Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар зарим асуудлыг тодрууллаа.
-800 орчим хятад иргэний виз олголтод ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Энэ нь жуулчны ангиллын виз бөгөөд буух эзэнтэй. Санаандгүй олгогддог зүйл огт биш. Албан ёсоор олгогддог. Монгол талаас хүмүүс оролцсон байна гэдгийг та бүхэн харж байгаа байх. Бүлэг хүмүүст жуулчны виз олгоход олон зүйлийг нь шалгадаг. Урьж байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байна уу, тухайн байгууллагын гэрчилгээний дугаар гэх мэт бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж виз олгодог. Манайхаас шалгалт хийхэд виз нь ном журмаараа олгогдсон байна.
Тэгэхээр Монгол талаас оролцсон тэдгээр компаниуд шууд хар жагсаалтад орно. Дахиад тэдгээр монголын аялал жуулчлалын компаниуд виз мэдүүлж авах ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Хятадын талын компаниуд нь ч мөн манай улсын аль ч Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болно. Виз олгодог журмын дагуу, Гадаадын иргэн харьяатын хуулийнхаа дагуу олгогдсон. Эргээд хариуцлага тооцох эзэнтэй асуудал. Эргээд шалгах бүх баримттай байдаг.
-Визний наймаа байсан гэдэг зүйл яригдаад байгаа?
-Энэ асуудал дээр бид бүр хоёр, гурван сарын өмнөөс холбогдох байгууллагуудтай судалгаа явуулаад эхлүүлсэн байна. Консулын газар олон жил ажилласан хүмүүс энд тэнд танил талын холбоогоороо эрсдэл бий болгосон байхыг үгүйсгэхгүй учраас манайд хуучин ажиллаж байгаагүй хүмүүсийг томилох, хэрэв танил талын систем үүссэн бол үүнийг задалж өгөх тал дээр ажиллаж байгаа. Интернэтээр виз мэдүүлэх систем рүү шилжихэд ч эдгээр шалгуур үзүүлэлтийг шалгадаг найдвартай цахим тогтолцоог нэвтрүүлэх ёстой.
-Хөх хотын Консулд ямар хүн ажиллаж байгаа вэ. Мэргэжлийн хүн үү?
-Консулд өмнө нь ажиллаж байсан хүмүүс Хөх хотын консулд ажиллаж байгаа.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах хятадуудад виз олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ хэрэгт холбогдсон асуудал байгаа юу?
-Хэрэв тийм зүйл байгаа бол энэ олон виз дээр баримт бичгийн бүрдлийн алдаа дутагдал гарна. Хөх хотын консулын хоёрдугаар хүн нь манай систем дээр ажиллаж байсан. Гурав дахь хүн нь Ж.Батзандан гишүүний ах. Тэр хүн өмнө нь Эрээний Консулын газар ажиллаж байсан. Ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, манай системд ажиллаж байсан хүн.
-МАН-ын бүлгийн хурлаар зарим Элчин сайдыг томилохыг дэмжлээ. Гэхдээ зарим нь энэ удаагийн нэрс дунд байхгүй байна. Яагаад вэ?
-Бүлгийн хурлаар дэмжлээ. Бид Элчин сайд нараа аль болох түргэн томилохыг бодож байгаа. Зургаан Элчин сайдыг УИХ-д өргөн барьсан. Нэг том даваа даваад энэ процесс явж байна. Элчин сайд нарын нэрсийг цувуулаад оруулахаар ярьж байна. Эргэлзээтэй байгаа бол эргэж харах, дүгнэх зүйл гарч байгаа. Тиймээс хэсэгчлээд томилоод явах нь зөв гэдэг ойлголцлын хүрээнд явж байна.
-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр дипломат эрхтэй хүн мөн үү. Солонгос улс дахь Элчин сайдын яам буруу мэдээлэл өгөөд суллуулсан юм уу?
-Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр зохицуулдаггүй. Олон улсын хууль болон бусад гэрээ, хэлэлцээрээр зохицуулагддаг. Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг хүн Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалсан байдаг. Тэр утгаараа төрөө төлөөллөөд явж байгаа гэсэн үг. Хүнээ хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг. НҮБ-ын конвенц гэж бий. Энэ конвенцийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дарга автоматаар дипломат эрхтэй. Олон улсын хуулиа л дагана шүү дээ.