны хөрөнгө оруулалт болох 2.6 их наяд төгрөг нь багадсан юм байх. Сумдын дарга нарын байрыг тэрбум, тэрбумаар харин багийн дарга нарт зуу зуун саяар байр барьж өгөх юм гэнэ. Сумдын багийн хувьд жилдээ ганц хоёр удаа цөөн хэдэн малчин цугларч “ёолк”-дохын тулд татвар төлөгчдийн мөнгийг ийн үрэх ёстой гэж үү? Дараа жил нь энэхүү олон обьектыг цэвэрлэх үйлчлэгч, манаачийн цалингаас эхлээд төсөвт ачаалал ирнэ. Хоёр жилийн дараа засвар хийх хөрөнгө мөнгө шаардаж таараа. Бас багийн дарга нараа унаажуулах юм байна. Мэдээж ирэх жилийн УИХ-ын сонгуульд та нарыг сурталчлаад явах юм байгаа биз. Хөдөөнөөс сонгогдсон нэг эрхэм сонгуулийн тойргийнхоо сумдын хүүхдүүдэд дотуур байр барьж өгөхийн тулд төсөвт зургаан тэрбум төгрөг суулгажээ. Ийм жишээ дурдвал захаас аваад зөндөө байна. Хоёр жилийн хугацаанд төсөвт суулгасан 6.2 их наяд төгрөгөөр барих олон зуун байр савны тендерт хэн ялж, хэний халаас зузаарахыг энд дурдах илүүц биз. Ямар ч байсан Чингис бондын хөрөнгөөс хэд дахин их татвар төлөгчийн мөнгө байна. Энэ бүхэн арай дэндэж байна гэж санагдахгүй байна уу?

Татвар төлөгчдийн мөнгийг төсөв нэрээр цуглуулж ялсан намын мөрийн хөтөлбөр хэмээх халхавчийн дор хувьдаа завшдаг бүлэглэлийн талаар Монгол улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан УИХ дээр жилийн өмнө ам нээж байв. Бизнесмэнүүд УИХ руу хошуурах болсон үндсэн шалтгаан хийгээд улс орон хөгжихгүй байгаа учир энд л бий. Уул уурхайн эрдэс баялгийн үнэ өсч эхэлмэгц төсвийн зардлыг огцом өсгөж эдийн засгаа сэнсрүүлдэг “муухай” өвчин хэрээс хэтэрлээ. Энэ улс оронд эзэн байна уу? Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, эдийн засаг хумигдах үед тэлсэн төсөв асар их хүндрэл авчирдгийг 2012-2016 оны төсвийн жилүүдэд туулж өнгөрүүлсэн туршлагаас харж болно.

УИХ гишүүд ээ, та нар улс орныхоо хөгжил цэцэглэлтэд ганц удаа боловч сэтгэл гаргаад нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийгээч. Засгийн газар гадаад зах зээлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш өсч эдийн засаг тогтворжиж байгаа энэ үеийг ашиглаж, үр ашиг муутай зардал, хөрөнгө оруулалтаа зоригтой танаж, дорвитой өөрчлөлт хийх ёстой. Ядахдаа Сү.Батболдын Засгийн газрын үед буюу тэртээ 2012 оны гуравдугаар сард босгосон Евро бонд буюу одоогийн Хуралдай бондын 600 сая ам.долларыг төлж барагдуулах юм сан.

Та бүхний тооцоо судалгаагүй төсвийн замбараагүй тэлэлт дараа дараагийн Засгийн газартаа асар их хүндрэл дагуулж улс орны хөгжилд тээг болж ирснийг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнийн савлагааг сөрсөн, төсвийн бодлогын хамгийн түгээмэл дүрэм болох “Их хэмжээний орлого орж ирсэн хэмжээгээр зарлагаа огцом өсгөхгүй байх ёстой” алтан зарчмыг эрх баригчдад дахин сануулмаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com