УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээдэг. Тухайн улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл төдийгүй эрх барьж буй дөрвөн жилийн хугацаанд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэн ажиллах үүргийг хүлээдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 65 суудал авч олонх болсон МАН мөрийн хөтөлбөрөө хэр бодитой биелүүлж байна вэ? “МАН-ын Амлалт ба биелэлт” булангаас бодит мэдээллийг авна уу.
МАН-ын Амлалт ба Биелэлт
Амлалт:
УИХ-ын 2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр - Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.
Биелэлт:
Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Харин хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Тиймээс ч Хүний хөгжлийн сангаас олгодог мөнгө болохоос халамжийн сангаас олгодог халамжийн мөнгө биш. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгууль өнгөрч МАН олонх болоод тун удалгүй ОУВС-гаас халамжийн мөнгийг багасга гэсэн хэмээн хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг гаргав. Үүнийхээ дараах нь Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль явагдах үеэр ард түмний саналыг худалдан авахаар санаархаж хүүхэд бүрт 100 хувь мөнгө хэсэгхэн хугацаанд өгсөн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль дуусгаад буюу 2018 оноос буцаад Монголын хүүхдүүдийг ялгаварлан мөнгө өгөх шийдвэрийг гаргасан. Ийнхүү хүүхдийг ялгаж байгаа нь олон хуулийг зөрчиж байгаа гэдгийг АН-ын зүгээс олон удаа сануулж хэлсэн боловч эрх баригчид үл тоосон юм. Хүүхдүүдийг ялгаж мөнгө өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна” гэснийг зөрчиж байна. Мөн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг зөрчиж байгаа юм.
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэж тодоос тод бичигдсэн байгаа. Гэтэл ард түмний саналаар сонгогдож гарч ирэнгүүтээ амлалтынхаа эсрэг ажилласан. Шинэ Засгийн газар төсвийн зарлагыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа зарласны дотор хүүхдийн мөнгийг шалгууртай олгох асуудал юуны өмнө багтсан байв. Ингээд 2016 оны наймдугаар сараас хүүхдийн мөнгийг шалгууртайгаар олгож эхэлсэн. Ингэхдээ амьдралын наад захын хэрэгцээ хангаж чадахгүй, халамж нэн даруй шаардлагатай эмзэг бүлгийнхэн эл мөнгийг хүртэх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн тоог танаж, 60 хувьд нь мөнгө олгох болгосон. Энэ шийдвэрээ гаргахдаа үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэж тухайн үедээ хуурсан. Удалгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй байх журмыг гаргасан. Эцэг эхчүүд төрөөс гарсан шийдвэр юм чинь хүүхдийн мөнгө өгөх байлгүй дээ гэж горьдлого тээн хүлээж байсан учир Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс энэ талаар тодруулахад “Санхүүжилттэй холбоотой ч асуудал бий. Өмнөх үнэлгээ буруу хийгдсэн бол тухайн айл хүүхдийн мөнгө авах ёстой 80 хувийн босгонд хүрсэн гэсэн үнэлгээ авч хүүхдийн мөнгө авах тохиолдол ч байна. Зарим хүүхдийн мөнгө орохгүй байгаа нь дахин үнэлгээ хийж байгаатай холбоотой. Дахин үнэлгээ хийгээд амьжиргааны төвшин 80 хувиас дээш байвал хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэсэн үг” гэсэн тайлбарыг өгөв. Амьжиргааны түвшин дээгүүр гэдэг үнэлгээнд нь гэртээ хөргөгч, зурагттай, угаалгын машинтай айлууд орчихдог. МАН-ынхны хэлж буйгаар бол хүүхдийн мөнгө авах өрх гэртээ хөргөгчгүй, зурагтгүй байх ёстой юм гэнэ. Хүүхдийн мөнгийг алагчилж, хуурч олгож байгаа хэрнээ хүүхдийн мөнгө авах ёстой шалгуурыг тогтоохын тулд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулдаг. Судалгаа гаргах тэр мөнгөөрөө хэдэн зуун хүүхдийн болов мөнгийг өгөх хэмнэх ухаан энэ төрд алга. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ “2018 онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. Иргэдэд хандаж хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, өнгөрсөн оны долоо, наймдугаар сард харьяа газрынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргасан бол дахин хүсэлт гаргахгүй мөнгө авна. Харин танай хүүхдийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд орсон эсэхээ шалгаад баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ 2018 онд хийсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн харьяа газрынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ гаргах хэрэгтэй. Иргэдийн хүсэлтийг авсны дараа амьжиргааны төвшинг нь 670 гэсэн оноогоор татаж үзээд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно” гэж хэлсэн нь хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно гэснийхээ эсрэг ярьж байгааг харуулна. Өдгөө хүүхдийн мөнгө нийт Монгол Улсын тодорхой цөөн хэсэгт хүрч байгаа ч өнөөдрийг хүртэл МАН “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно” гэсэн молигоо үмхүүлсээр явна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл амласан амлалтаа хэрэгжүүлээгүй МАН УИХ-ын 2020 оны сонгууль дөхөх тусам хүүхдийн мөнгө олгоно, олгож байна гэсэн худлаа ярьсаар байх вий.
Сонгууль дөхөх үед бэлэн сайхан амалж гарч ирчихээд эргээд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх болохоор элдэв шалтаг тоочдог. Тэгсэн хэрнээ хувийн арилжааны банкны зузаатгалд хэдэн зуур тэрбумаар нь зарцуулдаг, шатахуун импортолж оруулж ирдэг хувийн компаниудын онцгой татварыг тэглэхээ юман чинээ санадаггүй. Магадгүй эрхэм УИХ-ын гишүүдэд сар бүр олгогддог хүүхдийн 20 мянган төгрөг хэрэггүй байх ч иргэд олон нийтэд хамгийн хэрэгтэй мөнгө бол хүүхдийн мөнгө юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 1.1-д “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг, мөн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй” гэснийг зөрчиж байна. Энэ нь Монгол Улсын хууль дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл юм. МАН хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн амлалтаа биелүүлээгүйг Монголын мянга, мянган эцэг эхчүүд мэднэ.