Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Энхсайхан: Хүчтэй байхын тулд шударга байх хэрэгтэй

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Монгол Улс дэлхийтэй хөл нийлж, хөгжиж, урагш алхаж чадаж байна уу?

-Би эдийн засагч хүн, тэгэхээр эдийн засгийн нүдээр Монгол Улсын хөгжлийг харж тайлбар хийж таарна. 1990 оноос хойш манай эдийн засаг 10 гаруй дахин өссөн. Өнөөдөр хүмүүсийн амьдралын түвшинг 1990 онтой яаж харьцуулах вэ дээ. Хүмүүсийн хэрэглээ маш өндөр болсон. Ер нь дэлхийн бусад орноос хэрэглээгээрээ дутахааргүй болсон шүү дээ, манай улс. 30 жилийн өмнө ядуу буурай орны тоонд орж явсан бол, өнөөдөр бид хөгжлөөрөө тэргүүн эгнээнд ирээгүй юм гэхэд дунд орлоготой орон болчихсон явж байна. Энэ нэг үзүүлэлт биш гэж үү. Мэдээж дэлхийд эхний хэдэд жагсч орох боломж хомс. Бусад орнуудтай харьцуулахад асар олон зүйлээр дутуу байгаа. Гэхдээ бид урагшилсаар хөгжсөөр л явна. Тэгэхээр бид дунд орлоготой орны тоонд хүрчихсэн учраас хэр барагтай зүйлд жагсаал цуглаан болохгүй байгаа юм.

Өнөөдөр олон жагсаал цуглаанууд бүтэлгүйтээд байгаа биз. Яагаад гэхээр амьдрал дээшилсэн учраас тэр. Хэрэв ядуу буурай байсан бол жагсаал цуглаан аяндаа үүсээд эхэлнэ. Энэ нь өөрөө нэг талаасаа бас үзүүлэлт юм. Тийм учраас таны асууж байгаа Монгол Улс хөгжсөн үү гэдэг асуудалд би хөгжсөн гэж хэлнэ. Яах вэ, өнөөдөр хүмүүсийн материаллаг хэрэглээ өндөр хэдий ч, эсрэгээрээ оюун санааны ухамсар төдийлөн өндөр хөгжсөн гэж хэлэхгүй. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр бас хол явахад хэцүү. Тиймд бид сэтгэлгээний хувьсгал хийх цаг аль хэдийн болсон. Алив асуудалд голч, зөв байр сууринаас хандаж суръя л даа. Ингэсэн цагт бид дэлхийн хөгжилд хүрч чадах байх.

-Монгол Улсын ирээдүй биднээс шалтгаална, гэхдээ хонгилын үзүүрт гэрэл байна уу?

-Монгол Улс хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улсын хөгжлийн төлөө зарчмын зарим нэг асуудал дээр үзэл бодол өөр байлаа ч нэг үндэстэн. Мэдээж, бид явсаар нэг үндэстэн, нэг л үзэл суртал дээр төвлөрнө. Тэгэхээр энэ хөгжлийн гарц юунаас болоод байна гэхээр Монгол Улс үндэсний үзэл суртлаа олоогүй байгаа юм. Ийм учраас бид олон хэсэг, фракц энэ тэр гээд нэг үгээр хэлбэл олон овог аймаг болоод яваад байна. Үүнийг тодруулж хэлбэл, Их Монгол Улсаас хойш бага хаадын задрал явагдсан. Одоо ч энэ үзэгдэл хэвээрээ л яваад байна гэж үзэж болохоор байгаа юм.

-Ардчилал эв нэгдлийн бэлгэ тэмдэг мөн үү?

-Шударга ёс хаана байна тэнд эв нэгдэл бий болдог гэж өвөг дээдсийн үг бий. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг сайн мэддэг, бараг хүн бүр мэднэ. Би Узбекстанд Доголон Төмөр хааны бунханд очсон юм. Тэр бунханд хааны хэлсэн үгийг англиар ханан дээр нь сийлчихсэн байдаг. Би нэг үгийг хараад цочсон. Тэр ямар үг вэ гэхээр шударга байхдаа хүчтэй гэсэн байв. Тэгэхээр эвтэй байхдаа хүчтэй биш, шударга байхдаа хүчтэй байдаг гэдгийг өвөг дээдэс бидэнд бичиж үлдээсэн юм байна шүү дээ. Ингээд бодохоор шударга ёс хадгалагдахгүй, тогтоогдохгүй бол эв, хүч байхгүй. Бидний эвтэй байхдаа хүчтэй гэж хэлдэг үгийг үндэснийхээ лоозон болгочихсон улс орон байдаг. Энэ бол Америк тивд оршдог Гаити гэж орон. Тэгсэн мөртлөө хамгийн ядуу орон. Америктай хаяа дэрлээд сууж байна. Тэнд цэвэр ус гэдэг ойлголтыг мэдэхгүй. Усыг анхнаасаа шар өнгөтэй гэж л ойлгодог, ард түмэн. Тэгэхээр таны сая хэлсэн ардчилал эв нэгдэл мөн үү гэдэгт хариулахад шударга ёс байна уу гэдгийг л харах хэрэгтэй гэж бодож байна. 

-Бид шилжилт гэдэг үгийг анх ардчилалтай золгохдоо ярьж байсан. Одоо шилжиж л байгаа юу эсвэл шилжилт дуусчихсан уу?

-Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих гэдэг өөрөө тодорхой үе шат хугацаа байдаг юм байна. Тэр хугацаа үе шатыгаа шилжилт гээд байгаа юм. Юунаас шилжиж байгаа юм гэхээр ерөөсөө 100 хувь төрийн өмч давамгайлсан эдийн засгийн удирдлага нь захиргаадалтын арга давамгайлсан тогтолцоог зах зээл өөрөө мэддэг, хувийн хэвшлийнхэн өөрийнхөө асуудлыг мэддэг, эдийн засгаа хувийн хэвшил нь аваад явдаг ийм тогтолцоо руу шилжүүлэх тухай асуудал юм. Энэ шилжилт бол манайд аль хэдийнэ хийгдээд дуусчихсан. Одоо харин бид бий болгосон зах зээл, ардчилсан нийгмээ улам төгөлдөржүүлж, сайжруулах зорилтын өмнө байна.

-Бид эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан уу?

-Үүнийг аль утгаар нь ойлгохоос шалтгаална. Хүний хэрэгцээг 100 хувь хангах зүйл хэзээ ч, хаана ч байхгүй. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь чи өмчтэй байж чадаж байна уу, өмчөө түшээд эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадаж байна уу гэдэг зүйл. Хэрэглэгчийн биш үйлдвэрлэгчийн хувьд өмчтэй байх гэдэг тухайд бол эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан. Хуучин тогтолцоонд өмчтэй байж болдоггүй байлаа шүү дээ.

-Та жаахан тодруулаач?

-Дэлгүүрт дөрвөн ширхэг хөргөгч зарна гэж байхад 400 хүн оочерлодог байсан шүү дээ. Солонгос нусны алчуур 10 ширхгийг нэг хүн авах эрхтэй байхад хавиргаа хугалуулах шахан их дэлгүүрт оочерлодог байсан. Хятад халуун сав бэлгийн дээд нь байлаа. Ер нь эдийн засгийг нээлттэй болгох нь хамгийн тулгамдсан зорилго байсан. Яагаад гэвэл бид өөрийгөө социалист орон гэдэг зүйлд хашчихсан, социалист орон нь нураад уначихсан, жаахан үйлдвэр аж ахуйн газрууд нь зах зээл дээрээ гарч чадахаа больчихсон үндсэндээ ажилгүй болцгоосон ийм хүнд үед байсан л даа. Тийм учраас аль болох нээлттэй эдийн засаг руу шилжих шаардлага үүссэн. Тэгэхээр тэр нээлттэй эдийн засаг руу түргэн алхах нэг том арга хэмжээ авсан. Тэр нь юу гэхээр импортын татварыг тэглэж өгсөн. Тэр үед бас мөнгөний ханш унаж жилдээ 60 хувь болж байсан. Юмны үнэ жилдээ 60 хувь унаж байсан гэхэд одоогийн хүмүүс төсөөлж чадахгүй. Тэгэхээр тэр үнийг тогтоох хоосорсон зах зээлийг дүүргэх гадаад зах зээлд нээлттэй болгоход импортын татварыг тэглэсэн нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Нөгөө нэг асуудал мөнгө яаж олж болох вэ гэдэг.

-Тэгээд мөнгө босгох шийдэл олсон уу?

-Олсон. Уул уурхайгаас мөнгө олъё гээд ажиллах гэтэл, геологийн судалгаа материалууд ЗХУ-ын гарт байдаг. Яагаад гэхээр бидэнд өөрсдийн мэддэг юм гэж байхгүй. Хуучин тогтолцоонд ЗХУ-ын геологийн анги манай хилээс дотогшоо 100 км дотор чөлөөтэй нэвтэрч геологи хайгуулаа хийдэг. Тэгээд бүх мэдээллүүд нь зөвхөн ЗХУ-д байдаг. Түүнээс гадна геологи маш их мөнгө зардаг, зовлонтой ажил. Ашигт малтмалын хууль гэж чөлөөт зах зээлд гаргачхаад хэн дуртай нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч хайгуул хийж, хайгуулынхаа мэдээллийг бидэнтэй хуваалцаж, өөрсдийнхөө хөрөнгийг зардаг тогтолцоонд оруулах шаардлага үүссэн юм. Яагаад ийм шаардлага үүссэн гэхээр мэдээлэлд үндэслээд Монгол Улс алс холынхоо хөгжлийн ирээдүйг төлөвлөх, асуудлаа шийдэх шаардлага гарсан. Тэгээд Ашигт малтмалын тухай анхны либерал хууль гарсан. Тэр либерал хуулиуд дэлхийд тавд орох хэмжээний хууль боллоо гэж тухайн үед үнэлж байсан. Үүний хүчинд бид Оюу толгойг олсон байхгүй юу. 1997 онд гарсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн үйлчлэлийн үр дүнд Оюу толгойг бид олсон. Өнөөдөр Оюу толгой Монголын эдийн засагт том үүрэгтэй болж хувирсан. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр буруу зөрүү ойлголт бий. Гэхдээ засч захирамжлах тухай асуудал байгаа болохоос биш ерөнхий бодлогоо өөрчлөх шаардлага байхгүй. Нураах шаардлага ч байхгүй.

-Америк улс бидэнд тусалсан уу. Ер нь тэр хандивлагчдын зөвлөгөөн яаж явагдсан юм?

-Улс орнууд ойлгохдоо Монгол Улсыг Америк, ЗХУ-аас амлаж авч хүнд байдлаас нь гаргахаар тохирцгоосон гэж ойлгоод байдаг юм. ЗХУ өөрөө задарч, нэг хоногийн дотор бүх тусламж зээл зогссон шүү дээ.

-Хөшиг хааж байгаа юм шиг үү. Цахилгаан станц хамгийн их аюулд өртөж байсан гэж ярьдаг юм билээ?

-Яагаад гэхээр тэд бас хүнд байдалд орчихсон. Юун хүнд туслахтай манатай. Хамгийн түрүүнд бидэнд учирсан том зовлон цахилгаан станцаа ажиллуулж чадахгүй байдалд очсон юм. Одоо ч нэг юм алдаг оног ажиллуулаад өөрийн инженер техникийн ажилтнуудтай болчхож. Тухайн үед дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан. Бидэнд хамгийн түрүүнд учирсан асуудал юу гэхээр дөрөвдүгээр цахилгаан станц шиг санаж байна. Үнсний асуудлаа шийдэж чаддаггүй, үнс нь хоолой, яндангуудаа иддэг ийм хүнд бэрхшээлтэй учирсан. Тэгээд хамгийн түрүүнд гар сунгасан орон бол Япон. Ингээд бид гал алдчихгүй ажлаа Япон улсын туслалцаатайгаар хийсэн. Тэгсэн ч гэсэн тог тасардаг байв. Жилд 300 удаа тог тасардаг үе байсан гэдэг юм билээ. Ингээд Япон, Америк, Солонгос зэрэг бусад орон нийлээд хандивлагчдын зөвлөгөөн гэдгийг хийж эхэлсэн юм. Тэгж байж бид санхүүгийн дэмжлэг авч, бодлого аажимдаа жигдэрч, өнөөдрийн төлөв байдалд орж ирсэн түүхтэй.

-Хандивлагчдын зөвлөгөөн 10-аад жил болсон гэж ярьдаг, үнэн үү?

-Удсан. Маш олон туслалцаа авсан. Түрүүн би бас хэлэхээ мартсан байна. Бид эдийн засгаа нээлттэй болгоход хамгийн түрүүнд Олон Улсын Валютын сангийн гишүүн болох шаардлага байсан юм. Бид анхалж орсон орнуудын тоонд ордог. 1996 онд Олон Улсын Валютын сангийн гишүүн болсон, манай улс. Энэ нь Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон гэсэн үг. Ингээд биднээс хойш олон жилийн дараа Орос, Хятад элссэн. Биднээс асууж байж шахуу оруулдаг ийм хэлбэртэй байсан.(инээв) Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нээлттэй болгоход бидний гуравдагч хөрш орнууд хамгийн түрүүнд гараа сунгасан байдаг.

-Дэлхийн худалдааны нийгэмлэгт Хятадыг хэдхэн жилийн өмнө оруулна, оруулахгүй гээд яриад байсан биз дээ?

-2001 онд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад орсон. Нэлээн гуйж байж орсон гэдэг. Одоо ч Хятадыг зах зээлийн орон гээд дэлхийд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм билээ.

-Тэгэхээр бид толгойлоод явчихсан юм уу?

-Тийм. Бид энэ талаасаа бол түрүүлж орсон. Өөрийгөө нээлттэй болгож чадсан. Түүний хүчинд зах зээл бараагаар хангагдсан. Яах вэ, хуучин социалист зах зээл рүү хандаж байсан үйлдвэрүүд бүгд хаалгаа барьсан байж болно. Түүнээс дутахгүй олон үйлдвэр аж ахуйн газрууд Монголд бий болсон.

-Социализмын үед баригдсан Эрдэнэт, Дархан, Бор-Өндөр, Багануур зэрэг том том хот, үйлдвэрийн газрууд баригдсан, ихийг бүтээсэн, хийсэн гэдэг. Ардчиллын 30 жилд түүнтэй зүйрлэх зүйл яагаад хийсэнгүй вэ гэж?

-Хуучин тогтолцоонд байгуулсан үйлдвэр аж ахуйн газрууд, түүхий эдийн дагавар үйлдвэрүүд байсан. Тэгэхээр нөгөө зах зээл нь нураад унахаар тэр үйлдвэр аж ахуйн газруудад хийгдэж байсан бүтээгдэхүүнүүд зарагдах ямар ч бололцоогүй болсон. Хүмүүс ардчилал гарч ирээд энэ үйлдвэрүүдийг нураачихсан юм шиг буруу ойлгодог.

-Та эдийн засагч хүний хувьд тайлбар хийвэл?

-Өнөөдөр хувийн хэвшилд түшсэн жижиг үйлдвэр аж ахуйн газрууд олон болсон шүү дээ. Бид хуучин тогтолцоонд хүнсний үйлдвэр гэж ярихдаа, мах, гурил, талхны үйлдвэрийн тухай ярьдаг байсан. Өнөөдөр энэ чинь бүүр эсрэгээрээ олон чиглэлээр босоод ирчихсэн. Түүнийгээ бид харин үйлдвэр хөгжиж байна гэж олж харахгүй байгаа нь харамсалтай санагддаг.

-Үйлдвэржилтийн үйл явцыг заавал том үйлдвэрээр харах ёстой юу?

-Заавал томоор харах шаардлага байхгүй. Жижиг олон үйлдвэрүүд бий болчихсон, энд тэндгүй. Үүнээс гадна Монголын эдийн засаг өөрөө жижиг. Хүн ам нь бага, зах зээл нь жижигхэн шүү дээ. Бид гадаад зах зээл рүү түүхий эдээ гаргахын тулд өөрсдийнхөө чаддаг зүйлийг хийх хэрэгтэй. Томоос нь яривал ардчиллын жилүүдэд байгуулагдсан Оюу толгойг нэрлэж болно. Үүнтэй адил уул уурхайн олон үйлдвэр аж ахуйнуудыг нэрлэж болно.

-Бид ардчиллаас ухарч, буцаад социализм руу эргэж болох уу?

-Ардчилалд хүрч, ардчиллаа буцаагаад алдсан орон зөндөө байдаг. Гэхдээ үүнд хамгийн их санаа зовох ёстой гэж хэлмээр байна. Бид ардчиллаас буцах биш улам төгөлдөржүүлж цаашаа явах хэрэгтэй.

-Бид цаг үед нь хувьсгалыг хийж чадаагүй бол ер нь яах байсан бэ?

-Ойлгомжтой. Хэн нэгний хараат байдалд орох байсан. Хэн нэгнээр удирдуулсан, хэвээрээ. Ямар ч өөрийн толгойгүй. Тэгэхээр ардчиллын хамгийн том ололт өөрөө өөрсдөө засаглаж байна. Өөрийн эрхээр зовж ч, жаргаж ч байгаа.

-Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг шиг үү?

-Монголчууд өөрийн гэсэн улсаа байгуулсан. 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын утга учир энэ юм. Мөн зах зээл. Зах зээл байж гэмээнэ нийгмийн асуудлууд шийдэгдэж байх учиртай. Тэгэхээр хоёр хөршөө дуурайж төрийн өмчид ач холбогдол өгч, тэр нь өөрөө үрэлгэн тогтолцоо болж хувираад байна. Тийм учраас ардчилал, зах зээл хоёр яг ижилхэн ойлголт биш. Зах зээлээ хамгаалах асуудал хамгийн чухал. Ер нь эрх чөлөөг сонгох уу? Авторитари дэглэм сонгох уу? Ардчиллыг сонгох уу гэдэг асуудал болж хувирч байгаа юм.

-Яагаад монголчууд гуравдугаар зэргийн мах иддэг байсан юм, тэр үед?

-Ер нь бүгдийг нь гадагш нь ачуулдаг байсан. Жилдээ есөн сая малыг гадагш нь ачуулдаг байсан шүү. Өөрсдөө үйлдвэрүүдээ мэддэг юм байхгүй. Дандаа Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөхүүд ирчихсэн. Тэр үеийн ханшаар хамаг юмаа өгдөг байсан. Бидний өгч байгаа юм хямдхан, тэднээс авч байгаа юм үнэтэй. Гэхдээ түүнийгээ ах дүүгийн тусламж гэдэг нэрээр зөрүүг нь хааж явдаг байсан. Дараа нь бүр зах зээлийн нийгэмд орчхоод бараг 10 тэрбум долларын зээлийг нь тэглүүлэх гэж гүйлээ шүү дээ. Тэгж байж нэг юм тэглүүлж хуучин социализмынхаа өрийг бүгдийг цайруулж өөрсдийгөө чөлөөлж чадсан.

-Та хүссэн нийгмээ бүтээлцэж чадсан уу, эргээд харвал?

-Бүхэл бүтэн төсөөлөл, гоё сайхан зүйлийг бодож, мөрөөдөөд түүнийгээ гүйцэд ойлгоод хөдөлж байсан хүмүүс биш л дээ, бид чинь. Тэр үед нас залуу байж. Түүнийгээ дагаад хүсэл мөрөөдөл, тэмүүлэл дүүрэн явжээ. Ардчилсан хувьсгал хийх болсны хамгийн гол зүйл нь бидний амьдарч байгаа нийгэм буруу, хүний амьдралд байх ёстой тэр бүх эрх чөлөө байхгүй, мэдээлэлгүй орчинд амьдарч байсан нь гол түлхэц болсон. Ерөөсөө тэр 1990 оны хөдөлгөөний үр дүнд бид эрх чөлөөг хүсч бий болгосон үйл явц юм. Тэгэхээр тэр эрх чөлөөндөө хүрсэн гэж боддог. Харин энэ эрх чөлөөгөө хамгаалах ёстой гэж бодож байна. Ардчилал бол хүний ертөнцийн амин сүнс, зүрх нь юм шүү.

-Та эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ. Таны хувьд эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Философийн хувьд нь яривал асар том асуудал. Нийгэм талаас нь яривал мэдээлэл олж авах гэж хэлж болно. Чиний эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг зарчмыг сайн мэддэг байх ёстой. Чөлөөтэй сэтгэж, бодож, ярьдаг энэ бүх зүйлийг л эрх чөлөө гэх байх. Түүнээс би эрх чөлөөт нийгмийн эрх чөлөөт иргэн гээд энд тэнд очиж хэрэг тарьж, хашхирч бархираад байхгүй л болов уу. Хувь хүний үзэл бодол зөв байж нийгэм улс орон хөгждөг. Түүнээс биш хэрэлдэж, зодолдож гэмээнэ нийгэм урагшлахгүй. Эрх чөлөө гэдэг зүйл өөрөө юугаар ч сольшгүй, юутай ч харьцуулшгүй эрдэнэ юм. Эрх чөлөөг эдлэхийн тулд тогтолцоо маш чухал. Тогтолцоо яагаад үүсдэг, хүн төрөлхтөн ардчилал гэх тогтолцоог яагаад сонгох ёстой юм гэдгийг ойлгоод ирэхээр хүн эрх чөлөөгөө хамгаалах ёстой юм байна өөр сонголтгүй гэдгийг аяндаа мэднэ л дээ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг маань том асуудал, өөрөө.

-Ардчилал нийгэм болон хувь хүнд ямар өөрчлөлтийг бий болгосон бэ?

-Ардчилал өөрийгөө боловсронгуй болгож байдаг үйл явц. Хүмүүс өөрсдөө төрөө байгуулаад өөрсдөө удирдаад явах нь ардчиллын зорилго байсан. Тухайлбал бид машинаа бүтээчихсэн. Харин энэ машин нь сайн байх ёстой.

-Тэгэхээр дэлхий нийтэд ардчилал хаанаас яаж үүссэн юм бэ?

-Өнөөдөр ардчиллыг өмчлөх гэж үздэг орон нэлээн байдаг. Би ч бас Монгол ардчиллыг өмчилж болно гэж үздэг. Яагаад гэхээр түүхээс харахад бид Их хааныгаа дандаа хуралдайгаас сонгож байсан.Тэгэхээр их хуралдайгаар хаанаа сонгож байсан түүхтэй орон дэлхийд өөр байхгүй шүү дээ. Тал талаасаа цуглаад тэндээ хуралдайгаа хийгээд саналаа солилцож байсан уламжлалтай орон байхгүй. Энэ утгаар нь аваад үзвэл манай энэ түүхийг цэргийн ардчилал гэж үзэх тохиолдол байдаг. Тэгэхээр цэргийн ардчиллыг нийтийн ардчилал болгож хийгдэж байгаа алхам болохоос биш энэ чинь өөрөө манай түүхэнд байсан үзэгдэл байхгүй юу. Дээр нь ардчилал хуулиар засаглах гэж хэлдэг. Бид их засаг гэж хуультай явж ирсэн. 1206 онд Их засаг хууль гарсан. Дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 1216 оноос эхэлдэг Ирландын нэг хууль байдаг. Тэгэхээр монгол бол сонгуулийн байгууллагаар анхны элементүүдийг оруулж ирж байсан орон мөн байгаа биз. Тийм учраас ардчиллыг бид амархан өөр дээрээ хүлээж авсан. Энэ нь нүүдэлчин ард түмнээс гадна бид өөрсдөө түүхэн уламжлалтай явж ирсэн учир ингэж хүлээж авсан гэж хэлж болно. Гэтэл бусад орон өнөөдөр ардчиллыг хүлээж авч чадахгүй явдал зөндөө л байна шүү дээ. Тийм учраас ардчиллыг гаднаас орж ирсэн гэдэгтэй санал нийлдэггүй. Ардчилал бол өөрийн төрийг байгуулах арга хэрэгсэл түүнээс зорилго нь биш.

-Ардчилал цаашид 90 жилийн дараа хэр өөр болох бол?

-Энэ талаар эрдэмтдийн бичсэн олон зүйл байдаг. Ардчилал өөрөө өөрийгөө боловсронгуй болгоод явж байгаа. Ардчилал бол өөрөө өөрийгөө боловсронгуй болгоод цаашлаад явдаг машин гэж хэлж болно. Энэ машинаа улам боловсронгуй болгох нь 1990 онд тавьж байсан зорилго. Машин маань муу байж магадгүй гэхдээ л ажиллах ёстой. Бүр төгс боловсронгуй болсон тогтолцоог юу гэж хэлдэг вэ гэхээр нээлттэй нийгэм гэж хэлдэг.

-Аливаа зүйл алдаа оноотой явж ирдэг. Ардчиллын гол алдаа оноо нь гэвэл та юуг хэлэх вэ?

-Өөрийгөө хүн гэж мэдрэх мэдрэмжийг ардчилал хүн бүрт өгч чадсан. Энэ бол маш чухал. Өмч гэдэг зүйлийг бий болгож хүмүүсийг өмчтэй болгосон. Хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн суурь бий болгосон. Энэ бол бидний хамгийн том амжилт. Дутагдал гэх юм бол хүнд эрхийг нь мэдрүүлэх гэж явахдаа бусдын эрхийг хүндэлдэг үүргийг дутуу олгосон байж магадгүй. Дээр нь зах зээлийг хамгаалж хэлмээр байна. Зах зээл гэдэг нь хувийн хэвшил дээр түшиглэж зогсохоос гадна төрийн өмчийг хүсэмжлэх байдал нь бас нэг алдаа болчхоод байна.

-Өнөөгийн соёлт нийгэмд бид дэлхийтэй хөл нийлүүлэн, хүссэн газраа очиж, сурч, боловсорч, газар үзэж, нүд тайлж байгаа нь яалтчгүй эрх чөлөө мөн биз?

-Мөн байлгүй яах вэ. Хүн болж төрж орчлон хорвоо ертөнцтэй танилцаж газар үзэж нүд тайлна гэдэг чинь том эрх чөлөө. Хаана ч очоод мэдээлэл олж авахаас илүү юм гэж байхгүй шүү дээ. Ардчилсан нийгмийн хүнд зайлшгүй байх ёстой эрх чөлөөнүүдийн нэг мөн. Тийм учраас бид үүнийг авчирч чадсан юм байна гэж өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй.

-Та ардчилалд хэдий үеэс эхэлж гар бие оролцож эхэлсэн бэ?

-1984 онд Москвад хуучин социалист орнуудын эдийн засгийн хүрээлэн гэдэг байгууллага байсан. Тэр хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалахаар сурч байлаа. Тэгээд ерөнхийдөө үзэж хараад судалж байх явцдаа социалист орнууд буруу замаар явж байгааг анзаарч эхэлсэн гэх үү дээ. 1987 онд эрдмийн зэргээ хамгаалаад ирсэн. Ирээд Эрдэнэт үйлдвэрийн талаар нэлээн шүүмжлэнгүй үг хурал дээр хэлснээс болж банга хүртэж явлаа. Харин тэр үед Л.Түдэв гуай миний хэлж ярьж бичсэнийг “Үнэн” сониндоо тавьдаг байсан. Энэ нь ухаандаа ахмад үеийнхэн шинэ залуу үеэ дэмжиж байсан нэг хэлбэр гэж боддог. Ингэж явж байгаад 1990 онтой золгосон.

-Ардчиллын түүхэнд Элсний 13 хаанаас юунаас болоод гарч ирэв?

-Ардчилсан нам холбоо эвсэл анхны Засгийн газраа байгуулсан эрчимтэй реформ хийгдсэн, үнэ чөлөөлсөн. Үнэ чөлөөлөх шалтгаан бол ялангуяа эрчим хүчний салбарт үнэ чөлөөлсөн жилдээ 300 гаруй удаа тог цахилгаан тасардаг байсан. Ийм цаг үе шүү дээ. Сонгууль зургаан сард болоод өнгөрчихсөн. Өвөл хаяанд ирчихсэн. Энэ асуудлаа хурдан шийдмээр байдаг. Реформын шинжтэй олон арга хэмжээнүүд аваад эхлэхээр нийгэм өөрөө бас ойлголтынхоо хамт бүрэн бэлтгэгдээгүй байсан үе. Тэгээд зөрчил тэмцэл үүссэн. Бас энэ үед анхныхаа ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайдыг буулгая гээд хэл ам гараад эхэлчихсэн. Ингээд олон юм давхацсан л даа. Тэр үед нэг хэсэг хүмүүс үүнийг эсэргүүцэж байсан. Тэр эсэргүүцээд байсан хүмүүстээ элсний 13 гэсэн цол хайрлачихсан ийм л үзэгдэл.

-Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Тэгэхээр ардчиллын түүхийг бид үнэн зөвөөр нь мэдэж байж урагшилна. Ардчилалтай салшгүй холбоотой хүн бол яахын аргагүй талийгаач С.Зориг агсан, түүний тухай эргэн дурсвал?

-Бид хатуу, захиргаадалтын нийгмээс шилжилт хийж байсан. Тэгэхээр шилжилтийг хийж буй үйл явц хэн нэгэн лидергүйгээр явагдах бололцоогүй байдаг. Угаасаа бидний дунд гарцаагүй нэг лидер байсан. Тэр хүн нь С.Зориг юм. Тийм учраас тэр хийж чадсан. Бидний туг нь болж явсан хүн. Бидний үлгэр дуурайл, зоригжуулагч байсан. Мэдээж үүний араас нийгмийг хөдөлгөх маш олон хүмүүс нэгдэж цуглаж байж нийгэм өөрчлөгдөх бололцоо бий болсон юм. Би түүнийг гайхалтай хүн гэж хэлнэ.

-Залуучуудад ардчиллыг хэрхэн зөв ойлгуулах ёстой бэ?

-Бид шинэ нийгэм рүү тэмүүлж амьдрах улс. Тэгэхээр шинэ үеийг бүтээх гэж босч явахдаа, дараачийн үе, юуг ойлгож мэдэж байна вэ гэдэг дээр тун бага анхаарсан юм шиг. Тийм ч учраас тэр нь өнөөдөр бидэнд алдаа болжээ. Зарим залуучууд ардчиллын үнэ цэн, эрх чөлөөг асар их үнээр олдсоныг мэдэхгүй байгаа нь нэг талаасаа бидний буруу, нөгөө талаасаа үүнийг ойлгоё гэвэл ойлгохоор үйл явц зөндөө болж байна. Монголын жишээ биш юм гэхэд олон улсад болж байгаа үйл явцыг харж болно. Тухайлбал, Хонконгийн жишээ байна шүү дээ. Хүмүүс эрх чөлөө, эх орныхоо төлөө хэрхэн тэмцэж байгааг харж болохоор байгаа юм. Яг л үүнтэй агаар нэг зүйл. 30 жилийн өмнөх зүйлийг мэдэхгүй байж болно. Харин эргэн тойронд болж байгаа үйл явцыг анзаарах ёстой юм. Хэрэв тэгж чадвал ардчилсан хувьсгалыг ойлгох байх аа. Товчхондоо хэлбэл эрх чөлөө гэдэг хэн нэгний балмад үйл явдлыг чимээгүй өнгөрөөдөг гар, ам хоёроо үдээд өөрийгөө хамгаалдаггүй, сууж байдаг зүйл биш юм гэдгийг сайн ойлгох ёстой шүү дээ. Өнөөдрийн залуучуудын эдэлж хэрэглэж байгаа эрх чөлөө хямдхан олдсон юм биш. Түүнийг нь мэдрүүлэхэд бид илүү сайн ажиллах болчхоод байна.

-1998 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлын илтгэлд үндэсний соёл, зан заншлаа хуучны үлдэгдэл хэмээн ад үзэж, үндэсний бичгээ орхиж монгол төрхөө улам алдсаар байна гэж шүүмжилж, түүгээр зогсохгүй үндэсний соёлын үнэт зүйлийг арвижуулах, монголын түүх соёлыг өргөн дэлгэр сурталчлах гэсэн зорилтот хэдэн санаа байсан. Та энэ санаан дээр тулгуурлаж ярих уу, бид хоёрын өмнөх ярьсантай л уялдуулах гээд байна л даа?

-Одоо яг энэ зорилтыг бүтэн хэрэгжүүлсэн зүйл байхгүй шүү дээ. Дэлхий тэр чигтээ глобалчлагдаж байна. Ер нь амьдралын бүхий л хэвшил глобалчлагдаж байна. Үүнд өөрсдийнхөө үнэт зүйлийг тод томруун харах ёстой. Тэр дундаа үндэсний уламжлал, ёс заншлыг илүү анхаарах хэрэгтэй, бас авч үлдэх ёстой. Сая өөрийн чинь хэлж байгаа зүйл дотор гэр бүл байна. Монголчууд гэр бүлээ эрдэнэ гэж хэлдэг байсан. Өрх гэр бүл төрийн амин эрдэнэ гэж хэлж болох зүйл. Бид хувь хүний эрх чөлөөний асуудлыг харахдаа аль болох өрх гэр бүл дээр төвлөрч харвал илүү зөв болно. 1990 онд ярьж байсан зүйл өнөөдөр шинэ маягаар сонсогдох болчхоод байгаа цаг үе дээр ирчхээд байгаа юм. Би энэ хуралд сууж байсан хүн шүү дээ. (инээв) Анх нам байгуулах асуудал Их сургуулийн байранд, харанхуй шөнөөр, цөөхөн хэдэн хүн уулзалдаад, ярилцаад явж байсан, би дотор нь оролцоод явж байв. Ингээд бодохоор ардчилал, эрх чөлөө тийм амархан бидэнд ирээгүй олон зовлон дундуур ирсэн юм гэж л хэлмээр байдаг.

-1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд МоХ-ын анхны цуглаанаар Ардчилсан Холбоо албан ёсоор байгуулагдсан байдаг. Та энэ үед хаана нь явж байсан бол. Анхны улс төрийн шаардлага тавьж байсан үеэ эргэн санавал?

-Нийгэм өөрчлөлтийн өмнө тулаад ирсэн, үе. Ардчилсан Холбоо улс төрийн шаардлагаа хүргүүллээ. Тухайн үед МАХН бас өөрчлөгдөх ёстой гэдэг байр суурь дээр ирчихсэн үе шүү дээ. Би МАХН өөрчлөгдөх ёстой гэдэг анхны хэдэн эрдэмтдийн нэг нь юм. Тэр эрдэмтдийн дотор цор ганц намын харьяалалгүй нь би байсан. Тийм ч учраас хамгийн их өөрчлөлтийн үзэл санааг илэрхийлж чадаж байсан гэж өөрийгөө үздэг. Тэгэхээр өөрчлөх ёстой гэдэг байр суурь дээр эрх баригчид нь ч байсан шинэ байгуулагдаж байгаа залуу хүчин нь байсан. Тийм ч учраас тайван замаар өөрчлөлт хийх бололцоо үүссэн юм.

-Иргэн рүүгээ буу шагайдаг төр байлаа. Хувь хүний өмч гэх зүйл үгүй. Эхнэрээ төрөх үед нэг хонь дур мэдэн гаргах эрхгүй л нийгэмд бид олон жил явж?

-Энэ бол үнэн. Тийм л нийгэмд бид амьдарч ажиллаж ирсэн. Яалт ч үгүй тухайн цаг үе тийм л байсан. Та бод л доо эхнэр нь амаржихад хотонд нь мал байвч нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авдаг байсан. 1932 оны их хэлмэгдүүлэлт бол зөвхөн лам хуврага гэдгээр нь устгасан юм биш монголын сор болсон сэхээтнүүдийг хоморголон устгах бодлого байсан гэдгийг одоо л бид ойлгох хэмжээнд ирж байна.

-Хатуу хяналт хорионд хүн яаж оршин тогтнодог юм бэ. Эргэн тойронд мэдээлэгч байдаг байсан шиг байгаа юм. Үүнийг бид эргэж сэргээж хэзээ ч болохгүй?

-Ардчилал тогтоод 30 жил болчхоод байна. Ийм байдал эргэж сөхөгдөхгүй байх гэж хувьдаа боддог. Хэрэв тэгвэл энэ 30 жилийн чинь хугацааны хүмүүс эргэж босно биз дээ. Гэхдээ санаа зовохгүй орхиж болохгүй үүний төлөө харин ажиллах ёстой.

-Соёлт нийгэмд амьдарч байгаа юм болохоор шууд бие биеэ алахгүй юм аа гэхэд өшөө авч, бие биенийхээ арыг ухаж заавал нэг зүйл гаргаж үнэн, худал нь бүү мэд шүүхэд өгч шүүхийг дайны талбар болгоод байгаа юм л даа. Хорьдог, шоронд хийдэг. Энэ тогтолцоо чинь эргээд нөгөө их хэлмэгдүүлэлт рүү орж байгаагийн нэг хэлбэр биш үү?

-Тантай санал нэг байна. Үнэн. Тийм учраас үүнийг анхааралтай харж сөрж зогсох хэрэгтэй байна.

-Тэр үеийн төр нэг нам байсан. Мэдээж намын үзэл баримтлалаа төрөөр дамжуулан хэрэгжүүлэх нь зүй ёс л байх. Нам, төрийн дээр гарна гэж байдаг уу. Тэр үеийн хурлаар бүгд ярсхийтэл гар өргөн тогтоолууд баталдаг байжээ. Энэ эргэж ирсэн үү үлдсэн үү, тэр тогтолцоондоо. Харин өнөөдөр асуудалд олон ургальч байр сууринаас хандмаар юм гэтэл?

-Төр төвтэй олон намууд байх ёстой. Харамсалтай нь төрийн дээр нам гарчихсан тогтолцоо аажим аажмаар явсаар байгаад бүрэлдээд байна уу гэж санаа зовохоор зүйл бий болчихсон байгаа. Тэгэхээр бид ардчиллын төлөө тэмцье гэвэл тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Төрийн дээр нам биш намуудын дээр төр байх систем рүү орох ёстой.

-Тэгэхээр төр, нам хоёрыг салгах боломжтой юу?

-Төр, нам хоёрын байр суурийг сольё гэвэл Үндсэн хууль руугаа орно. Их зовлонтой л доо. Тухайлбал парламент бол хоёр танхимтай байх шаардлагатай байдаг. Дээд, доод гэсэн хоёр танхимтай. Олон оронд ийм байдаг. Доод танхим нь намын шалгуураар намын нэр дэвшигчдээс бүрдсэн одоогийн парламент шиг үйл ажиллагаатай гэсэн үг. Их танхим нь болохоороо намыг төрийн дээр гаргуулахгүйн тулд байгууллагддаг. Дээд танхимд намуудын шалгууруудаас гадна олон түмэнд хүндлэгдсэн, үнэлэгдсэн, их дээд сургуулийн профессор, шашны төлөөлөгчид гэх мэт томилолтоор шахуу байгуулагддаг байх ёстой. Тэгж байж дээд танхим үүргээ гүйцэтгэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тэр хүртэл хэмжээнд сэтгэж бодож чадахгүй л байна даа.

-Үндсэн хууль гэснээс, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Өмнөх Үндсэн хууль Монголын нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлчихсэн. Бид Үндсэн хуулиа шинэчлэх л шаардлагатай. Зөв, буруу гээд маргалдаад байвал дуусахгүй. Чухам ямар өөрчлөлтийг оруулбал зөв гольдролд нь хийж байна вэ гэдэг асуудал. Тэгэхээр намуудын дээр төрийг бий болгохын тулд яг ямар өөрчлөлт хийж, юуг хийх ёстой юм. Үндсэн хууль хэн нэг хүний хүслээр хийгддэг зүйл биш л дээ. Цаг үе нийгмээ дагаад өөрчлөгдөж болно. Олон том хөгжингүй орнуудын парламент хоёр танхимтай байдаг. Бид өнөөдөр явж ирсэн түүхээ нэг сайн харах хэрэгтэй. Өнөөдөр эргээд харахад төрийн дээр нам гарсан байгаа. Ингээд зогсохгүй супер хүмүүс, супер сармагчингууд бий болсон. Нэг танхимтай парламентад супер сармагчингууд бий болдог шүү гэдэг анхааруулга яг нарийндаа 1949 онд Английн парламентад Черчиль анх хэлсэн байдаг. Англид хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгоё гэсэн яриа гарах үед Черчиль “Ардчилал адгийн засаглал” гэж хэлсэн удаатай. Черчилийн хувьд нэг танхимтай болбол уламжлал алдагддаг, төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог гэдэг утгаар энэ үгээ хэлж, анхааруулга өгч байсан юм. Тэгэхээр Ерөн­хийлөгчийн засаглалын тухай ярих шаардлага байгаа бол парламент хоёр танхимтай байх зайлшгүй шаардлагатай. Хоёр танхимгүй парламентын дээр нам гарч болж байгаа юм чинь төрийн дээр нэг хүн мордоход ямар ч асуудал байхгүй.

-Тэгэхээр нэг намын үед үндсэн хуулинд өөрчлөлт орж байгаа нь эргээд хэр сөрөг зүйлтэй нүүр тулах бол. Ядаж зөвшилцөх ёстой нөгөө намуудтайгаа сайн үр дүнд хүрэхгүй л байгаад байна л даа?

-Үндсэн хууль нийгмийн зөвшилцөл. Тийм учраас одоо хийх гэж байгаа төсөл дээр явж байгаа зүйлс санал асуулгаар шийдэгдэх ёстой гэдэгтэй санал нэг. Олон нийтийн санал асуулга бол зайлшгүй байх ёстой. Тэгээд өөрчлөөд явах ёстой. Миний байр суурь ийм л байдаг.

-1992 онд баталсан Үндсэн хуулинд Монгол Улсад засгийн бүх эрх нь ард түмний мэдэлд байна гэж. Монголын ард түмэн төрийн эрх барихад шууд оролцоно гэж заасан байдаг. Гэтэл одоо бид яг энэ замаар явж байгаа юу?

-Үндсэн хуулийн энэ заалт өнөөдөр хэвээрээ байгаа. Хамгийн гол нь бид сонголт хийж сурах хэрэгтэй. Сонголтоо зөв хийгээгүйгээс эрхээ эдэлж чадахгүй алдаа гарч байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com