Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ууртай дарга

“Ууртай шувууд” хүүхэлдэйн киног дэлхийн хүмүүс шимтэж  ахуйд ууртай дарга нар Монголд олширсоор, бас амжилт олсоор байна. Ингэхэд ууртай хүүхэд ч бас дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсаныг яана. НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр 16 настай швед охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцэл хийхгүй байгаа дэлхийн дарга нарыг загнасан нь ихэд алдаршаад  буй. Монголд ч нэг том ууртай дарга хүмүүст таашаагдсаар байна. Уур омгоо зөв  цагтаа, зөв хүмүүстээ гаргаж, улс төрийн ашиг хонжоо олж чаддаг тэр этгээд бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. 

Том даргын уур халдвартай юм гээч. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга эмэгтэй бас “сэлэм эргүүлэх” гэж оролдоод амжилтад хүрээгүй. Сэлэм эргүүлэхдээ эрчүүд гарамгай гэдгээс ч болсон юм биш. Грета охин ч тэр, У.Хүрэлсүх ч том дарга нарыг загнаж байгааг мань хүн анзаараагүй бололтой. Үйлчлүүлэгчид, компаниуд, татвар төлөгчдийг занаж, хамаг рейтингээ унагаж орхив. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бас нэгэнтээ өөрийн сонгогчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумынхныг “Ирэх бүрт юм гуйж байдаг та нар хэн юм. Би та нарыг гуйж сонгогдоогүй гэж загнаад олон нийтийн сүлжээний баатар болоод авсан. Одоо харин түүнээсээ айгаад УИх-ын чуулган дээр ч ам ангайхаа больсон.

Галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэрийг давтахгүйн тулд мэдрэмжтэй загнах хэрэгтэй бололтой. Нийгмийн бухимдал их үед иргэдийн өмнөөс дарга нарыг “ташуурдах” захиалга үүсчээ.

Уурлаж загнасан даргад учиргүй хайртай нь монголчуудын гэм биш зан. Иймдээ ч өнөөдөр уурлаж загнахаас биш тэр хэлсэн амандаа хүрч хэн нэгэнд хариуцлага тооцож чаддаггүй, улс орныхоо төлөө сүртэй зүйл бүтээчихдэггүй У.Хүрэлсүхийг толгой дээрээ залахад хүрч байгаа. Амьдрал нь өдрөөс өдөрт доройтож, МАН-ынхны шударга бус булхай луйвар өдөр бүрий илэрсээр байхад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга ямар ч хариуцлага тооцохгүй байгааг харсаар л байгаа.

Сүржин уур омог, худал дүрийн нь араас улс орон ард түмний төлөө ямар ч ажил бүтэхгүй байгааг харсаар байгаад шүү. Өмнөх нийгэмд дарга аавын үүрэг гүйцэтгэдэг шахуу байлаа. Дарга хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргадаг, ажил амьдралыг нь чиглүүлдэг, үүрэг даалгавар өгдөг байж.

“Төр харж үзэхгүй байна” гэх шүүмжлэл бүхнийг төртэй “наах” бидний араншин ч өмнөх нийгмийн өв билээ.

Дөчөөс дээш насныхан даргын үгийг шүтэж хүлээж авдаг нь социалист маягийн хүмүүжилтэй нь холбоотой. “Далайлт нь чанга, буулт нь зөөлөн” гэдэг даргад хаягладаг магтаал. Дарга шүтдэг энэ хуучинсаг сэтгэлгээ У.Хүрэлсүхийн ууртай имижийг хүлээж авах хөрс болсон хэрэг.

МИРАМ Консалтинг ХХК-ийн саяхны судалгаагаар “Иргэд ямар улс төрчийг хүсч байна гэсэн асуултад “Шударга улстөрчийг хүсч байна” гэсэн хариулт зонхилжээ. Үүний дараа ард иргэдээ сонсдог, нээлттэй, улс орноо гэсэн сэтгэлтэй гэсэн тодорхойлолтууд жагсчээ. Энэ бол хүмүүсийн хүссэн улстөрчийн дүр төрх. Иргэдийн энэхүү мөрөөдөл дээр шоудаж чаддаг улстөрч нь Ухнаагийн хүү. У.Хүрэлсүх үнэхээр шударга юм бол ЖДҮ-чин гишүүддээ, оффшорчиддоо яагаад хариуцлага тооцолгүй орхисон юм бол?

Энэ мэт эргэлзээ төрүүлсэн асуулт нэгээр тогтохгүй үргэлжилнэ. Өрсөлдөгчдөдөө хатуу, өөрийнхөндөө зөөлөн алаг үзэл, тэнцвэргүй “хайр”, матрын нулимс мөнөөх шударга улстөрчдөөс бишгүй ундарна. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр “Жастын Ш.Батхүүгийн 100 гаруй тэрбумын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Томоохон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг засах төслөө УИХ-д оруулав хэмээн 2019.09.24-нд жиргэсэн. Энэ бол У.Хүрэлсүхээс ч дутахгүй ууртай бас шударга дүртэй харагддаг Ц.Нямдорж сайдын тухай нам нэгт “журмын нөхрийн” нь үнэлгээ. Ууртай бөгөөд шударга дарга нарын зэс нь хэдхэн алхаад цухуйгаад эхэлдэг. Популистууд ихээхэн өндөр авч байгаа ч Монгол ардчилсан орон.

“Уул шугамандаа бол” ардчилсан нийгэмд даргын үгээр бус хууль дүрмээрээ явах учиртай. Дарга хууль бус юм яривал сөрж, эсэргүүцэх нь зүйн хэрэг. Саяхан музейн макетнаас болоод Ерөнхий сайд “чойжин буусан” ч инженерийн зүгээс ийнхүү шүүмжлэл хүлээсэн юм. Ж.Золжаргал хэмээх инженер нүүр номдоо “Ерөнхий сайд 2018 оны арваннэгдүгээр сараас хойш музейн зураг хийгдээгүйг ширүүн загнав. Долоо хоногийн дотор бэлтгэж ир гэж үүрэгдэв. Энэ боломжгүй. Учир нь:

-Том төслийн зураг төслийг хийхийн тулд а) байршил, б) дэд бүтэц, в) хөрсний даацын геотехникийн судалгаа, г) музейн ТЭЗҮ, онцлог, үзвэрийн тоо, төрөл, үйлчлэх хүчин чадал гэх мэт, д) эдгээр мэдээлэлд үндэслэсэн зураг төсөл, е) зураг төсөлд үндэслэсэн төсөв тооцоо хийдэг.

Эдгээр ажлыг хийгээгүй байхад гоё макет хэн нэгнийг дуурайгаад хийж болно, гэхдээ хэнд ч хэрэггүй. Телевизээр гарч Должин эмээд гоё харагдахаас өөр үр ашиг байхгүй.
-Ажил гялс бүтдэггүй, долоо хоногийн дотор шийдэл гарахгүй, гоё харагдах фото зурагт зориулж гурилдаж болно. Гэхдээ музейн барилга бол дизайнер, салбарын мэргэжилтэн, инженер, эдийн засагчдын ажил болохоос долоо хоногийн дотор 100 айлын баруун буланд байдаг хувиараа эрхлэх аж ахуйд интернэтээс харж байгаад дуурайлгаж макет хийлгэх зүйл биш.

Үүрэгдэж байгаа сайд дарга нар ч, үүрэгдүүлж байгаа макетчинууд ч ажил мэдэхгүй юм шиг байна” гэжээ.

Популизм дэлхий нийтийн асуудал болжээ. Элит хэсгийнхний мэргэжлийн, уйтгартай тайлбараас илүү эгэл иргэд ойлгох “хэлээр” ярьдаг, амьдрал мэддэг маягийн хүний дулаан яриа, бүтэх үндэсгүй ч гоё сонсогддог поп амлалтууд иргэдэд ойр сонсогдсоор байгаа хэрэг.

Засгийн эрх барих бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй ч буруугаа бусдад чихэн, өнөө маргаашийн халамж амлаж, нөгөөдрийн хоолыг үгүй болгох харалган бодлого явуулж байгаа попуудыг таньж, татгалзаж сурмаар байна. Сонгууль угтаад өнөөдөр амлаж байгаа сайхан сайхан амлалтуудыг биш, өмнөх сонгуулиар амлаж сайхан донгодож байснаа хэрхэн биелүүлснээр нь үнэлж хардаг болмоор байна. Ерөнхий сайд, мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэлд өртөж, соёлын өвийг хамгаалахаар тэмцсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Бүтээн байгуулах амлалтуудаа биелүүлэх цаггүй болсон ч түүхэн дурсгалт байшингуудыг нурааж амжих цаг түүнд бий.

Одоо тэр хэчнээн уурлаж загнаад ч “хамтран идэж уусан” хамтрагчдынхаа өврөөс гаран буруутай бүгдийг сэлэмдэж чадахгүй болохоор ирэх сонгуульд оноо авах гэж “ард түмний талын хүн” болж харагдах гэж сүржин дүр эсгэн чойжин буух, нэг замыг км бүрээр нь, нэг байгууламжийг давхар, хэсэг бүрээр нь очиж нээн тууз хайчлах л үлдэж байх шив дээ. Ингэж ч байгаа.
Популизмын хий үзэгдэл Монголд нуран унаж, ууртай дарга нарын үгийг шүтэх сэтгэлгээ төгсгөл болох цаг холгүй биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com