Францын нийслэл Парис хотноо өчигдөр болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Монгол Улс 2013-2014 онд “Саарал жагсаалт”-д орж байсан. Энэ цаг үед мөн уг жагсаалтад орох тухай асуудал яригдаж байна. Нөхцөл байдал яагаад ийм дээрээ тултал хүндэрсэн гэж үзэж байна вэ?
-Хоёр, гурван үндэслэл харагдаж байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас Монгол Улсад удаа дараа хяналт шалгалт явуулж, тодорхой шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь, манайх тавьсан шаардлагыг нь хангаж чадаагүй учраас нөхцөл байдал ийм хэмжээнд хүрлээ. “Саарал жагсаалт”-д орсон гол шалтгаан нь арилжааны банкуудын активын асуудал. ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн. Ингэхдээ 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан бол үлдсэн 500 тэрбумыг нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн юм билээ. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй. Энэ бол төрийн бодлогогүй, сахилга батгүй, хайнга, хариуцлагагүй хандсаны уршиг бөгөөд маш муу мэдээ.
-“Саарал жагсаалт”-д орсноор Монгол Улсад ямар сөрөг үр дагаврууд үүсэх вэ?
-Ингэснээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хязгаарлагдахаас эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогсох тийш хандана. Энэ бол хөгжиж яваа манайх шиг улсын гадаад нэр хүнд, ялангуяа эдийн засаг, санхүүтэй холбоотой үнэлэмжид маш сөрөг нөлөөтэй. Тиймээс яавал энэ эрсдэлээс хурдан гарах вэ гэдэгт Монголын парламент шуурхай ажиллах хэрэгтэй.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь энэ жагсаалтад орох үндэслэл болсон уу?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэхээсээ илүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллага, ялангуяа арилжааны банкуудын санхүү активийн чанар, үзүүлэлт, эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа хөрөнгө мөнгөний асуудлууд, хар тамхи, терроризмтэй тэмцэж буй төрийн үйл ажиллагаа хангалтгүй түвшинд байгаа зэрэг асуудал нөлөөлсөн. Сүүлийн гурван жилд гэхэд л Шилэн дансны тухай хууль огт хэрэгжсэнгүй. Монгол төрийн санхүүгийн үйл ажиллагаа нуугдмал байна, мэдээлэл бүрхэг байна. Тиймээс Сангийн яам, Монголбанк, СЗХ үүнд хариуцлага хүлээх ёстой.
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон дундын өмчлөлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын тухай хуулийн үзэл санааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эдийн засгийн байнгын хороогоор СӨХ-ны эрх зүйн байдал болон Дундын өмчлөлийн эрх зүйн байдлын тухай хуулийн асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Энэ хуулийн гол үзэл санаа нь өмнө СӨХ-ны тухай хууль орон сууц эзэмшигчдийн хүрээнд үйлчилдэг байсан бол шинэчилсэн хуулиар нийт иргэдийн хүрээнд үйлчлэх нийтлэг хууль болж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, өмнө нь орон сууцны хороолол СӨХ гэж байгуулдаг байсан бол одоо гэр хороолол ч СӨХ-той болох эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн тодорхойгүй олон асуудлыг нэг мөр шийдвэрлэж байгаа. Цаашид гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгож хөгжүүлэхэд энэ хуулийн үзэл санаа тусгал болно.