Мартаагүй бол одоогоос 12 жилийн өмнө “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй зургаан хүн нэр холбогдож, У.Хүрэлсүх болон тус банкны нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн нар ял сонсч байсан билээ. У.Хүрэлсүхийн “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэг нь замхарсаар “Хадгаламж” банкны мөнгөөр хувьдаа 11 сая төгрөгийн “Фургон” автомашин завшсан хэрэг болон хувирч, улмаар Эрүүгийн хуулийн 150.150.3-аар буруутгагдан анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял авч байсан түүхтэй.
Харин нягтлан асан Ц.Чимэдцэрэн ганцаараа 14 тэрбум төгрөгийн хохирол, бүх бурууг үүрч, 10 жилийн ял шийтгүүлсэн. Тухайн үед анхан шатны шүүхийн тогтоол гарсан даруйд У.Хүрэлсүхийг баривчилж, хорих ёстой байсан ч тэрбээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гээд хаалга саваад гарч явсан байдаг. Үүгээрээ тэрээр Монгол Улсын цорын ганц шүүхийн шийдвэр биелүүлээгүй хүн болсон удаатай. Уг хэрэгт холбогдох үедээ У.Хүрэлсүх сайд УИХ-ын гишүүн байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 14.2 тэрбум төгрөгийн хэргийг хэрхэн фургоны хэрэг болгож, эцэстээ энэ хэргээс яаж мултарсныг тухайн үеийн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамгийн сайн мэднэ.
Шүүхийн шийвэрийг биелүүлэхгүй гээд давж заалдах шатны шүүхэд гомдол гарган хаалгыг нь саваад гарахдаа тэр Их тэнгэрийн аманд байрлах, намын дарга Н.Энхбаярын гэрийн үүдийг алтан аягатай хадаг барин сахиж, өршөөл эрж, өвдөг сөгдөн гуйсны эцэст нэг юм тохиролцоонд хүрснээр түүнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэсэн ам дамжсан яриа гарсан. Ингэж л ял завших боломжийг Н.Энхбаяр гэдэг хүн У.Хүрэлсүхэд өгснөөр өнөөгийн хуулийн салбарын завхралын эхлэл тавигдсан гэдэг.
Чухам, ямар тохиролцоо хийж, ял завших боломж У.Хүрэлсүхэд олдсон бэ? Хадгаламж банкны хэрэг илчлэгдэхээс өмнөхөн У.Хүрэлсүх яг өнөөдрийнх шиг шударга үнэний туйл болчихсон, тэнгэрт дүүлчихсэн “МАХН-ыг шинэчлэх хэрэгтэй. Манай намыг Н.Энхбаяр удирдаад байна уу, түүний эхнэр О.Цолмон удирдаж байна уу. О.Цолмонгоор бид намаа удирдуулах ёсгүй. Тиймээс шинэчлэл хийх цаг нь болсон” гэж хамгийн чангаар хашхирч, толгойдоо тууз зангидчихсан жагсч явсан удаатай. Ингээд өөрийн гэмт хэрэгт холбогдсон мөнгө завшсан хэргээс болж, Н.Энхбаярын өлмийд сөгдөж, ахиж намын шинэчлэл ярихгүй гэсэн амлалт өгснөөр цэвэрхэн мултарсан аж. Гэсэн ч У.Хүрэлсүх 2011 онд эргэн ирж өөрт нь тус хүргэж ялаас мулталсан Н.Энхбаярыгаа МАН-аас хөөж жудаггүй зан гаргасан гэдэг.
Харин одоо Н.Энхбаяр болон У.Хүрэлсүх нар дахин учирч, “хэн нь хэн бэ” гэдгээ Хэнтийн нөхөн сонгуулиар харуулах, үзэлцэх цаг үе дээр ирлээ. Гэхдээ энэ удаад тэртээ 12 жилийн өмнөх эзэн, боолын байр солигдсон байгаа ч эзэн эзэн хэвээр үлдэж, боолоо өмнөө сөхрүүлэх үү, эс бөгөөс өөрөө сөхрөх үү гэдэг сонирхолтой өрнөлийг харах нь. Учир нь Хэнтийн нөхөн сонгууль бол 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тун чухал сонгууль. Энэ сонгуульд У.Хүрэлсүх ялагдал хүлээх вий гэхээс үхтлээ айж, өвдөг нь чичирч байгаа. Ямар ч хамаагүй үнээр, ямар ч хамаагүй аргаар тэр ялахыг хүсч байгаа. Харин энэ хүслээ гүйцээхийн тулд У.Хүрэлсүх ахиад Н.Энхбаярын өмнө дахин өвдөг сөгдөн гуйж, санал хуваахыг, өөрийг нь дэмжихийг гуйх болов уу, эсвэл Н.Энхбаярыг намаасаа хөөж байсныхаа горыг амсах уу?
Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр У.Хүрэлсүхийн өлмийд сөгдөх хүн биш. Өөрийнх бүтээлцсэн намаас “Х” үсэгтэй нь хөөж, хэн ч биш болгож байсныг нь бодвол Н.Энхбаяр ч сүхийн далайлтад орохгүй нь лавтай. Гэхдээ тэднийг дүгнэвэл хоёул нэг зоосны хоёр тал гэлтэй. Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхна гэгчээр тэд өнгөн дээрээ шударга ёсыг ярьдаг ч хоёул болохгүй, бүтэхгүй бүхний эхлэлийг тавигсад. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй шиг У.Хүрэлсүхийн удирдаж байгаа Засгийн газар Н.Энхбаярынхаас ялгарах юм нэгээхэн ч алга. Өнөөдөр шатахуун, мах, цахилгаан, ус, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт тултлаа нэмэгдэж, ард иргэд нь ядуу зүдүү амьдарч, мах, ургамлын тосоо граммлаж, талхаа хувааж авч байна. Амьдрал бодитоор ийм байхад У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар эдийн засаг сайжирч байгаа гэж иргэдийг мунхруулж, энэ зуур гишүүд, сайд, тойрон хүрээлэгсэд, ах дүү, хамаатан садан нь ЖДҮХС-г цөлмөж, сая саяар, тэрбум тэрбумаар нь зээл нэрийн дор мөнгө хулгайлж сууна.
Ийм л шударга бус үйлдэл гаргаж, өнгөн дээрээ өөр зүс гаргадаг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэсээр л байх уу. Өнөөгийн УИХ, Засгийн газарт ард түмнийг сайхан амьдруулна гэж сонгогдчихоод өөрсдөө л бонд, концесс, сан нэрээр хэдэн тэрбумыг халааслаж, дэндүү их туйлж байна. Тиймээс энэ мэт увайгүй үйлдлээ өнөөгийн УИХ, Засгийн газар ухамсарлаж, сайн дураар огцрох зам үлдээд байна. Гэвч тэдэнд ийм ухамсар, соёл, боловсрол, хүмүүжил байгаа гэж үү?