УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхлэв. Ингээд эхний хэлэлцүүлгийг нь баасан гарагт (2019.12.13) “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгууллаа. Манай улс нийт гурван сая 336 мянга 994 хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны хоёр сая 114 мянга 939 иргэн байна. Орон нутагт нэг сая 137 мянга 879 иргэн, нийслэлд 977 мянга 60 иргэн бий. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрхтэй болох иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудас, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.
Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, Нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:
-Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулсан. Харин Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
-Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр ойлгох нь хэт өрөөсгөл юм. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал. Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:
-Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна.
УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө.