Авлигатай тэмцэх газраас Оюу толгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернешнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг холбогдуулан шалгасан.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын холбогдолтой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм. АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг яагаад шалгах болсон талаар эргэн сануулъя.
Оюу толгойн гэрээний талаарх товчхон
Оюу толгойн төсөл нь дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоосон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой хэмээх тооцооллыг гаргажээ. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ногдол ашгийн хэлбэрээр хүртэнэ, Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтад өөрийн төсвийн эх үүсвэрээс ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй.
Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ. Оюу толгой Монголчуудад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжуудыг бий болгоно. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уурхайн ашиглалтын жилүүдэд 10 ажилтны ес нь монголчууд байна гэх мэт заалтуудыг тусгаснаар Оюу толгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан түүхтэй. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд гэрээнд гарын үсэг зурсан. Тус Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувь хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой 2009 онд Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй хүмүүс Оюу толгойн гэрээг хийсэн байдаг бөгөөд тухайн үед Ерөнхий сайд С.Баяр "Би энэ гэрээг хар толгойгоороо хариуцна" гэж хэлж байсан. Сангийн сайд С.Баярцогт ч энэ гэрээг "Гайхамшигтай гэрээ" хэмээж 100 жилд, бүр 1000 жилд байхгүй сайн гэрээ хэмээж байсан. Санжийн Баяр, Сангажавын Баярцогтын нарын 2009 онд байгуулсан Оюу толгойн анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашгаа хүртэх байсан. Тэгтэл Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд болсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод очиж тус улсын удирдлагуудаас 500 сая ам.доллар аван дахин 14 жилээр сунгаж, цэвэр ашиг хүртэх хугацааг 2037 он болгож хойшлуулсан юм.
2018.04.10-нд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг цагдан хорив
Авлигатай тэмцэх газраас Оюу толгойн гэрээг хянаж, түүнд оролцсон албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. "Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдээлсэн юм. Авлигатай тэмцэх газраас Оюу толгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны 20.50 цагт ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тухайн үед тэднийг хэдий хугацаагаар хорих нь тодорхойгүй байсан бөгөөд. С.Баярыг Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгахаар болсон юм. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд Их Британид Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөн АТГ-т шалгуулахаар, Монголд ирсэн. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд гадагшаа гараад зугтчихсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад байсан болов ч Ч.Сайханбилэг Лондонд дүүгээ эмчлүүлж байгаа, өөрийн биеэр очиж мэдүүлэг өгнө хэмээн захидал илгээсэн юм. Ингээд 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний орой Монголд ирсэн байдаг. С.Баяр, Ч.Сайханбилэг нараас өмнө Ерөнхий сайд асан, Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайханыг эх оронд нь дуудан Оюу толгой, Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авч, тухайн үед аль нэг тийш явж болохгүй талаар сануулга өгч байв. Эдгээр үйл явдлаас өмнө Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн төсөлтэй холбогдуулж “Гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэж буруутган цагдан хорьсон юм.
2018.05.10 С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллаж, хилийн хориг тавив
Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-аас хойш хорих 461-р ангид саатуулагдаад байсан юм. Түүнийг суллах, эсвэл үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал 2018 оны тавдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх хурлаар түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан. Түүнийг 29 хоног саатуулсны дүнд ийнхүү батлан даалтад гаргалаа хэмээн тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж байв. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн шүүх хурлын дараа С.Баярыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар С.Баярыг мөн батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих нь зүйтэй гэж үзсэн. С.Баярын хувьд цагдан хоригдож байх хугацаандаа эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй гэж өөрийг нь зорьж ирсэн хүмүүстэй уулзахаас татгалзсан юм. Гэвч цагдан хоригдох явцад түүний эрүүл мэндийн байдал дордож сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлээд авсан.
Оюу толгойн гэрээг тойрсон асуудлын зах зухаас эргэн сануулахад ийм байна. Ямартай ч АТГ-аас төрийн өндөр дээд албан тушаалтнуудад холбогдсон хэргийг жил дамнуулан шалгасны эцэст прокурорын байгууллагад ийнхүү шилжүүллээ. АТГ-аас энэ сард тус хэргээс гадна Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох үйлдэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл нарын, Салхитын мөнгөний ордтой холбоотой шийдвэр гаргах явцдаа авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтан зэрэг 32 хүн холбогдсон Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарын, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох зэрэг авлигын 39 хэргийг энэ оны есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэлх сар гаруй хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтад шилжүүллээ. Мөн сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох, ЭМЯ-ны албан тушаалтнууд хахууль авч тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох гээд олны анхаарал татсан хэргүүдийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлнэ хэмээн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох хэлсэн. Тэрээр “Хуулийн байгууллагаас сүр дуулиантай баривчилгаа хийдэг ч явцын дунд хэрэг нь замхардаг” гэх иргэдийн итгэл алдарсан байдалд цэг тавих цаг нь болсон хэмээн мэдэгдээд байгаа юм. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаал хашдаг эрхмүүдийн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж байгаа хэргүүдийг олон сар жил улируулан ярьсаар хэргийн учиг зангилаа улирч, мартагдах вий гэсэн болгоомжлол дагуулж цуврал болгон “Хэргийг эргэн сануулахад” буланг уншигч та бүхэнд ийнхүү хүргэж байгаа юм.