Т.ЭРДМАА
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт нь 2020 оны улсын төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн. Хоёрдугаарт нь Ерөнхийлөгчийн Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Гуравдугаарт нь Ерөнхий сайдын ОХУ-д айлчилсан талаарх мэдээллийг сонслоо. Эхний хоёр асуудалтай холбогдуулж шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуультай холбогдуулж дөрвөн санал ирүүлсэн. 2020 оны төсөвт тусгасан барилга байгууламжийн төсвийг эргэж харах асуудал байсан. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. Мөн 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдан гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд тавьсан хоригийг бас хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харин Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авахаар шийдлээ. Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Ингээд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хөрөнгө оруулалтын төсвүүдэд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж байгаа үндэслэл нь юу вэ?
-Төсвийн тухай хууль батлагдчихсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад төсвөө баталчихсан. Энэ долоо хоногт бүх сумд, дүүргийн ИТХ хуралдана. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаад төсвөө дараагийн шатны байгууллагууд руугаа явуулчихсан учраас төсвийн тухай хуулийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хоригийг хүлээж авах юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэхийг болиулах Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргалаа. УИХ-аас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Тэгэхдээ хоёр хувиар нэмэгдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн үйлчлэх хугацааг хойшлуулах эсвэл бүр болих, мөн хувь хэмжээг багасгах уу гэдэг асуудлыг авч үзнэ. Хоригийг хүлээж авсан учраас нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 174 тэрбум төгрөгөөр дутна. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо мөн хоёр хувийг зохицуулах хуулийн төсөлтэй хамтад нь авч үзээд шийдэл гаргана.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг ОУВС-тай хийсэн гэрээгээр нэмэгдүүлсэн гэж байгаа. Тэгэхээр тус сантай хэлэлцээр хийсэн юм уу?
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оны тавдугаар сарын 24-нд орсон. Тус сангийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл бууруулах асуудлыг зөвшөөрөхгүй байгаа. Гэвч яриа хэлцэл хийнэ. Би дээр хэлсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараа Төсвийн байнгын хороо хууль санаачилна. Энэ хуулийг боловсруулах явцад ОУВС-тай тохиролцоонд хүрсэн байна.
-Капитал банкинд байршуулсан байсан төсвийн мөнгийг хэрхэх талаар ямар нэг шийдэлд хүрсэн үү?
-Капитал банкинд хадгалагдаж байгаад алдагдсан мөнгөтэй холбоотой асуудлыг МАН-ын бүлэг ойрын хугацаанд хуралдаж хэлэлцэнэ. Нийгмийн даатгалын сангийн хуулийг дагаж мөрдөх УИХ-ын тогтоол гарна. Энэ тогтоолд Капитал банкинд байршуулсан мөнгийг олж авах асуудлыг тусгана гэж бодож байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн хүрээг өргөтгөх, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэхтэй холбоотой олон асуудал бий. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж дээрх асуудлуудаар УИХ-аас шийдвэр гаргана.
-2018 оны Аудитын тайланг Төсвийн байнгын хороо хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл уг тайланг яагаад хэлэлцэхгүй байна вэ?
-Аудитын дүгнэлтийг Төсвийн байнгын хороо хурлаараа ярих байх гэж бодож байна. Уг нь асуудлаа хойшлуулаад байдаггүй хэлэлцээд явах ёстой.