УИХ-ын гишүүн З.Нарантаяатай мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулж буй шийтгэл, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ял хөнгөдөж байна гэж байгаа. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Эрүүгийн хуулийг 2017 онд шинэчилсэн. Энэ хуульд хулгайн гэмт хэргээс мал хулгайлах гэмт хэргийг салгаж зүйлчилсэн. Тэгэхдээ хэдэн тооны мал хулгайлснаас хамаарч хөнгөн эсвэл хүнд ял ногдуулах буруу зохицуулалт оруулсан. Үүнээс шалтгаалж хууль хэрэгжсэнээс хойш нэг жилийн дотор мал хулгайлах гэмт хэргийн тоо 89 хувиар огцом өссөн. Энэ хуульд найман бод эсвэл 24 богоос дээш тооны мал хулгай хийвэл их хэмжээний хохиролтой гэж үзэж 2-8 жилийн хорих ял ногдуулахаар хуульчилсан. Хуульд заасан уг тооноос доош тооны мал хулгайлсан тохиолдолд зөвхөн зорчих эрхийг нь хязгаарлах, нийгмийн тустай хөдөлмөр хийлгэх, зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн сонголттой ял шийтгэхээр тусгасан. Энэ нь малын хулгайчийг ял завших боломж олгож байгаа юм.
-Мал хулгайлгах гэмт хэрэг огцом өссөн гэлээ. Өнгөрсөн жилд мал хулгайлах хэдэн гэмт хэрэг гарч ямар ял шийтгүүлсэн байна вэ?
-Өнгөрсөн жил 263 хулгайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд 194 хэргийг нь шүүхээс ял ногдуулж шийдвэрлэсэн байна. Тэгэхдээ 54 хувь буюу 119 хэрэгт нь нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх хөнгөн ял ногдуулсан байгаа юм. Ингэж хөнгөн ял ногдуулж байгаа учраас мал хулгайчид хуульд заасан найман бод, 24 бог гэсэн тоонд хүргэдэггүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн энэ заалт нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлэх болсон. Шүүхээс уг нь хуульд заасан тоо хэмжээнд хүрээгүй бол бага хэмжээний хохирол учруулсан гэж үзээд дээд тал нь таван жил хүртэл хорих ял ногдуулах ёстой. Гэтэл амьдрал дээр өнгөрсөн онд гарсан мал хулгайлах гэмт хэргийн 61 тохиолдолд нь зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэсэн байна. Эндээс үзвэл мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого хохиролын хэмжээтэй уялдаж ялгамжтай байх үндсэн суурь зарчим алдагдсан юм. Ийм учраас мал хулгайчид ногдуулах ял гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоо биелүүлэхгүй байгаа. Харин эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн заалтыг чангатгах асуудалд хөнгөн хуумгай хандаж байна.
-Эрх баригчид яагаад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сонирхолгүй байна вэ?
-Надаас гадна Х.Болорчулуун мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Гэтэл эрх баригч МАН-ынхан хоёр гишүүний өргөн барьсан хуулийн төслийн агуулгыг харахгүй асуудалд хандсан. Зөвхөн манай намын гишүүний өргөн барьсан хуулийн төсөл, мал хулгайлгах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төслийг баталсан гэдэг нэр духан дээрээ наах сонирхолтой байна. Ийм учраас миний өргөн барьсан хуулийн төслийг унагаалаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун намынхаа 26 гишүүний гарын үсгийг хуулийн төсөлдөө зуруулсан. Тэд миний боловсруулсан хуулийн төслийн эсрэг санал өглөө. Гэвч тэр гишүүд ямар утга агуулгатай заалт Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөлд байгааг ойлгоогүй. Ойлгохгүйгээр гарын үсэг зурж гараа өргөж асуудалд хандаж байгаа нь туйлын харамсалтай.
-Таны болон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөл хоорондоо ямар ялгаатай юм бэ?
-Эрс ялгаатай хуулийн төслүүд. Миний өргөн барьсан хуулийн төсөлд хулгайлсан малын тооноос шалтгаалж ял ногдуулах ямар нэг хязгаар тавиагүй. Нэг борлон хулгай хийсэн ч учруулсан хохирлын хэмжээгээр ял ногдуулна гэж тусгасан юм. Эрүүгийн хуульд заасан их хэмжээ, үлэмж хэмжээ гэж заасан байгаа. Тэгвэл бага, их, үлэмж хэмжээний гэж тооцно. Үүнтэй уялдуулж ногдуулах ялын дээд, доод хэмжээг тогтоох санал байсан. Х.Болорчуулуун гишүүний өргөн барьсан хуульд найман бод, 24 бог хулгайлсан гэдэг тоог л бууруулан авч үзэж ял ногдуулах санал оруулсан юм.
-Тэгэхээр мал хулгайлсан гэмт хэргийн хохирол барагдуулах явц ямар байна вэ?
-Хохирол барагдуулах үйл явц маш хангалтгүй байгаа. Хулгайлсан нөхрийг олох ажиллагаа явуулж байх хооронд алдагдсан мал аль хэдийн борлуулагдаж хүнсний зах, дэлгүүрийн лангуугаар дамжсан байдаг. Ийм учраас хохирол барагдуулах ажлыг сайжруулахын тулд Зөрчлийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эрх баригчид мал хулгайлах гэмт хэргийг зөрчил гэж үзэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Малчид малын хулгайчаар 240-720 цагийн нийтийн тустай хөдөлмөр хийлгэх нь чухал биш. Харин 7-30 хоног баривчлах нь малын хулгайчийг айлгадаг, сэтгэл санаанд нь нөлөөлдөг ялын бодлого гэж үзэж байгаа юм. Ийм учраас Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч байнгын хорооны хурал дээр намайг Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө татаж авах хүсэлт гаргасан. Ингээд уг хуулийн төслөө татаж авсан. Гэтэл Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийн талаар оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уналаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төслөөр мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чангарахгүй. Өөрөөр хэлбэл МАН малын хулгайчийн толгойг илнэ гэсэн үг. Тодорхой хугацааны дараа үр дүн нь харагдах байх.
-Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх ажил ямар хэмжээнд байна вэ?
-Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх ажил хангалттай сайн биш ч гэсэн цагдаагийнхан өөрийн боломжоор ажиллаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй хүмүүст техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэгийг төр үзүүлэх хэрэгтэй байна. Үнэтэй гар утас, хурдан машин хөлөглөж, ачааны машин дагуулаад явж байгаа бүлэг хулгайч нартай бараг унаагүй шахуу цагдаа нар тэмцэхэд үнэхээр хүнд байгаа юм. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид болон малчдын санаачилгад суурилсан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх иргэний хөдөлгөөнийг төр бодлогоор дэмжих шаардлага тулгарч байна. Миний санаачилсан хуулийн төслийг эрх баригч МАН олонхоороо хүч түрэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс татгалзлаа. Гэвч би энэ хуулийн төслөө хэзээ нэгэн цагт батлуулахын төлөө тууштай ажиллах болно.