-Саарал жагсаалтад орсон өнөө үед эдийн засгийн онц байдал зарлаад үрэлгэн төсөв батлах ёсгүй-
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй 2020 оны төсөв, саарал жагсаалтын талаар ярилцлаа.
-УИХ 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Гэтэл Засгийн газар сонгуульд зориулсан хөөсөрсөн төсөв оруулж ирлээ гэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар сонгуульд зориулсан хөөсөрсөн төсөв оруулж ирсэн нь үнэн. Иргэд мэднэ дээ. МАН УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан. Ард түмэн тэднийг хоёр зүйлд онцолж дэмжсэн байдаг юм. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөр нь дажгүй сайхан байсан. Жишээ нь хоёр ээлжээр хичээллэх сургуультай болно. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана. Ахмад нь өрнөөс гарч зээлийн хүүгийн дарамтгүй болно гэж МАН-д итгэл хүлээлгэсэн. Энэ амлалт мөрийн хөтөлбөр нь хэрэгжсэн бол Монгол Улс өнөөдөр цэнгэлийн манлайд хүрэх байлаа. Харамсалтай нь нэг нь ч хэрэгжсэнгүй. Харин ч бид олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орчихлоо. Хоёрдугаарт, нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байсан. Үүнийгээ ч хийж чадсангүй. Ийм үед шав тавих төсөв л Засгийн газар оруулж ирлээ. Учир нь нэг барилга барина гээд жишээ нь 20, 50, 100 тэрбум төгрөг ч гэдэг юм уу нэг тоо цаасан дээр тавьчихна. Тэгээд янз бүрийн газар шав тавиад, тууз хайчлаад явна. Бид 2020 оны сонгуульд гарвал үүнийгээ дуусгана гэж хэлэх зорилготой л явж байх шиг. Ийм учраас ирэх оны төсвийн усыг нь шавхраагүй байгаа юм. Ялангуяа, саарал жагсаалтад байгаа өнөө үед нэн тэргүүнд эдийн засгийн онц байдал гээч зүйл зарлаад үрэлгэн төсөв батлах ёсгүй. Өөрөөр хэлбэл тэвчиж болох зардлыг төсөвт энэ удаа оруулахгүй, нэн тэргүүнд шийдэх асуудлын зардлыг л шийдэх учиртай.
-Саарал жагсаалтад орсон явдал манай улсын эдийн засаг, төсвийн бүрдүүлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Саарал жагсаалтад урд нь орсон. Тэр үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэж хүн байсан. Одоо ч бас энэ албан тушаалаа хашиж байна. Энэ саарал жагсаалт гэдэг зүйлд хэн оруулаад байгааг бодох хэрэгтэй. ХЗДХ-ийн сайдыг онцлох асуудал бий. Донор буюу бусад орнуудад тусламж дэмжлэг, санхүүгийн хөнгөлөлттэй зээл өгдөг улсуудын Засгийн газар нийлээд гэмт хэрэг, мөнгө угаалтын эсрэг олон улсын байгууллага байгуулсан. Энэ бол сайн дурын биш. Нэг ёсондооо Засгийн газрууд нийлээд гэсэн үг. Гэтэл манай улс оффшор данстай тэмцэхгүй, гаргаж тавихгүй, ярихгүй байна. Уг ажлыг, мөнгө угаах гэмт хэрэгтэй ХЗДХ-ийн сайд тэмцэх учиртай. Тэгээд “Бид үүнтэй тэмцэх ёстой” гэж ярьж, ажил хийж байж энэ саарал жагсаалтаас гарах ёстой юм. Зориуд саарал жагсаалтад оруулаад байдаг юм уу, хаашаа юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга мэдээлэл хийхдээ “Манайх мөнгө угаалтын таатай орон. Дипломатууд нь хар тамхи зөөдөг, хил дамнасан наймаа хийдэг” гээд байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нь “Манай Шүүх засаглал байхгүй болсон. Гэмт хэргийн МАНАН мафийн бүлэглэл Монгол төрийг захирдаг” гээд зарлаж байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга нь “Өнөөдөр гэмт хэрэг, тэр дундаа авлига, албан тушаалын хэрэг огт шийдэгддэггүй. Шийдэх боломжгүй болсон” гээд зарлачихсан. Үүнийг хэн өөрчлөх ёстой юм бэ гэдэг асуулт гарна аа даа. Засгийн газар нь, УИХ-ын байнгын хороодын дарга, ХЗДХ-ийн сайд нь ажиллаж өөрчлөх ёстой биз дээ. Ард түмэнд өнөөдөр муухай байгааг мэдэх нь хэрэгтэй юу эсвэл муухай байгааг засах нь хэрэгтэй байгаа юм уу гэдгээ ялгаж салгаж ойлгох ёстой. Би ч бас тэр нь, энэ нь муухай байна. Тэр тэгээд байна. Энэ ингээд байна гээд маш олон зүйл ярьж чадна. Гэвч чадна гээд төрийн эрх мэдэл авчхаад зүгээр суугаад байгаа юм. Надад даанч Засгийн газрын, сайдын эрх мэдэл алга. Эрүүл ухаанаар бодвол Ерөнхий сайд нэн яаралтай, нам харгалзахгүйгээр чаддаг мэддэг хүмүүсийг Засгийн газартаа оруулаад эдийн засгийн хямралаас гаргах ёстой. Гэтэл өнөөдөр энэ хэдэн хүүхэд тэр ХЗДХ-ийн сайд өвөөтэй нийлээд олон нийтэд Монголоо муулсаар байгаад ийм байдалд хүрлээ. Нөгөөдүүл нь ч бас муулуулахдаа таарсан нөхдүүд байгаа юм. Жишээ нь арилжааны банкууд нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлахгүй байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг хас тэмдэгтэй нөхдүүд очиж хааж, боож дарамталсаар байгаад мөнгөө бариад ирсэн хүмүүсийг ч гомдоосон. Энэ бүгд чинь биднийн саарал жагсаалтад орууллаа.
-Тэгэхээр ойрын хугацаанд саарал жагсаалтаас гарах боломж бий юү?
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байгаа цагт гарахгүй. Ийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ-ийн сайдыг нэн яаралтай солих ёстой. Чадах хүнийг нь тавих хэрэгтэй. Монгол Улсын төр байна даа. Энэ хүн саарал жагсаалтаас гаргая гэж байгаа бол гадаадад очиж тэр байгууллагынхантай уулзах ёстой шүү дээ. Ер нь нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Манай Ц.Нямдорж сайд гадаад нэг удаа явдаггүй юм билээ. Олон улсын хуралд огт оролцдоггүй. Өнөөдөр зөвхөн Монголд байж яаж ажил хийх юм бэ. Хүний харилцаан дээр аливаа ажил урагшилна. Хүмүүстэй уулзаж өөрсдийнхөө тухай үнэнийг ярьж ойлгуулж байж улсаа аврах ёстой. Ийм учраас энэ саарал жагсаалтын асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй гэж би харж байна.
-2020 оны төсвийн хуваарилалт шог байна. Ерөнхий сайд нутагтаа, Сангийн сайд тойрогтоо хамгийн их төсөв тавьсан гэж байгаа?
-Энэ нь буруу. Надад ч гэсэн Эрдэнэтэд их төсөв тавиулах олон ажил байна. Тухайлбал, багийн байр, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга бариулмаар байна. Гэвч улс орны эдийн засаг, өнөөгийн зайлшгүй нөхцөл байдлыг хараад өрхийн эмнэлгийн асуудлыг нэгдүгээрт тавья. Баг нь түр зууртаа урдын адил болж л байг гэж эх оронч сэтгэлгээгээр ярьж байгаа. Гэтэл хөшөө барья гээд байгаа юм. Би хэнтийчүүдийг муулж байгаа юм биш. Эхлээд дэд бүтцээ барих хэрэгтэй шүү дээ. Хэнтийн зам үнэндээ муудсан. Энэ замаа засч байж хөшөө барих нь зүйтэй. Муу замаар хэн очоод тэр яриад байгаа хөшөөг нь үзэх вэ дээ. Хээр очоод байдаг л нэг зүйл болоод өнгөрнө. Хэрлэнгийн Хөдөө аралд Чингис хааны цогцолбор шиг хөшөө босгосон. Тэр хөшөөг хэн очиж үзэж байна. Өнөөдөр дэд бүтцээ шийдээгүй байж янз бүрийн юм барьж босгоод хэрэг байна уу. Хөшөө урлагийн бүтээл. Энэ нь үнэлэмжгүй. Баянзүрх дүүрэгт барьсан нохойны хөшөө ямар үнээр босголоо доо. Ийм учраас ямар нэг хэмжээгээр төсөв зувчуулах үйл ажиллагаа харагдаж байгаад санаа зовж байна. Түүнээс биш Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох, Чингис хааны нэр алдрыг мөнхжүүлье гэдгийг хэн ч эсэргүүцээгүй. Тэгэхээр нэн тэргүүнд юуг, дараа нь ямар асуудлаа шийдэх вэ гэдэг нь чухал. Гэтэл өнөөдөр манайд асуудлыг тэгж шийдэхгүй байгаад харамсч байна.
-Үндэсний аудитын газраас 2020 оны төсөвт дүгнэлт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Миний дуулснаар 2020 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлт нь үрэлгэн байна гэж гарсан. Аудиттай аудитгүй бид ойлгоод байна шүү дээ. Орж ирэх орлого, гарах зарлагатай тэнцэх ёстой. Дээр нь валютын ханшийн нөхцөл байдал, зээлийн дарамт, нүүрсний борлуулалт ямар байгааг нарийн тооцоогүй. Төсөөллийн байдлаар зургаан сарын төсөв л бичиж УИХ-д оруулж ирсэн. Дараа нь аль нэг нам нь ялахаараа тодотгол хийнэ биз гэсэн байдлаар 2020 оны төсөвт хандаж байна.