УИХ-ын Төсвийн байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.3-т “Гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасан байдаг. Төслийн эцсийн хувилбартай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр орлого, зарлагын хэмжээгээр түүхэн төсөв болсныг хэлээд ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд олон тооны эрсдэл байгааг санууллаа. Мөн орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байгааг анхааруулж, судалгаа хийн төсвийн тэнцвэрийг зөв олох шаардлагатай талаар санал хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Оюунхорол нар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2018 оноос эхлэн нэмэгдүүлсээр өнөөдрийн байдлаар гурван хувиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхээр дахин хоёр хувь нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусч буй талаар хэлэв. Ийнхүү Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгохыг дэмжив
Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. УИХ-ын тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай зөвшилцөв
Хуралдааны төгсгөлд, бас нэг чухал асуудал хэлэлцсэн нь Засгийн газраас 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажлыг хангаад байгааг хэллээ. Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавьдаг стандарт, шаардлагыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлсний УИХ 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан.
Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх юм байна. Тус конвенц зургаан бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ.
Конвенцэд нэгдэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.