Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
П.Мөнхтулга: Олон нийтийн санхүүжилт нь улс төрийн “попролтыг” хязгаарлана

Олон нийтийн санхүүжилт босгосон сайн туршлагуудын тухай Архангай аймгийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Мөнхтулгатай ярилцлаа.

 

-Олон нийтийн санхүүжилтын талаарх ойлголтыг өгнө үү. Иргэдийн сайн дурын үйл хэрэг, санаачилга дээр түшиглэн ажил хэрэг болдог гэж ойлгож байна?
-Хамгийн нэгдүгээрт, тухайн нийгэм, төслийн хамарч буй хүрээллээс хамаарч хамтын шийдвэр гарган, сайн дураар хөрөнгө мөнгө босгох аргыг хэлж байгаа. Тодруулбал, аливаа нэг үйл хэрэг бүтээхийг зорьж, үүндээ таарсан санхүүжилтыг олон нийтийн дундаас босгох үйл явц гэж ойлгож болно. Олон нийтийн санхүүжилт, мөнгө босгох үйл хэрэг нь тухайн асуудлаа шийдвэрлэхээр зорьж буй иргэдийн бодит хүсэл, оролцоон дээр л тулгуурладаг.
Сүүлийн жилүүдэд төрөөс иргэдийн бүх асуудлыг шийдвэрлэх гэж оролдож, чадах ч юм шиг популист амлалтууд өгөх болсон. Сонгууль дөхөхөд айлын хөргөгчинд өөрөө мах болоод орчих шахаад л явдаг манай гишүүд. Дараа нь биелүүлдэггүй. Иргэддээ загас барих аргыг нь зааж өгөхөөс илүүтэй загас тараана гэж амладаг. Манай зарим залхуу нөхдүүд ч аквариумд буй загас мэт хүнээр тэжээлгэх санаатай. Угтаа улс орон, хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан нийгэмд хүмүүс хувь заяагаа өөрсдөө бий болгож, өөрийн гараар бүтээх замаар хөгжлийн өндөр түвшинд очдог. Энэ бол хамгийн зөв зам, зөв бодлого гэдгийг ч хөгжингүй орнуудын жишээнээс харж байна. Төр хавтгай халамж амлаж өчүүхэн жоохон төсвөө сонгуулийн санал горьдож үргүй тараахын оронд, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, үйлдвэрлэл технологи инновацын чиглэлд зоригтой алхам, хөрөнгө оруулалт хийх ёстой.

Геополитикийн болон дипломат бодлогоор бусад орнуудтай яаж хамтарч ажиллах бодлого боловсруулах ёстой. Малчин айлаар төсөөлбөл жилд орж ирсэн мөнгөөрөө наадмын ганган морь авч уначхаад саалийн үнээ мөрөөдөх юм. Хэдхэн хониныхоо дэлэнг шувтарч өлсгөлөн хэдэн хүүхдээ арай гэж аргацаах дүр л харагдах юм.

-Архангай аймагт “Эрх чөлөөний цэцэрлэг”-ийг олон нийтийн санхүүжилтээр байгуулж байгаа гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай Архангай аймагт баригдаж байгаа “Эрх чөлөөний цэцэрлэг”-ийг олон нийтийн санхүүжилтээр барьж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлсэн. Аймгийн төв дундуур “Ганц модны рашаан” урсдаг юм. Тухайн үед рашааны эргэн тойрон бохирдож, хогоор дүүрсэн байсан. Ингээд рашааны эргэн тойронд тохижуулалт хийх санаа төрж, орон нутгийн залуучуудын дунд уриалга гаргасан. Одоогийн байдлаар 45 сая төгрөгийн санхүүжилт босгоод байна. 1500 гаруй иргэн, ААНБ-ууд 10 мянгаас 10 хүртэл сая төгрөгийн хандив сайн дурын үндсэн дээр өгч байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнг барьж дуусгахад 200 орчим сая төгрөг шаардлагатай. Бид энэ санхүүжилтыг босгож чадна гэдэгт 100 хувь итгэл төгс байна. Олон нийтийн санхүүжилтээр аливаа зүйлийг бүтээж болдог сайн туршлагыг бид аймаг, орон нутагтаа нэвтрүүллээ. Гэтэл төрөөс яг бидний эхлүүлсэн төсөлтэй адилхан цэцэрлэгт хүрээлэнг даруй 500 сая төгрөгөөр барихаар тендер зарлаж, орон нутгийн төсөв дээр мөнгө суулгаж, ажлаа эхлүүлчихсэн явж байна. Ирээдүйгээ бүтээлцэж яваа залуу хүний хувьд халаглаж буйг нуух юун. Тендерийн компаниудын ажлыг харахад ашгаа өсгөхийн тулд сэтгэл дутсан харагддаг. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг төрөөс барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, арчилгаанд хэн ч санаа тавьдаггүй. Харин иргэдийн өөрсдийнх нь оролцоотой барьж буй цэцэрлэгийн дүр зураг буюу төлөвлөлт, материалын орц, чанар зэрэг нь эсрэгээрээ байх жишээний. Тэгэхээр, төрийн хувьд иргэд нь тэртэй тэргүй, төртэй төргүй, тендертэй тендергүй хийчхэж чадаж байгаа зүйл дээр үргүй зардал гаргах шаардлагагүй түүний оронд 500 сая төгрөгөөр ЖДҮ зээлээ шударгаар олгох хэрэгтэй. Улсын мөнгөөр цэцэрлэгт хүрээлэн барилаа гээд нэг гишүүн тууз хайчилж, сайн хүний дүр эсгэж, попрох хэрэггүй юм. Үүнийхээ оронд илүү үр ашигтай иргэдэд хэрэгтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэд бид энэ мэт төслүүдийг олон нийтийн санхүүжилт босгож төрийн оролцоогүй хийж чадна гэдгийг олон жишээнүүд харуулж чадна.

 

-Төсвийн бодитой зарцуулалтыг хийх нь маш чухал байна гэсэн санааг Та дэвшүүллээ. Тэгвэл төсвийн 500 сая төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн оронд өөр ямар нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж Архангай аймагт байсан эсвэл байна вэ?
-Төсвийн тухай хууль баталж байгаа гишүүд амин хувийн ашиг сонирхолд суурилсан, санал горьдсон, өнөө маргаашаа аргацаасан ямар ч бодлогогүй төсөв баталж байна. Түүнийхээ оронд жинхэнэ ЖДҮ-чдэд бага хүүтэйгээр шударгаар сайн төсөлд зээл өгөх хэрэгтэй байсан. Ингэснээр тухайн мөнгө хэд дахин өсч, өрхийн амьжиргаанд нөлөөлж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг мэдэгдэхүйц түвшинд авчрах байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид жинхэнэ ЖДҮ-чдийн мөнгийг дундаас нь завшаад зогсохгүй, нэмээд үр ашигггүй хөрөнгө оруулалтуудыг хийхлээр энэ улс яаж өндийх юм бол бүү мэд. Нэгэн жишээ хэлье. Архангай аймагт дэлхийн хэмжээнд сэтгэж, бизнес хийх хүсэлтэй олон залуус байдаг. Бяслагаар нохойны хоол хийдэг үйлдвэрийн япон эзэн бидэнд жилийн гурван сая ам.долларын хамтарч ажиллах гэрээ хийх санал тавьсан. Гэтэл тоног төхөөрөмж худалдан авч, нохой, муурны хоол үйлдвэрлэхэд 180 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болсон. Хэрэв энэ мөнгийг ЖДҮ-ийг дэмжээд өгсөн бол гурван сая ам.долларын гэрээ байгуулж, улмаар орон нутагт олон ажлын байр шинээр бий болгох боломж үүсэх байлаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Байт харвааны 360 талбай”-д дэлхийн хамгийн том олимпын таван цагаригийг мөн л олон нийтийн санхүүжилтээр барьсан байна. Ийм сонирхолтой санаа хаанаас төрсөн бэ?
-Манай найз, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд бид хоёр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Байт харвааны 360” талбайн төслийг олон нийтийн санхүүжилтээр босгосон юм. 2018 оны зургадугаар сарын 26-ны шөнийн 02.00 цагийн үед бид хоёр хүмүүсээс хандиваар ирсэн барилгын материалаа манаж хонож байсан өдөр. Ингээд шөнө хоолны газарт байхдаа харваачид сургуулилтаа хийх бүрийд байных нь цаана олимпын цагариг харагдаж байвал ямар вэ гэсэн санааг олсон. Учир нь тамирчдын сэтгэлзүйг олимпын наадамд бэлтгэх, үргэлж нүдэндээ хардаг зүйл хүний далд ухамсарт нөлөөлдөг гэдэг утгаараа тэдэнд урам зориг өгөхөөр шийдээд олимпын цагариг барихаар болсон. Ингээд дэлхийн хамгийн том цагариг хаана байдгийг судлаад үзтэл, 2012 оны Лондонгийн олимпын үеэр “Таймс бридж” гүүрэн дээр 25 метр урт, 15 метр өндөр бүтсэн цагариг байсан. Гэтэл яагаад үүнээс илүү томыг барьж болохгүй гэж гэсэн санаа төрж, дэлхийн хамгийн том олимпын цагаригийг барихаар зориглож, төслөө олон нийтийн дунд зарлаж, хөрөнгөө 14 хоногт босгож, 17 метр өндөр, 27 метр өргөн, дэлхийн хамгийн том цагаригаа барьж дуусгасан. Олимпын цагаригийн бэлэн болон бэлэн бус өртгийг тооцвол ойролцоогоор 300 сая төгрөг болсон. Мөнгөн дүнгээс илүүтэй агуулга нь чухал юм. 2012 онд Лондон хотын дарга байсан (одоо Ерөнхий сайд) Борис Жонсон 1.4 тэрбум төгрөг буюу 350 гаруй мянган фаунтаар олимпын цагаригийг Лондон хотын төсвөөр босгосон байдаг. Харин бид түүнээс нь томыг олон нийтийн санхүүжилтээр босгож чадсан. Өнөөдөр монголчууд, англичуудын цалингийн зөрүү, амьдралын өртөг, амьжиргаа хэд билээ? Ингэж харьцуулж үзвэл хамгийн бага цалинтай атлаа хамгийн том цагаригийг бид хийж чадсан нь агуулгын хувьд ямар ач холбогдол авчирч байгааг хэлүүлтгүй ойлгох биз ээ.


-Дэлхийн хамгийн том цагариг бүтээсэн гээд Гиннесийн батламж гардан авах гэж байгаа гэсэн. Хэзээ батламжаа авах вэ?
-Бид хүсэлтээ явуулсан. Геннисийн номонд бүртгүүлэх гэж нэг өдөрт 50 мянган хүсэлт ирдэг гэсэн. Тиймээс есөн долоо хоногийн хугацаанд магадлаад, хариу ирүүлдэг юм билээ. Ингээд манай улсад тус номын шүүгч ирж, хэмжилт хийсний дараа батламж гардуулдаг. Өмнө нь бид багаараа Сансарт 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөж, улмаар Гиннесийн батламж авч байсан туршлагатай учраас процедурыг нь маш сайн мэдэж байгаа хэрэг. Дэлхийн хамгийн том олимпын цагаригаар Гиннесийн батламж авах нь тодорхой болсон. 2020 оны Токиогийн олимпоор Монгол Улсыг энэ цагариг дэлхийн анхааралд оруулж чадна гэж найдаж байгаа.

 -Иргэд олон нийтээс санхүүжилт босгох замаар хүмүүнлэгийн ажилд түлхүү гар бие оролцдог. Тухайлбал, нэг цагариг барихаас илүүтэй нэг ядуу хүүхдэд туслах нь зөв гэсэн хандлага, шүүмж зарим хүнээс гардаг л даа. Энэ өнцгөөс нь харвал ямар тайлбар өгөх вэ?

-Маш чухал сэдэв хэдий ч хэт туйлширч болохгүй. Нэг хүүхэд зовж зүдэрч байхад хүн бүр очиж туслах нь зөв. Энэ бол нийгмийн хэм хэмжээ, ёс зүй мөн. Гэхдээ яагаад энэ хүүхэд ийм болчхов гэдэг учир шалтгаантай тэмцэхгүйгээр зүгээр л тухайн хүүхдийг өрөвдөөд яваад байж болохгүй л гэсэн санаа. Яагаад гудамжинд гарсан бэ, эцэг эх нь хэн байв гэх мэтээр үндсээс нь учир шалтгааныг олж харж, дүн шинжилгээ хийх нь зөв шийдэл шүү дээ. Түр гал унтраах биш, дахин асахгүй болтол нь үндсээр нь унтраах сэтгэлзүйг бий болгох хэрэгтэй л дээ. Үүнээс баян хоосны ялгаа гэх мэт хэт их популимз дэлгэрэх, нийгмийг хөдөлмөрч бус болгох сөрөг талууд үүсэх магадлал өндөр . “Яагаад ядуу байна вэ” гэдэг учир шалтгаан руу нь залуучууд орж судлах нь зүйтэй.


-Олон нийтийн санхүүжилтээр томоохон төслүүдийг хөдөлгөх боломжтой юу?
-Олон нийтийн санхүүжилт шиг том төсөл хөдөлгөх, үндэсний хэмжээний томоохон үйлдвэр барих буюу тухайлбал, нэг тэрбум ам.долларын нефьт боловсруулах болон ган хайлуулах гэх мэт үйлдвэр барихаар томоохон төсөл хөдөлгөхдөө эх үүсвэрээ үргэлж гаднын зээл, тусламжаар шийдвэрлэдэг. Эсвэл хамтарсан компани байгуулж, ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын талаарх ҮАБЗ-ийн зөвлөмжтэй таарах эсэхийг мэдэхгүй шийддэг гээд янз бүрийн шалгуур байдаг. Бидэнд үндэсний Хөрөнгийн бирж гэж бий. Гэхдээ арилжааны банкууд дэлхий дээр хамгийн өндөр буюу 14-18 хувийн хүүтэй зээл олгож байна. Уг нь Солонгост банкны хүү тав, АНУ-д хоёр хувь байгаа бөгөөд Хөрөнгийн биржээ хөгжүүлэх замаар хүүг боломжит доод түвшинд авчирч чадаж байна шүү дээ. Тэгэхээр банкинд, сейфинд хадгалагдаж буй мөнгийг илүү том төсөл рүү хийх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Ингэж чадвал үндэсний томоохон үйлдвэрүүдийг ямар ч гаднын зээл тусламж авалгүйгээр босгох боломж нь байна. Иргэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авах, хувьцаагаа барьцаалж зээл авах гэх мэтээр орлогоо олон янзаар нэмэгдүүлэх санхүүгийн аргачлалууд бий. Тиймээс төслүүдээ хөгжүүлэхэд Хөрөнгийн биржийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтийн санхүүжилтыг СӨХ-ны түвшингээс Үндэсний хэмжээнд гаргаж тавих хэрэгтэй болчхоод байна. Ингэж гэмээнэ эдийн засаг сэргэж, сул мөнгөний хурдасгуур нэмэгдэж, хөгжлийн дараагийн шатанд гарна. Энэ бол маш оновчтой, зөв гарц, гаргалгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com