Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаал боллоо

Эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаал өчигдөр Чингисийн талбайд боллоо. Ийм жагсаал орон даяар, 21 аймагт нэгэн зэрэг өрнөснийг жагсаал зохион байгуулагч нар дурдаж байлаа.
Нүд нь сохор, чих нь дүлий мэт авирлаж буй эрх баригчид, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын “Чихийг онгойлгоё” хэмээн уриалж жагсагчид хэдэнтээ шүгэл зэрэг үлээсэн нь Чингисийн талбайд дуугаа хадаах аж.
АН-ын лидерүүд, ардчиллыг үндэслэгчдээс авхуулаад АН-ын дэргэдэх байгууллагынхан, жирийн гишүүд, дэмжигчид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэхүү жагсаалд оролцож өөрсөдтэй нь нэгдэхийг улс төрийн бусад хүчин болон олон нийтэд уриалж байв.


Жагсаал зохион байгуулагчид УИХ, Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж буй олон тооны үндэслэлийг тавьж байлаа.

 

Эцэст нь АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагыг гардуулахаар Чингисийн талбайн баруун талаар тойрч Засгийн газрын ордон руу орсноор жагсаал түр завсарласан юм. Түр хэмээн тодотгож буйн учир нь АН эрх баригчид энэхүү шаардлагыг хүлээн авах хүртэл тэмцэж, акц өрнүүлсээр байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Жагсагчид мөн Засгийн газрыг тойрч хоёр удаа гороолж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Засгийн газрын ордон бол ард түмнийх. Гэтэл энд луйварчин, дээрэмчин, хулгайч, охид эмэгтэйчүүдийг хүчиндэгч нар цуглажээ. Бид Засгийн газрын ордноо эднээс суллаж авах ёстой” хэмээж байв.

 

“Жирийн иргэдийн хөргөгч хоосон байна”

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд жагсаалыг нээж хэлсэн үгэндээ, “Шоронд үгүй болсон сүрьеэ сургуулийн танхимд орж ирлээ. Мэргэжлийн бус Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд эрх баригч МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсон. Гэвч гурван жил гаруйн хугацаанд иргэдэд өгсөн амлалтынхаа дагуу мөрийн хөтөлбөрөө МАН өнөөг хүртэл хэрэгжүүлж чадсангүй.


Монголд хүчирхийлэл, авлига, хээл хахууль газар авсаар байна. ЖДҮХС-гийн зээлийг дээрэмдэж, иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын 50 гаруй гишүүн өнөөдөр УИХ-ыг зайдагнаж байна.
МАН-ын сайдаар ажиллаж байсан хүн нь Тост, тосон бумбын нуруу хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг ухаж, онгон байгалиа үгүйсгэж байна. Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул голыг ширгээхэд МАН-ынхан идэвхийлэн оролцжээ. Туулын бургасыг мянга, мянгаар нь хядаж байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүд шоронгийн гэгддэг халдварт өвчнөөр өвдөж байхад сайдад нь хариуцлага тооцохгүй байна.


Монголд болж байгаагаасаа болохгүй зүйл их байгаа учраас эх оронч иргэд маань энэ талбайд цугласан юм. Нам маань сөрөг хүчин. Сөрөг хүчин эрх баригчдын бодлогын алдааг шүүмжилж, алдаа завхралыг нь засч залруулахын тулд өнөөдөр цуглаж жагсч байна.
Өнөөдөр У.Хүрэлсүхийн шударга ёс зурагтан дотор л байна. Жирийн иргэд бидний хөргөгч хоосон байна. Иргэд шулсан яс худалдаж авч байна. У.Хүрэлсүхийн шударга ёс зөвхөн сонин дээр л байна. У.Хүрэлсүхийн шударга ёс зөвхөн сошиалд л байна.


Монголын хамгийн шударга хүн гэгддэг Ц.Нямдоржийн хүүхэд гадаадад Элчин сайдаар томилогдсон. Ц.Нямдорж өөрийнхөө хамааралтай хүнд гурван өрөө байрыг 50 хүрэхгүй сая төгрөгөөр авч өгснөө хүлээсэн. Дарга нарт үйлчилдэггүй хууль жирийн иргэдэд хатуу үйлчилдэг энэ шударга бус байдлыг бид эсэргүүцэж байна.
Б.Цэгмид үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан, Ерөнхий сайдад шаардлага тавьсан. Ийнхүү жагсаал хийснийх нь төлөө, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө, үг хэлж эвлэлдэн нэгдсэний төлөө түүнийг барьж шоронд хорьсон. Залуучууд шударга ёсны төлөө үгээ хэлж байхад зарчмын шаардлагыг нь хүлээж аваад зөв шийдвэр гаргахын оронд барьж хорьж байгаа ийм коммунист нийгмийг бид хүсээгүй. Бид коммунизмыг эсэргүүцэж байна” гэлээ.

 

“Амь эрсэдсэн хэрэг бүрийн ард албан тушаалтны хариуцлагагүй байдал илэрч байна

Үүний дараа АН-ын дэд дарга Х.Тэмүүжин АН-аас УИХ, Засгийн газарт хүргүүлж буй шаардлагыг уншиж танилцуулсныг бүрэн эхээр нь хүргэе.
“Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, монгол хүнийг ядууруулж, монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Ардчиллын тулгуур зарчмуудыг устган, уландаа гишгэхийг үл тэвчиж, Парламентын ардчилал, Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.


60 тэрбумын гэгдэх авлигаар 65 суудал авсан эрх баригч та бүхний сонгон байгуулсан Засгийн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөөр УИХ-ын гишүүдийг хахуульдаж улмаар тэднээр дамжуулан хууль хулгайлах замаар хулгайгаа хариуцлагагүй, худал хуурмагаа үнэн болгож хүчирхийлэл, аллагыг өөгшүүлж ардчиллын үндэс болсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хүртэл үгүйсгэн дарангуйллыг тогтоох эхлэлийг тавилаа.


Засгийн газрын худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Шоронд ч үгүй болсон өвчин сургууль эзэлж буй нь төр засгийн хариуцлага ямар хэмжээнд унасныг шууд илтгэх биз ээ.


Иймд УИХ-ын дарга танд авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн Засгийн газрыг дараах үндэслэлээр нэн даруй огцруулах шаардлагыг хүргүүлж байна.
Нэгэн зүйл. Иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, их хэмжээний мөнгийг Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд зохион байгуулалттайгаар тарааж, хахуульдсан.


Жич: Ийм олноороо мал адил сүрэглэн, хувийн шуналдаа өөрсдөө хээлтэн, хахуульдуулсан хууль тогтоогчид Монгол Улсын түүхэнд урд өмнө байсангүй.
Нэгэн зүйл. Олон сая ам.долларын авлигад өртсөн сайдуудын тухай яриа өгүүлэл гадна дотноос ирдэг боллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд тодорхой тоо, дүнтэйгээр эдгээр авлигын тухай ил тод хэлж байна. Яам, агентлагуудад үйлдэл дээрээ баригдсан авлигын хэргүүд ээлж дараалан гарлаа. Тэдний сэйфнээс хураагдсан авлигын мөнгө нэг хүн байтугай нэг хэсэг хүн дарж алах хэмжээнд хүрсэн байна. Гэтэл авлигачид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр суллагдаж эхэллээ. Ингэж суллагдах авлигачдын цуваа УИХ, Засгийн газраар дүүрэн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх Үндсэн хуульд заасан үүргээ Засгийн газар биелүүлэх бус өөрсдөө гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг болсныг хууль зүйн сайдаас авхуулаад олон сайд дарга нарын үйлдэл, ярианаас харж байна. Төрийг төгрөгөөр олигархиудад зардаг байсан 60 тэрбумын авлигчид, дүрээ өөрчлөөд улсыг доллароор гадныханд худалддаг болсон юм биш үү!


Нэгэн зүйл. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газрыг толгойлж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө дангаараа хариуцдаг Ерөнхий сайд, УИХ-д хэт олонх болсон эрх баригч намын дарга нь иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулийн манаачтай хамсаад хулгайлдаг явдал хоёр жил дараалан гарлаа. Давтан үйлдэгдсэн энэ гэмт үйлдэл, сонгуулиас айдаг улс төрч, ордны хуйвалдаан, томилгооны эрх мэдлээр дамжин Үндсэн хуулийг хэрхэн хулгайлж, сонгогчдыг сонгох эрхгүй болгож болдгийг харууллаа.
Нэгэн зүйл. Эрх мэдэл, хулгайн мөнгөндөө сагасан эрх баригчдын архидалт яам тамгын газрыг байтугай улс орныг хөлчүүрүүлж байна. Том дуутай, сүр ихтэй сайд дарга нар албатуудынхаа өрөө тасалгаанд архи хайж нэгжлэг хийж шоудахаас илүүтэй даргадаа эрэмшсэн тавиулуудынхаа толгой дотор архиа, авлига хоёроо хайх цаг болж. Тэдний чинь агсам согтуу хэтрээд хүний амиар шараа тайлдаг боллоо. Яам, агентлагт хүн алдаг байснаа болиод одоо төрийн ордонд хүн үхүүлдэг боллоо.


Нэгэн зүйл. Салбар бүрт хүний амь эрстэж байна. Амь эрстсэн учрал бүрийн ард албан тушаалтны хариуцлагагүй байдал илэрч байна. Цэвэрлэх байгууламж, уурхай, цэрэг, цагдаа гээд үхэл дагуулсан дарга нарын хариуцлагагүй байдал У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлын тайлан мэт харагдах боллоо. Хариуцлага ярьж засгаа унагасан улс төрчид хариуцлагаа мартаад хүнээ үхүүлсээр байх уу? Үхэхээс айхгүй Ерөнхий сайд, үхүүлэхээс айхгүй сайдууддаа хэзээ хариуцлагын сэлмээ гаргаж үзүүлэх вэ? Хэлэхэд муухай ч хэлэхээс өөр аргагүй үг байна. Иргэд гадуур У.Хүрэлсүхийн Засгийн газар үхэл дагуулсан Засгийн газар боллоо гэж ярьцгааж байна шүү.


Нэгэн зүйл. Ард түмнийхээ төлөө махаа барж, ясаа цайтал зүтгэж буй сайдуудын буянаар ард түмэн чинь махны бараа харахаа болиод хоосон яс чанах дээрээ туллаа. Сайд дарга нараа төгрөгийн ханш хоолонд хүрэхгүй болсныг мэдээд та бүхэн минь доллароор цалинждаг болоо юу. Дарга нарт гологдсон тэр төгрөг чинь үнийн өсөлтөөс болоод иргэддээ ч тогтохоо болилоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт үг цуурай төдий байв уу. Үнийн өсөлт халаасны хулгайч шиг л иргэдийн халаасыг хоослоод эргүүлчихлээ.
Дарга нарын том тэрэг шатахуунаар бялхаж, эхнэр хүүхдийг нь зөөж байхад жирийн иргэд пруссээ түрэх нь холгүй мөлхөж байна. Гишүүд нь гурван хувийн зээл хувааж идэж байхад иргэд нь 30 хувийн зээлд дарлуулж байна. Яамдын өрөөгөөр авлига тэнүүлчилж байхад сургуулийн танхимд сүрьеэ орогнож байна. Сайд дарга нар сархдаа хэтрүүлж, биеэ сувилуулж явахад салбарт нь хүн үхэж байна. Хэдий болтол мангас ярьж, иргэдээ мангасаар айлган өөрсдөө мангас болж суух вэ, эрх баригчид аа!


Архидалттай, аллагатай, авлигатай, айдастай У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж байна.

 

Э.Бат-Үүл: Эрх баригчдад ард түмнээ элэг барьж болдоггүй юм гэдгийг 1990 он шиг харуулъя


Ардчилал эрх чөлөөг Монголд авчрахад хүчин зүтгэж байсан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг онцлон хүргэе.
“Ардчилсан хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ард иргэдийг, нийслэлчүүдийг, манай гэр хорооллынхныг ийм ичгүүр сонжуургүйгээр элэг барьж байсан Ерөнхий сайдыг үзсэнгүй ээ.
У.Хүрэлсүх үнэхээр ичгүүр сонжуургүйгээр элэг барьж байна. 2016 онд нийслэлийг “Аз жаргалтай хот болгоно” гэсэн. Одоо нийслэл маань Төв Азийн, магадгүй дэлхийн хамгийн аз жаргалгүй хотуудын нэг болох гэж байна. Монголчууд чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш маханд оочерлох гэдгийг мартсан байсан. Маханд оочерлохыг нь саяхан харлаа. Ийм зүйл харна гэж ерөөсөө санаагүй.
Ардчилалд шилжсэнээс хойш эрх баригчид сонгууль явуулах үгүйг дураараа шийддэг болно гэж санасангүй.


Хэнтийн нөхөн сонгуулийг өөрсдийн хүчээр зогсоохыг харлаа. Ардчилсан хувьсгалыг манлайлан хийсэн Ардчилсан намыг, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөсөр хаях юм гэж ерөөсөө санаагүй. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 100 гаруй суманд Ардчилсан нам ялалт байгуулсан. Гэтэл энэ эрхийг нь өгөхгүй дөрвөн жил болж байна. Ингэнэ гэж үнэхээр санаагүй. Яагаад ингэж элэг барьж чадаад байгаа юм бэ. Яагаад ийм эрээ цээргүй байж чадаад байна вэ.
Сошиалаар ард иргэд бөөн бухимдал, бөөн гомдол байна. Иргэд интернэтээр жагсаал хийгээд байгаа юм. Хүмүүс интернэтэд цуглаан хийгээд, интернэтээр хийгээ гаргаад байна. Энэ талбай дээр ирэхгүй байна. Тиймээс элэг бариад, тоохгүй байна. Хэрэв манай нийслэлчүүд энэ талбайг дүүргэж чадвал энэ элэг барих явдлыг зогсоож чадах юм аа.
Мах, цахилгаан, шатахууны үнийн өсөлтөд манай гэр хорооллынхон нэрвэгдэж дуусч байна. Гэхдээ тэд гэртээ л бухимдаад, үгээ барж суугаад байна. Гэртээ өлсч байхаар энд ирээд өлсвөл илүү үр дүнд хүрэх юм.


Та нар зурагтаар хар л даа, эрх баригчид биднийг инээж ёжлоод хээв нэг дайрч байна шүү дээ. Удахгүй зөвхөн мах төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн хомстоно, үнэ нь тэнгэрт хадна гэж судлаачид ярьж байна. Бид ядахдаа үр хүүхдээ бодох хэрэгтэй байна.
Энд би зориуд хэлье. Ардчиллыг бадрааж байсан Ардчилсан нам талбай дээр гараад ирсэн байна. Манай нийслэлчүүд У.Хүрэлсүх мэтээс битгий ай, АН та нарыг хамгаална. АН та бүхний эрх ашгийг хэний ч өмнө хамгаалж чадна. Тиймээс талбай дээр гараад ирцгээ. Өнөөдөр АН энэ том өөрчлөлтийн талбайг эзэлчхээд байна.
Эрх баригчдын ард иргэдээ басамжлан доромжилдог үйлдлийг зогсоохын төлөө бид улс төрийн бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ цуглааныг зурагт, радиогоор манай ард иргэд үзэж байгаа. Ардчилсан намын ямар олон мянган гишүүн цугласныг харж байгаа. Та бүхэн ч гэсэн гараад ир. Эрх баригчдад ард түмнээ элэг барьж болдоггүй юм гэдгийг 1990 он шиг харуулъя. Үндсэн хуулийн эрхийг дэвсэлж байгаа тэр эрх баригчдыг огцруулъя.

 

С.Эрдэнэ: АН эрх баригчдыг хариуцлагаа хүлээх хүртэл нь тэмцэнэ

 

Эрх баригчдад хариуцлага тооцох сөрөг хүчний жагсаалын үеэр олон хүн байр сууриа илэрхийлсний дараа жагсаалыг хааж, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлснийхээ дараа АН-аас УИХ болон Засгийн газрын тэргүүнд хүргүүлжбуй шаардлагаа гардуулахаар шаргал ордонг баруун талаар нь тойрон явж одсон юм. Жагсагчид түүнтэй хамт уриа лоозон барьсаар, шаардлагаа нэгэн зэрэг, чангаар хэлэн алхсаар байлаа. 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


“Их эзэн Чингис хааны хөшөө хоймор, төв талбайд ардчилал, шударга ёсны төлөө заларсан АН-ын гишүүд дэмжигчид, монголын ард түмний төлөөлөл цугласан байна.
Бид өнөөдөр эрх баригчдаас хоол гуйгаагүй ээ. Эрх баригчдаас бид мах, талх гуйгаагүй ээ. Харин шударга ёс, монгол төрийн өмнө амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж цугласан. Ард түмэн Монголын Засгийн газраас ямар нэгэн амьдралын дэмжлэг хүсэх гэхээсээ илүү амьдрахад нь чөлөөтэй, таатай орчныг бүрдүүлж өгөөч, эрхзүйн орчныг бүрдүүлж өгөөч, иргэдэд очих ёстой, төсвөөс хуваарилсан дэмжлэг мөнгийг замаас нь авахаа болиоч ээ, дээрэм, хулгайгаа зогсоогооч гэдэг шаардлагыг бид энэ талбай дээр тавьж байгаа юм аа.


Бид У.Хүрэлсүхээс шударга ёсыг хүсч байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар маш сайхан амлалтуудыг өгч гарч ирсэн. Тухайн үед эрх баригч МАН 32, 33-аараа хуваагдсан байхад У.Хүрэлсүхийн тал буюу 33-ыг нь дэмжиж Монголд шударга ёс тогтох юм байна, ард түмнийхээ төлөө үхэхээс айхгүй Ерөнхий сайд гарч ирэх юм байна гэж итгэж АН-ын бүлэг дэмжсэн. Харамсалтай нь, энэ хүн үхэхээс битгий хэл, үг хэлээ биелүүлэхээс ч айдаг, арчаагүй Ерөнхий сайд байсан гэдгийг харж байна. Ийм Ерөнхий сайдтай Монгол Улсын хөгжил урагшлах уу?


МАН-ын 2016 онд дэвшүүлсэн бүх амлалт 100 хувь эсрэгээрээ хэрэгжиж байгааг хариуцлагатайгаар хэлж байна. Бүх төрлийн татвар, даатгал, хураамж, төлбөр хэд дахин нэмэгдлээ. Махны үнэ хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрч өслөө. Хөгжилтэй орны иргэдийн мах худалдаж авдаг үнэтэй харьцуулаад эрх баригчид дэлхийн дундаж үнэтэй адилхан байгаа мэтээр ярьж байна. Өндөр хөгжилтэй орны иргэд хэдэн долларын цалинтай билээ. Монголын жирийн ард түмэн хэдэн төгрөгийн цалинтай билээ. Худалдан авах чадвар тэр хөгжилтэй орнуудын иргэдтэй тэнцэж чадах билүү. Ийм мэдээжийн асуудал дээр хүртэл ард түмнийхээ тархийг угаахыг оролдож доромжилж байна. Тэд өнөөдөр асуудал дэгдээд ирэхээр заавал өөр нэг асуудлыг гаргаж ирдэг юм. Тэд өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг аймшгийн луйвар байсан мэтээр ярьж байна. 49 хувь хэрэв хууль зөрчсөн юм бол тэдэндээ хариуцлага хүлээлгэж, ялыг нь үүрүүлэх боломж өнөөдөр эрх баригчдад бий. Тэд зөвхөн улс төрийн шоу болгох гэж энэ асуудлыг гаргаж байгаа юм. Тэгвэл нөгөө талд нь байгаа “Эрдэнэт”-ийн 51 хувийг 40 жил тасралтгүй идэж луйвардсан Ц.Нямдорж тэргүүтэй луйварчидтайгаа яагаад хариуцлага тооцохгүй байна вэ.
“Эрдэнэт”-ийн 50 хүртэл хувьд ногдох хувьцаан дээр тоглож, “Эрдэнэт”-ийн удирдлага байсан хүмүүстэй хуйвалдаж ариун цэврийн цааснаас эхлүүлээд бэлгэвч хүртэл шахсан төрийн албан тушаалтангуудтайгаа яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан тэр нөхөд өнөөдөр чөлөөтэй зугаалж байна. “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь гэдэг хоёр тусдаа асуудал биш ээ. Энэ бол Монголын ард түмний мэдэлд 100 хувь байх ёстой өмч юм. Үүнийг хоёр хувааж тавьчхаад нэг хэсгийг нь шударга ёсны төлөө тэмцэж байгаа шоу үзүүлбэр болгоод, нөгөө хэсгийг нь мартаж байгаа өнөөгийн Засгийн газар шударга байж чадах уу.


Өнөөдөр ардчиллын суут лидерүүдийн маань нэг С.Зоригийн үхэл зүй бус аллагатай холбоотой асуудлаар эрх баригчид 21 жил улс төрийн шоу хийлээ. Тэд өнөөдөр нийгэмд үүсээд байгаа аллага, үхэл, аливаа нэгэн хүчирхийллийг тоохгүй байгаа мөртлөө С.Зориг агсны үхлээр улс төр хийж байна. Улс төрийн хонжоо хайж байна. Тэд өнөөдөр гурван шатны шүүхээр тогтоогдоод ял авчихсан этгээдүүдийг тэвэрч, хайрлаж, тэдний өмнөөс нулимсаа дуслуулж, эмнэлэгт хэвтүүлж үйлчилгээ үзүүлэн гүйж байна.


Эх орноо хамгаалах гэж эр цэрэгт мордсон залуу дэглүүлж, хоёр хөлөө тайруулан 100 хувь хөдөлмөрийн чадваргүй болоод гэртээ очсон байна. Түүн дээр өнөөдөр ямар сайд очсон юм бэ. Алга болчхоод байгаа охидын араас хэн явж байгаа юм бэ. Хүчиндүүлж байгаа мянга мянган бүсгүйчүүдийн төлөө хэн дуугарч байгаа юм бэ. Өнөөдрийн нийгэмд хүчирхийлэл хэрээс хэтэрч байна. Яагаад гэхээр эрх барьж байгаа МАН хүчирхийлэгчийг өөгшүүлж, хамгаалж байна. Хариуцлагагүй авлигачдыг ч өөгшүүлж байна. Ийм байгаа цагт нийгэмд шударга ёс тогтохгүй ээ. Ийм байгаа цагт нийгэмд хүчирхийлэл хэзээ ч буурахгүй.
Өглөө ажилдаа ирж байгаа иргэн өнөөдөр амьд ирэх баталгаа байгаа эсэхийг мэдэхгүй байна. Уул уурхайн лаг шавар, цэвэрлэх байгууламжийн лагт орж нас барсан залуусын төлөө хэн хариуцлага хүлээсэн бэ.


Хүүхдүүд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж үндсэндээ алдагдаж байна. 100, 100-гаараа 1000 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан байна. Энэ дээр хэн хариуцлага хүлээж байгаа юм бэ. Бэлгийн замын халдварт өвчин урьд хожид байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Энэ улс оронд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үүргийг эрх баригчид амлаж гарч ирсэн. Тэдний амлалт хаана явна вэ.
Энэхүү жагсаалыг АН зохион байгуулсан гэдэг утгаар биш, ард түмний уур хилэн, цөхрөл, туйлдан доройтож байгаа бодит амьдралыг энэ дүлий, хараагүй, сонсголгүй мэт аашилж байгаа төрд сонсгож, харуулахын тулд хийж байна.
Ардчиллын үнэт зүйл болсон хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал, хуулийн засаглал үндсэндээ алдагдах хэмжээнд хүрч байна. Энэ улс хуульгүй юм шиг аашилж байна. Үндсэн хуулийн дээгүүр эрээ цээргүй гишгэлдэг эрх баригчдыг бид огцруулах ёстой. УИХ өөрийнхөө байгуулсан хариуцлагагүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Чадахгүй бол УИХ өөрөө тарж, парламентын ээлжит бус сонгуулийг явуулах ёстой.


Тиймээс энэ жагсаалаас гарах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт гардуулж өгнө. Бид эрх баригчдыг хариуцлагаа хүлээх хүртэл тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. УИХ, Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой гэж АН үзэж байна. Монголын ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж байна.

 

С.Оюунцэцэг: Амьжиргаагаа дээшлүүлэх гэж гурван сая төгрөгийн зээл хүссэн ч бүтээгүй

Жагсаалыг дэмжихээр хүрэлцэн ирсэн иргэдийн зарим нь “Ардчилал таймс” сониноор дамжуулан байр суриа илэрхийлэхийг хүссэн билээ.

 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Базарханд:
-Засгийн газар юу ч хийхгүй байна. Хийж байгаа ажил нь сандал, суудлын хэрүүл. “Прокурор томилно” гэхээр бүгд ирж суучихаад, дараа нь Усны тухай хууль хэлэлцэх гэхээр алга болчихсон байх жишээний. Ард түмэнд хэрэгтэй, ашигтай хууль батлах гэхээр бүгдээрээ алга болчихдог. Ийм байж болохгүй ээ.
Монголчууд 60 сая малтай гээд байгаа. Гэтэл махны үнэ одоо хэд байна. Ард түмэн чинь туйлдаж байна шүү дээ. 2012-2016 онд АН олонхи болсон үедээ шатахууны үнийг барьж болоод л байсан. Гэтэл олон сайхан юм ярьж гарч ирсэн У.Хүрэлсүхийн хийж байгаа ажил хаана байна. Өргөн хэрэглээний бүх барааны үнэ өслөө. Ард түмэн одоо босох хэрэгтэй. УИХ-ыг тараах хэрэгтэй.
Энэ УИХ ямар ч чадваргүй. Засгийн газрын гишүүд нь бүгд УИХ-ын гишүүн, давхар дээлтэй. Тэгээд хэн нь хэнийгээ хянах юм. Засгийн газрын үйл ажиллагааг УИХ хянах ёстой. Хянах ямар ч үндэс байхгүй. Уг нь эднийг 2020 он хүртэл юу хийж чадахыг, амласандаа хүрэх эсэхийг нь үзэх ёстой. Харамсалтай нь, энэ маягаараа юу ч хийж чадахгүй юм байна. Тэгэхээр Засгийн газар нь танхимаараа огцроод, УИХ нь тараад түр Засгийн газар байгуулах гарц байж болно. Түүнээс биш эднийг хараад бүтэн жил хүлээе гэхээр ард түмэн туйлдчихаад байна шүү дээ.
Талх, сүү, ус, цахилгааны үнэ өсчихлөө, энэ нь өдөр тутмын амьдралд маань үнэхээр хүнд тусч байна. Яах вэ, цалин нэмсэн нэртэй. Тэр нь 20 мянган төгрөг. Худалч хүнд ганц кг махны л үнэ шүү дээ. Ард түмнийг ингэж хуураад байж болохгүй л дээ. Ард түмэн тэнэг биш шүү дээ.


Засгийн газар, УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ янз бүрийн гэмт хэрэгтэй холбогдчихоод байна. Гэтэл хууль нь жирийн иргэдэд үйлчилчхээд тэдэнд үйлчлэхгүй байна.



Чингэлтэй дүүргийн иргэн С.Оюунцэцэг:


-Цалин, тэтгэвэр амьдралд маань хүрэлцэхгүй байна. Би гэртээ хэвтрийн хүүхэдтэй. Хүүхэд маань гарын дүйтэй л дээ. Тэгээд хоёулаа жижигхэн бизнес хийе гээд гурван сая төгрөгийн зээл авахаар дүүргийнхээ ЖДҮХС-д хандаад бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч олгохгүй байна. Шалтгаан нь намайг “Тэтгэврийн насных” гэж байгаа юм. Харин хүүхдийг маань “Хөдөлмөрийн чадвартай” гэж үзээд олгохгүй гэсэн. Энэ нь хоорондоо авцалдахгүй байгаа биз. Тэтгэврийн насныхныг нь хөдөлмөрийн чадваргүй гэж үзээд байгаа юм байна гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг маань “Хөдөлмөрийн чадвартай” гэж үзээд зээл өгөхгүй гэж байна. Тэгээд хөдөлмөрийн чадвартай хүнд нь өгөх ёстой юм уу, хөдөлмөрийн чадваргүйд нь өгөх ёстой юм уу гэдэг нь ойлгомжгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, шударгаар хөдөлмөрлөе, орлоготой болъё гэсэн иргэдэд энэ зээл очихгүй байна гэсэн үг.


Бидэнд түүхий эд, тоног төхөөрөмж хэрэгтэй учраас гурван сая төгрөг зээлээд жил зургаан сарын хугацаанд төлж дуусгая гэсэн төлөвлөгөөтэй байсан, бүтээгүй.
Хүү маань зөвхөн шинжилгээ өгөхөд л өчнөөн зуун мянган төгрөг шаарддаг. Эмнэлэгт хэвтэх гэхээр улсын эмнэлгүүд хүлээж авдаггүй. Хувийн эмнэлгүүдийн өдрийн ханш дор хаяж 70 мянган төгрөг байна. Би аргагүйн эрхэнд хүүгийнхээ эмчилгээнд зарцуулах гэж тэтгэврийн зээл авсан. Ингээд бид цаана нь өмсч зүүх, идэж уух гээд наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com